sonin.mn
АН-ын дарга Х.Баттулга танаа!
 
Юуны өмнө АН-ын төдийгүй Монголын ардчиллын өмнө аюул нүүрлэсэн эгзэгтэй үед АН-ын даргад нэрээ дэвшүүлэн АН-ын гишүүдийн дийлэнхийн халуун итгэлийг хүлээж сонгогдсон эрхэм Танд баяр хүргэж, амжилт хүсье.
БНМАУ-д МАХН-ын ТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, олон намын систем тогтсон 1990 оныг бид Ардчилсан хувьсгал ялсан хэмээн бахархаж ирсэн. Энэ бол Эзэн богд Чингисийн айлдсанаар “Мориноосоо буулгүй улсыг эзэлсэн” төдий хэрэг байлаа. Их Чингис бас нэмж “Мориноосоо бууж төрийг тохинуулах хэцүү “, ...-г эзлэх гэвэл сэтгэлийг нь эзэл. Сэтгэлийг эзэлсэн байхад бие нь хаачив л гэж” гэсэн...
Чухам үүн дээр ардчиллынхан алдсан. “Сэтгэлийг нь эзэмдэх” ажил хийгээгүй. Юуг халав, юуг зорив гэдгээ сайтар ойлгуулаагүй. Ардчилсан хувьсгалын мөн чанар хүмүүст хүрээгүй...
 
МЭӨ 495 онд Грек-Персийн дайнд ялсан грекчүүд ялалтын мэдээ хүргүүлэхээр 42 км замд гаргасан цэрэг даалгавраа биелүүлж, мэдээ дуулгаад нүд аньсан тухай түүхэн домогт өгүүлдэг. Мэдээг дуулаад хэвтрийн олон өтөл настан, өвчтөн өндийж, илааршсан гэдэг... Сайн мэдээ ийм хүчтэй ажгуу.
ХХ зууны “хүрэн тахал – фашизм”, “улаан тахал – коммунизм” хоёрын аль аль нь арьсны үзэл, үзэл суртал гэгч “хэмжүүрээр“ (“Прокрустын ор”) хүмүүсийг үй олноор нь хядаж, хэлмэгдүүлсэн. Хэлмэгдүүлэлтийн хэлбэр олон. Мэдээллээр төөрөлдүүлэх, худал амлах.
Энэ нүгэл ардчиллынхан дээр ч буух ёстой...
Социализм улс орны хөгжил, эдийн засгийг чөдөрлөдөг төдийгүй хамгийн аймшигтай нь хүмүүсийн сэтгэхүйг эвддэг. Социализмд 6-хан жил болсон Анголыг социологчид судлаад, энэхэн зуур хүн ард нь хичнээн эвдэрснийг үзээд гайхсан байдаг. Ямартаа хоёр Герман нэгдэх үеэр эдийн засгийн доройтлыг гэхээсээ хүмүүсийг нь яаж хүн болгоно оо гэдэг дээр барууныхан аргаа барахав. Зүүн Европын соц орнууд КН-уудаа татан буулгасан. Тийм үзэл суртлыг хүлээн гутарсан, халагласан, эгээ л хүн төрөлхтний өмнө үйлдсэн нүгэл, ичгүүрт явдал гэж үзсэн. Бушуу түргэн салахын түүс болсон. Нийгмийн ухааны багш нарт нөхвөр өгөөд бүгдийг нь халсан. Коммунизмын үнэр шингэсэн кино, ном зохиолыг шинэчлэх, эсвэл зөвхөн судалгааны зориулалтаар, тусгай зөвшөөрлөөр ашиглуулах болсон. Үзэл суртлын эрдэмтдийн цол хэргэмийг төрөөс цуцалсан... Ихэнх нь өөрсдөө татгалзсан.
 
Манай улс худал сайрхан, хүн ардаа ч, НҮБ, ЮНЭСКО, ДЭМБ-ыг ч хуурсан. Энэ бол нэгэн төрлийн хэлмэгдүүлэлт. Яагаад гэвэл, хэлмэгдүүлэлт гэж үзэл суртал, анги давхарга, угсаа гарал, шашин шүтлэгээр нь ялгаварлан алж хядах, хөөх, цөлөх, хорихыг төдийгүй буруу номлол тулгах, мэдээллээр төөрөлдүүлэх, худал амлах, айлгах юм. Тэр ч бүү хэл, бурууг мэдсэн хэрнээ дуугүй байх, “төвийг сахих”, “эс мэдээчин болох”, “надад хамаагүй” гэсэн царайлах, бүр “буруу – зөв”-ийг ялгахгүй байхыг ч бусдыг хэлмэгдүүлэгч, тэрхүү бурууд оролцогч гэж үзэх болсон. Бүр цаагуураа эх орон, ард түмнийхээ эрх ашгаас урвагч гэж үзэх болсон. Хүн ардаа төр засаг нь гэгээрүүлэх биш зөнд нь орхих ч хэлмэгдүүлэлтийн нэгэн хэлбэр. Эргээд бодоход соц үед “эсэргүү” гэгдэж хөнөөгдсөн хүмүүс харин ч халуун эх орончид байсан бус уу? Манай түүх зохиомол.
 
Төрийн соёрхолт түүхч Д.Өлзийбаатар “Бид ТОМ байснаа л давтаж, барддаг, харин яагаад ЖИЖГЭРСНЭЭ боддоггүй гэсэн. Бас нэг “эх оронч биш этгээд” XX, XXI зуунд нүүдэлчнээрээ шахам үлдсэндээ бид ичих ёстой. Яагаад гэвэл хүмүүс суурин амьдралд шилжсэнээр хууль журам, нийгмийн ёсзүй, хариуцлага, нийтийн эрх ашиг, нэр төр, үлгэр дууриал... гэх ойлголт бий болсон. Хөгжил дэвшил ч суурин амьдралаас эхлэлтэй. Аугаа их сэтгэгч Аристотель хэдэн мянганы тэртээ, суурин амьдралтай хүнийг л ИРГЭН гэж болно... гэсэн. Хэдхэн өдрийн өмнө “Сүлд” сувгаар Австралид суралцсан, ГЯ-ны сайд Д.Цогтбаатар тэргүүтнүүд Австрали асар их хөгжсөн, цэгцэрсэн, амьдрахад нэн таатай, хүчирхэг эзийн засагтай, манайд их тусалсан орон атлаа “манай эдийн засаг маш жижиг” гэдэг, гэтэл тэдний дэргэд юу ч биш манайх их том дуугардаг гэхчлэн ярьж харагдсан За, хадуурах нь. Гэхдээ хүн хөгжиж, хүн болж байж улс хөгжинө гэсэндээ ийн дуугарав. Нээлттэй нийгмийн үед шинэ технологи, шинэ шинэ “гайхамшгийг” ертөнцийн хаанаас ч олоод ирж байна. Харин шинэ, XXI зууны монгол хүнийг төлөвшүүлэх хэцүү дээ... Хүн хүмүүсийн дунд л хүн болдог. Ядахнаа “нийгмийн инженер” зохиолчид дуугаа хураачих юм.
 
1990 оноос өмнөх монголчуудын амьдрал одоо мартагджээ гэж болно. Маш аймшигтай, хүний санаанд багтамгүй гаж тогтолцоо байсан юм шүү. 1990 оны Ардчилсан хувьсгал түүнийг халсан. Бид өөрөө өөртөө эзэн болсон.
 
Манжийн “дарлал”, “социалист жаргал”-ын үед бид бусдын хараат байсан утгаар нь авч үзвэл монголчууд бид 1990 онд бүрэн чөлөөрсөн. Уяа хүлээсээ тас татсан. “Хүний эрхэнд жаргахаар, өөрийн эрхэнд зовох нь дээр” гэдгийн үлгэр болсон. “Хүн хаана хүрэхээ мэдэхгүйдээ биш, хаана байснаа, хаанаас яваагаа мэдэхгүйдээ төөрдөг” гэж үг бий. Ийнхүү урьд их сайхан байсныг ардчиллынхан гарч ирээд баллаад хаячихсан мэтээр төөрөлдүүлж, төөрөлдөх явдал их болж. Гэтэл үнэн байдал 1990 онд ямар байсан, Ардчиллынхан ямар орныг “өвлөн” авсныг мэдэж, өнөөгийнхөө байдалтай жишсэнээр ихээ уужим амьсгалж, хариуцлагажна, зовхи дээшилнэ гэж бодох юм. Өнөөгийн монголчууд бид төдийгүй, мал, зээр гөрөөс, үнэг, чоно,тарвага зурам, хэрэм, ятуу, туулай ч “албанаас чөлөөлөгдсөн” гэж болох. Сайхан аа!
Увсын Бөхмөрөн сумын, нялх хүүхдээ угжих гэж 5 ямаатай болсон багшийг (тооны багш Цэдэнбал) аймгийн МАХН |МАН|-ын хорооны дарга Б: ...”Ц” мэтийн 5 ямаатай “ялзарсан” багш манай аймагт ажиллахгүй шүү” гэж хурал дээр олны өмнө нэр цохон занаж байсан түүх саяхан. Энэ бол нийтлэг дүр зураг. Өнөөгийн хүмүүс ойлгоход бэрх л.
 
1980-аад оны дундуур Москва байгаа юмыг байгаагаар нь хэлж бичихийг зөвшөөрснөөр гоёчилж, мэдээллээр төөрөлдүүлдэг социализм -коммунизмын тар танигдсан хүн төрөлхтөн коммунизмаас жигшсэн. Харин ч бидэнд олон жил хараалгаж, доромжлуулж зүхүүлсэн АНУ, Япон тэргүүтэй хөрөнгөтөн орнууд бидэнд өл залгуулж тусалсан. Оросыг ч өндийлгөж өгсөн. Эргээд тэдэнд тус болдоггүй юмаа гэхэд мартдаггүй л юм шүү.
Эрхэм Таныг ард түмнээ гэгээрүүлж, гашуун ч болтугай үнэнийг сэргээх, ард түмнээ хатуужуулах их үйлст эргэлт гаргаасай хэмээн ёслов. Гашуун үнэнийг ойлгосноор ард түмэн хатууждаг гэдэг юм билээ.
 
 
ЧД.17 дугаар хороо, Ядамын Дүгэр