sonin.mn
Манай улсын нийслэлд автомашины 13 мянган том, бага хэмжээний зогсоол байдаг гэх тоог Авто тээврийн хөгжлийн газраас гаргасан байдаг. Тэдгээрийн төлбөрийг зах зээлийн үнэ ханштай харьцуулахад боломжийн гэж үздэг учраас автомашин хөлөглөгчид төдий л тоож гоншигнодоггүй бололтой юм. Мэргэжлийн байгууллагын баримжаалж бүртгэснээр дээрх нийт зогсоолын 3000 гаруй нь Бага тойрууд буюу төр, төрийн бус байгууллага, дээд, дунд боловсролын сургуулийн харьяалалтай байна. Энд жинхэнэ утгаараа, амьдрал буцлах биш тогоо саваа хальж дэвэрч байдгийг бид дэндүү сайн мэдэх билээ. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 30 дугаар тоггоолын хоёрдугаар хавсралтад Авто зогсоолын тухай хуулийн төсөл боловсруулж батлуулах талаар зааж, энэ нь хотын төвийн тээврийн хөдөлгөөний ачааллыг багасгана гэж мөрөөдөж байснаас харахад уг асуудалд бүх шатандаа анхаарч байжээ гэж бодмоор. Дээрх анхаарал халамжийн үр дүнд УИХ-ын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-ын тодорхой заалтыг үндэслэл болгож, Авто зогсоолын тухай хуулийн төслийг боловсруулсан байдаг. Тус хуулийн төсөл нь 11 бүлэг, 45 зүйлтэй бас ч хууль шиг хууль байхаар боловсруулжээ. Харамсалтай нь, энэ хуулийн төсөл өнөөг хүртэл хэлэлцэгдэж батлагдаагүй байна. Учир нь, энэ нь Улаанбаатар хотын авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, автомашины зөв хэрэглээг бий болгох зорилгоор нэг стандартыг нэвтрүүлэх, авто зогсоолын нэгдсэн системд шилжүүлэх ажлыг зохион байгуулах зорилтыг хангаж чадахгүй байгаа юм. Өнгөрсөн сарын дундуур нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар яг энэ зорилгын төлөө байгуулсан ажлын хэсгийн тайланг сонссон байдаг.
 
 
Тэдний мэдээлснээр нийслэлд нийт 216.9 га талбайд 72 мянга гаруй автомашины зогсоол байдаг бөгөөд түүний 37 мянга орчим нь олон нийтийн зориулалттай, 22.5 мянга нь орон сууцны гаднах, 11.3 мянга гаруй нь албан байгууллагын, мөн 1600 шахам нь олон давхар зогсоолд хамааралтай байдаг аж. Үүний дотор Бага тойруу орчимд 180 гаруй байршилд 5000 орчим машины зогсоол байгааг тоолж тогтоожээ.
 
 
 
Энэ удаа яагаад Бага тойрууг онцлоод байна вэ гэвэл Соёлын төв өргөө, “Эдмон" хэвлэлийн компани, “Монголын үнэн” сонины газар зэрэг байгууллагын ойролцоох өөрийн ажиллагсдадаа зориулсан 3-5 машины зогсоолын хаалтыг татан буулгаж, олон нийтэд нээлттэй болгосон атлаа нэг барилгын цаана байрлах “Петровис” компани, ШУТИС зэрэг байгууллагын эрээн модон хаалттай 10-15 машины зогсоолыг яагаад нээлттэй болгохгүй байгааг л гайхаад байна л даа.
Өнөөдөр хотын доторх болон төвлөрсөн зах, худалдааны байгууллагын автомашины зогсоол зохион байгуулалтгүй явж ирсэн нь хөдөлгөөнд түгжрэл үүсэх нэг шалтгаан болж байгааг хэн бүхэн мэднэ. Одоогоор зогсоолын нэг цагийн төлбөр 1000 төгрөг байгаа нь харьцангуй хямд гэж ойлгож болно. Тийм ч учраас хаалт хашлага, харуул хамгаалалт дор найдвартай газарт найман цаг машинаа орхиод сэтгэл амар ажлаа хийхээр тэмүүлж буй санхүүгийн боломжтой хүмүүсийг буруутгах аргагүй. Гэвч тухайн байгууллага, зах, олон нийтийн газраар үйлчлүүлэх гэсэн иргэний авто машинд зогсох газар олдохгүй, шилжилт хөдөлгөөнгүйн улмаас аль тааралдсан газраа унаа тэргээ байршуулж, үүнээс үүдэн ачилтын үйлчилгээнд “хүчээр” болон “сайн дураараа” хамрагдан жолооч нар хохирч байгааг яалтай. Замын хөдөлгөөний төлөвлөлт, инженерчлэлийн газраас Төв шуудангийн ард байрлах Голомт банкны орчим дахь авто машины зогсоолын ашиглалтын талаар нэг өдрийн турш судалгаа явуулж, камераар хяналт хийсэн байна. Тухайн талбайд 100 гаруй автомашин зогсох боломжтой ч тухайн өдөр ердөө арваад машин л зогсоолоо сэлгэсэн байх юм. Үүний улмаас зогсоол хайсан жолооч нар Бага тойруу төдийгүй үйлчилгээний “Шөнийн зах”, “Нарантуул”, “Хархорин” зэрэг олон нийтийн газрын орчим дахь замын хөдөлгөөний ачааллыг улам нэмэгдүүлж байгааг хэлэх ёстой. Бага болон Их тойруу дотор түгжрэлд орсон автомашины жолооч нарын 25-30 хувь нь зогсоол хайж “тэнэсэн”-ээс болдог гэх судалгаа байдаг аж. Энэ байдал нийслэлийн аль ч дүүрэгт түгээмэл ажиглагдаж харагддагийн бодит жишээ нь 3, 4 дүгээр хороолол юм. Тэндхийн томоохон худалдааны төвүүдийн лангуу түрээслэгчид нь тухайн газрынхаа ойр орчмын зогсоолын эзэн мэт загнаж, өдөржин машинаа байрлуулснаар худалдан авагчдын тоо эрс цөөрч, тэдний бараа бүтээгдэхүүний борлуулалтад ч нөлөөлж байгааг ойлгодоггүй нь гайхалтай.
 
 
Тэгэхээр “хуулбарлах” дуртай бусад орны жишгээр тухайн зогсоолд хэдэн цаг машинаа үнэ төлбөргүй байрлуулж болох, түүнээс цааш нэмэлт төлбөр төлдөг болгох зэрэг эдийн засгийн хөшүүргийг ашиглах шаардлагатай болжээ.
 
 
Энэ байдлыг бүх газарт эхнээс нь хэрэглэж хэвшүүлмээр байна. Ингэж хэлэхийн учир нь, дээр дурдсан нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс байгуулсан ажлын хэсгийнхэн цаашид авто зогсоолыг газар доорх, ил болон давхар гэж гурван хэлбэрээр хөгжүүлж, шинэчлэн зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн юм билээ. Энэ дагуу 2026 он хүртэл 13 мянга гаруй автомашины зогсоолыг шинээр байгуулах буюу дахин төлөвлөхөөр тооцсоны 4700 нь ил, 4620 нь давхар, 3800 орчим нь газар доорх зогсоол байхаар тооцсон байдаг. Мөн нийтийн тээврийн шинэ төрлийг хөгжүүлэхтэй холбогдуулан дамжин суух зангилаа цэгийн орчимд 700- 800 автомашины зогсоол барьж байгуулахаар төлөвлөөд байгаа юм, Гэвч энэ бүхнийг зохицуулах найман журам, гурван ч норм дүрэм болон 3-4 стандарт байдаг нь авто зогсоолын харилцааг бүрэн дүүрэн шийдэж чадахгүй байгааг анхаарч, хууль эрх зүйн хүрээнд өөрчлөлт шинэчлэлт зайлшгүй шаардлагатай байна. Түүний дотор мөнгө, эдийн засгийн хөшүүрэг л гол хөдөлгөгч хүч болох байх.
 
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин