sonin.mn
МАН-ын дэргэдэх Ю.Цэдэнбалын Нийгэмлэг, Эрдэм судлалын төв–Ю.Цэдэнбалын Академийн дэргэдэх эхчүүд, эмэгтэйчүүдийн зөвлөл болон  Ю.Цэдэнбалын ах дүү, төрөл төрөгсөд хамтран Монголын төр, засгийн дээд удирдлага, эхчүүд, эмэгтэйчүүд, нийт ард түмэндээ хандан Уриалга гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Уг уриалгад: 
 
"Монголын тэргүүн хатагтай байсан, сайхан сэтгэлт Орос эх А.И.Цэдэнбал – Филатовагийн тухай 
 
Монголын ард түмэндээ эхчүүд, хүүхдийн баярын мэнд дэвшүүлж, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе. Эхчүүд, үр хүүхдээ хайрлан хүндэтгэдэг ариун уламжлалтай манай ард түмний сэтгэл зүрхийг олон арван жил эмзэглүүлж байгаа нэг асуудал бол Монголын хүүхэд, залуучуудын төлөө өөрийн бүхий л амьдралаа зориулж, энэрэнгүй аугаа сайхан үйлс бүтээсэн манай улсын тэргүүн хатагтай байсан, орос эх А.И.Цэдэнбал–Филатоватай холбоотой асуудал юм. Монголын шүүх засаглал энэ агуу эмэгтэй хохирч хэлмэгдэж байсан эсэхийг тогтоох хурлаа 06 сарын 07- нд товлоод байгаа билээ. 
А.И.Цэдэнбал-Филатова санаачлан дээд байгууллагаар дэмжүүлж, НТХ, СнЗ-ийн 1972 оны 44 дүгээр тогтоолоор “Хүүхдийн төлөө фондын төв комисс” гэдэг олон нийтийн байгууллага байгуулжээ. Эхнэрийнхээ сайхан сэтгэл, уйгагүй зүтгэлтэй ажил хэрэгч, зарчимч тууштай, үнэнч шударга чанарыг амьдралын турш хүндэтгэж ирсэн Ю.Цэдэнбал энэ санаачилгыг үнэн сэтгэлээс дэмжжээ. Энэ 12 жилийн дотор нөхрийнхөө нэр хүнд, ард түмний халуун дэмжлэг, өөрийн санаачилга, нойр хоолоо мартсан нөр их хөдөлмөрөөрөө А.И.Цэдэнбал-Филатова Монгол орны өнцөг булан бүрт хүүхэд, залуучуудад зориулсан зуугаад обьект босгосон байна. Үүнд: 
--Эхлээд 25, сүүлдээ 160 хүүхэд нэг ээлжид хүлээн авах 78 цэцэрлэг, ясли бариулж Монголын алаг үрсэд зориулжээ., 
--Өнчин хүүхдийн цэцэрлэг, 
--Өнчин хүүхдийн дотуур байр, 
--Ажилчны дүүрэгт хүүхдийн төв эмнэлэг, 
--Налайхад 90 ортой амаржих газар, 
--Өсвөрийн техникчдийн ордон,
 --Залуу байгальчдын станц, 
--Бүх 18 аймаг, Яам тусгай газрын дэргэд олон тооны хүүхдийн амралт зуслан, 
--Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, 
--Хуримын ордон, 
--Хүүхдийн зохион бүтээх төв байгуулж, 
--Хүүхдийн ордон, 
--Үндэсний соёл амралтын хүрээлэн,
--Нялхсын клиник сувилал,
--Хөгжим бүжгийн коллеж
--Экологийн боловсролын төв,
--Хүүхдийн номын сан,
--Бамбарууш кафе, 
--29-р тусгай дунд сургууль,
--Залуучуудын ордон зэргийн барилгыг бариулж, үйл ажиллагааг нь сайжруулахад үрийн төлөө гэсэн эхийн цагаан сэтгэл, төрөлхийн ухаан, зохион байгуулах авьяас чадвараа бүрэн зориулсан юм. А.И.Цэдэнбал-Филатова санаачилж чаддаг, төлөвлөснөө хийж бүтээж чаддаг, ажлын үр дүнгээ дүгнэж чаддаг, бүтээл туурвилаа тайлагнаж чаддаг, хөдөлмөрийн үйлс бүтээлийнхээ тухай дурсаж бичиж чаддаг сайн нийтлэлч хүн байжээ.
 
ХХ зууны гол удирдагч Ю.Цэдэнбалынхан олон чиглэлийн гүтгэлэг, доромжлолд өртөж хохирч байсан боловч хатуу дэг журамтай хүмүүс байжээ. А.И.Цэдэнбал-Филатова төрөлхийн чанга, шаардангуй дуу хоолойтой, дээд, доод гэлгүй хэнд ч ширүүн үг хэлчихдэг, зөөлөн намуухан биш, захирангуй ааш араншинтай, дайчин хүн байсан гэж хүмүүс бичиж, ярьсан байдаг.
 
Энэ байдал нь Ю.Цэдэнбалын орос эхнэр Монголын төрийн хэрэгт оролцлоо гэх шүүмжлэлийн шалтаг болжээ. Румыны КН-ын Улс төрийн Товчоонд Н.Чаушеску, түүний эхнэр Елена Чаушеску, бас нэг хүү, хүргэн нь байсан бөгөөд энэ улсын нам, засаг, төрийн дээд эрх барих хэмжээний давхаргад Н.Чаушескугийн ойрын төрлийн 30 гаруй хүн алба хашдаг байжээ. Гэтэл Ю.Цэдэнбалын ах дүү, төрөл төрөгсдийн дотроос Улс төрийн Товчоо байтугай НТХ-ны 91 гишүүд, 71 орлогч гишүүн, НТШБК-ын 31 гишүүн, Сайд нарын Зөвлөлийн 40 гаруй гишүүний дотор, намын ээлжит их хуралд 4 жил тутам шинэчлэгдэн сонгогддог 831 төлөөлөгчийн дотор энэ олон жилд ганц ч хамаатан хүн байсангүй. 4 жил тутам ээлжлэн сонгогддог Ардын Их Хурлын 400 гаруй төлөөлөгчдийн дотор ч өнөр өтгөн Ю.Цэдэнбалынхнаас нэг ч удаа сонгогдож байсангүй.
 
 
 
Төрийн хэрэгт гэр бүлэрхэг байдал гаргахгүй байхыг Ю.Цэдэнбал олон жилийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж чадсан, иймэрхүү байдлаар ч эхнэрийнхээ үйл ажиллагаанд ханддаг байжээ.А.И.Цэдэнбал-Филатова Хүүхдийн төлөө фонд байгуулах санаачлагыг дэмжсэн Улс төрийн Товчооны хуралд ганц удаа оролцсоныг эс тооцвол Ардын Их Хурлын олон арван удаагийн чуулган, Намын их хурал байтугай НТХ-ны удаа дараагийн бүгд хуралд ганц ч удаа оролцоогүй, өөрөөр хэлбэл төр улс, намын чухал ямар ч шийдвэр гаргахад оролцоогүй байна. Төр төмбөгөр, ёс ёмбогор байжээ.
 
 
 
Эх хүнийг дээдлэх, эмэгтэйчүүдээ хайрлах, хөрш орны ард түмнийг хүндэтгэх, ахмад үеийн гавьяат үйлстнүүддээ хүн ёсоор хандах, шударга хүнлэг байх, сайхан сэтгэлийг нийгэмд төлөвшүүлэх зорилгын үүднээс бид Та бүхэндээ хандаж байна. 
Өөрийн амьдралын алтан үе, эрч хүчээ Монголын үр хүүхэд, залуусын төлөө, урлаг, соёлыг хөгжүүлэхийн төлөө үнэнч, шударгаар зүтгэн хөдөлмөрлөж байж хүртсэн А.И.Цэдэнбал–Филатова гуайн Соёлын Гавьяат зүтгэлтэн цол, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг нь шүүхийн шийдвэргүйгээр хурааж, үндэслэлгүйгээр гүтгэн муучилж, эр нөхөр, үр хүүхдийн нь хамт нутаг заан олон жилээр суулгаж, хөдөлмөрийнхөө үр шимээр олж цуглуулсан өмч хөрөнгийг нь шүүхийн шийдвэргүйгээр хурааж, үрэн таран хийж, олговол зохих тэтгэвэр тэтгэмжийг нь өгөлгүй насан өөд болтол нь зовоож, хагас зуун жил ханилсан эр нөхрөө сүүлчийн замд нь үдсэн  тэр орой нь хуулийн зарим ажилтан түүнийг хатуу ширүүнээр байцааж, айлган сүрдүүлсэн жигшүүртэй хэрэг өмнөх үеийнхний алдаа болон түүхэнд үлдэж, одоо үеийнхний сэтгэл зүрхийг шимшрүүлсээр байна. Энэ бол эмэгтэйчүүдийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн, сайхан сэтгэлт эхийг хэлмэгдүүлэн хохироосон хэрэг мөн байв.  ХХ зууны Монголчуудын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн энэ гэр бүлийн өмнө тэр үеийн хүүхдүүд, одоогийн залуучууд, иргэд ихээхэн үүрэг хариуцлага хүлээх ёстой гэж бид үзэж байна. 
 
Энэ үзэл бодол, сайн санааны зорилгын үүднээс Та бүхэнд хандан дараахи хүсэлтийг тавьж байна.  Үүнд: 
1. Монголын төрийн томоохон зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг цагаатгах тухай олон нийтийн байгууллагууд, хөдөлмөрчдийн олон жилийн хүсэлт шаардлагыг дэмжихийн хамт Монголын хүүхэд, залуучуудын ачит эх А.И.Цэдэнбал – Филатоваг цагаатгаж, гавьяа шагналыг нь сэргээж, үр ач нарт нь өгөхийг бид хүсч байна.
2. Ю.Цэдэнбал, А.И.Цэдэнбал–Филатова нарын дөчин жил амьдарч, үр хүүхдээ төрүүлэн өсгөж, гал голомтоо асаан бадрааж байсан тэр байр сууцанд нь энэ хоёр түүхт хүний гэр музей байгуулах, Филатова гуайн байгуулсан төгөлийг Нийслэлийн ахмадуудын алжаал тайлах цэцэрлэгт хүрээлэн  болгох, Ю.Цэдэнбалын номын санг Ерөнхийлөгчийн нэрэмжит Хүүхдийн номын сан болгох нь  түүх соёлын  хосгүй үнэт өвийг ирээдүй хойч үедээ үлдээх нэн хэрэгтэй үйлс болно гэж үзэж хувь нэмрээ оруулж ийм музейг бүтээж босгож өгөхийг Та бүхэндээ уриалж байна. 
Бидний энэ саналууд нь төрт ёсоо дээдлэх, хүнлэг энэрэнгүй ёсыг төлөвшүүлэх, хүний эрхийг хамгаалах, ахмад үеэ хүндэтгэх үзлээр залуу хойч үеэ, иргэдээ хүмүүжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж бид үзэж байна. 
Энэ ачтай буурлаа Монгол Улс мартах ёсгүй. 
 
 
МАН-ын дэргэдэх Ю.Цэдэнбалын Нийгэмлэг,
Эрдэм судлалын төв – Ю.Цэдэнбалын Академийн дэргэдэх эхчүүд, эмэгтэйчүүдийн зөвлөл, Ю.Цэдэнбалын ах дүү, төрөл төрөгсөд" гэжээ.
 
МАН-ын дэргэдэх Ю.Цэдэнбалын Нийгэмлэг,
Эрдэм судлалын төв – Ю.Цэдэнбалын Академийн дэргэдэх эхчүүд,    эмэгтэйчүүдийн зөвлөл, Ю.Цэдэнбалын ах дүү, төрөл төрөгсөд.
МАН-ын дэргэдэх Ю.Цэдэнбалын Нийгэмлэг,
Эрдэм судлалын төв – Ю.Цэдэнбалын Академийн дэргэдэх эхчүүд,    эмэгтэйчүүдийн зөвлөл, Ю.Цэдэнбалын ах дүү, төрөл төрөгсөд.