sonin.mn
УИХ-ын 2020 оны сонгуульд “Та бидний эвсэл” нэрээр МАХН, ИЗНН, Монголын уламжлалын нэгдсэн намууд хамтран оролцсон.Тэгвэл тус эвслийн МАХН МАН-тай нэгдэж, нөгөө хоёр нам нь бууриа сахин үлдсэн.
Гэтэл эвслийн нэрээр Орхон аймагт өрсөлдөж, УИХ-ын гишүүн болсон С.Ганбаатар АН-д элссэн.
 
Үүнтэй холбогдуулан ИЗНН болон МУНН-аас хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд дурдсанаар, С.Ганбаатар 2024 он хүртэл эвсэлдээ үлдэж, хамтран ажиллахаар ярьж байсан тохиролцооноосоо буцаж, тус эвслийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болгожээ.
 
Иймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг үүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой гэсэн байна. Мөн “Та бидний эвсэл”-ийн нэр дэвшигч С.Ганбаатарт итгэж саналаа өгсөн Орхончуудын итгэл хөсөрдөж байгааг ч дурдаж,цаашид тус эвсэл сонгогчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр тууштай ажиллахаа мэдэгдсэн байна. 
 
Ч.Явуу