sonin.mn
“Ахынх нь өвөө, эмээ, аав, ээж бүгд төмөр замчид шүү дээ. Хүү минь Чойр ТҮГ-ын ахлах үзэгч Ө.Лхамсүрэн гэж дөрөв дэх үеийн төмөр замчин бий. Бэр Ө.Чанцалсүрэн Чойр өртөөний вагон бичигч. Миний хань Х.Ариунцэцэг ч төмөр замынх. Би 1997 оноос Шивээ-Овоо өртөөнд дагалдан пүүлэгчээр анх ажилд орж байлаа. Төмөр замдаа 24 жил ажиллаад “Замын мэргэжлийн аварга” боллоо. Маш их баярласан” хэмээн Чойр өртөөний жижүүр М.Өсөхбаяр өөрөөрөө болон удам судар, гэр бүлээрээ бахархсан юм. Тэрбээр, усан бар жилийн босгон дээр “Замын мэргэжлийн аварга” хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртсэн билээ. М.Өсөхбаяр ажилласан хугацаандаа галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, галт тэрэгний болон сэлгээний ажлыг үр бүтээлтэй, оновчтой, шуурхай зохион байгуулж, гологдол дутагдалгүй, зурмагийн тасалдалгүй ажиллаж байгаа шилдэг тэргүүний жижүүрүүдийн нэг гэдгийг өртөөний удирдлагууд нь онцолсон. Түүнийг “Тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтийг ханган биелүүлж, жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг явуулахад өөрийн мэдлэг оюун, ажлын арга туршлагаа хэрэгжүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж, шинэ залуу ажилчдыг сургаж ажилласан” хэмээн тодорхойлсон байна.
 
 
 
Тодруулбал Г.Өсөхбаяр 2021 онд Тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтийг 101.8-111.2 хувиар биелүүлж, сул зогсолтыг 0.72-5.35 цаг хүртэл бууруулжээ. Мөн 3831 галт тэрэг хүлээн авч, 4078 галт тэрэг явуулснаас, 1672 галт тэргэнд ажиллагаа хийн найруулсны 329 нь хүнд жинтэй галт тэрэг байж. Үүнээс нийт 66 зүтгүүр хэмнэсэн бол 3852 вагон ачиж, 1012 вагон буулгуулан төлөвлөгөөг биелүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг 4117 вагонд хүргэж 398-аар, тээврийн орлогыг 17.6 тэрбум төгрөгт хүргэж 7.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн байна.
 
 
 
Тэрбээр, “Төмөр зам бол миний нутаг. Би төмөр замын хүү” гэх. Учир нь, аав Д.Мянганбаяр, ээж Ц.Нарантуяа нарынхаа долоон хүүхдийн дээрээсээ гурав дахь хүү нь болон 1974 онд Эмээлтэд төрсөн ч хүүхэд нас нь Сэлэнгэ, Дулаан, Улаанбаатар, Сонгино, Сонсголон, Амгалан, Багануур өртөөгөөр өнгөрсөн байна. Хүүхэд байхад нь эдгээр өртөө, зөрлөгт ээж, аав нь ажиллаж байжээ.
 
Энэ талаараа “Аав маань Багануур өртөө 1981 онд ашиглалтад ороход Хөдөлгөөн эрхэлсэн орлогч даргаар томилогдож байсан. Ээж тэгэхэд Гүнгалуутайд жижүүр. Аав, ээжийгээ дагаж ажлаар нь их очдог байлаа. Ээжийг дагаад Гүнгалуутай руу зүтгүүрт сууж явах их сайхан байдаг сан. Би Багануурт сурч байгаад 1990 онд нийслэлийн 56 дугаар дунд сургуульд шилжин ирж төгссөн. Тэгээд цэргийн алба хааж ирснийхээ дараа төмөр замчин болсон доо. Сүүлд аав хөдөлгөөний диспетчер, Тээврийн хяналтын албаны урд хэсэг хариуцсан ахлах байцаагч болсон. Нагац өвөө Цэрэннадмид, эмээ Өөдөс нар маань Сэлэнгэ, Багахангайгаар ажиллаж байсан, бас л төмөр замын ашиглалтын хүмүүс. Миний хувьд төрсөн ах дүүсээсээ ганцаараа төмөр замчин болсон” хэмээн танилцуулав. М.Өсөхбаярыг дунд сургууль төгсдөг жил Ардчилсан хувьсгал ялж, зах зээлийн нийгэмд шилжиж, улс орон даяар дээр дооргүй бужигнаж байсан үе тул сургууль соёлд үргэлжлүүлэн сурч, эсвэл ажилд орж ч чадаагүй байна. Тиймээс бүр сүүлд буюу 1997 онд ажилд орж, 1998 оноос Шивээ-Овоо өртөөний жижүүрээр ажиллаж байгаад 2002 онд Оорцог-Энгэр зөрлөгийг ашиглалтад ороход даргаар нь томилогдож байжээ. Дараа нь, 2004 оноос Чойр өртөөнд пүүлэгч, оператороор, 2006 оноос Айраг өртөөний техникч, 2007 оноос өнөөг хүртэл Чойр өртөөний жижүүрээр ажиллаж байгаа аж. Тэрбээр, жижүүрийн 21 хоногийн курст явснаас өөрөөр төмөр замын мэргэжлийн сургуульд сураагүй, ажлын байрандаа туршлагатай хүмүүсийн удирдлага дор бүхнийг сурсан гэнэ. Анх Шивээ-Овоод пүүлэгч болохдоо З.Саранжаргал пүүлэгчийг, Чойрт жижүүр болохдоо Ш.Өлзийдолгор жижүүрийг дагалдаж сурсан байна. “Намайг жижүүр болгосон багш маань үнэхээр мундаг хүн. Ёстой бурхан жижүүр дээ. Аав, ээж маань ч тодорхой хэмжээнд зааж, зөвлөсөн! Аавыгаа диспетчер байхад нь төмөр замын ажлын ачаалал, онцлогийг их сайн ойлгосон доо. Пүүлэгч байхдаа жижүүрийн ажлыг харж, судалж, суралцаад л явдаг байлаа.
 
Багануур өртөөний дарга, шавь Т.Дашбаярын хамт
 
Тэгээд жижүүр болоход аав “Чи ч нойр ихтэй хүн дээ, сэрэмжтэй байгаарай. Ээлжинд гарахдаа унтаж л болохгүй шүү” гэж их захьсан. Эхний үед үнэхээр нойр хүрнэ. Сүүлдээ ажилдаа дасаж, нойр гэдгийг мартаж ажилладаг болсон. Жижүүр хүний ажлын ачаалал их ч гэсэн өртөөний зам дүүрэн галт тэрэг, ачаа бараатай, тэднийгээ ийш тийш нь тарааж явуулаад, бас хүлээж аваад сууж байх жаргалтай шүү. Өндөр хариуцлагатай ажил. Хором ч анхаарал алдаж, буруу бодож болохгүй. Зарим үед өртөөний жижүүр 200-гаад хүнийг ч удирдаад сууж байдаг. Маш хурдан хугацаанд шийдвэр гаргаж, түүндээ өөрөө эзэн болох ёстой.
 
Ээж маань намайг зөрлөгийн дарга болохыг харчихаад бурхан болсон. Их баярлаж байсан даа. Аав минь ч ээжээс хойш удаагүй дээ, хөөрхий, 2003 онд бурхан болсон. Ямартаа ч би мэргэжлийг нь эзэмшээд амжилттай яваагаа харуулсандаа баярладаг. “Төмөр замчны хүүхэд төмөр замчин болоход илүү амархан сурдаг” гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Шууд тэгж хэлэхэд хэцүү. Төмөр замчны хүүхэд хэр нь сэтгэлгүй, ажил сурахгүй хүмүүс зөндөө л байдаг. Улаан дипломтой төгссөн ч ажил сурахгүй хүн ч бий. Сургуульд юу сурсан, хэний хүүхэд байх нь хамаагүй. Хамгийн гол нь сэтгэлтэй л байх хэрэгтэй. Би залуучууддаа “Сэтгэлтэй бай” гэж үргэлж захидаг. “Сэтгэл, сэтгэл, бас дахин сэтгэл” л гэнэ шүү дээ. Яах вэ, би анх аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж байна шүү гэж бодохоор сайхан, илүү хариуцлагатай байхыг эрмэлзэнэ. Тэр үеийн залуусын сэтгэхүй ч тийм байсан байх. Одоо нийгмээ дагаад залуусын үзэл бодол, сэтгэхгүй өөрчлөгдсөн байна” гэв. Тэднийх дөрвөн хүүхэдтэйн том хүү нь төмөр замчин болсонд сэтгэл нь өндөр явдаг аж. Хүү Ө.Лхамсүрэн нь анх төмөр замын МСҮТ-ийг замчны мэргэжлээр төгсөж, 16 дугаар зөрлөгт замчин болсон байна. Удалгүй ТЗДС-ийн вагоны техникчийн ангид элсэн суралцаж вагон үзэгч болсноор өдгөө арваад жил ажиллаж буй гэнэ. “Хүүхдүүдийн өөрсдийнх нь сонирхол мэдэх биз ээ” гэх хэдий ч ач, зээ нараасаа хойшид төмөр замчин болоосой гэх хүсэл түүнд байгаа л болов уу. Том ач нь арван нас хүрч байгаа гэнэ.
Түүнээс “Та олон шавьтай юу” гэвэл “Олон биш ээ. Гэхдээ байгаа хэд нь тун сайн ажиллаж байна. Тээвэр зохион байгуулалтын албаны Захиран хуваарилах хэлтсийн орлогч дарга Б.Мөнгөнзул, албаны 2021 оны шилдэг ажилтан болсон диспетчер Б.Очирхуяг, Багануур өртөөний дарга Т.Дашбаяр, Бор-Өндөр өртөөний дарга Г.Эрдэнэбаатар, Чойр өртөөний 2021 оны Хөдөлмөрийн аварга Б.Мөнхдолжин болон одоо ажиллаж буй зарим жижүүр бий.
 
 
Би шавь нартаа “Төмөр өмхийрнө шүү” гэж хэлдэг. Дохионы ард тэрэг удаан зогсоовол арын ажлыг шахуу болгодог юм. Тиймээс л “Өмхийрсөн төмрийн үнэр удаан гарна. Цаг хугацаанд нь амжуулж ажлыг хийж бай. Битгий дохионы ард тэрэг удаа” гэж үргэлж захидаг” гэсэн юм.
 
 
 
М.Өсөхбаяр мэргэжлийн аварга болж баярлахтай нь зэрэгцэн таагүй мэдээ сонссон нь биеийн эрүүл мэндийн байдал гэнэ. Тодруулбал, цусны даралт тогтмол ихсээд буурахгүй байгаа шалтгаанаар өнгөрсөн сараас эхлэн жижүүрийнхээ ажлыг хийх боломжгүй болсон нь түүнд эмзэглэл төрүүлж байгаа бололтой. Гэхдээ эмчилгээ хийлгэж, бие нь сайжирвал эмчийн дүгнэлтээр дахин ажилдаа орж болох биз ээ. Тэрбээр, төмөр замд амжилттай ажилласан тул 2007 онд “Хүндэт үнэмлэх”, 2010 онд “Онц хөдөлгөөнчин”, мөн өртөөний “Хөдөлмөрийн аварга”, 2016 онд “Тэргүүний төмөр замчин”, 2021 онд “Төмөр замчны алдар” зэрэг эрхэм хүндтэй шагналуудын эзэн болсон байна. Ийнхүү “Замын мэргэжлийн аварга”, эгэл нэгэн төмөр замчны ажил, амьдрал, үзэл бодлын ертөнцөөр багахан ч атугай аялахад ийм буюу.
 
 
М.Наранболд
Эх сурвалж: "Ган зам" сонин