sonin.mn
"No naadam" хөдөлгөөний идэвхтэн залуус мэдээлэл хийж, Монгол Улсын Засгийн Газрыг огцрохыг шаардлаа. Мэдээллийн үеэр хөдөлгөөний гишүүн н.Пүрэвдулам:  "2020 оны 6-р сарын 25-ны өдөр анх хэсэг иргэд С.Зоригийн хөшөөний дэргэд сайн дураараа нэгдэн наадмыг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлж цугларсан. Тухайн үед болсон үйл явдлыг та бүхэн харсан байх. Наадамд зориулж төсөвлөсөн 10 тэрбум төгрөгийг эрүүл мэнд, эмнэлгийн салбарын албан хаагчдад зориулаач гэдэг шаардлага тавьсан. Ингээд 7-р сарын 02-ны өдөр Засгийн газрын 183-р тогтоол гарсан. Уг тогтоолоор Ардын хувьсгалын 100 жилийн ой буюу наадмыг 101 жилийн ойтой хамтатган тэмдэглэх, мөн бүх аймаг, нийслэлийн засаг дарга нарт наадам тэмдэглэхгүй байхыг даалгасан. Тэмдэглэлт ой, уул овооны тахилга хийхгүй байхыг бүх шатны дарга нарт даалгаж, уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг  Шадар сайд С.Амарсайханд үүрэг болгосон байдаг. Гэвч уг тогтоолын хэрэгжилт өнөөдрийг хүртэл биелсэнгүй.
 
 
Гаргасан тогтоолынхоо биелэлтэнд хяналт тавьж ажиллаж чаддаггүй Засгийн газар бол эрхзүйн чадамжгүй, чадваргүй гэж үзэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ NoNaadam хөдөлгөөний залуучуудыг удаа дараа басамжлан доромжилсон. Хэдхэн хүн жагссаны төлөө наадмыг цуцлаагүй. Угаасаа ийм шийдвэр гаргачихсан байсан гэж илт басамжлан доромжилсон. Мөн хоёр хоногийн өмнө иргэд эрх чөлөөгөө хэтрүүлэн хэрэглэж байна гэж бас л басамжлан доромжилсон.
 
 
 
 
Ийм Ерөнхий сайдаар удирдуулсан Засгийн газар чадамжгүй учраас NoNaadam хөдөлгөөний зүгээс Засгийн газрыг огцрохыг шаардаж байна. 7-р сарын 01-ний өдөр жагсаал  хийсэн. Маргаашнаас нь шар даавуунаас эхлээд биднийг дайрч эхэлсэн.
 
 
Эд нар айх нь аргагүй. 2008 оны 7-р сарын 01-нээс хойш 13 жилийн дараа иргэд хүчтэй сэрж, үзэл бодлоо илэрхийлж, Үндсэн хуульд олгогдсон эрхээ эдэлж, залуу үе гараад ирсэн. Харин биднийг хоцрогдсон хуучны хар технологиороо айлгана гэж бодож байвал маш том эндүүрч байна. Залуу үе айхгүй.
 
 
Монгол улсын төр рецедив гэмт хэрэгтнүүдээр биднийг сүрдүүлсэн. Энэ асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгүүлэх гэж өргөдөл өгсөн боловч одоог хүртэл шийдвэрлэхгүй байна. Мөн биднийг АНУ, Франц, БНХАУ-ын тусгай албадаас санхүүжсэн, БНХАУ-ын коммунист намын санхүүжилттэй гэж гүтгэсэн. Хамгийн сүүлд биднийг Хятадын мафи болгочихоод явж байна " хэмээсэн юм. 
 

 

М.Чойжал