сонин mn
“Монголын нууц товчоо” хэмээх алдарт бүтээлийг судалж, сэтгэлээ чилээн суугаад тань талархаж явдгаа юуны өмнө хэлье. Монголын хамгийн том номыг бүтээнэ гэсэн зорилгодоо 1990 онд анх хүрч Монголын нууц товчооны эх, латин галиг, монгол бичгийн сэргээсэн эх зэргийг хэвлүүлж байсан билээ. Энэ амжилтаа Б.Сумьяабаатар гурвантаа эвдэн шинэчилж том ном бүтээснээ саяхан төрийн хэмжээнд ёслон тэмдэглэв. 
Энэхүү алдарт бичгийг судалж эрдмийн зэрэг хамгаалсан, ном бүтээл туурвисан хүн гэхэд манай Монгол улсад бас ч гэж олон болжээ. Зөвхөн гадаадын эрдэмтэн л судалдаг юм шиг үе байсан даа. Одоо тэгвэл гадаадын монголч эрдэмтдийн төнхөж ордог тэр нарийн хүрээ давхарга руу монгол хүн ч гэсэн нэвтрэн орж чадахын үүд хаалгыг нээж бататган байгаа тань юутай бахархалтай билээ. Харин энэ адармаатай бэрх зам руу хэрхэн орж байгаагаа хэнд ч хэлдэггүй, хэнээр ч туслуулдаггүй нэгэн этгээд сонин нууц зан танд байдгийг уншигчид юунд мэдэв гэж. Гараасаа хөтлөх шавьгүй яваад чинь л харамсдаг юм. Энэ сайхан эрдэмтэн сурсан мэдсэнээ хэнд ч хэлж өвлүүлэхгүй байгаа нь манай сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын дарга удирдлагын алдаа юм.
 
 
 
“Академич Ринчен бол хүний төлөө төрсөн хүн” гэдэг илтгэлийг эрдэмтэн зохиолч Б.Ринчений 110 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд та хэлэлцүүлж байсан нь 2016 онд хэвлэгджээ. Түүнд олон сайхан баримт, дурсамж зэргийг оруулсан байна. Энэ бол үнэтэй баримт.
 
 
 
Хамт ажиллаж байсан, ойр дотно байсан хүмүүсийн дурсамж яриа төдийлөн үлдээгүй байдгийг миний бие гайхаад л байдаг юм. Олон нийтийн дунд тархсан үнэн худал нь мэдэгдэхгүй цөөхөн хэдэн яриа л түүнийг орлож байгаа нь нүдний өмнө илхэн. Тэр хавьцааны яриа хөөрөө ч бас таны илтгэл дотор цухалзаж байсан байх.
“Намын амьдрал” сэтгүүлийн 1976 оны нэгэн дугаарт эрдэмтэн зохиолч Б.Ринчений тухай “Эрдэмтний үүрэг хариуцлага” гэдэг өгүүлэл хэвлэгдэж байсан билээ. Түүнээс хойш нэг их удалгүй Ринчен гуай ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Хэдий өндөр настай байсан ч гэлээ энэ өгүүлэл түүний амьд явах хоногийн тоог цөөлсөн болов уу гэж санаж байна. Энэ өгүүллийг олж үзэх санаатай интернэт орж үзвэл олдсонгүй. Цааш нь онгичъё ч гэсэнгүй. Тухайн өгүүлэл зохиогчийн нэргүй хэвлэгдсэн байдгийг гэнэт саналаа. Мэдээж зохиогчгүй байна гэж байхгүй. Хэн нэгэн зохиосон байгаа. Тухайн сэтгүүлийн эрхлэгч нь өгүүллийн зохиогчийг мэдэхгүй гэдгээ олон жилийн өмнө албан ёсоор хэлж байсан. Тийм болохоор зохиогчийн нэрийг хаанаас ч юм бэ нууцалж чаджээ. Одоо бол нууцлаад байх ч юмгүй болсон биз.
Эрдэмтэн Б.Сумьяабаатар гуай та нэрт эрдэмтэн Б.Ринчений тамгатай шавь гэдгээ сүүлийн үед нотлон зарласан. Үүнийг дагаад зарим хүмүүс тийм ч эрдэмтний тамгатай шавь, ийм ч мундагийн андгай шавь гэж зарлацгаах болжээ. Нэг гайхаж эргэлзэх юм гэвэл “Үндэсний үзэлтэн Ринчений нэрийг миний өрөөнд битгий хэл” гэж улайм цайм хэлсэн тэр нэгэн эрхмээр та олон ч номоо редакторлуулж билээ. Харин Б.Ринченгээр редакторлуулсан ном гэж байгаа юу? Таны номыг редакторлагч эрхэм хүн намын гишүүн бус Б.Сумьяабаатарыг тасгийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж байсныг хүмүүс мэднэ буй заа. Одоо танаас нэгэн зүйлийг тодруулан асууя. Багштайгаа ойр дотно байснаараа Таныг л хариулж чадна гэж найдаж байна.
 
 
 
“Намын амьдрал” сэтгүүлд хэвлэгдсэн Б.Ринчений тухай өгүүллийг хэн зохиосон юм бэ? Тухайн үеийн явган яриагаар болбол тэрхүү өгүүллийг хоёр шавь нь бичсэн гэлцдэг байсан. Нэг нь одоо нас нөгчжээ.
 
 
 
Б.Ринченгийн хэлний шинжлэлийн бүтээлийг судлагчийн өндөрлөгөөс харахад үнэ цэн нь буурсан тал байх боловч тухайн үедээ гүйцэтгэсэн үүргийг нь хүндэтгэж их эрдэмтэн хэмээн дээдэлдэг билээ. Тэгээд ч сайхан зохиол, орчуулга олныг бүтээж гаргасан нь үнэтэй хэвээрээ байна. Тэгэхлээр Ринченгийн амьдрал, уран бүтээлийн тухай судалгаа дуусна гэж үгүй. Тэр нэгэн нэргүй өгүүллийн зохиогчийн нэрийг тодруулан гаргаж хэлэх хүн эрхэм эрдэмтэн Б.Сумьяабаатар танаас өөр үгүй болжээ. Тэгээд л таныг шударга зангаа гаргаач гэж хүссэн юм.
Бас, миний нэгэн ном яагаад шинжлэх ухааны гавьяат ажилтан Пүрэвжавын нэр дээр хэвлэгдээд явдаг юм бол. Үүний учрыг зөвхөн та мэднэ. Тэр номыг 1970-аад оны дунд, сүүл үеэр хийж байхыг Ц.Шагдарсүрэн мэднэ.
 
Мэрж идэхийг Шагдарсүрэнгээс сур
Мэдэн будилахыг Сумьяабаатараас сур гэсэн хэлц үг байдаг сан. Энэ удаа мэдэн будилахгүй байхыг хүсье.
 
 
Я.БААТАР