сонин mn
Онигоо: 4 дүгээр сарын 9 - Архичдын баяр. 5 дугаар сарын 9. Ялалтын баяр. 6 дугаар сарын 9. Ерөнхийлөгчийн баяр гэнэ. Архичдын баяраар МАН –ын 100 жилийн  ойн медаль тараасан. Ялалтын баяраар дайчиддаа одон медаль гардуулна. Ерөнхийлөгчийн баяраар У.Хүрэлсүх ялсан тохиолдолд сүх хэлбэртэй хүрэл медаль гаргах гэнэ.
 
Монголчууд ойрын хэд хоногт “хатуу хөл хорио” гэдэг инээдмийн жүжиг үзэж байна. Төр засаг, хүн ардын эрүүл мэндийн төлөө санаа зовсондоо биш, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ олон түмний саналыг худалдаж авч өгөхийн тулд хичнээн ч удаа хойшлуулж байж сая нэг юм хатуу хөл хорио тогтоов доо. Нэр нь “хатуу” болохоос биш, зүгээр л сонгуулийн шоу юм даа. Уул нь У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, С.Амарсайхан, Б.Жавхлан, Д.Сумъяабазар тав: “Ерөнхийлөгчийн сонгуульд манай намыг дэмжээрэй” гээд хүн болгонд 300 мянган төгрөг тараачихсан бол нэрэнд нь цэвэр байсан юм.
Хүн ардынхаа эрүүл мэнд, амь насыг боддог удирдагчид байсан бол хатуу хөл хориог чинь аль хэдийнэ зарлаад өнөөдөр Монгол даяараа эрүүл энх, сайн сайхан амьдарч аж төрж байх байсан юм. Даанч тэгээгүй Мэргэжлийн яам нь “Цаг алдаж байна. Хатуу хөл хорио тогтооё” гээд байхад энэ таван хүн хичнээн ч удаа хойшлуулав?!
Хоногт цар тахлын 38 тохиолдол бүртгэгдлээ. Болоогүй л гэнэ. Хоногт 66 тохиолдол бүртгэгдлээ. Бас болоогүй л гэлээ. Хоногт 100 -200 тохиолдол бүртгэгдлээ. Болоогүй л гэнэ. Хоногт 500-800 гаруй тохиолдол бүртгэгдэн, 1-4 хүн нас барсан тохиолдолд л сая шаардуулж байж хатуу хөл хорио тогтоож байгаа нь энэ. Хүнд, маш хүнд өвчтэй хүн хэдэн зуугаараа тоологдох үед! Хүн болгонд өгөх 300 мянган төгрөгөө Ерөнхийлөгчийн сонгуульд ойртуулан “Манай нам Засгийн газар чинь өгч  байгаа юм шүү” гэсэн байдлаар тараалаа л даа. Арай л “Хүрэлсүхийнхээ төлөө саналаа өгөөрэй!” гэсэнгүй. Цаад утга санаа нь ил байгаа юм чинь!
Цар тахлын хатуу хөл хорио гэдэг чинь ийм байдаггүй байх л даа. Эрүүл мэндийн яам эмч мэргэдийнхээ зөвөлгөөг хүлээж аваад цаг алдалгүй хатуу хөл хорио тогтоосон бол өнөөдөр хоногт 1220 хүн цар тахлаар өвчилж, нийт 30 гаруй хүн нас бараад байхгүй л байсан юм. Ардын намын У.Хүрэлсүх тэргүүтэй харгис хатуу удирдлага, цар тахлыг зохион байгуулалттай хойшлуулж “хүнээ цөөлөх” бодлого явуулснаас асар их гарз хохирол учирлаа даа. Хайран эрүүл мэнд! Хайран амь нас!
Дөрөвдүгээр сарын 9, 10-нд юу болсныг та нар бүгд харсан байх. Бүх хүнд 300 мянган төгрөг тараасан. Ардын намын 100 жилийн ойн медаль, МАН-ын гишүүний цахим батлах, шинэ хэвлүүлсэн өнгөт номоо бүх гишүүдээ бөөгнөрүүлж байгаад тараасан. Үүндээ хэдэн тэрбум төгрөг зарцуулсан гэх. Улс даяараа ганц уушигны аппараттай, олон хүний амь нас эрсдэлд байгаа энэ үед тэр их мөнгөөрөө ганц уушигны аппарат нэмээд авчихсан бол хичнээн хүний амь нас аварч болох байсан бол?! Ингээд зориуд ийм бөөгнөрөл үүсгэж бэлэн мөнгө тарааснаар “хатуу хөл хорио” гэдэг шоу эхлэж байгаа юм. 
Бэлэн мөнгө тараагаад архидалтыг ямарч хяналтгүй орхисоноос коронавирус цар тахал чинь өнөөдөр хяналтаас гарлаа шүүдээ. Дөрөвдүгээр сарын 9-10-нд бол Улаанбаатар хотод, миний амьдарч байгаа энэ хороо дүүрэгт хязгааргүй архидалт болж гудамж талбайгаар согтуу хүмүүс, тэр дундаа хүүхнүүд хэсэг бүлэгээрээ холхиж байлаа. Орцны үүдэнд шилтэй пиво, архи ил тавьчихаад ам дамжуулан ууцгааж байлаа. СӨХ-ны ажилтан шаардлага тавихад “УОК чинь 4-5 хүн нэг дор цуглаж уулзахыг зөвшөөрсөн” гээд хөдлөхгүй байгаа юм. Өнөөх цагдаа, тагнуул, онцгой байдлынхан хаа явна?! Ийм байдлаар Монголчууд 15 хоногт 300 мянган төгрөгөөр архидаад Ерөнхийлөгчийн сонгуулиа угтах юм байна л даа.
 
Засгийн газар, УОК, НОК–ын мэдээлэл бүгд худлаа. Дарга нарынх нь ярьсан болгон зөрүүтэй. Нэг дарга нь хөл хорио тогтоох хугацаанд бүх хүнээ вакцинжуулна гэж байхад нөгөө нь “Вакцин дууссан. Хоёрдугаар ээлжийн вакцинаас 192 –хон мянга үлдээд байгаа гэх”. Тэр нь сайд дарга нарын нарын 2-р ээлжийнх юм болов уу. Зарим нь “Тарилгын зүү нь дууссан” гэх. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр бол бүх зүйл У.Хүрэлсүхийн, Намынхаа 100 жилийн ойд зориулан тавьсан илтгэлээс болж хөрш орнуудын хооронд үл ойлголцол үүссэн, тэгээд бүх зүйл, буруу эргэсэн” хэмээн цацагдлаа. Хариу тайлбар няцаалт алга л байна. Ер нь эрх баригч намын дарга  хүн 100 жилийнхээ ойгоор хөрш улсынхаа тухай тийм бүдүүлэг юм ухаж төнхөн гаргаж ирэх ямар хэрэг байсан юм !!!
Ингээд өнөөх, хожимдсон боловч хийж эхлэж байсан дархлаажуулалтын ажил унтарч байгаа юм. Вакцины асуудлыг санаатайгаар хойшлуулж, үнэ төлбөргүй, хандив тусламжийн вакцинаар ард түмнээ аргалж байгаа Засгийн газар, тэр дундаа энэ асуудлыг хариуцсан хэрнээ ноцтой хүндрэл бэрхшээлд учруулсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нарт хүртээх хариуцлага байдаггүй юм уу?! Ганцхан  сарын дотор вакцин тариулсан хүнээс 2340 эрүүл хүн халдвар авч 5 хүн нас барсан шүүдээ. Вакциныг эрүүл болгох гэж тарьдаг байтал мянга мянгаараа өвчилж, нас бараад байгаагийн учир шалтгаан хаанаа байна?!
Том улс гүрнүүдийн нэр барьж олон улсын зах зээлээс шаардлага хангаагүй, бүр хуурамч вакцин өндөр үнээр оруулж ирэн хүн ардаа өвчлүүлээд, үхүүлээд байгаа юм биш үү?! Өчнөөн мянган хүн эрүүл мэнд, амь насаараа хохирчихоод байхад дарга сайд нар нь биеэ өмөөрсөн юм яриад эрдэмтэн судлаачид нь таг чиг байж болдог юм уу?! Миний бодлоор бол вакцины энэ хор уршиг нь манай улсын ажил хариуцсан сайд дарга нарын бүтэлгүйтэл гэж бодож байгаа. Түрүү яалаа даа? Олон зуу мянган төгрөгийн үнэтэй оношлуурын хэрэгсэл хөлдөөсөн. Хэн ч хариуцлага хүлээгээгүй байх. Саяхан бас л аймаг руу явуулсан оношлуурын урвалж зүйл нь буруу хадгалснаас хэрэгцээгүй болж улсад олон сая төгрөгийн хохирол учирлаа гэсэн. Хэнд ямар арга хэмжээ авсан юм, бас л чимээгүй.
 
 
 
Төр засгийн эрхийг барьж байгаа хэсэг бүлэг хүмүүсээс ямарч буруу зүйл хийсэн нууц дарагдаад өнгөрдөг хэвлэгдээгүй хууль үйлчилдэг болжээ. Вакцинаас болж эрүүл мэндээрээ хохирсон, нас барсан, энэ олон мянган хүний ар гэрийнхэн арай ч тархиа угаалгаад дуугүй өнгөрөхгүй л баймаар юм!!
 
 
 
У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, С.Амарсайхан, Б.Жавхлан, Д.Сумъяабазар нар аа! Би хэлье. “Хатуу хөл хорио” гэдэг чинь ийм баймааргүй юм. Энэ  1 жил 3 сарын дотор чинь миний хувьд бүх төрлийн хөл хориог дуусгалаа. Гадаад улсуудад “хатуу хөл хорио” ямар байдгийг өдөр болгон үзэж, мэдэж байна. Мөнгө тараасан нь буруу биш. Гол нь ядуу ард түмэндээ хүртээж тараах байсан юм. Сарын 5-50 сая төгрөгийн цалин авч байгаа сайд дарга нар баячууд чинь 300 мянган төгрөгөөр яах юм! Хумхиад хаяж байгаа байх л даа. Ялгавартай хандах хэрэгтэй байсан юм. Бүх нийтийн бэлэн байдлын үед ялгаварлалаа гэх юмуу хүний эрх ярьдаггүй юм. Хатуу зарчмыг л баримтлах хэрэгтэй байсан.
 
 
 
Нөгөө нэг чухал асуудал, та нар архиныхаа үйлдвэр худалдаа борлууллалтыг хаалгүйгээр “хатуу хөл хорио” гэж үлгэр ярихын хэрэг байгаагүй. Гуравт нь, хатуу хөл хорионы үед өнөөх цэрэг, цагдаа, тагнуул онцгойгийхон чинь хаачсан юм бэ? Амраачихсан юм уу? Манай энд л гэхэд үзэгдэж харагддаг нь бүлэг архичид л байна. 
 
 
 
Дөрөвдүгээр сарын 9-нд залуучууд мах гурил нөөцлөөгүй шүү.
Архи, согтууруулах ундаа л нөөцөлсөн. 4-р сарын 25 гэхэд 300 мянган төгрөгнийхөө архийг барж, арай гайгүй болох болов уу? хэмээн горьдож сууна.
Эрхэм дээдэс минь хатуу хөл хориог сунгана гэж ийм л байдлаар олон хүний амь нас, эрүүл мэндээр тогловол хэрэггүй шүү. Улаанбаатарт хатуу хөл хориог жинхэнэ ном журмаар нь тогтоовол 14-21 хоногт л коронавирус арилна.
 
 
 
Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамъян