sonin.mn
Жо Байден Европын хүсч байсан Ерөнхийлөгч биш бололтой. Дональд Трампыг ялсны дараа европчууд Байденыг байлдан дагуулагч баатар хэмээн магтдаг байв. Европын холбооны удирдагчдын хүлээж байсанчлан Байден хилийн чанадад хийсэн олон айлчлалаараа зургаа татуулж, жил бүр зохион байгуулдаг Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцсон. Гэтэл НҮБ-ын дээд хэмжээний долоо хоног Трампын дараах өрнөдийн эвсэл шинэчлэгдэх тухай Европын итгэл найдвар биелэх боломжгүйг харууллаа. Одоо Цагаан ордны тэргүүнийг "Атлантын эсэргүүцэгч", "Олон үзэлтэн" зэргээр Европын хэвлэлүүд нэрлэж байна. Байден "Америк буцаж ирлээ" гэж зарлахад Европын удирдагчид түүнийг Вашингтоны Брюссельтэй харьцах хандлагыг тодорхойлсон ихэмсэг өвөрмөц байдлаасаа буцсан гэж бодоогүй юм. Харин НҮБ-ын Ерөнхий ассамблейн үеэр "Номхон далайн дөрвөл" болох Австрали, Энэтхэг, Японы хамтрагчдаа Цагаан ордонд урихад тэд мэл гайхсан. Берлин, Парис, Брюссель зэрэг томоохон түншүүдээ удирдан чиглүүлэхийн оронд Азид анхаарлаа төвлөрүүлж, АНУ-ын ашиг сонирхлыг жижиг бүс нутгийн холбоодод хандууллаа хэмээн түүнийг шүүмжилсэн. Тэр ч байтугай Жо Байден "Дөрвөлийн дээд хэмжээний уулзалт бол Энэтхэг, Номхон далайн бүсэд тэргүүлэх зорилгын алсын хараа" гэж мэдэгдэлдээ дурджээ. Технологийн хувьд АНУ-ын "дөрвөл" түншүүд Европын орнуудын байр суурийг итгүүлэхэд бэрхшээлтэй тулгарсан.
 
 
Энэтхэг энэ жил Хятадын “Tik-Tok”, “WeChat” болон бусад аппликейшнүүдийг хориглосон бол Австрали, Япон улс "Хуавэй" зэрэг аварга компаниудыг эсэргүүцсэн. Тэд ийм замаар Вашингтоны ойрын түншүүд гэдгээ баталжээ.
 
 
БАРУУНД САЙНГҮЙ ТҮНШЛЭЛ
 
НҮБ-ын хэвлэлийн бага хурлын үеэр Европын холбооны гадаад бодлогын асуудал хариуцсан комиссар Хосеп Борелл Энэтхэг, Номхон далайн орнуудын шинэ стратегийн холбоог эсэргүүцэн Австрали улс Францаас шумбагч онгоц худалдаж авах гэрээг цуцалжээ.
 
 
Тэрбээр "Европын холбооны Энэтхэг, Номхон далайн стратегийг танилцуулсан тэр өдөр Вашингтон Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн "дөрвөл" эвсэл байгуулснаа зарласан. Энэ бол зөвхөн шумбагч онгоцны наймааны тухай биш юм. Энэ нь АНУ-тай харилцах харилцаанд сайнаар нөлөөлөхгүй" гэжээ.
 
 
Цагаан ордны тэргүүн маргааныг намжаахын тулд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьсан аж. Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишель Нью-Йоркт хэлсэн үгэндээ Брюсселийн стратегийн тусгаар тогтнол, ялангуяа Энэтхэг, Номхон далайн бүс нутагт шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ. Тэрбээр "Европын холбоо бол дэлхийн эдийн засгийн гол хүчнүүдийн нэг. Бид сурталчлах үнэт зүйл,иргэдээ хамгаалах эрх ашигтай. Европын холбоо бол Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн тэргүүлэх хөрөнгө оруулагч бөгөөд худалдааны хамгийн том түнш. Манай худалдааны 40 хувь нь тус бүс нутгаар дамждаг. Бид тэнд хамтын ажиллагаагаа эрс сайжруулахаар шийдсэн. Өмнөд Хятадын тэнгис, Энэтхэгийн далайд аюулгүй байдал, навигацийн эрх чөлөөг олон улсын хуулийн дагуу баталгаажуулах ёстой. Европын холбоо энэ асуудалд бүрэн хариуцлага хүлээнэ. Бид стратегийн бие даасан байдлыг, түүний дотор аюулгүй байдал, батлан хамгаалах чадвараа хөгжүүлнэ" гэсэн юм. Цагаан ордон эхлээд АНУ, Австрали, Канад, Шинэ Зеланд, Их Британи гэсэн англи хэлт "Таван нүд" эвсэлд анхаарал хандуулж байсан юм. Түүнчлэн Европын холбоо Энэтхэг, Номхон далайн бүс нутагт бие даасан хүчин байж чадах эсэх нь тодорхойгүй байна. Дани улсын Ерөнхий сайд Метте Фредериксен тэргүүтэй зарим удирдагч Энэтхэг, Номхон далайн маргааныг намжаахыг эрхэмлэж, Францын Вашингтонд бухимдах хэрэггүйг анхаарууллаа. Байден, Макрон нарыг утсаар ярьсны дараа АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейений штабын дарга Бьоерн Зиберт, Мишелийн дарга Фредерик Бернард нартай ярилцжээ. Байден Европын стратегийн тусгаар тогтнолыг бататгахыг хүссэн эсэх нь тодорхойгүй, Макроны зорилгыг идэвхтэй сурталчлах нь эргэлзээтэй байна. НҮБ-ын дээд хэмжээний долоо хоногийг дүгнэсэн тайландаа Боррелл Европыг Америк хариуцна гэж найдах хэрэггүйг онцолжээ. "Европын холбооны гишүүн бүрт дангаараа шинэ ертөнцөд нөлөөлөх хүчин чадал, хэмжээс байхгүй. Бидний хүч чадал зөвхөн бидний эв нэгдлээс л хамаарна" гэсэн байна.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин