sonin.mn
…Хүүхэд насанд хүргэж өгдөг
Галт тэрэг хэрвээ байдаг бол
Хүн бүхэн сууна даа гэж
Хааяа би боддог юм... 
 
Энэ дууг найман настай балчраас 80 настай буурлууд ч мэднэ. УБТЗ-ын хамт олны барьж байгуулсан “Хүүхдийн төмөр зам”-ын нэг өдрийг сурвалжлахаар Улаанбаатар-Дарханы чиглэлийн хурдан галт тэргэнд бид суув. Галт тэрэг буухиалан уул ус, ургамал ногоо жигдэрсэн зуны өнгийг тольдон уйдах завгүй явсаар Дархан өртөөнд аяны дөрөө мулталлаа. Амралтын өдрүүдэд хүүхдүүддээ “Хүүхдийн төмөр зам”-ыг үзүүлэхийг зорьсон зорчигчид ийнхүү өглөөний хурдан галт тэргийг сонгодог ажээ. Хурдан галт тэрэг хөлөглөсөн зорчигчид үдийн үед Дарханд очдог тул “Хүүхдийн төмөр зам”-аар үйлчлүүлээд үргэлжлүүлэн Дархан хоттой танилцах бэсрэг аялал хийгээд оройн галт тэргэнд буцаад суух тухай ярьцгаана.
 
Зорьж очсон зочид бүхнээ Д.Батмөнх даргатай “Хүүхдийн төмөр зам”-ын хамт олон найрсгаар угтах юм. Бяцхан галт тэрэг ч цаг тутам аялах тул аав, ээж, эмээ өвөөгөө дагуулсан өхөөрдөм зорчигчдын хөл өдөржин тасардаггүй бололтой.
 
Дүүрэн зорчигчтой галт тэрэг алгуурхан зогсоолоос хөдлөхтэй зэрэгцэн вагоны үйлчлэгч бүсгүй аяллын замын турш “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийнхээ онцлогийг тайлбарлан, завсраар нь хүүхдүүдтэй хамт дуу дуулж, бүжиглэнэ. Харин зарим бяцхан зорчигчийн сэтгэл хөдөлж, авьяасаа үзүүлж, бусдыгаа хөгжөөнө. Ийм баяр хөөр, бахархал цалгисан аялал хэдий богинохон ч хэн бүхний сэтгэл зүрхэнд гэрэлтэн үлдэх дурсамж шаглаж галт тэрэг хурдална. Нүд нь очтон гэрэлтсэн багачууд, хамт аялсан эцэг эх, эмээ өвөө нар аяллын төгсгөлд Хүүхдийн төмөр замын хамт олонд хамгийн сайхан талархлын үгийг хэлж, амжилт ерөөж байгаа харагдлаа. Ийм гэгээхэн хайр талархлаар халгисан орчинд ажилладаг төмөр замчдад өөрийн эрхгүй цагаахан атаархал төрснөө нуух юун. Бяцхан галт тэрэг цаг тутам аялах агаад, тасалбараа тас атгачихсан дараагийн аяллыг хүлээх зорчигчдыг Д.Батмөнх дарга дагуулан бүх л өрөө тасалгаагаа танилцуулж, төмөр замын ажил мэргэжлийн онцлогийг тайлбарлан, бас аюулгүй байдлаа хангах дүрэм журмыг ч сануулах юм.
 
Мөн зорчигчдын хүсэлтийн дагуу тэдэнтэй “патер” татуулах нь тэндхийн төмөр замчдын ажлын нэг хэсэг бололтой. Энд зөвхөн хүүхдүүд зочилдог гэвэл үгүй юм билээ. Тухайн өдөр “Өег” ХХК-ийн хэсэг ажилчид “Хүүхдийн төмөр зам”-аар аялж, хүүхдүүдээс дутахааргүй хөөр баяртайгаар тасалбараа барин галт тэрэг рүү гүйцгээн орж суухыг харж зогсохдоо “Энэ галт тэрэг томчуудыг үнэхээр хүүхэд насанд нь хүргэдэг юм байна” гэх бодол төрж билээ. Яг тэр мөчид “УБТЗ-ын хамт олон ямар том буянтай үйл бүтээгээ вэ” гэж дотроо уулга алдан бахархах сэтгэгдэл төрсөн билээ.
 
Хүүхдийн ертөнц үргэлж гэрэлтэж байх ёстой
 
Хүүхдийн төмөр замын ажил үйлчилгээний талаар Д.Батмөнх даргаас тодруулсан юм. Түүний ярьснаар, “Хүүхдийн төмөр зам” маань есөн ажилтантай. Дарга, өртөөний жижүүр, замын мастер, холбооны механикч, машинч, туслах машинч, вагоны хоёр үйлчлэгч, үйлчилгээний нэг ажилтан гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Долоо хоногийн Даваа, Мягмар гарагаас бусад өдөр цагийн хуваарийн дагуу ажиллаж, цаг тутам галт тэрэгний аялал зохион байгуулахаас гадна Дархан-Уул аймгийн 18 дугаар дунд сургуулийн төмөр замын лицей гурван ангийн сурагчдын сургалтын бааз суурь болдгоороо онцлогтой. Өнгөрсөн хичээлийн жилд лицей ангийн сурагчид төмөр замын ерөнхий мэдлэг олгох 80 цагийн сургалтыг тус төвд авчээ. Хичээлийг Дархан зангилааны инженер техникийн ажилтнууд, мэргэжлийн чиглэлийн дагуу заажээ. Хүүхдийн төмөр замын дарга ч хүүхдүүдэд өөрийн ажил амьдралын түүхээс ярьж, төмөр замчин хүн ямар хүмүүжил, төлөвшил, мэдлэг чадвартай байх талаар бодит амьдралаас жишээ татан ярихад ирээдүйн төмөр замчид ихэд сонирхож байсныг дурдлаа. Энэ утгаараа тус төв нь төмөр замчдын ажил мэргэжлийг хүүхэд багачуудад ойлгон таниулахад том нөлөөтэй газар болжээ. Мөн сургалтын танхимдаа тэмдэглэлт баяр, төрсөн өдөр, сургалт зохион байгуулах, мөн захиалгат галт тэрэгний аялал зохион байгуулна.
 
Энэ оны 4-р сарын 1-нээс 8-р сарын 15-ны байдлаар тус төв нийт 19061 зорчигчид үйлчилжээ. Хүүхдийн төмөр замыг холоос зорин ирэх зочид нэмэгдэх бололтой. Нийслэлээс болон ойр аймаг, сумдаас нэгдсэн зохион байгуулалттай баг хамт олон ирж үйлчлүүлэх болсон сайн мэдээ байна. Д.Батмөнх дарга “Манайх бага насны хүүхдэд үйлчилдэг үйлчилгээний байгууллага гэдгээрээ ихээхэн онцлогтой. Хүүхдийн орчинд үйлчлэх үйлчилгээ маань ч зорчигчдодоо тохирсон байх ёстой. Манай үйлчлүүлэгчид хурдан түргэн хөдөлгөөнтэй. Тиймээс тэдний аюулгүй байдлыг хангах ёстой. Бид Дархан зангилааны “Улиасхан” цэцэрлэгийн багш нараас сургалт авсан.
 
Нөгөө талаар, үйлчилгээний байгууллагын ажилтнууд үйлчлүүлэгчидтэйгээ эелдэг боловсон харилцаж байж хүмүүсийг өөртөө татна. Ганцхан жишээ хэлэхэд, нэг удаа манайхаар хоёр хүүхэдтэй нэг эмэгтэй ирж үйлчлүүлээд энд удаан суусан. Ямар учиртайг нь очиж асуувал хотоос хоёр хүүдээ “Хүүхдийн төмөр зам”-ыг үзүүлэхээр ирсэн. Дарханд таньж мэдэх хүн, айл байхгүй. Эндээ байж байгаад оройн галт тэргэнд сууна гэв. Тэгэхээр нь би Дархан хотоор үзэж болох газрууд, үзвэр үйлчилгээний газар, буудаллаж болох буудал, хооллох газрын талаар зөвлөгөө өгөхөд тэр эмэгтэй маш их баярласан. Тэр хүн “Танд маш их баярлалаа. Танай төв маш их таалагдсан. Дараа би найз нараа хүүхдүүдтэй нь авчирна гээд явсан. Үнэхээр хэд хоногийн дараа найз нараа хүүхдүүдтэй нь дагуулж ирсэн шүү. Тэгэхээр үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд хүрсэн үйлчилгээг үзүүлж чадвал, тэд улам олон болоод ирдгийн ганцхан жишээ энэ. Тиймээс бид ирсэн зочид бүрийн сэтгэлд хүрч үйлчлэхийг хичээнэ” хэмээн ярилаа.
 
Түүнээс гадна энэ хамт олон үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэгдүүлэхээр зарим ажлыг хийж эхэлжээ. Эхний ээлжид төмөр замынхаа өртөө, зангилаад, аж ахуйн нэгжүүдэд Хүүхдийн төмөр замын үйлчилгээний танилцуулга, үйлчлүүлэхийг хүссэн захидал илгээсэн байна. Мөн ойролцоох аймаг, сум, орон нутгийнханд ч хандаж байгаа аж. Ийнхүү шив шинэхэн, өнгөлөг, дуу хуур ямагт эгшиглэх Хүүхдийн төмөр зам хэн бүхний өмнө үүдээ дэлгэж, ирсэн зочдыг угтан авахад бэлэн буйгаа тэд илтгэнэ билээ.
 
Харамсалтай нь, сайны хажуугаар саар зүйл ч байгааг тэд нуусангүй. Тухайлбал, шөнө дөлөөр гаднын хүмүүс Хүүхдийн төмөр замын “Бумбардай” зогсоолын сандал, хогийн савыг эвдсэн, мөн гармын дохиоллынх нь утсыг тастаж гэмтээсэн тохиолдол гарчээ. Тухай бүрд нь, камерын бичлэг, эвдэж сүйтгэсэн зүйлсийн зургийг авч аймгийн Цагдаагийн байгууллагад өгчээ. Тиймээс дахин ийм тохиолдол гаргуулахгүйн тулд харуул хамгаалалтын “Шонхор” компанитай гэрээтэй ажиллаж буйгаа ярина билээ.
 
Хамгийн азтай, атаархам төмөр замчид
 
Монголд цор ганц байгаа Хүүхдийн төмөр замын дарга Д.Батмөнх:
 
-Би Дархан-Уул аймгийн уугуул иргэн. Энэ л нутагт төрж өссөн. Би 1998 онд Эрхүүгийн Төмөр замын дээд сургуулийг төгсөж ирээд Замын-Үүд өртөөнд сумчнаар ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь, холбогч хийж байлаа. Тэгээд Чойр өртөөнд боловсон хүчин, Багануур өртөөний хөдөлгөөн хариуцсан орлогч дарга, 2001 онд Дархан өртөөнд томилогдон 12 жил өртөөний дарга, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар таван жил, ХАБЭА-сургалт хариуцсан инженер, Ачих буулгах хэсгийн эрхлэгчээр ажиллаж байсан. Тэгтэл Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Хүрэлбаатар надад “Хүүхдийн төмөр зам”-ыг хариуцаж ажиллаач гэдэг санал тавьсан. Энэ саналыг би маш их бэлгэшээж хүлээж авсан. Нэгдүгээрт, энд хүүхдүүдэд үйлчилнэ гэдэг нь их гэгээлэг буянтай ажил санагдсан. Нөгөө талд нь, энд төмөр замчны мэргэжил сонгосон ирээдүйн төмөр замчдад мэддэг, чаддаг бүхнээ зааж зөвлөж, тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын бааз суурийг хариуцаж ажиллана гэдэг нь надад маш их итгэл хүлээлгэсэн хэрэг байлаа. Би хэдэн жилийн дараа залууст халаагаа өгнө. Тэр үед энэ төвийг нүүр бардам ийм гоёор нь хүлээлгэж өгнө гэж боддог. Энэ төвдөө хийхээр төлөвлөсөн олон ажил бий. Ялангуяа, хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр илүү анхаарч ажиллана. Хүүхдийн инээд хөөрөөр бялхсан ийм сайхан газар ажиллах завшаан тохиосонд үнэхээр баяртай байгаа шүү.
 
Дархан татах хэсгийн VIII цувааны машинч Ц.Мягмаржав:
 
-Би УБТЗ-д 29 дэх жилдээ, машинчаар 24 дэх жилдээ ажиллаж байна. Хүүхдийн төмөр замд сургагч машинчаар ажиллаж байгаадаа үнэхээр баяртай байдаг. УБТЗ “Хүүхдийн төмөр зам”-ыг байгуулснаараа ирээдүйн төмөр замчдыг бэлтгэх хамгийн эхний шатыг барьж босголоо гэж боддог. Монголын хүүхдүүдэд барьсан том бэлэг шүү дээ. Ийм сайхан газар ажиллаж байгаагаараа ах нь үргэлж бахархаж, зорчигчдынхоо өмнө нүүр бардам явдаг шүү. Одоо төмөр замын мэргэжил сонгож байгаа хүүхдүүдийг би маш азтай хүүхдүүд гэж боддог. Тэд бидний үеийнхнийг бодвол спортоор бол яривал барьцтай болчхож байгаа юм шүү дээ. Тэгэхэд би бол ямар ч мэдээлэлгүй л машинчийн мэргэжил сонгож байлаа. Яагаад гэхээр ээжийн маань ангийн нэг хүүхэд машинч хүн байж л дээ. Тэгээд “Төмөр зам бол дэг журамтай, сахилга баттай, эрэгтэй хүүхдэд яг таарах газар” гэж хэлсэн гэдэг. Ээж минь намайг төмөр замчин болгоно гэж шийдсэн. Бидний үеийнхэн ээж аавын үгнээс гарах биш. Ингэж л би 1989 онд төмөр замын техникумд элсэж машинчийн мэргэжил эзэмшсэн юм. Энэ мэргэжлийг эзэмшсэндээ үргэлж баярлаж, бахархаж явдаг шүү.
 
-Энэ бяцхан зүтгүүрийг жолоодож явахад танд ямар мэдрэмж төрдөг вэ?
 
-Хүүхдийн төмөр замын зүтгүүр жижигхэн боловч жинхэнэ зүтгүүртэй бүх зүйл нь ижилхэн. Маш их үүрэг хариуцлага мэдэрдэг. Хүүхдүүдэд үйлчлэхээс гадна лицей ангийн хүүхдүүдийг дагалдуулж байгаагийн хувьд би машинч гэдэг мэргэжлийн үлгэр жишээ нь болж байгаа. Тиймээс үг, үйлдэл бүрээрээ би үлгэрлэх ёстой. Олон жил машинч хийхэд онцгой сэтгэл хөдөлгөсөн тохиолдлууд байдаг л даа. Жишээ нь, эр цэргийн албанд татагдаад явж байгаа олон аавын хөвгүүдийг авч яваа галт тэрэг жолоодоход сэтгэл огшдог. Энд бол өхөөрдөм хөөрхөн хүүхдүүдийг суулгаад хөдлөхөд бас огшино шүү. Энэ зүтгүүрийг жолоодож яваагаа их хувь заяа гэж боддог доо.
 
Вагоны үйлчлэгч Ц.Оюунбат:
 
-Хүний хувь тавилан гэдэг их сонин. Би Дархан хотод төрж өссөн хүн. Би 2008 онд вагоны үйлчлэгчээр сургууль төгсөөд мэргэжлээрээ ажиллаж чадаагүй. Үргэлжлүүлээд сувилагчийн мэргэжил эзэмшээд хотод сувилагчаар “Гурван гал” эмнэлэгт ажиллаж байгаад өнгөрсөн жил төрсөн нутагтаа шилжиж ирсэн. Тэгтэл энд Хүүхдийн төмөр зам ашиглалтад ороод вагоны үйлчлэгч ажилд авна гэсэн зар байсан. Хүүхдийн төмөр замын анхдагчдын нэг болсондоо баяртай байдаг. Өнгөрсөн оны намар бид 35 мянган хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилсэн шүү дээ. Энэ жил дөрөвдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн.
 
-Хүүхдүүдтэй ажиллах ямар байна вэ?
 
-Маш сайхан. Би вагоны үйлчлэгч боловч нөгөө талаараа цэцэрлэгийн багш л гэсэн үг. Энд ажилд ороод л орчин цагийнхан чинь бидний үеийнхнээс шал өөр дуу хөгжим, бүжиг сонирхдогийг олж мэдсэн. Одоо би чөлөөт цагаараа хүүхдүүдийн сонирхож байгаа шинэ дуу, бүжигт суралцаж байна шүү дээ. Мөн цэцэрлэгийн багш нараас зөвлөгөө авдаг. Хүүхдийн ертөнцөд ажиллана гэдэг маш азтай хэрэг шүү.
 
Замын мастер Б.Энхцэцэг:
 
-Би 2013 онд ТЗДС-ийг замын техникч мэргэжлээр төгссөн. 2016 онд Тээврийн дээд сургуулийг замын инженер мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Замын VI ангид ажиллаж байгаад төрөхийн чөлөө авсан байсан. Тэгээд энэ хавраас Хүүхдийн төмөр замд ажиллаж байна. Өглөө бүр замаа бүтэн тойрч үзнэ. Зам сумаа шалгана. Хүүхдүүд сонирхоод зам дээр юм тавих тохиолдол гарах магадлал өндөр учраас нэг бүрчлэн шалгадаг. Өдөр их халахаар байвал бүр эрт ирээд зам, сумын үзлэг шалгалтаа амжуулдаг. Зургаан гарамтай. Үүнээс дөрөв нь автомат хориглолын гарам. Хоёр нь хамгаалалтгүй гарам. Галт тэрэг аялж байгаа үед хамгаалалтгүй гармынхаа аюулгүй байдлыг давхар хянадаг.
 
“Бурхант” өртөөний жижүүр Б.Мөнхдаваа:
 
-Хүүхдийн төмөр замыг анх ашиглалтад нээхээс нь эхлээд өртөөний жижүүрээр ажиллаж байна. Төмөр замын МСҮТ-ийн замчны ангийг 2013 онд төгсөөд “Эрхэт” зөрлөгт нэг жил замчнаар ажилласан. Тэгээд МСҮТ-д дахин суралцаж, ашиглалтын ангийг 2016 онд төгссөн. Дархан хэсэглэлийн “Цайдам” зөрлөгт нэг жил өртөөний жижүүр, гурван жил зөрлөгийн даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн намар өртөөний хүний нөөц дуудаад Хүүхдийн төмөр замд ажиллах уу? гэсэн. Би энэ саналыг маш баяртайгаар хүлээж авсан. Надаас гадна гэргий маань намайг Хүүхдийн төмөр замд ажиллах болсонд дуртай байсан. Хүүхдийн төмөр замын анхдагчдын нэг болж, анх нээлтээ хийх үеэс нь ажиллаж байна. Манайх Дархан татах хэсгийн харьяанд байдаг. Дархан татах хэсгийн хамгийн анхны цорын ганц өртөөний жижүүр гээд олон зүйлийн анхдагч болж түүхэнд үлдэж байгаа даа баяртай байгаа шүү.
 
Хүүхдүүдтэй ажиллана гэдэг чинь маш гоё шүү дээ. Эерэг энергитэй сайхан газар ажиллаж байгаадаа сэтгэл маш өндөр байгаа. Одоо би өөрийгөө ажиглаад байхад миний харилцаа хандлага хүртэл их зөөлөн болоод байх шиг... Өртөөний жижүүрийн өрөөгөөр хүүхдүүд орж ирээд пульт их сонирхоно. Тэр бүрд нь тайлбарлаж өгнө. Хамт зургаа авхуулъя гэнэ. Мөн лицей ангийн хүүхдүүд дадлага хийнэ. Миний хувьд өртөөний жижүүр гэдэг ажил мэргэжлийн нэр хүндийг өндөрт өргөж, хүүхдүүдэд зөв үлгэр дуурайлал болох том үүрэг надад ногдож байна шүү дээ. Тиймээс өөрийнхөө үг, үйлдэл бүрийг өөрийн эрхгүй цэнэдэг болчихдог юм байна. Тамхины цэг дээр тамхилж байхдаа хүртэл хүмүүс, хүүхдүүд намайг харчих вий дээ гэж цэнэх, би муу үлгэр дуурайлал үзүүлж болохгүй шүү гэж бодно. Энэ ажил, мэргэжлийнхээ нэр хүндийг өргөж явахыг хичээдэг. Би өөрөө хоёр хүүхэдтэй аав хүн. Том нь 12 настай, бага нь хоёр настай. Хүүхдүүд маань аавынхаа ажил дээр ирэх их дуртай. Маш гоё энергитэй газар ажиллаж байгаа шүү.
 
Хүүхдийн баяраар замчнаар ажилласан
 
Тухайн өдөр лицей ангийн сурагч охинтой таарч, хоромхон зуурт ярилцаж амжсан юм. Дархан-Уул аймгийн 18 дугаар сургуулийн 10 б ангийн /лицей/ сурагч Б.Дүүриймаа:
 
-Хүүхдийн төмөр зам дээр дадлага хийхэд төмөр замчин ах эгч нар маань бидэнд дүрэмт хувцсаа хэрхэн зөв өмсөхөөс эхлээд бүгдийг зааж зөвлөдөг. Миний хувьд вагоны үйлчлэгч, билетийн кассираар дагалдаж үзсэн. Тэгэхэд төмөр зам бол үйлчилгээний байгууллага учраас зорчигчтой мэндэлж, хүндлэх зэргээр харилцаа хандлага дээр их анхаарах ёстойг бидэнд зөвлөж байсан.
 
-Лицей ангийн сурагчид ямар хичээлүүдийг түлхүү үзэж судалж байна вэ?
 
-Төмөр замын лицей ангийн хүүхдүүд математик, физик, орос хэлний хичээлийг гүнзгийрүүлэн үзэж байгаа. Хүүхдийн төмөр замын сургалтын төв дээр ирээд төмөр замын дүрэм журмаас эхлээд ерөнхий мэдлэг олгох сургалтад хамрагддаг. Миний хувьд дунд сургуулиа төгсөөд төмөр замын ашиглалтын чиглэлээр суралцана. Мөрөөдөл маань биелнэ гэж бодож байна.
 
-Хүүхдийн баяраар лицей ангийн сурагчид төмөр замчин ах эгч нартаа туслаад ажилласан гэж дуулсан. Чиний хувьд ямар ажил хийв?
 
-Хүүхдийн баяраар замчнаар ажилласан. Маш олон хүүхдүүд цугласан хөл хөдөлгөөн ихтэй байсан учраас хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан гэж ярилаа. Хүүхдийн төмөр зам хүн бүхэнд аз жаргал бэлэглэж байгааг тус төмөр замтай хэсэгхэн зуур танилцахдаа мэдэрлээ.
 
 
 
Сэтгүүлч Б.Гүнжинлхам
 
Эх сурвалж: "Ган зам" сонин