sonin.mn
Тэрбум мод. Энэ бодлого сайхан үйлс, Эх орондоо, элгэн Монголдоо хайртай, үр сад хойч үеэ боддог хүн талархан хүлээн авч, энэ сайн үйлсэд бие, сэтгэлээ бүрэн зориулах ариун бөгөөд ирээдүйтэй үйлс гэж бодож, улсын Төрийн тэргүүн дэлхийн индрээс энэхүү сайн үйлсийн аяны шийдвэрээ мэдэгдэж, зарласан бөмбөрцгийн анхны улс, тэр тусмаа улс эх орноо ойжуулах бодлогыг дэлхий нийтийн шинжтэй болгосон нь сайхан хэрэг гэж, иргэн хүний хувьд талархан, үйл хэргээр дэмжих нь зүйтэй гэж урамшив. Энэ бодлоо мэдээж алсын хараа, судалгаа тооцоотой зайлшгүй бүтээх, бүтэх төрийн бодлогын нэг хэсэг гэж бодож байна. Аль ч улсын Төрийн тэргүүн НҮБ-ын индэрт хэлсэн үг нь тухайн улсын төр, засгийн нэгдмэл бодлогын алсын хараа, бүтэж биелэх үндэслэлтэйд итгэх учиртай.
 
 
 
Энэхүү тэрбум мод тарих уриалгыг нийгэм даяарын талцлын хэлбэрээр хүлээн авсан зарим хэсэгт харамсавч, энэ үйлс зайлшгүй монгол хүний нийтлэг эрх ашигт нийцнэ гэж үзэж дэмжигчдийн хүрээ тэлж, олон газраас уриалга шийдвэр гаргаж байгаад талархах сэтгэл төрж байна.
 
 
 
Аанай л зарим нь манайд тэрбум мод тарих нөхцөл, санхүү, хүн хүч технологийн боломж байхгүй мэт авирлаж байгааг харж байна. Гэвч олны олон таван цэн гэгчээр зарим нь Ерөнхийлөгчийн энэ санал, уриалга, шийдлийг дэмжиж, нэгэнт биелүүлэх арга замыг эрэлхийлж урт хугацааны хөтөлбөр болгон хэрэгжүүлэх үйлсийн эрэлд мордож эхэлж байгаа нь цаашид энэ сайн үйлс олны дэмжлэгт биеллээ олох эхлэл гэж харж байна.
Ямартай ч бидэнд тэрбум мод тарьж ургуулан, эх орноо цөлжилт, бэлчээрийн доройтлыг багасгаж, байгалийн хүчилтөрөгч үйлдвэрлэх сайн үйлсэд ханцуй шамлан орох таатай нөхцөл байгааг ч харуулж байна. Энэ үйлсийг дэмжиж хүн бүр зүтгэвэл эх оронд олон зүйлийн сайн сайхны уялдаа бүрдэнэ гэж бодогдоно.
 
Юуны урьд мод тарих ажилд ажилгүй иргэдээ оролцуулах, эцэстээ хийсэн бүтээсэн сайн үйлсээрээ бахархах үйлсийн эхлэл гэж бид харах учиртай. Аймаг, сум, дүүрэг, хороо бүрд эх орноо ногоон төгөл болгох ажлын шинэ байрны нүсэр их ажлын гараа, бариа бэлэн болж байна. Монгол хүмүүс хувхайрч хоцорсон Тужийн нарсаа хэдхэн жилийн дотор битүү ногоон ой болгож чадсан бэлэн туршлага үүнийг лав нотолно. Хот хөдөөгүй бид зөв төлөвлөлт, байгаа боломж, мэргэжилтэн нөхдийн удирдамж чиглэл, сайн боловсруулсан хөтөлбөр, төсөл, олон улсын байгууллага, хувь хүн, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хоршоо, компаниудын хүчинд түшиглэн аймаг, хот, дүүрэг бүхэн жил жилийн төсөл төлөвлөгөөтэй хүн хүч, орчин цагийн техник технологид түшиглэн энэ сайн үйлс бүтэх, бүтээх тулгуур хөдөлгүүрийн хүч болно гэж итгэж байна. Мод тарих аянд бид, өнгөрсөн жилүүдэд заримдаа хэлбэр төдий хандаж ирсэн, тарьдаг ч, тарьснаа тордож арчилдаггүй, хараанаасаа холдуулдаг энэ байдал ч арилж мод тарих үйлс жинхэнэ монгол хүний ажлын байр, амьдрах хэрэгцээ гэдэг зарчимд шилжих нь ээ гэж омойтон баясаж байна.
 
 
 
Бид дэлхийгээс, айл зэргэлдээ улс гүрнийхээ сонгомол сайн туршлагаас суралцаж, улсын Төрийн тэргүүний бодлого шийдвэрийг дэмжиж эх орноо ногоон тал, ногоон хот, тосгон болгох ариун үйлсийн төлөө зүтгэл бүтээл, идэвх санаачилгаа өрнүүлэх энэ ажилд монголчууд нэгдэж ажиллах нь зөв гэж ахмад үе уриалах байна.
 
 
 
Энэ ариун үйлсэд монгол хүн бүр, залуу үеийнхэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрдэмтэн мэргэд нэг зүг рүү харж ажиллах хэрэгтэйг ч энд тэмдэглэн хэлье.
Мод тарих, ойжуулах асуудал бол зөвхөн хэдэн мод тарихын нэр биш, эх орны дундарч дуусашгүй их баялаг ойн эмийн ургамал, жимс жимсгэнэ, цайны ургамал зэрэг бүтээгдэхүүнийг хаанаас ч авч хэрэглэж болох, ойн бүтээгдэхүүний бүхэл бүтэн ургамлын баялгийн үйлдвэр, хүчилтөрөгчийн уурхай ч нээж болох асар өргөн бодлого оршиж байгааг бид мэдэрч, энэ эх оронч бүтээлч санаачилгыг тууштай дэмжих нь зүйтэй. Түүнчлэн цэрэг арми, ажилчин, малчин ажлын байрны хомсдолд орсон хүмүүст хамгийн өргөн таатай боломж нээгдэж байгааг ч бид дэмжих, улмаар энэ ажлыг төрийн бодлогын хэмжээний том аян болгож хэрэгжүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл чухлыг ч энд тэмдэглэх ёстой. Бас эцэг өвгөдийн маань хойчдоо үлдээсэн ариун гэрээслэл захиас, өв сургаалд заасанчлан энэ ертөнц дээр гурван том буян бий. Түүний нэг нь мод тарихын буян гэх сургаалтай энэ асуудлаа сайтар холбон уялдуулж хэрэгжүүлэх нь зүйтэй. Бидний хэсэг нөхөд Ерөнхийлөгчийн энэ санал уриалгыг мэдээж талархаж хүлээж авсан. Иймд ахмад үеийнхэн бид бие даасан уриалга гаргаж, энэ ажилд чадахын хирээр тусалж, чадлын хэмээр оролцох бодолтой байгаагаа мэдэгдэж байна. Ингэж хэлж бичих өөр ч хийж бүтээх, оролцох бас өөр.
 
 
Энэ ажилд тууштай нэгдэцгээх, тэр бүү хэл улсын нийслэлээс зориудын бодлого явуулж аймаг, сум, төрсөн нутгаа ойжуулах хөдөлгөөн өрнүүлж, шеф холбоо байгуулж хамтран ажиллах үйл ажиллагаа хөдөлгөөн өрнүүлж энэ ажлын эхлэлд өндөр ач холбогдол өгөх хэрэгтэй Ялангуяа манай залуу үе, оюутан сурагчид, боловсрол соёл шинжлэх ухааны байгууллага, манлайлал үзүүлэх нь чухал юм.
 
 
 
Мод тарих нэгэн буян
Ном бичих хоёр дахь буян
Үр хүүхэд төрүүлж өсгөх гурван буяныг төр улсын бодлоготой уялдуулж, энэхүү үйлсэд манлайлсан, бүтээлч хандсан хэнд ч төр хайр хишгээ харамгүй өгдөг нийтлэг сайхан журам, жудаг тогтоож, хойч үедээ үлдээмж болгох нь зүйтэй гэж хэлье.
Бид нэгдэж чадваас юуг ч бүтээнэ. Чаддаг ард түмэн. Өнөөдөр жирэмсэн ээж өөрийн хэвлийд байгаа үрдээ зориулж тарьсан модоо, ухаан орж, хэл, хөлд ороход нь ургасан модыг нь хүлээлгээд өгдөг, хожим эцэг эх, ах дүүс тэр хүн “Миний ээж аавын тарьсан мод” гэж бахархаж явах, уг мод миний юм гэж эзэмших эзэнтэй байх үзлээр хүн бүр залуу үедээ нөлөөлж модоо тарьцгаая ургуулъя. Ургаж цэцэглэхийг нь харах бахархлыг төрүүлж ажиллацгаая. Эх орноо ойжуулан, ногоон аймаг, дүүрэг хот, тосгон уул талтай болох агуу үйлсийг дэмжихийг уриалж хойчийн буянд шамдацгаая.
 
 
 
Дэлхийн индэр дээрээс Төрийн тэргүүний зоригтой хэлсэн энэ сайн үйлсийг монгол хүн хэрэгжүүлж чадахгүй бол алаг хорвоод бид гологдох учрыг ч бас бодох учиртайг сануулан, ногоон Монгол, цөлжилтгүй Монгол, байгалийн хүчин зүйлийн цэвэр агаартай шинэхэн ойтой Монголын төлөө зүтгэе, нэгдэцгээе.
 
 
 
Уриалга
 
Монголын ахмадууд бид эх орноо батлан хамгаалах, хил хязгаараа манах, атар газар эзэмших, хоршооллын хөдөлгөөнийг өрнүүлэх, боловсрол, эрүүл мэнд, соёл шинжлэх ухааны хөгжилд их хувь нэмрээ өгч улмаар үйлдвэр ХАА-н салбарын бүхий л салбарт өөрсдийн бүтээлч үйлсээ зориулж ирсэн түүхэн уламжлалтай билээ. Ийнхүү Монгол Улсынхаа хөгжилд үнэт хувь нэмрээ оруулж байсан уламжлалаараа бахархаж, Ерөнхийлөгчийн “Нэг тэрбум мод тарих” эх оронч, бүтээлч санаачилгыг бүх нийтээрээ дэмжиж, оролцож ажиллахаа илэрхийлж Монголын бүх ахмад, залуу үедээ энэ хөдөлгөөнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
 
Сонгинохайрхан дүүргийн ахмадын хороо
 
 
Ц.ЯДАМСҮРЭН /Ахмад сэтгүүлч/
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин