сонин mn
Аав өөртөө итгэлтэйгээр ажиллаж, ээж жаргалтайгаар инээмсэглэж, үр хүүхэд инээд хөөртэйгөөр тоглож наадаж байгаа амьдралын дүр төрхийг би Олон улсын гэр бүлийн өдрөөр сэтгэлдээ зураглаж сууна.
 
Бодит байдал дээр харин жаргал зовлон, хар цагаан, үнэн худал гээд амьдралын өнгө бүхэн сүлэлдэж, дэнслэгдэн байгаа. Шинжлэх ухааны доктор, профессор, гэр бүл судлаач Т.Намжил гуайтай дээрх амьдралын олон үнэний талаар маш өргөн хүрээнд ярилцах боломжтой ч бид энэ удаа зөвхөн гэр бүл зохиох болон хосуудад тохиолдох зарим асуудлын талаар хөөрөлдлөө.
 
Гэр бүл судлалаар дөчөөд жил ажиллаж,  Монгол гэр бүл судлалын суурийг тавьсан тэр бээр ард түмний гэр бүлийн боловсролд зориулан монгол гэр бүл үүсэхээс авхуулаад XXI зуун хүртэлх үйл явцыг хамарсан “Монгол гэр бүл” цуврал, 20 гаруй ном бүтээл, гарын авлага, судалгааны маш олон өгүүлэл бичиж, хэвлүүлснээс гадна гэр бүл судлалаар 300-аад бакалавр, 200 орчим магистр бэлтгэжээ. Одоо мэргэжлийн докторуудыг бэлтгэхээр шаргуу ажиллаж байна. 
 
Хүн ер нь хэдий насандаа гэрлэвэл тохиромжтой гэж үздэг вэ?
 
-Монголчууд эмэгтэйчүүдийг 25 наснаас өмнө, эрэгтэй хүнийг 28 наснаас өмнө гэр бүл зохиох нь хамгийн тохиромжтой гэлцдэг. Ер нь 18-27 нас бол хүний бие бялдар, оюун санааны хувьд хамгийн эрч хүчтэй, ид бяртай эрчимтэй үе учраас энэ насандаа сайн ханийг олж, чанартай хүүхэд төрүүлэх нь амьдралын хамгийн чухал алхам. Орчин үед гэрлэлтэд нямбай хандаагүйгээс их алдаж байна. Танилцаад гуравхан сар болоод гэрлэж байна. 30 насны босгыг давахаар арван хуруу тэгш гэж шилж сонгоод санаанд чинь таарах хүн олдохгүй. Сүүлийн үед хожуу гэрлэлт бий болж байна. Сургуулиа төгсөөд, ажилтай болж, тогтвортой байр сууриа олж, өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болох хүртэл гэр бүл зохиохгүй гэж бодох болсноос хожуу гэрлэлт бий болж, улмаар эрчүүдийн бэлгийн үйл ажиллагаа төдийгүй эмэгтэйчүүдийн цэвэршилт эрт явагдаж байна.
 
“Олон охид энгэр чимнэ, өөрийг чинь гурав хувилах нь ганц л бий, түүнийгээ л хай. Олсон цагтаа бүхнээ зориул” хэмээн Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай энгүүн атлаа үнэнийг өгүүлсэн нь бий. Үнэхээр л хань хэмээн хэн нэгнийг онцолж, гэр бүл зохионо гэдэг хамгийн чухал сонголт шүү.
 
-Яагаад заавал гэрлэх ёстой юм бэ гэж асуух хүн гарна л даа. Өтлөөд өвдөг, эрүү нийлэхийн цагт ханиараа түшүүлж, хүүхдээрээ ачлуулах үед учрыг ойлгоно. Энэ хорвоог хүн ганцаараа туулдаггүй, хосоороо бардаг нь жам юм. Ханилахаар сонгож буй хүнээ уйлуул, уурлуул, дуулуул, согтоо бас баярлуулж үз. Шилж, сонго. Орчин үед эдийн засгийн болон боловсролын зөрүү гарвал нэг нэгнийгээ дээрэлхээд байдаг болжээ. Тэгэхээр түм буман хүнээс өөрийнхөө зиндаанд тохирох хүнийг олж ав. Угаас арван хуруу тэгш хүн гэж байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, өөртөө хүн тохируулах бус өөрөө хүнд тохирч сурах хэрэгтэй. Хүний дотоод ертөнцийг таньж, соёлыг хүндэтгэж харьц. Тэгвэл чамайг тэр хүн ойлгоно. Тэгээд хамтдаа хоёр соёлыг нэгтгэж амьдрах хэрэгтэй. Казак хүн, халх хүнтэй суувал хаврын баяр болон цагаан сараа хоёуланг нь л тэмдэглэх болдог нь наад захын жишээ. Хоорондоо нээлттэй харилцаж, ойлголцож бас итгэлцэл дээр суурилах хэрэгтэй. 
 
Ер нь сайхан гэр бүл байх дүрэм гэж байдаг болов уу?
 
-Сайхан гэр бүл байхын тулд чамгүй хөдөлмөрлөх, сэтгэх хэрэгтэй л дээ. Сайхан гэр бүлийн мөрдөх дүрэм гэж олон улсын сэтгэл судлаач, сексологичдын хамтарсан багийн томоохон судалгааны үр дүн бий л дээ. Тухайлбал, гэр бүлийг юу ч орлохгүй /Албан тушаал дэвшиж, нийгэмд өөрийн байр суурьтай байхын тулд таныг хайрладаг гэр бүлтэй байх/, сайхан гэр бүл тэнгэрээс унаад ирдэггүй /Бүх уран бүтээлийн адил асар их хүч чадал, сэтгэл, хөдөлмөр, ур ухаан шаардана. Ялангуяа бүсгүй хүнээс бүр ч илүүг шаардана/, санал зөрөх, маргаан гарахад бурууг нь эхлээд өөрөөсөө хайгаарай, ханийнхаа зан төрхөөс сайныг олж харахыг хичээгээрэй, бүх юманд битгий сэтгэл дундуур загнаж бай, гэр бүл үймүүлэх хөндлөнгийн асуудлаас өөрийгөө хамгаал, хүүхдүүддээ аав ээжийгээ хүндэлж, хайрлахыг зөв сурга, хадмуудынхаа сайн муу талыг тэвчиж, хүндэл, чухал асуудлыг ганцаар битгий шийд, хандлагаа битгий хэтрүүл /хэт хардах, хэт анзааргагүй байх/, бүх юм хэмжээтэй байхыг эрхэмлээрэй гэсэн байдгаас хосууд маань тусгаж авах биз ээ. Эцсийн эцэст таны хийж байгаа үг, үйлдэл ханиа, гэр бүлээ гэсэн хайранд үндэслэсэн байх ёстой.
 
Энгийн хэр нь бодож байгууштай дүрэм байна, баярлалаа. Тэгвэл гэр бүл зохиох гэж байгаа хүний нэн тэргүүнд анхаарлаа хандуулах зүйл юу вэ?
 
-Гэр бүлийн харилцааны асуудлыг хүний сэтгэлийн дотоод мөн чанартай холбож ойлгох хэрэгтэй. Өнөөгийн нийгэм асуудлыг дандаа гадна талаас нь харж, хэлбэр хөөцөлдөх болсон байна. Гэр бүлийн харилцаа бол нийгмийн харилцааны орших үндэс юм. Тэр харилцааг хэрэгжүүлэх гол нөхцөл бол сэтгэл зүйг сайн мэдэрч байх явдал юм. Царай зүс, бие хаа, хувцас хунар зэрэг гадаад үзэмж, гадаад байдлаар нь хүнийг дүгнэх амархан. Харин дотоод сэтгэлийн мөн чанарыг ойлгох, зүрх сэтгэл дэх өөрчлөлт, хувьслыг анзаарч мэдрэх хэцүү. Хүнийг гаднаас нь хараад сайн сайханд тэмүүлэгч, цэвэр ариун хүн мөн үү, хов жив хөөцөлдөгч, бусдад муугаар үлгэрлэгч, олны дунд хутган үймүүлэгч үү гэдгийг мэдрэх аргагүй. Иймээс судлаач хүний хувьд “Хүмүүс минь ээ, өөрийнхөө дотоод сэтгэл рүү эн түрүүнд нэг өнгийгөөч. Цэвэр ариун байлгаач” гэж хэлэхийг хүсэж байна. Шилэн саванд цэвэр ус хийгээд харахад цаад тал нь, эргэн тойрон ямар хиргүй тунгалаг байдаг вэ, үүнчлэн сэтгэлээ тийм л байлгах хэрэгтэй байна. Өнөөгийн нийгэм бохирдсон, булингартай ус хийсэн сав шиг л болчхож. Тийм нүдээр орчноо, амьдралаа харж байгаа хүн өөрийн эрхгүй бухимдалд эзлэгдэж, орчин үеийнхээр стресст өртөж байгаа юм л даа. Тиймээс хүн өөрөө дотоод сэтгэлээ өөрөө ойлгож, мэдэрч, ариусгаж байх нь чухал юм.
 
Хуримын аз жаргалтай өдрүүд өнгөрч, хосуудын энгийн амьдрал өрнөж эхэлдэг. Хоёр өөр ахуйд өсөж өндийсөн, харилцан адилгүй дотоод ертөнц нэгэн дээвэр дор амьдраад ирэхээр өөрийн эрхгүй алдаа, зөрчил гарч ирдэг. Тэгээд сонголтдоо эргэлзэж эхлэх нь ч бий.
 
-Эрэгтэй, эмэгтэй хувь хүн гэдэг бие даасан ертөнц шүү дээ. Жишээлбэл, монгол бүсгүйчүүд туйлын мэдрэмжтэй, харилцаандаа үе шатыг их чухалчилдаг. Харин монгол эрчүүдийн онцлог нь урам хүсдэгээс гадна шууд л бүтээчихье гэсэн араншинтай. Мөн эмэгтэй хүн нөхрийгөө өөрчлөгдөнө гэж, эр хүн эхнэрээ өөрчлөгдөхгүй гэж бодож гэрлэдэг. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ, эмэгтэй нь өөрчлөгдөж, эр нөхөр нь өөрчлөгддөггүй. Асуудал үүнээс үүсдэг. Тэр байтугай айлын хэд дэх хүүхэд болж төрснөөс бидний зан араншин хамаардаг, энэ нь гэр бүлийн амьдралд нөлөөлөөд байдгийг тэр бүр анзаарч мэддэггүй. Гэр бүл гэхээр жирийн иргэдийн хувьд амархан санагдана. “Тоонотой гэрт толгой холбоод” л, үр хүүхдээ төрүүлж өсгөөд л... гээд хүн бүр амьдралаа бодож ярих байх. Мэргэжлийн түвшинд бол их нарийн асуудал шүү дээ. Тусдаа онол, арга зүй, зарчимтай. Дэлхийн хэмжээнд авч үзвэл гэр бүл судлал 150-иад жил тасралтгүй хөгжсөөр ирсэн. Бид эндээс хоцрохгүй л байх шаардлагатай байна. Гэр бүлийн амьдралд хандахдаа судалгаанд тулгуурласан, үндэслэлтэй ойлголт үзэгдлийн талаар сонсож, мэдэж, нухацтай хандаж байх хэрэгтэй. Жишээ нь, гэрлэсэн хосуудын гаргадаг нийтлэг алдаанууд бий л дээ. Бие биеэсээ өө эрж, шүүмжлэх, эхнэр, нөхрөө бусадтай харьцуулах, тулган шаардах, хил хязгаарыг зөрчих, нууж хаах зүйлгүй болох, хар амиа бодож, өөрийгөө бөөцийлөх, эцэг эх, хэн нэг гуравдагч этгээдийг гэр бүлийн дотоод асуудалдаа хэт оролцуулах, хоёр өөр арга барилаар хүүхдээ хүмүүжүүлэх гэж зүтгэх, хайр сэтгэлдээ хүндэтгэлгүй хандаж өрөөл бусадтай сээтгэнэх, урвах гээд хосуудын харилцаанд ан цав гаргах, сэв суулгах асуудлыг тоолгүй явсаар даамжирч, гэр бүлийг салалт, “сүйрэл”-д хүргэдэг.  
 
Тэгвэл гэр бүлийн бат бэх, тогтвортой харилцааг хадгалахын тулд яах ёстой вэ?
 
-Гэр бүл гэдэг эсрэг хүйсийнхээ хүний давуу талд татагдаж үүсдэг. Хүн өөрөөсөө дор хүнтэй хэзээ ч суудаггүй. Аль нэг талаараа өөрөөс нь давуу, илүү байгааг хараад л бие биеэ сонгож, гэрлэдэг. Хүн ганц бие, эрх чөлөөтэй, өөрийн дураар байж байгаад гэрлээд хүний захиргаанд ордог.
 
Хоёр хүн нийлээд нэг нэгнийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээнэ. Дундаасаа хүүхэдтэй болоход түүний өмнө хоёулаа үүрэг хариуцлага хүлээнэ. Шинэ харилцаа үүснэ. Өөрөөр хэлбэл, эн тэргүүнд өөрийгөө ойлгох, өөрийгөө ойлгосон хүн ханиа хүлээн зөвшөөрнө, цаашлаад хоёулаа ойлголцсон гэр бүл үүргээ ойлгож, хариуцлагаа ухамсарлана. Онолын үүднээс үүнийг хэрэгжүүлэх гуравхан зүйл байна. Ердөө л хайр, халамж, секс.
 
Энэ гурав тэгш, тэнцвэртэй байж гэр бүл тогтвортой байна. Хоол унд хийж өгдөг, хувцас хунарыг нь цэвэрхэн байлгадаг гэдэг энгийн алхмаас хайрлах, халамжлах гэдэг чинь аугаа ойлголт юм шүү дээ. Тэгээд хамгийн чухал нь бэлгийн харилцаа, бэлгийн чадамжаар бие биеэ сэтгэл хангалуун байлгах нь чухал. Одоо хүний сэтгэхүй их өөр болсон. Тэр хэрээрээ бэлгийн харилцаагаа чөлөөтэй байлгаж, басхүү ханиа нэлээд мэдрэмжтэй, чадамжтай байлгахыг хүсдэг болсон байна шүү. Үүнийг л хосууд мэдэж, мэдэрч, өөрийгөө бэлтгэж байх хэрэгтэй. Хайртай хосууд бие биедээ цаг гаргаж, анхаарал тавьснаар амьдрал өрнөж, амьдралын хүсэл сонирхол нь хайраар баталгаажиж, гэр бүлийнхээ төлөө өөрийн эрх мэдлийн хүрээнд хариуцлагатай ажиллаж, амьдрахын зэрэгцээ хувь хүний эрх чөлөөгөө хангуулж, басхүү амьдралаа сонирхолтой, баяр баясгалантай байлгах нөхцөлийг бүрдүүлэн боломжийг эрэлхийлнэ. Ингэхдээ гэр бүлийнхээ харилцаанд дараах таван зүйлийг өдөр бүр анхаарч байх хэрэгтэй. Харилцан бие биедээ нээлттэй байх, харилцан ойлголцох, харилцан хүндэтгэх, харилцан итгэлцэх, сэтгэлийн аз жаргалыг эдлэх нь бие биетэйгээ нөхцөлдсөн маш чухал ойлголт, алхмууд юм даа. Сэтгэлийн амар амгалан, аз жаргалыг эдлэх явдал бол гэр бүлийн үнэ цэн юм шүү дээ.
 
Тэгвэл дээрх “тулгын гурван чулуу”-г доголдуулж, харилцаагаа хөндийрүүлсээр эцэст нь салалтад хүрдэг байх нээ ...
 
-Гэр бүлийн тогтвортой байдалд нухацтай хандахгүй бол “Сална гэдэг санааных” болчхоод байгаа нь эмгэнэл юм. Ямарваа асуудал тулгарахад нүүр тулаад ухаалгаар шийдэхийн оронд дэвэргээд, цар хүрээг нь тэлээд, хэрэлдэж муудалцаад, эцэст нь салж хагацах дээрээ тулаад байх юм. Нөгөө хүнийхээ сайн муу талыг гүйцэд таньж мэдэлгүй яаран гэрлэх, хэн нэгнээ хайр, халамжаар дутаах, өөрөө дутах, түр холдолт, хардалт зэрэг нь салалтын шалтгаан болж байна. Монголын уламжлалд "Заяаны ханиа зөв шинжиж сонгох ёс” гэж байсан.
 
Нөгөө хүнээ хоёроос гурван жил бүх талаас нь таньж мэдэх гэж оролдож, нэг ёсондоо "янзыг нь үзэж” байгаад үнэхээр энэ хүн миний хань болж чадна гэж бодсон бол өврөө нээдэг, үгүй бол хоёр тийшээ болдог байсан. Харин өнөө цагт нэг орой уулзаж танилцаад л ийм ч сайхан, тийм ч сайхан гээд л мөрөөдөлд автчихдаг. 
 
Хосууд таарч тохирохгүй болоод, амьдралын сорил шалгуурт сөхөрч, шантарвал үр хүүхдийнхээ асуудлыг шийдээд салж болно оо. Гэхдээ салаад явж байгаа нь буруутай биш, гологдоод хоцорч байгаад нь учир байгааг ойлгох хэрэгтэй. Ингэж хэлэхээр бүсгүйчүүд голдуу эмзэглэж, гомдох байх л даа. Та тэр хүнийг хайраар, халамжаар, бэлгийн харьцаагаар дутаасан байна, гомдоосон байна. Тэгэхээр дутсан зүйлээ нөхөхөөр, хайгаад явж байгаа хүнд буруу өгөх аргагүй байгаа биз дээ. Аз жаргал дутагдаад байгаа болохоор л хүн өөр хэн нэгнээс аз жаргалыг хайж эхэлдэг. Тиймээс салалт дээрээ тулсан бол шалтгааныг нь өөрөөсөө эхлээд хайгаарай.
 
Гэр бүлээ орхиод явж байгаа хүнийг өөгшүүлээд байгаа юм шиг санагдчихлаа ...
 
-Одоо цахим орчинд орхиод явлаа гэж нэг нь өрөвдүүлэх гээд л, түүнийг нь олон нийт сэвээд л байгаа жишээ олон байгаа биз дээ. Манай дунд насныхан ялангуяа өөртөө буруу өгөх дургүй, дандаа бусдаас бурууг хайдаг. Хань нь салах, архичин болох, хахир хатуу сэтгэлтэй болсон шалтгааныг өөрөөсөө хайдаг хүн ер нь бий болов уу. Үнэндээ тэр хүнийг хайр, халамж, сексээр дутааснаас салж байна. Эр хүн гэсэн үнэлэмжийг нь дорд үзэж, үг хэлээр мохоож, үйлдлээр гомдоосноос архинд дурлаж байна. Бүсгүйн наалинхай аалиар тэжээж тэтгэж чадаагүйгээс хахир хатуу, гар хүрдэг, зоддог цохидог, цэвдэг сэтгэлтэн болж байна. Хийе бүтээе, болгоё гэсэн санааг нь мохоосон, айлын нөхөртэй харьцуулсан, доош нь хийсэн зэрэг үйлдлээрээ ханиа хөргөөд, сэтгэл санааг нь гундаагаад байгаа юм биш биз, бодоод эргэцүүлээд нэг үзээрэй. Нийгэм үлдэж байгаагийн талд ордог бол би судлаач хүний хувьд ингэж л хэлдэг. Зориод ирсэн хүмүүс ойлгодог юм аа. 
 
Дээр ярианд дурдагдсан салалтын нэгэн шалтгаан “түр холдолт”-ын үзэгдэл манай салбарт нэлээд бий л дээ. Тухайлбал, цэргийн алба хаагч хөдөө орон нутагт томилогдох, энхийг сахиулагч дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэх гээд ...
 
-Гурван сараас илүү хугацаагаар хол явах гэж байгаа гэр бүлд сэтгэлийн нэгдмэл байдлыг хангах нь чухал байдаг. Тийм нөхцөл байдлыг хангаж, итгэлцлийг бат бөх болгож байж явах эсэхээ шийдэх хэрэгтэй. Гурван сар гэдэг хүний бие махбод, физиологи, биологийн онцлогтой холбоотой судалгааны үндэстэй хугацаа. Эхний нэг сар гэр бүл, хань ижил, үр хүүхэд, бас бэлгийн харилцаагаа маш хүчтэй санана. Тэгсээр гурван сар болоход сэтгэлийн нэгдмэл харьцаа нимгэн байсан хосуудын сэтгэл хөндийрдөг. Бие холдвол сэтгэл холдоно.
 
Сэтгэл холдвол амьдрал дуусна. Ийм эмгэнэлтэй төгсгөлд хүрэхгүйн тулд хосууд хоорондоо маш сайн ойлголцож, нэгэн зорилгын төлөө хамтдаа тэмцэж, тэвчиж хүлээж хичээхээс гадна салбарын удирдах байгууллагын зүгээс Зэвсэгт хүчин болоод мөрдэст байгууллагын алба хаагчид, тэдний цаана байгаа ар гэрийнхэнд гэр бүлийн боловсрол, хайр, халамж, сексийн харилцааны талаарх системтэй сургалтыг тасралтгүй зохион байгуулж байх хэрэгтэй.
 
Та генерал, офицер, ахлагч хэн ч бай гэр бүлийн нэгэн гишүүн. Хэдийгээр том цол зүүж, өндөр албан тушаал хашивч гэр бүлдээ жирийн нэг өвөө эмээ, аав ээж шүү дээ. Түүнээс гадна ар гэрийнхэн нь цэргийн алба хааж байгаа эр нөхөр, ханийнхаа ажил мэргэжлийн онцлогийг ойлгон мэдэрч, хүндэтгэн үздэг байх хэрэгтэй. Утсаа авахгүй байна, гэртээ эрт ирж бай гэх, бидэнд чөлөөт цаг гарга гэх зэргээр муйхар шаардлага тавьж байгаа нэгэн бол ханийнхаа ажлын онцлогийг ойлгож, нэгнийгээ хүлээн зөвшөөрөх тал дээр асуудалтай л байна гэсэн үг. Ханиа сонгохдоо л өнөөгийн бодит байдалд тулгуурлаад ирээдүйн амьдралын чиг хандлагаа тодорхойлох, зохион байгуулах хэрэгтэй. Тийм ухамсар, ийм шийдвэрээс өмнө хайр гэдэг халуун мэдрэмждээ хөтлөгдөх нь бий. Тиймээс хайрандаа ухамсартай, ухаантай хандаж байгаарай гэж залуустаа захья даа. Монгол эмэгтэйчүүд бол тэвчээртэй л дээ. Тэр тэвчээрийг алдаж болохгүй, хадгалж л байх хэрэгтэй.  
 
Дөчөөд жилийн гэр бүлийн судалгааны дараа танд онцолж хэлэх зүйл юу байна? Тэр дундаа монгол гэр бүлийн талаар ... 
 
-Дэлхий ертөнц даяаршиж байгаа энэ үед гэр бүлд үүсэж байгаа асуудал улам хурц болж байна. Үүний гадна талд Монгол гэр бүлийн тухай ойлголтыг орхигдуулж болохгүй. Тиймээс дэлхийн бусад улс орон гэр бүлийн асуудлаа хэрхэн шийдэж байгааг, дүгнэн хэрэгжүүлж буй арга туршлагыг бүтээлчээр нэвтрүүлэх хэрэгтэй. Монгол гэр бүлийн хувьд бол олон асуудал бий. Монгол Улсыг 900 гаруй мянган айл өрх бүрдүүлж байна.
 
Эдгээр гэр бүл дотор салсан сарнисан, нөхөр нь архи уудаг, эхнэр нь үглэдэг гээд түмэн шидийн асуудал бий. Гагцхүү гэр бүлийн таагүй уур амьсгалыг бүрдүүлж байгаа хүчин зүйлийг өрх гэрийн ноён нуруу болсон эр, эм хоёр л илэн далангүй ярилцаж шийддэг байх ёстой.
 
Нөгөө талаар гэр бүлүүд харилцааны нарийн ширийн мэдлэггүй байна. Тодорхой мэдлэггүй хүмүүст чи ингэсэнгүй тэгсэнгүй, тэг гэж хэлж болохгүй шүү дээ. Монголчууд хоёр гурван үеэрээ нэгдэн амьдрах их гэр бүлд төвлөрдөг. Өвөө эмээ, аав ээж, хүүхэд, ач зээ... Монгол гэртээ Их гэр бүлийн хүрээнд монгол ахуй амьдрал өрнөж, өв соёл уламжлал өвлөгдөж ирсэн.
 
Та юу өвлөж, сурч мэдэж ирсэн, түүнийгээ л үр хүүхдэдээ өвлүүлэх хэрэгтэй. Ингэж байж амьдрал тасралтгүй өрнөнө. Үүнээс гадна нэгэн чухал асуудал бол овог удам, ураг саднаа мэдэж байх явдал. Удам судраа мэдэж, цэвэр ариун авч явах нь улс орон оршин тогтнохын нэгэн чухал үндэс юм. 
 
Мөн гэр бүлийн хэлбэрт өөрчлөлт гарч байна. Монгол гэр бүл 5000-аад жилийн өмнө хос гэр бүлийн хэлбэрээр үүссэн. Улс гэр оршин тогтнохуйн үндэс болсон хос гэр бүлийн уламжлал өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн. Яг одоо гэвэл хосолмол буюу нэгээс дээш эхнэр, нөхөртэй, ижил хүйстэн, хамтран амьдрах гэсэн хэлбэрүүдээр хүрээгээ тэлчхээд байна. Ийм нөхцөлд, ялангуяа манай дунд, залуу насныхан улс орны оршин тогтнохуйн үндэс болсон хос гэр бүлийг эрхэмлэж яваасай хэмээн судлаач хүний хувьд зөвлөх байна даа. Хүн ямар хэлбэрийг сонгох нь түүний эрх чөлөө боловч монгол үндэстний хувьд хос гэр бүл нэн чухал билээ. Хуучин шиг хос гэр бүл Монголын нийгэмд нийтдээ оршин тогтнож байгаа биш одоо дийлэнх гэсэн байр суурьтай болж байна. Манай залуус өөр хэлбэрийн гэр бүлийг ухамсартай, ухамсаргүй сонгосоор байвал хос гэр бүлийн нийгэмд эзлэх байр суурь суларч, тэр хэрээр монгол үндэстэн мөхлийн шат руугаа дөтлөх болно. 
 
 
Д.ГҮНЖИЛМАА
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин