sonin.mn
“Blind Audition” буюу шоуны эхний шатанд дөрвөн шүүгчийг эргэж хартал дуулж, басхүү тэднийг бяцхан өрсөлдүүлээд авсан “Voice of Mongolia”-ийн авьяаслаг оролцогч Ч.Ану маань Д.Отгонбаяр шүүгчийг сонгож, түүний хүчирхэг дайчдын нэг болсон. Харин "Battle" буюу халз тулааны шатанд оролцогч маань эгдүүтэй, энхрийхэн охины дүрээр үзэгчидтэй эргэн уулзаж, дараагийн шат руу дасгалжуулагчтайгаа хамт явахаар ахин сонгогдлоо. ЦДБЭЧ-ын дуучин, “Voice”-ийн нэгэн гайхалтай дуу хоолойны эзэн Ч.Анутай уулзлаа.  
 
Халз тулаан ч бас догдлууллаа шүү. Эхний шатанд дуучин Pink-ийн Just Like A Pill дууг дуулснаар нэг тийм хүчирхэг санагдаж байсан дуучин маань энэ удаа тэс өөр дүр төрхөөр тайзнаа гарч ирлээ.  
 
-Cute үү... Наснаасаа бага харагдаж байсан уу? (инээв) Half alive-still feel дууны ориг хувилбар нь уйтгартай, гунигтай шүү дээ. М.Бат-Оргил бид хоёрын хувилбар өвөрмөц байж чадсан болов уу гэж бодож байгаа. Дууны сонголтыг шүүгч маань хийсэн. Дуу маань надад ашигтай байгаагүй ч өгөгдсөн нөхцөлдөө тохируулаад чадахаараа амжилттай дууллаа. Эхний шатны Анугаас халз тулаанаа хийсэн Ану үзэгчдэд тэс өөр мэдрэмж өгсөн болов уу гэж бодож байна. Дасгалжуулагчтайгаа хамт хоолойн дасгалуудаа хийгээд, багийнхаа залуустай танилцаж, дотносоод, хамтдаа бэлтгэл сургуулилтаа хийгээд маш үр бүтээлтэй өдрүүд өрнөж байгаа. Халз тулаанд таарсан дуучин бид хоёр тэнцвэл, тэнцэхгүй бол гээд хувилбартайгаар сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан ч цагаа тулахаар түгшүүртэй байлаа. Өөрөө сонгогдсон ч түүний төлөө санаа зовж байсан. Озиг шүүрүүлчихэд нь маш их баярласан. Тэр залуу надтай адилхан маш их хөдөлмөрлөсөн, тэр шүүрүүлэх эрхтэй. Хойшдоо шударгаар өрсөлдөөд л явна даа.
 
 
Дуурийн дуучин мэргэжилтэй, тэгээд мэргэжлийн урлагийн байгууллагад ажилладаг дуучин бүсгүй чухам юуг хүсэж тус шоунд оролцов оо?
 
-Монголчуудын үзэх дуртай контентуудын нэг бол яах аргагүй "Voice of Mongolia" шоу. Тэгээд ч энэ бол дэлхийн тайз. Тиймээс залуу уран бүтээлчийн хувьд олон төрөл жанраар дуулж, өөрийгөө сорьж, нээхийг хүсэж байна. Мөн энэ шоу миний ирээдүйн карьерын эхлэл гэж бодож орсон. Шоуны өмнөх хоёр улирлыг үзэгчийн хувьд шимтэн үзэж, оролцогчид богино хугацаанд хэрхэн хөгжиж сайжирч байгааг хараад бахархаж байсан. Ур чадвар, авьяасаа голоод суух биш өөрийгөө хөгжүүлье гэсэн зорилготойгоор энэ удаагийн шоунд оролцсон. Хүн ер нь тэмцээнд орох бүрдээ шинэ зүйлд суралцдаг шүү дээ. Энэ алхам маань маш зөв болсон. Дуурийн дуучин хүн ихэвчлэн тавилттай хоолойгоор дасгал уншдаг. Харин энэ удаа багийн залуустайгаа хамт задгай хоолойгоор дасгал уншихад анхандаа эвээ олохгүй, хүнд мэдрэмжүүд төрж байсан. Миний хувьд нэг төрлийн сонирхолтой сорилт, бас туршлага болж байна. Таван жилийн хугацаанд дуурийн тавилтаар сурсан гээд насаараа дуурийн дуучин байх албагүй. Тиймээс Ану гэдэг хүн өөрийгөө өөр өнцгөөс харах боломжийг энэ шоу олгож байна. Тиймээс амжилттай оролцохыг хичээж байгаа. Цэргийн байгууллагын онцлогоос шалтгаалаад өөрийн эрхгүй даруулгатай, сахилга баттай болчихжээ. Нөгөө талаас хувь хүнийхээ хувьд ч хэтэрхий дотогшоо хандлагатай байсан бол энэ шоунд оролцож, үе тэнгийн залуустайгаа нөхөрлөснөөр нээлттэй, чөлөөтэй болж байна. Сонгодог урлагийн хүн өөр хэв маягийн дуу дуулахаар өөрт их содон санагддаг юм байна. Туршлага ч хуримтлуулж эхэлсэн. Энэ шоунд орсноор “болох юм байна ш дээ” гэсэн бодол төрж байгаа. Бүх төрлийн урсгал жанраар дуулж чадах тийм итгэл үнэмшил төрж, хичээвэл би чаддаг юм байна гэсэн итгэл найдварыг өөртөө бий болгож байна.
 
Анх дөрвөн шүүгч бүгд эргэж хараад, чамайг багтаа авахын төлөө хөөрхөн “тулаан” өрнүүлээд авсан. Б.Наранзун шүүгчийн блоклуулсандаа харамссан төрх, Д.Болд шүүгчийн үнэлэлт... Гэхдээ л та Д.Отгонбаяр шүүгчийг “Авмаар байсан болохоор чи ирлээ” хэмээн сэтгэл хангалуун хэлүүлж чадсан ...
 
-Нэг нь ч болтугай эргэж харах байх гэсэн итгэл найдвар байсан. Хэдийгээр мэргэжлийн сургуулийг нь төгссөн, урлагийн байгууллагад ажилладаг ч "Voice"-ийн тайзан дээр бол анх сандралтай байлаа. Дөрвүүлээ эргээд харахад өөрөөрөө үнэхээр бахархсан. Ингэж эргэж харуулахын тулд их хөдөлмөрлөсөн болохоор сайхан байлаа. Д.Болд шүүгч “Маш сонирхолтой, хөрвөх чадвартай дуу хоолойтой” гэсэн. Сонгодог урлагаар сурсан хүүхдүүд тавилттай хоолойндоо дасал болоод өөр зүйл рүү хөрвөх чадвар нь тааруу болдог. Магадгүй учраа олдоггүй талтай. Би анхнаасаа энэ шоунд орохдоо хөрвөх чадвартай байж өөрийгөө өөрөөр харуулна гэсэн зорилготой ирсэн. Мэдээж чадахгүй зүйл олон байсан. Тайзан дээр алдаа гаргасан ч шүүгчид миний дотор байгаа мэдрэмжүүдийг олж харсан байх. Шүүгчид намайг хөрвөж чадах юм байна гэдгийг мэдэрсэн л бол би чадна гэж бодсон. Тиймээс нөөц боломжоо хөгжүүлээд явбал аль аль чадвараа ахиулна гэдэгт итгэдэг. Манай Д.Отгонбаяр шүүгч маань хүн нэг бүртэй бүр чин сэтгэлээсээ зөвлөн ярилцдаг, дэмждэг. Энэ шоу хэрхэн өндөрлөхийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ цаашдаа шүүгчтэйгээ хүнийхээ хувьд, уран бүтээлчийнхээ хувьд хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Илүү их нөөц бололцоо байгааг минь надад ойлгуулдаг. 
 
"Voice of Mongolia" бол Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгынхны хувьд ээлтэй шоу. Дуучин А.Болормаа анхны дугаарт аман хүзүүдэж байсан байх аа ...
 
-Тийм ээ, манай Болороо эгч маань гайхамшигтай дуучин, сайхан эмэгтэй. Түүнтэй харьцуулахад би нас залуу, суралцах зүйл ихтэй, хичээж л яваа залуу уран бүтээлч.  
 
Нэгдүгээр шатанд шалгарсан үзүүлбэр нь тэр долоо хоногийн "Voice" шоуны дэлхийн тэргүүлэх үзүүлбэрийн нэг болсон байсан ...
 
-“Best of the week Voice”-ийн нэгээр шалгарсан тухай мэдээг найз нөхөд маань дуулгасан тэр өглөөний мэдрэмж үнэхээр гоё байсан, Wow... гэж өөрийн эрхгүй дуу алдсан. Дэлхийн залуустай дуу хоолой, хүсэл зорилгоороо нэгдсэн мэт мэдрэмж төрсөн.  
 
Дуу хөгжим таны ажил, амьдралын салшгүй нэг хэсэг юм даа.
 
-Дөрөв, тавтай цэцэрлэгийн жаахан охин байхаасаа л таалагдсан дуугаа заавал сурдаг, MTV-гээр гадаадын дуучин эгч нарын дуулахыг сонсож, даган дуулж, биширч өссөн. Би амьдралаа дуу хөгжимгүйгээр төсөөлж чадахгүй. Хүн өдөр бүхэн шинээр амьдардаг гэж боддог. Магадгүй зарим өдрийг тухгүй өнгөрөөх үе бий. Яагаад би ийм сэтгэл дундуур, тухгүй байна гээд бодохоор тэр өдөр дуу сонсоогүй байдаг. Дуучин болно гэдэгтээ эргэлзэж байгаагүй ч, дуурийн дуучин болно гэж харин бодож байгаагүй. Яг шалгалт өгөх үед дуурь, эсвэл уртын дуу гэсэн сонголттой тулгарсан. Гэхдээ дуурийн дуучны мэргэжил сонгосондоо алдаагүй ээ. Дуучныхаа суурийг дууриар маш сайн тавьсан. Дуу дуулах, бас сонсох дуртай. Дуу сонсож байхдаа тухайн дуучных нь оронд өөрийгөө тавьж төсөөлнө. Тэр дуулж байгаа хоолойн өнгийг нь ингэж авбал ямар байх бол гэж дуурайдаг. Хэрэв өнгөө авч чадахгүй бол тэр өнгийг авч дуулж чаддаг болтлоо хичээж сургуулилт хийдэг. Ер нь би тэвчээртэй, тууштай зантай. Дуулж чадахгүй байгаа өнгөө жилийн дараа сурсан байна гэж зорилго тавиад түүндээ хүрээд санаа амардаг. Юуны төлөө эхэлсэн билээ гэдгээ үргэлж санаж түүндээ хүрснийхээ дараа урам авч, цааш алхах дуртай. Өнөөдөр би муу дуулж болно, маргааш сайн дуулдаг болно гэдэгтээ итгэлтэй байж, тууштай хичээллэдэг. Тэр бүхний ард ээж минь байнга урам өгч, дэмжиж тусалж, бат зогсдог. "Voice" шоунд ороход ч их дэмжсэн. Энэ дашрамд, чин сэтгэлээсээ намайг дэмжиж, үргэлж дэргэд минь байдагт баярлалаа, ээж ээ гэж хэлье.
 
Ээж, гэр бүлээсээ гадна багшийгаа эрхэмлэж явдаг гэж байсан ... 
 
-Би Хөгжим бүжгийн коллеж, Монгол Улсын консерваторын бүтээгдэхүүн. Буриад Улсын ардын жүжигчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Долгормаа багшийнхаа удирдлагад таван жил сурсан. Багш маань надад их итгэдэг, миний хоёр дахь гэр бүл болохоор дотнын хүн минь. Багш маань шавь нартаа эн тэнцүү мэддэг чаддагаа заана. Харин түүнээс хэрхэн өөрийн авьяас билгээр хутган авч, өөрийн болгоно гэдэг нь хувь хүнээс өөрөөс шалтгаална. Багшийнхаа итгэлийг алдахгүй, алдрыг нь цуурайтуулж, үргэлжлэл нь болох юм сан гэж боддог. 
 
Мөрдэс гоёсон бүсгүй болж, цэргийн чуулгад ажиллах болсон талаараа яриач.
 
-Сургуулиа төгсөөд дууриараа явна гэж боддог байсан ч төгсөх курстээ дадлага хийсэн ЦДБЭЧ маань илүү таалагдсан учраас сонгон шалгаруулалтад орж, тэнцээд 2020 оноос эхлэн ажиллаж байна. Цэргийн амьдрал эмэгтэй хүний хувьд хэцүү гэдэг ч энэ бол миний сонголт. Өглөө  ажилдаа ирэхэд гэртээ байгаа юм шиг маш дотно, тухтай мэдрэмж төрдөг. Ачаалал дааж, цаг хугацаатай өрсөж, хамтын уран бүтээл хийж сурч байна. Энэ бүхэн ирээдүйн ажил амьдралд маань маш их хэрэг болно. Тоглолтын хувцсаа өмсөхөөр жавхаатай, хийморьтой, хэн ч халдашгүй мэт санагддаг. Манай хормейстр, удирдлагууд маань залуу хүн гэж гололгүй томоохон уран бүтээл өгч, тоглолтуудад оруулдаг.
 
 
Хамгийн үнэнч шүүгчид бол үзэгчид байдаг. Дуулаад дуусахад үзэгчид алгаа нижигнэтэл таших нь маш их урам өгөхөөс гадна цаашид ихийг хийх ташуур болдог. 
 
 
Төгсөлтийн тайлангаа Ж.Вердийн “Турбадур” дуурийн Леонорагийн аригаар хийсэн гэдэг. Бас олон ч уралдаан, тэмцээнд орж байж ... 
 
-“Universe best song” шоу, Хятад дуу дуулаачдын уралдаан, “Лавай” ари дуучдын уралдаан зэрэгт орж өөрийгөө сорьсоор ирсэн. Жижиг, том гэлтгүй тэмцээнээс хүн урам зориг авахаас гадна их зүйл сурдаг. Тэр тоолонд дотор хүнээсээ маш их урам авдаг. Дотор сүнс ч гэж болох байх. Ер нь чи их хүчирхэг дотоод хүч, сүнстэй юм шиг байгаа юм. Гадна талдаа бол их эрх танхи, зөөлөн хүн. Харин дотоод хүч маань намайг чи хийх ёстой, хичээх ёстой, чи чадна гэж хүчирхэгжүүлж, сануулж байдаг. 
 
 
Өөрөө алдарт “Жаран хар, арван цагаан”-ы үргэлжлэл цэргийн чуулгын найрал дуучдын нэг. 
 
-Тийм ээ, энэ бол нэр төрийн хэрэг. “Хаврын шөнийн бодол”, “Халх голын өглөө”, “Чамайг үдье” гээд чуулгын урын сангийн бүтээлүүдийг дуулахдаа ахмадууддаа гологдох вий гэж маш их эмээдэг. Тэдний урмын үгээр зоригждог. 
 
Бидний мэдэх Ч.Ану маань хэн ч мэдэхгүй нууцаасаа дэлгэвэл сонин байх болов уу ...
 
-Би бүжиглэх дуртай, чуулгынхаа бүжигчдийг харахаар догдлоод байдаг юм. Чөлөөт цагаараа "Кизомба", цэнгээнт бүжгийн дугуйланд хичээллэдэг. Би хоёр эгч, нэг ахтай айлын отгон охин. Ах эгчийнхээ амьдралаас суралцаж, аав ээжийнхээ үгийг сонсож, нэг их гажихгүйг хичээдэг. Бас танил олонтой, найз цөөтэй хүн. Ер нь бол ганцаараа байж, өөрийгөө сонсож, өөрөө өөртөө эзэн болдог. Чөлөөт цагаараа кино үзэх их дуртай, гоё киног өдөржин шөнөжин үзсэн ч чадна. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ дотно яриа өрнүүлэнгээ агаарлаж, тархи, биеэ амраахыг чухалчилдаг. Эцэст нь хэлэхэд, миний хэлэх дуртай үг бөгөөд амьдралдаа баримталдаг зарчим маань “Явах ёстой замаараа зогсолтгүй урагшил...”
 
 
Д.ГҮНЖИЛМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин