sonin.mn
Энэ удаа гэр бүлийн орчинд хүүхдэд экологийн боловсрол хүмүүжил төлөвшүүлэхэд эцэг эхийн үүрэг, оролцоо, дэмжлэгийн талаар бичье. Эцэг эхчүүд хүүхдээ байгальд аль болох ойр өсгөх нь тэдний эрүүл мэнд, танин мэдэхүй болон сониуч зан чанарын хөгжилд онцгой ач холбогдолтой. Иймээс эцэг эхчүүд экологийн боловсролтой байж, байгальтай зөв харилцаж, хүүхэддээ үлгэрлэдэг байх нь хүүхдээ бусдыг энэрч хайрладаг, ёс суртахуунтай иргэн болж төлөвшихөд чухал нөлөө үзүүлдэг.
Экологи гэх ойлголт эртний Грекийн “амьдрах, орон, орчин" гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд XVIII зууны 60-аад оноос дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлсэн. 1866онд Э.Геккел, Ч.Дарвин нар хүрээлэн буй орчин, амьд биетүүдийн харилцааны тухай судалгааг томьёолж үндэслэсэн. Ингэснээр ургамал, амьтан, хүн, нийгмийн болон хүрээлэн буй орчны харилцан хамаарлыг судалдаг экологи хэмээх шинжлэх ухаан хөгжиж эхэлсэн. Экологийн боловсрол нь экологийн соёлыг бүтээж төлөвшүүлэх зорилготой бөгөөд экологийн соёл нь хүн амын, байгаль орчны тухай уламжлалт болон шинжлэх ухаанч мэдлэг, ёс суртахууны үнэлэмж, гоо сайхны таашаал, мэдрэмж, эрх зүйн боловсрол, шашны үзэл, итгэл үнэмшил зэрэг өргөн хүрээний асуудлыг судалдаг.
 
 
 
Бага насны хүүхдийн экологийн боловсрол нь нийгмийн захиалгаар гарч ирсэн амин чухал асуудал бөгөөд тэдний сэрж мэдрэхэд хүрээлэн буй байгаль орчин, нийгмийн амьдрал чухал нөлөөтэй.
 
 
 
НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцид манай улс 1990 онд нэгдсэн. СӨБ-ын тухай хуульд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, тэдний эрүүл мэнд, сэтгэц, оюун санаанд эрсдэлгүй таатай орчин бүрдүүлэх нь эцэг эхийн үүрэг болохыг 2008 онд хуульчилсан. Уг хуулийг батлахаас өмнөх хэлэлцүүлэгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөлөл оролцсон. Тэдний саналд гэр бүлийн орчинд хүүхдийг үлгэрлэн хүмүүжүүлэхэд анхаарч, байгальтай зөв харилцах, хүнлэг энэрэнгүй ёс суртахуунтай, түүх соёлоо мэдцэг иргэнийг төлөвшүүлэх асуудлыг тусгах, тухай санал зонхилж байв. Мөн боловсролын тухай хуульд иргэний экологийн боловсрол, насан туршийн тасралтгүй үйл явц болохыг тодорхойлсон.
Гэр бүл бол хүүхдийн өсөж бойжин, хөгжиж төлөвших анхдагч орчин юм. Монголчууд эртнээс нааш хүүхдээ халуун хайр, энхрийлэл, зөөлөн аядуу асаргаа, аюулгүй байдлыг эрхэмлэн, эерэг хандлагатай, ёс суртахуунтай иргэн болгон хүмүүжүүлсээр ирсэн. Гэр бүлийн үнэт зүйлсийн нэг нь шинэ төрсөн хүүхэд, түүний эрүүл мэнд, хөгжил төлөвшлийн асуудал байдаг. Хүүхдээ зөв хүмүүжүүлэх эхлэл нь эхнэр нөхрийн биесээ хайрлан хүндэтгэж буй байдал, аливаад эерэг хандах, харилцааны үлгэрлэл юм. Ээж нь аавыг нь хүндэтгэж, аав нь ээжийг нь хайрлан энхрийлж байгааг хүүхэд харж мэдэрснээр аав ээжээ хайрлаж, хүндэтгэх ухаанд суралцдаг. Гэр бүлийн болон хүрээлэн буй орчин хүүхдийн хөгжил төлөвшилд олон талын нөлөөтэй. Монголчууд хүрээлэн буй байгаль нутаг усаа эрхэмлэн дээдэлж, зөв харьцаж ирсэн сайхан уламжлалтай. Эцэг эхийнхээ нутаг ус, агаар, газар шороо, өвс ургамал, мал амьтдыг хайрлан хамгаалж байгааг хүүхэд харж түүнийг нь өвлөн эзэмшдэг.
Хүүхдэд экологийн боловсрол дараах үе шатыг дамжин төлөвшдөг ажээ.
 
•Хүрээлэн буй орчноос хэсэгчилсэн мэдээллийг хүлээж авах
•Хэсэгчилсэн мэдээллүүдээ системчилж, мэдлэг эзэмших
•Эзэмшсэн мэдлэгийнхээ үндсэнд өөрийн үнэлэмжтэй болох
•Үнэлэмж, хандлагатай болж байгалиа хамгаалах үйл ажиллагаанд оролцох
•Үйл ажиллагаа нь олон дахин давтагдсаны эцэст дадал болох
Ингэснээр экологийн боловсрол эцэстээ амьдрах арга болж өөриймшдөг Хүүхдийн 0-6 нас бол орчиноосоо ямар ч хүч чармайлтгүйгээр мэдлэгийг аяндаа шингээж авдаг, хурц мэдрэмтгий үе юм. Энэ үендээ тодорхой зүйлийг хурдан сурдаг зэрэг хүүхдийн төрөлхийн чадваруудыг хөгжүүлхэд болон экологийн боловсрол хүмүүжилд нь эцэг эхчүүд онцгой анхаарч ажиллах нь насан туршдаа байгальтай зөв зохицон амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
Бага насны хүүхдийн экологийн боловсролд тусгайлан бэлдсэн материаллаг орчин чухал нөлөөтэй учир гэр бүл бүхэн хүүхдэд зориулсан бичил ногоон орчин бүрдүүлэх хэрэгтэй. Гэр бүлийн бичип ногоон орчин гэж хөрс ургамал, ус агаар, амьтны төлөөлөлтэй, тэдгээрийг арчлан тордож амьдруулж буй хүний үйл ажиллагаа бүхий байгалийн бичил хэсгийг хэлнэ. Энэ нь аж ахуйн зориулалтгүй, аюулгүй байдлыг хангасан, ургамал болон амьтад нь хүүхдэд сөрөг нөлөөгүй байна. Эцэг эхчүүд өөрсдийн бүтээсэн орчныхоо ургамал, амьтдыг арчлан хамгаалж, амьд сэргэг байлгах хэрэгтэй. Хүүхэд энэхүү бичил орчиндоо ээж аавтайгаа тоглож, ажиглалт болон энгийн туршилт хийхэд оролцоно. Ингэснээр шинэ содон өөрчлөлт хувирлыг анхаарч сонирхохын зэрэгцээ өөрсдийн усалсан зүлэг, цэцэг өнгөтэй сайхан байгааг харж баясдаг. Мөн өнгө муутай, хорчийж хатсан услах болсон ургамлыг илрүүлж услах хэрэгтэйг мэдэрнэ. Хаягдлыг авч хогийн саванд хийх, шувуунд тэжээл тавих зэрэг насанд нь тохирсон хөдөлмөр хийлгэнэ. Энэ нь ажил хийх гэсэн сонирхлыг өдөөж, хөрс, ургамал, амьтныг ойроос харж мэдрэх, тэдэнд туслах зөв хандлагатай болгох арга юм. Хүүхдээ ажилд оролцох, зугаалах үед нь биед нь тохирсон гутал, хувцас, малгай, бээлий, амны хаалт хэрэглэж хэвшүүлэх нь чухал. Ялангуяа ургамал тарьж арчлахад оролцоход нь хүүхдийн зориулалттай гар маажуур, утгуур, шүршүүр зэргийг бэлтгэж, тэдгээрийг зөв хэрэглэх, хэрэглэсний дараа буцаан байранд нь тавьж хэвшүүлээрэй. Бичил орчин нь гэрийн дотор ч, гадаа ч байж болно.
 
Гэр доторхи бичил орчин нь тод өнгийн навч, цэцэгтэй 1-2 тасалгааны ургамал, загас, тортой шувуу, гэрийн нөхцөлд ургамал тарих зориулалтай модон тэвштэй хөрсөнд сонгино зэрэг хүнсний ногоог үрээр тарьж болно. Гэрийн гадаах бичил орчинд зүлэг, цэцэг цөөн тооны мод, бут гэх мэт ургамал, мал, тэжээвэр амьтдын төлөөлөл байна. Цэцэрлэгжүүлсэн орчин, гудамж талбайн ургамалтай хэсгийг ч төлөөлүүлж болно. Мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг гэр бүл бол гэртээ ойрхон хэсэг газрыг сонгож, хүн малын хөлөөс хамгаалах хашлага, хайс хийж өвс ургамлыг нь сэргээн ургуулж, бичил ногоон орчин бүрдүүлж болно. Энэ орчиндоо хүүхдийн сонирхол татах ургамал, цөөн тооны хүнсний ногоо, цэцэг, жимс, мод бутыг нэмж тарина.
 
 
Хамгийн гол нь ургамал тарих, ургалтыг ажиглах, арчлан тордох ажилд хүүхдээ оролцуулах нь тэдний сониуч чанарын хөгжилд нэн тустай. Хүүхдээ бичил орчинд ажиллах үед аюулгүй байдлыг эрхэмлэх хэрэгтэй.
 
 
 
Хот суурин газар амьдардаг гэр бүл бичил ногоон орчин бүрдүүлж ажиллах шаардлагатай. Эцэг эх санаачлан гадна талын орчноо шинээр хийж болох ба гадна орчныхоо ургалт муутай зүлэг модыг, услаж сэргээх, арчилан тордож ажилахдаа хүүхэдтэйгээ хамт байж тэднийг оролцуулж байвал их сайн.
 
Хүүхэд гэрийнхээ бичил орчинд юу хийх вэ?
 
•2 наснаас эхлэн тоглоомын хуванцар саваар ус зөөнө, Усыг нэг савнаас нөгөө саванд юүлэхдээ асгахгүй, цэвэр нямбай ажиллахад суралцана.
•3 наснаасаа ээжийн хийж буй ажилд оролцох эрмэлзлэлтэй болдог. Энэ үеэс цэцгийн услуурыг зөв бариулж, цэцэг, зүлэг услахыг нь дэмжинэ.
•4-5 насныхан модон тэвштэй шороонд бөөрөнхий сонгино, сармисны хумс, цэцгийн үр суулгаж, ногоон соёо цухуйж ургахыг харж баярлана.
• 5 насныхан гадаа талбайд улаан лууван, вандуй, зэрэг том үр тарихад оролцоно. Намар улаан лууван, вандуй, сонгиноо хураан, угааж цэвэрлэхэд оролцоно.
•Намар цэцгийн үр түүж, шар, улаан, ногоон өнгийн навч цуглуулна.
•5 насныхан савтай цэцэг, гадаа тарьсан хүнсний ногоо цэцэг, зүлэг услахад оролцоно.
•4-5 насныхан гэртээ байгаа чийгтэй, нойтон элс хэвлэж, мөр зураас гаргаж зугаацна.
•3-5 насныхан гадна орчиндоо улирлын байдалд тохируулан ус, цас, мөсөөр тоглоно.
•4-5 насныхан загас, шувуу, мал амьтанд тэжээл тавьж өгөх, орчныг нь цэвэрлэхэд оролцоно.
Гэрийн гадна орчинд ургамал дутмаг бол ойр байгаа зүлэг модыг сэргээн тордож ургуулах, хүүхдийн сонирхсон ургамлыг нэмж тарьж өргөжүүлнэ. Мөн гэрт нь ойр цэцэрлэгжүүлэх ажил хийж буй хүмүүсийн хөдөлмөрийг ажиглуулах, эцэг эх нь санаачлан тэдний ажилд тусалж, ургамал услах зэрэг хөнгөн ажилд сонирхлынх нь дагуу оролцуулах, бусдын хөдөлмөрийг хүндэтгэн, ажилд нь саад болохгүй, ургамлыг гишгэхгүй байхыг зөвлөнө.
 
 
Гэр бүлийн бичил ногоон орчноор дамжуулан экологийн боловсрол хүмүүжил төлөвшүүлэх ажлыг жилийн дөрвөн улирлын туршид тасралтгүй хийх хэрэгтэй.
 
 
 
Үүнд: Хавар орж байгаа хаврын зөөлөн цасан ширхэгийг гар дээрээ тосох, газарт бөөрөнхийлж янз бүрийн дүрс бүтээж наадах. Ургаж байгаа ногоон навч, багваахай цэцгийг олж харах, өнгө үнэрийг мэдэр ч баярлах, шар багваахай цэцэг гэж нэрлэх зурах. Шинээр гар ч ирсэн шоргоолж шавьж хорхой, эрвээхэйн нисэж буух хөдөлгөөн, шувуу, эх төл малын дуу хөдөлгөөнийг харах, сонсох дуурайж хийх.
Зуны нар бороо, өнгө өнгийн солонго алаг цэцэгс, эрвээхэй зэрэг нь хүүхдийг баярлуулдаг ялангуяа ус бол хүүхдийн сониу ч зан чанарыг их өдөөдөг. Ус усны орчин бүрдүүлж усаар шүршилцэх, солонгон дөлгөөн үүсгэх цаасаар усан завь хийж зугаацах шүлэг дуу, оньсого сурч мэдэн хөгжих.
Намар өөрсдийн тарьж ургуулсан улаан лууван, сонгино ургаж том болж байгааг харж баясах. Ургац хураах, угааж цэвэрлэхэд ороллцоно. Цэцгийн үр түүж, өнийн навчис цуглуулан тоолох наамал хийж намарын тухай оньсого, шүлэг дуу сур ч мэдэх.
Өвлийн цас, мөс, цан, хяруу, чарга зэрэг нь хүүхдийг баярлуулдаг. Цасан дээр мөр гаргаж дүрс бүтээн явах нь хөгжилтэй сайхан. Цасаар наадаж цасан хүн бүтээх, цасан бөмбөг хийх нь хүүхдэд сайхан дурсамж үлдээдэг. Шинэ жилийн баярыг угтан гэр бүлээрэй гацуур модоо чимэж, хөгжилтэй тоглоом тоглох өвлийн тухай шүлэг, дуу суран дуулан бүжиглээрэй.
Улирал бүрийн өвөрмөц онцпог, цаг уурын байдалд хүн ажил үйлээ хэрхэн зохицуулж байгааг хүүхэд гэрийнхээ бичил орчноос харж мэдэрснээр юмс үзэгдлийн уялдаа холбоо, учир шалтгааныг ухаарч ойлгодог. Гэр бүлийн бичил орчинд хийх өдөр бүрийн зугаалгын явцад улирлын онцлог өөрчлөлтүүдтэй танилцаж, юмс үзэгдлийг ажиглах боломжтой.
Ажиглалт бол танин мэдэхүйн чухал хэрэглүүр бөгөөд хүүхдэд байгаль экологийн боловсрол төлөвшүүлэх үндсэн арга юм. Тодорхой зүйлийг анзаарч ажиглах нь тухайн зүйлийн талаар үнэн зөв ойлголттой болохын үндэс юм. Ажиглалт нь сайн боловсруулсан асуултын тусламжаар үр дүнд хүрдэг. Ийм учраас байгалийг ажиглахад эцэг эх нь асуулт тавьж, харилцан ярилцах шаардлагатай.
 
Зугаалгын явцад юу ажиглуулж болох вэ?
 
Байгалийн содон өнгө, цаг уурын үзэгдэл, цас бороо, солонго, цас мөсөнд болон ургамлын навчинд гарч буй өөрчлөлт, цэцэг, жимсний өнгө, үнэр, амт, салхи, тэнгэрийн өнгө, үүл, манан, цан хяруу, амьтдын дуу хөдөлгөөн зэрэг нь хүүхдийн сониуч зан чанарыг өдөөдөг. Иймээс тэд насанд хүрэгчдэд: Энэ юу вэ? Тэр юу вэ? Яагаад? зэрэг олон асуултыг байнга тавьдаг. Хүүхдийн эдгээр асуултад үнэн зөв хариулт өгч байх нь танин мэдэхүйн хөгжлийг дэмждэг. Асуултад шууд хариулах боломжгүй бол учрыг олж мэдэх багахан эрэл хайлтыг хүүхэдтэйгээ хамтран хийж байгаарай
Бичил орчны болон ойрын аялал, зугаалгын явцад хүүхэд байгаль, нийгмийн амьдрал, өөрсдийн хийж бүтээж байгааг үзэж харснаар аливаад хүндэтгэлтэй хандаж, нэмэр болох гэсэн зөв хандлага төлөвшдөг. Аав ээжтэйгээ хамт тарьсан ургамал, ажигласан мал амьтан, ижил дасал болсон орчин нь хуүхдэд хамгийн үнэтэй байдаг. Энэ бүхнээ хайрлан хамгаалж, туслах гэсэн хандлага, оролцооноос миний аав ээж, миний гэр, миний нутаг гэсэн сэтгэл төлөвшинө.
 
Хүүхэд гэр бүлийн бичил орчинд ажилласнаар сургуульд элсэхдээ ямар ойлголт төсөөлөлтэй болох вэ?
 
-Аав, ээж, гэрийнхнээ хайрлан хүндэтгэж тусалдаг.
-Хүрээлэн байгаа орчныхоо ургамал амьтантай зөв харьцаж, тэдэнд туслах хэрэгтэйг мэдэж, чадлынхаа хэрээр тусладаг болсон.
-Хүрээлэн байгаа орчныхоо ургамлыг гадаад байдлаар нь өвс, цэцэг, мод, хүнсний ногоо, жимс гэж ялгаж таньж нэрлэж, хэрэглээний талаар төсөөлөлтэй.
-Орчныхоо амьтдыг мал, тэжээвэр, зэрлэг амьтан, шувуу, загас, шавьж хорхой гэж ялган нэрлэдэг, тэдэнд хүний тус хэрэгтэйг мэддэг.
-Байгальд ус, агаар, хөрс шороо, ургамал, амьтан, хүн цөм хэрэгтэйг мэддэг.
-Байгаль дэлхий дээр ус, агаар, хөрс шороо, ургамал, амьтад, хүн амьдардаг. Энэ бүгдэд хүний тус нэмэр хэрэгтэй байдаг.
Эцэг эхчүүд хүүхдээ экологийн боловсрол хүмүүжилтэй болгох ажлыг тэдний нас хөгжлийн онцлогт тохируулан амьтан тэжээх, ургамал тарьж ургуулах бичил орчин бүрдүүлэх, эсвэл мал маллаж, амьтан тэжээж байгаа хүний ажил үйлийг харуулж, өөрсдийг нь оролцуулах замаар алгуур аажмаар хийж, тогтвортой хөгжлийн боловсролын үндэс суурийг бат тавьж, нийгмийн хариуцлагаа биелүүлнэ.
 
 
П.Дулмаа
(Монгол Улсын гавьяат багш)