sonin.mn
Зэвсэгт хүчин, Онцгой байдлын мөрдэс нэгт нөхөд, сайхан сэтгэлт олон түмэндээ нэгэн сайхан мэдээ дуулгая. Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Ууганбаяр, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, ахлагч С.Ганзаяа нар тархины үрэвсэл хэмээх хүнд өвчнөөр шаналж буй бяцхан охиноо тэврээд өнөө өглөө буюу 5 дугаар сарын 20-ны өглөө БНСУ-ыг зорилоо.
 
Тэд тусламжийн гараа сунгасан Зэвсэгт хүчин, Онцгой байдал, шүүхийн шийдвэр, хилийн чанад дахь энхийг сахиулагчид, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарууд болон Онцгой байдлын газар, хэлтэс, аврах ангиудын удирдлага, хамт олон, цэргийн нөхөрлөлөөрөө манлайлсан онжавууд, сайхан сэтгэлт алба хаагч, зон олон, хамаатан садан, ахан дүүстээ гүн талархал илэрхийлж "Баярлалаа гэж хэлэх ч багадна. Та бүхний дэмжлэгээр өнөөдөр бид охиноо эмчлүүлэхээр мордож байна. Хандивын аяныг Зэвсэгт хүчин, Онцгой байдлын албанд өрнүүлсэн ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон төрлийн цэргийн командлалуудын удирдлага, хамт олонд баярлалаа. Бидний бяцхан охинд амьдрал бэлэглэх энэхүү аяныг зохион байгуулсан мөрдэс нэгт нөхдөдөө талархаад баршгүй. Ямар сайхан сэтгэл, ямар сайхан дэм бэ. Үнэхээр их баярлалаа" хэмээн баяр талархлын үгийг дамжуулсан юм.
 
Эмчилгээнд 450 сая төгрөг шаардлагатайгаас мөрдэс нэгт нөхөд, сайхан сэтгэлт олон түмэн, хамаатан садны дэмжлэгтэйгээр 260 сая төгрөгтэйгөөр БНСУ-ыг зорьж байгаа ажээ. Хэрэгтэй цагтаа, хэрэгтэй нөхөртөө тусалсан эрхэм та бүхэнд баярлалаа. Одоо бяцхан охин У.Маргад хагалгаандаа амжилттай сайхан орж, эх орондоо эрүүл саруул болоод ирэх нь дамжиггүй. Айл бүрт аз жаргал цалгиж, эрүүл энх амьдрал ноёлж байг ээ!
 
Ахлах дэслэгч Д.БОЛОР