sonin.mn
Гайхамшигт Өндөр Гэгээн бээр Буддын соёл гэгээрлийн гурав дахь үеийн дэлгэрэлтийг уужим Их Монгол орон болоод цаашлаад Баруун Зуу Лхасаас аваад Их Дайчин улсын газар нутаг бүхнээ хэдэн зуун дор дэлгэрүүлсэн бөгөөд түүний Дөрөвдүгээр дүр Халх Жэвзүндамба Лувсан Түвдэн Ваанчиг Жигмэд Жамц бээр ирээдүйн эш лүндэн лүгээ буулгасан цагаан морин жил буюу нэгэн мянга есөн зуун ерэн онд мөхөс хөвүүний эцэг бидэн хоёр урьдаар нууцаар хэлцэж асан цаг лугаа бууж мөхөс хөвүүн би бээр лам болохоор сэтгэл шуудсан юм.
Хавар цасан хайлж урь орох дөрвөн сарын үест ээж аав бид гурав ярилцсанаар, өвөөгийн зиндааны эрдэмт лам Гончигдорж гуайгаар сан тавиулж, ашдын ерөөл айлдуулахаар ээж бид хоёр Гандан хийдийн хашаанд номын өргөөнд нь золгосон агаад өвгөн хувраг түүнийг хахир хатуу цагт нууцаар өвөөгийн зиндаанд ирдэг байх үеэс нь мэдэх тул эгээд л таньдаг нэгэн буяны садан лугаа учрах мэт байв.
 
 
Намайг хадаг барин золгох үед өвгөн хувраг дөнгөж хурал гадаалаад гэртээ орж ирсэн байсан агаад саатан суухуйд ээж хүүгээ лам болгохоор Өндөр Гэгээний хийд Амарбаясгалант лугаа явах болж буйг айлтгахуйд мэлмийд нь баяр гийж, чих тавин сонордож, дараагаар нь сан тавьж ариулаад өөрийнхөө орхиж байсан орхимж болон модон барын төвд үсгийн цагаан толгой болон нэгэн бүлэг номтой шогол бүхүйг хайрлан мэлмийгээ аньж, тааллын гүнээсээ ерөөл айлдан асан.
Хожим арван таван жилийн дараа хоёр мянга таван он дор Дэлгэрийн Чойрын хийдийг сэргээж, суурин суугаад Их Нэнчэнгийн өмнөхөн энэхүү түүхийг өвгөн Богд багш нар дор айлтгахуйд "Монгол оронд их хэлмэгдүүлэлт болж, олон оныг үдсэн ч Буддын номын Яруу Үндэсний илч нь алдагдаагүй явсаар цагаан морин жил шашин ном сэргэхүйд чи бээр маш их хувь ерөөлөөр тэрхүү өвгөн ламын илч нь алдагдаагүй орхимжийг хүртжээ хэмээн ихэд таалан баяссан агаад ялагуяа Монгол ринбүчи багш бээр аль далан онд Азийн Буддистуудын хурлаар морилохуй дор Гончигдорж гуай бээр учран золгож, багш шавийн барилдлага барьж, далан зургаан онд ахин золголдож, ламтан түүний илэрхий язгуурын багш Зава Дамдин Лувсан Даяан ламын арван найман боть зохиол сүнбүмийг анх удаа залж морилоод Энэтхэг Хутагтын орны Шинэ Дели хотод олшруулан хэвлүүлснээр Зава Дамдин гуайн алдар орчлонгийн эрдэмтэн мэргэдийн мэлмий, сонорт хүрч алдаршсан түүхийг ихэд таалал долгисон айлдсан ажгуу.
 
 
Чингээд тэндээс олон он улирч, энэ жил хаврын дунд сарын арван тавны бэлэгт сайн өдөр Их бичгийн хүмүүн Аким багш маань утсаар залгаж ийн айлдруун "Ринбүчи хүүдээ сайхан мэдээтэй Хүүхдийн Номын Сангийн захирал бөлгөө, хатагтай Оюунбилигээр дамжиж, урьд миний таньдаг асан эрдэмт лам Гончигдорж гуайн охин Отгонгэрэл хэмээх хатагтай өөрт чинь дээд дүрийн Зава Дамдин гуайн номт дээлийг өгөх хүсэлтэй байна.
 
 
 
Хүү минь хүрээд ир" хэмээсний ялдраа сэтгэл догдлон баясаж багшийн номын өргөөнд нь цаг болзон уг сарын арван долоонд урьдын сайхан ерөөлөөр хатагтай Оюунбилиг эгч болон хатагтай Отгонгэрэл эгч, түүний нөхөр Алтангэрэл ах тэргүүтэй гурван эрхэм хүмүүнтэй багшийн өмнө золгосон юм. 
 
Аким багш аанай л эл түүхийн гэрч болон биднийг золгуулаад ихэд мишээн саатаж бүрүүн.
Отгонгэрэл эгч шар баадантай номт дээлийг бариад, бас аав нь багшийнхаа нандин шүтээн нүгүүд, номын ёжид хэрэгсэл сэлтийг нандигнан хадгалж асан товч түүхийг өгүүлж, нэгэн бор авдартай ном судар тэргүүтэй зүйлсийг дагалдуулан барихдаа "нэгэн мянга есөн зуун гучин долоон оноос эдүгээг хүртэл наян таван жил болжээ. Аавыг таалал болсноос хойш би ер задлаагүй, үзээгүй байсаар өнөөдөр таньд өргөлөө" хэмээн сэтгэл догдлон өгүүлээд, мөхөс над дор дээд дүрийн тэмдэглэгээтэй тэрхүү гайхамшигт бодасыг соёрхсон ажгуу.
 
 
Шар баадантай номт дээлийг үнэрлэхүйд зүрхний гүнээс нулимс хурж, зуун жилийн тэртээх алсад цаг хугацааны хүрдэнд суусан мэт дурдал төрүүлснийг нуух юун.
Аким багшийн хатан Дулмаа эгч бүгдэд нь хүндэтгэлийн зоог барьж саатаад, багш бидэн хоёр гайхамшигт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуайн 
Хахир говьд ус бий 
Хазгар өвгөнд эрдэм бий 
Хар авдарт эрдэнэ бий
Хамаагүй басаж болохгүй 
хэмээх юутай үнэн, "эрдэнэ" хэмээн айлдсан нь ном судар, нандин шүтээн нүгүүдийг айлджээ хэмээх тэргүүтнийг өгүүлэлдсэн буй. Тэрхүү ялдамд Аким багшдаа Утай Таван Богд уулнаас залж ирсэн зургаадай таяг, зургаадай эрих, ээжийн минь оёсон цагаан торгоор бүрсэн цагаан эсгий олбог өргөн багшийн өлмийг бататгахуйн тухайд сан, даллага, ерөөл тавив. 
 
 
Басхүү багштан дуун хөрвүүлж саяхан хэвлүүлж гаргасан Рашидаддин Фазлуллахын "Шашдирын Чуулган" номоо бас хоёр номынхоо хамт соёрхож, "Ринбүчи хүүдээ. Дандаа Томъёолшгүйг, эгэл хүмүүсийн оюунаас хэтийдсэнийг бичиж туурвихыг ерөөе" хэмээн мутрын тэмдгээ талбин соёрхов.
Өнө эртний ерөөл, шүтэн барилдахуйн үнэн оршин буй тухай болон чин сэтгэл, чин зүрх, чин сүсэг, чин зоригтон эдүгээ ч бидний дунд амьдран буйг энэхүү бодит болоод гайхамшигт түүхээс хялбар мэдэж болмуй.
 
 
Хаттай ган үзгээр бичдэг, хайртай дотно Аким багш, шүтэн барилдлагын гүүр болсон эрдэмтэн хатагтай Оюунбилиг эгч, эрдэмт лам Гончигдорж гуайн охин чин зүрхт Отгонгэрэл эгч, түүний нөхөр Алтангэрэл ах дор талархах үгс хэт багадах тул өнө хойчийн эрдэм соёл, эрхэм буяны илч нь алдагдахгүй байхын зорин ерөөл өргөн залбирму. 
 
 
Зава Дамдины ринбүчи Лувсандаржаа 
 
 
Хан Уулын бэлд