sonin.mn
Хэд гурваараа цуглаад байхдаа, ажил албан дээрээ, амарч зугаалах үедээ биесээ цаашлуулж, тоглоом тохуу хийж, хөгжилдөх бол хэвийн зүйл. Гэхдээ тоглоом наргиан нь бодит байдалд бусдыг гутаасан, доош хийсэн, доромж утга, аястай байх явдал нийтлэг болж. Сонсоход тун эвгүй.
Энэ хандлага дараах учиртай. Маазрах явдал, маазрал гэх үзэгдэл нийгэмд хавтгайрч, хэрээс хэтэрчихжээ. Жам ёсны өгөгдлөөрөө маазрал бол хөнгөн хошигнол, хөгжилтэй аяс бүхий зугаа юм. Гэвч хэрээс хэтэрч, үндсэн утгаа алдаж бусад хүмүүсийг гутааж гутамшиглаж, харлуулах, доромжлох үйлдэл болсон байна.Хэлбэр талаасаа маазрал инээд хөөр, баяр баясал харагдавч, харин агуулга, учир зүй талаасаа бусдыг харлуулсан, муучилсан, гүтгэж гүжирдсэн, доош хийсэн, доромж утгатай байх юм. Маазрах байдлаар нэг нь нөгөөгөө доромжлоод байна, бид.
 
 
Ёс суртахууны хувьд бусдыг гутааж гутамшиглаж, нэмээд гутаасандаа инээж баясах, хөгжилдөн хөхих гэдэг хүн ёсны биш зүй бусын гаж үйлдэл, хайр найргүй хандлага, эрүүл бус үзэгдэл. Буруу хандлага юм энэ. Хүн төрлөхтний оюунлаг, ухамсарт, соёлт хэсгийн даган баримталдаг жишиг, хүмүнлэг үзлээр бол доромж хандлагыг сэтгэл санааны хүчирхийлэлд тооцдог.
 
 
 
Эдлэл хэрэглэл, албан тушаал, хөрөнгө мөнгө, боловсрол, нас, хүйс үл хамааран хүн бүрт хувийн орон зай, өөрийгөө үнэлэх үнэлэмж, хүндлэх сэтгэл, нэр төр, нэр хүнд гэж бий. Маазран гутаахдаа бидхүний эдгээр эрхэм, үнэт зүйлсэд нь халдаж, мөн оргүй үгүйсгэж байна. Тухайн хүний нэр төрд нь халдаж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь унагаж, хүндлэх сэтгэлийг нь сэвтээж, нэр хүндийг үгүйсгэж, дорд доройд үзэх гэдэг хүний сайн сайхан зүйлсийг оргүй үгүйсгэж буй үйл явц юм. Өөрөөр хэлбэл, тухайн хүнд сайн сайхан гэж үгүй, хамгийн муу муухай хүнд тооцож, эрс үгүйсгэжээ гэсэн үг. Тун муухай. Гэтэл нэр төр гэдэг хүнд өөрөө аяндаа ирдэггүй, хүн өөрийн хичээл зүтгэл, хөдөлмөр, сэтгэлээр бий болгож, бүтээдэг зүйл учир хэний ч хувьд эрхэм нандин, үнэт зүйл нь байдаг билээ. Учир ийм болохоор хүний нэр төр гэдэг халдаж болдоггүй эсрэгээр хүндлэх учиртай зүйл байдаг билээ. 
 
Маазрагчид бусдыг гутамшиглаж буйдаа огт тоосон шинжгүй инээж баясдаг нь тоглоом нь тохуутай, маазрал нь гутаасан утгатай байгааг анзаарахгүй, утгыг нь ялгахгүй байна гэсэн үг. Бодит байдалд энэ байдал, утгагүй маазралаар дамжуулан адгуусан шинж гадагш тусч байна. Оюун санаа хоосорч, хамгийн доод төвшин рүү унаж уруудсан нөхцөлд хүмүүс бидний сэтгэлийн гүнд нуугдаж байдаг адгуусан төлөв төрх маань ил гарч ирдэг жамтай.
 
 
Адгуусан хүний ичих, айх, санаа зовох мэдрэмж унтарсан байдаг. Энэ шалтгаанаар эрээ цээргүй, ичгүүр сонжуургүй, ил задгай, харлуулж гутаасан, доромж аяст үг ярианд инээн хөгжиж, баярлаж баясдаг онцлогтой.
 
 
 
Мэдрэмж нь гажуудаж, гаж болсоны шинж. Буруу хандлага. Харин бусдын доромж хандлага, эрээгүй үйлдэлд өмнөөс нь санаа зовж, сэтгэл эмзэглэж, ичиж зовно гэдэг оюун санаа, мэдрэмж эрүүл саруул байгаагийн шинж билээ.Зөв хандлага. 
Утгагүй маазарсан буруу үйлдэл, хандлагаа өөрчилж, зөв хандлагыг хэвшүүлье. Нэгнийхээ үнэт зүйлсэд нь халдахаа байя, гутааж гутамшиглаж хайр найргүй ханддагаа больё. Хүмүнлэг байж, бие биенээ хүндэлдэг больё, гутаах бус дээдэлдэг больё, сайн сайхныг нь ярьдаг больё, санаандгүй тохиолоор доромж хандлаа гэхэд даруйхан уучлал гуйдаг больё. Доромж маазралаасаа ичиж зовдог, санаа зовдог, ичиж эмзэглэдэг больё.
 
 
Оюун санаагаа шинэчилье.
Сэтгэлгээ, хандлагаа өөрчилье.
 
 
Ч.ТУЯА