74 жилийн турш хуваагдмал байгаа Солонгосын хойгийн асуудлын хүрээнд хоёр тусдаа сэдвээр нэгэн зэрэг зохион байгуулагдсан “Эрх чөлөөт, Нэгдсэн Солонгос: Цөмийн зэвсгээс ангижруулах ба Эдийн засгийн интеграцийн асуудлаарх Зүүн Хойд Ази дахь бүс нутгийн хамтын ажиллагаа” олон улсын цахим хуралд Өмнөд Солонгос, БНХАУ, Япон, Их Британи, Финланд, ОХУ, Энэтхэг, Монгол ба АНУ-ын аюулгүй байдлын шинжээч, эдийн засагч, улс төр судлаач зэрэг 35 эрдэмтэн оролцож, илтгэл тавьж хэлэлцүүлэн санал бодлоо солилцлоо.
Хоёр хуралдааны явцад 600 асуулт тавьж, 200 гаруй хүн сэтгэгдлээ хуваалцаж, нийтдээ 300 гаруй хүн оролцов.
Энэ удаагийн цахим хурал бол “Дэлхийн Энхийн Сан”, “Нэгдсэн Солонгосын төлөөх үйл ажиллагаа” /Action for Korea United/, “One Korea Сан” ба “Цэнхэр сүлд” ТББ-аас 2020 онд зохион байгуулахаар төлөвлөсөн “Нэг Солонгос”-ын асуудлаарх олон улсын чуулга уулзалтын хүрээнд болж буй цуврал хуралдаануудын хоёрдахь нь юм.
Цахим хурлаар Зүүн Хойд Азид цөмийн зэвсэггүй бүс /NEA-NWFZ/ байгуулах боломж, хэтийн төлвийг хэлэлцэж, уг асуудлын хүрээнд ОХУ, БНХАУ, АНУ-ын зүгээс аюулгүй байдлын баталгааг бусад улсад олгох, цөмийн бус хэрэгслээр тогтоон барих, бүс нутгийн хамтын ажиллагааны “Хүйтэн дайны дараах үеийн тогтолцоо”-г бэхжүүлэн хөгжүүлэх тухай сэдвүүдийг хөндөн ярилцлаа.
Цөмийн зэвсэгтэй 5 улс болох АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи ба Францын зүгээс цөмийн зэвсэггүй бүс нутгийн улс орнуудын эсрэг /зарим тохиолдолд бүс нутгийн эсрэг бүхэлд нь/ цөмийн зэвсэг хэрэглэхгүй, хэрэглэхээр сүрдүүлэхгүй гэсэн эрхзүйн чадамж бүхий баталгааг гаргаж өгдөг. Ийм учраас цөмийн зэвсэггүй бүс гэдэг бол бүс нутгийн төдийгүй дэлхийн дахины энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой практик алхам мөн.
Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэх явдлыг таслан зогсоох, уг зэвсэг тархаж болзошгүй газар нутгийн хэмжээг аажмаар хумин багасгах, цөмийн зэвсгийг хууль бус болгоход цөмийн зэвсэггүй бүс нутгууд чухал ач холбогдолтой гэдгийг иш үндэс болгон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн зүгээс ийм бүсүүд байгуулахыг дэмждэг.
Одоогийн байдлаар дэлхий дээр Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутаг, Номхон далайн өмнөд хэсэг, Зүүн Өмнөд Ази, Африк тив бүхэлдээ болон Төв Ази гэсэн цөмийн зэвсгээс ангид 5 бүс нутаг бий. Эдгээр нь дэлхийн хуурай газрын 50 хувь, экватороос өмнө орших газар нутгийн бараг 99 хувь буюу 2 тэрбум хүн ам бүхий 119 улс, 18 нутаг дэвсгэрийг хамардаг. Одоо Ойрхи Дорнод, Зүүн Хойд Ази, Арктик гэсэн гурван бүс нутгийг цөмийн зэвсэггүй бүс болгох тухай асуудал яригдаж байна.

Зүүн Хойд Азид ийм бүс байгуулах санаачилгыг 1970-аад оны үед бүс нутгийн зарим улс орон дэвшүүлж байсан боловч тухайн үед хүйтэн дайны сэтгэлгээ давамгайлж байсан учраас асуудлыг нухацтай хэлэлцэлгүй тэгсхийгээд орхижээ. Харин 1990-ээд оны үеэс энэ талаар албан бус шугамаар хэд хэдэн санаачилгыг дэвшүүлсэн байна.
Сүүлийн жилүүдэд цөмийн зэвсгийн аюул заналын талаар ярих нь илт цөөрч, энэ асуудлаар өндөр дээд хэмжээнд болж байсан яриа хэлэлцээнүүд үндсэндээ зогсчээ. Тэр ч байтугай “хүйтэн дайны үед хүн төрөлхтнийг цөмийн дайны аюулаас аварсан” гэгддэг Дунд ба ойрын тусгалтай пуужинг устгах тухай гэрээ болон 1972 оны Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хязгаарлах тухай гэрээнээс АНУ дангаараа гарсан бол Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээний үйлчлэх хугацаа ирэх 2021 онд дуусах гэж байна. Эдгээр 3 гэрээ нь зэвсэглэлд хяналт тавих тогтолцооны тулгын гурван чулуу болж байсан билээ.
Сүүлийн үед цөмийн зэвсэгтэй их гүрнүүд, тухайлбал АНУ-ОХУ ба АНУ-БНХАУ-ын харилцаа илт хурцдаж, эдгээр гүрнүүд цөмийн зэвсгээ улам боловсронгуй болгох чиглэлд шаргуу ажиллаж байгаа юм. Тухайлбал, цөмийн цэнэгийг зөөгч хэрэгслүүд болох дуунаас олон дахин хурдан пуужин, радарт баригддаггүй бөмбөгдөгч онгоц зэргийг зохион бүтээх талаар өөр хоорондоо ид өрсөлдөж байна.
Ийм ээдрээтэй цаг үед цөмийн зэвсгийг хорогдуулах, түүнийг хориглох, бүрэн хураах, цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудлыг иргэний нийгмийн байгууллагуудын хурал зөвлөгөөнөөр эрдэмтэн судлаачид хэлэлцсээр байгаагийн нэг жишээ бол энэ удаагийн олон улсын цахим хурал юм.
Зүүн Хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах нь юуны түрүүнд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудалтай шууд холбоотой. Уг асуудлыг шийдэхгүйгээр, хоёр Солонгос улсыг тайван замаар нэгтгэхийг дэмжихгүйгээр Зүүн Хойд Азид энхтайван хэзээ ч тогтохгүй учраас бүс нутгийн аюулгүй байдлын асуудал мөнхийн эмзэг сэдэв байх болно.
Дээр дурдсан цөмийн зэвсгээс ангид 5 бүс нутагт цөмийн зэвсэгтэй их гүрнүүдийн геополитикийн ашиг сонирхол төдийлөн хүчтэй биш бол эл ашиг сонирхол хүчтэй илэрдэг Ойрхи Дорнод ба Зүүн Хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах нь хамаагүй илүү түвэгтэй үйл явц юм.
Цахим хурлыг хамтран даргалсан “Цэнхэр сүлд” ТББ-ын Гүйцэтгэх захирал, Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусыг санаачлагчдын нэг, доктор Ж.Энхсайхан хэлэхдээ “Зүүн Хойд Азид цөмийн зэвсгээс ангид бүс байгуулах, талуудын хамтран боловсруулсан, итгэл төрүүлэхүйц “Маршаллын бичил төлөвлөгөө”-г Умард Солонгосын талд санал болгох нь Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэх төдийгүй нийт бүс нутгийн аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хангахад чиглэсэн, “оролцогч талуудад бүгдэд нь ашигтай” шийдэл байх болно” гэдгийг онцлон тэмдэглэлээ. Ташрамд тодруулахад, Маршаллын төлөвлөгөө бол дайнд сүйдсэн Европыг асар богино хугацаанд сэргээн босгож чадсан, түүхэн дэх хамгийн амжилттай хэрэгжсэн эдийн засгийн тусламжийн хөтөлбөр юм.

"Цэнхэр сүлд" ТББ-ын Гүйцэтгэх захирал Ж.Энхсайхан
Тэрбээр цааш нь хэлэхдээ, Орос, Хятадын зүгээс Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх нь “Зүүн Хойд Ази дахь цөмийн зэвсэггүй бүс бол эрхзүйн хувьд ч, улс төрийн хувьд ч найдвартай” гэдэгт Умард Солонгосыг итгүүлэн үнэмшүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг дурдлаа.
NEA-NWFZ-ийг байгуулах асуудлаар “В төлөвлөгөө” гэдэг нэртэй судалгаа явуулсан “Цэнхэр сүлд”-ийн судлаачид “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд АНУ ба Умард Солонгосын зүгээс үзэл баримтлалын шинжтэй зоримог хандлага гаргах хэрэгтэй” гэсэн дүгнэлтийг хийжээ.
Бусад шинжээчдийн байр суурь
Америкийн дөрвөн ерөнхийлөгчийн үед солонгос хэлний орчуулагчаар ажиллаж байсан, Солонгос-Америк судлалын хүрээлэнгийн судлаач Тон Ким дүгнэн хэлэхдээ “Зүүн Хойд Азийн цөмийн зэвсэггүй бүсийг үр дүнтэй хяналтын механизмтай нь хамт амжилттай байгуулж чадваас энэ нь АНУ ба Хятадын хооронд жийргэвч бүс болж, дэлхийг сүйрүүлэх аюултай цөмийн мөргөлдөөн дэгдэх магадлалыг хамгийн доод түвшинд хүртэл бууруулна” гэлээ.
ОХУ-ын Владивостокийн Тэнгисийн их сургуулийн судлаач Анастасия Баранникова хэлэхдээ, одоохондоо нам гүм байгаа Солонгосын хойгийн цөмийн хямралын асуудлыг шийдэх цорын ганц гарц бол БНАСАУ-ын талаарх хандлагыг өөрчлөх явдал мөн гэдгийг онцлон тэмдэглэв. БНАСАУ бол цөмийн зэвсэгтэй улс учраас цөмийн зэвсэгтэй улстай харьцдагтай адил харьцах ёстой. 10-15 жилийн өмнөх шигээ харьцах, нэгэнт гарсан өөрчлөлтүүдийг үл хайхрах нь ноцтой алдаанд хүргэнэ гэдгийг тэрбээр санууллаа.
Нөгөөтэйгүүр, зөвхөн АНУ-тай харилцаагаа хэвийн болгохыг л БНАСАУ зорьж байгаа гэж дүгнэх нь өрөөсгөл ташаа бөгөөд Умард Солонгос бол бусдын адилаар “мөнхийн нөхөр, мөнхийн дайсангүй” улс. АНУ-тай харилцаа нь сайжирсан ч гэсэн бусад улстай харилцаа нь муудах магадлал бий гэдгийг Оросын судлаач дурдсан юм. Үүнтэй холбогдуулан Москва дахь Алс Дорнод судлалын хүрээлэнгийн Солонгос судлалын хүрээлэнгийн захирал,доктор Александр Жебин хэлэхдээ “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хөндөх бүрт шинжээчдийн ихэнх нь Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдийг зогсоох талаар ярьдаг. Гэтэл үүнийг БНАСАУ зөвшөөрөх эсэх нь Өмнөд Солонгосын зүгээс энэ талаар ямар хариу алхам хийхээс шалтгаална” гэдгийг дурдлаа.
Дэлхийн энхийн сангийн стратегийн зөвлөх Дэвид Л.Капрара тавьсан илтгэлдээ, Монгол Улсын төвийг сахисан байр суурь, түнш орнуудтай хамтран ажилласан туршлагыг харгалзан Зүүн Хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудлыг эрхэлсэн Нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотод байгуулъя гэсэн саналыг дэвшүүллээ.
Стокгольмын олон улсын энх тайвны хүрээлэнгийн судлаач, Европын парламентын гишүүн, Евро парламентын Ирантай харилцах багийн ахлагч асан, доктор Таржа Кронберг ярихдаа, одоогийн байдлаар зөвхөн Ойрхи Дорнодод цөмийн зэвсэг/үй олноор хөнөөх зэвсгээс ангид бүс байгуулахыг дэмжиж байгаа хэдий ч Европ тивийнхэн цөмийн зэвсэггүй бүс байгуулахыг өргөнөөр талархан дэмждэг. Европ тив өөрөө цөмийн зэвсэггүй бүс болох тал дээр Францын цөмийн зэвсэгтэй холбоотой эмзэг асуудал бий. Гэхдээ энэ нь Европын Холбооны зүгээс Зүүн Хойд Азид цөмийн зэвсгээс ангид бүс байгуулахыг дэмжихгүй гэсэн үг биш гэдгийг судлаач Т.Кронберг онцоллоо.
Монголчуудын сайн танил, Америкийн монгол судлаач Алишиа Кампи: Ерөнхийлөгч Трампын хэлэлцээ хийх арга барил ба Энэтхэг-Номхон далайн стратегийн талаарх Трампын засаг захиргааны эрс шулуун байр суурь нь Зүүн Хойд Азийн бүх улсад өгч буй нэг ёсны дохио мөн. Энэ нь юу вэ гэвэл, НҮБ-ын оролцоо, хяналтаас зарим талаар ангид байсан тохиолдолд цөмийн зэвсэггүй бүсийн талаарх үзэл баримтлал хэрэгжих боломжтой гэсэн санаа юм.
Гэхдээ яриа хэлэлцээг зөвхөн АНУ, Хятад, Оросын хооронд, хоёр талын эсвэл гурван талын оролцоотойгоор хийснээр ахиц дэвшил гарна гэхэд хэцүү. Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжаах хэлэлцээг хэрхэн сэргээх вэ гэдгээ шийдэх гэж буй Пхеньян, Сөүл, Токиогийн хувьд цөмийн зэвсэггүй бүс байгуулах арга зам нь Трампын “Чөлөөт бөгөөд нээлттэй Энэтхэг-Номхон далай” ба “Америк эн түрүүнд” үзэл баримтлалын зарим заалттай таарч тохирно гэдгийг ойлгох болно. АНУ-ын гадаад бодлогын хэв маяг өөрчлөгдөж байгаа нь Солонгосын хойгийн уур амьсгалыг сайжруулах шинэ арга замуудыг нээнэ гэдгийг бүх талууд, тэдгээрийн дотор БНАСАУ ойлгох цаг болжээ.
Монголын оролцоо
Монгол Улс хөгжихийн тулд Зүүн Хойд Азийн бүс нутаг тогтвортой тайван байх нь чухал. “Нуур амгалан бол нугас амгалан” гэж монголчууд ярьдаг. Иймээс бүс нутгийн улс орнуудын хооронд харилцан итгэлцлийг бэхжүүлэхийг манай улс ямагт эрмэлзсээр ирсэн. Үүний жишээ бол, 1980-аад онд болон 2001 ба 2003 онуудад бүс нутгийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох саналыг албаны ба хагас албаны түвшинд тавьж байсан явдал юм. Гэвч хүйтэн дайнаас улбаатай үл итгэлцэл, түүнчлэн “ийм механизм нь Зургаан талт хэлэлцээтэй давхцана” гэж үзэж байснаас үүдэн дээрх санаачилгууд хэрэгжээгүй билээ.
Монгол Улсын хувьд Зүүн Хойд Азийн бүх улстай газар нутгийн ямар нэгэн маргаангүй, бүс нутгийн хэмжээнд улс төрийн ямар ч зөрчилдөөнд оролцдоггүй. Мөн хоёр Солонгостой нягт хамтран ажилладаг цөөхөн орнуудын нэг учраас Солонгосын хойгт болж буй үйл явцад оролцогч талууд манай улсаас дэмжлэг авахыг эрмэлздэг. Иймээс харилцан сонирхож буй бүс нутгийн асуудлыг хэлэлцэхэд манай улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэх боломжтой.
Эл зорилгоор Монгол Улс “Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” зөвлөлдөх чуулга уулзалтыг санаачлан зохион байгуулж байна. Жил бүр болдог чуулга уулзалтын хуралдаануудад төр засгийн төлөөлөл болон бодлогын судалгааны хүрээлэнгүүд буюу тинк танкууд, ТББ-уудын судлаачид оролцдог.
Түүнээс гадна, “Цэнхэр сүлд” ТББ нь Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхийн төлөөх бүх нийтийн түншлэл буюу “GPPAC”-тай хамтран “Улаанбаатарын үйл явц” /Ulaanbaatar Process/ хэмээх бүс нутгийн болон АНУ-ын төрийн бус байгууллагуудын оролцоо бүхий хамтран ажиллах механизмыг бүрдүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн цөмийн зэвсэггүй статусаа АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц /P5/ гэсэн цөмийн зэвсэгтэй 5 гүрнээр хүлээн зөвшөөрүүлж чадсан манай улс P5-аас аюулгүй байдлын баталгаа гаргуулан авахаар хэлэлцээ хийж байсан туршлагаасаа бусадтай хуваалцахад бэлэн байна. Дээрх 5 улс 2012 онд хамтарсан тунхаглал гаргаж, Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг статусыг хүндэтгэж, түүнийг зөрчих аливаа үйлдэлд оролцохгүй гэдгээ зарлан мэдэгдсэн.
Монгол Улс цаашдаа Зүүн Хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудлаарх яриа хэлэлцээг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлж, одоогоор тунхаглалын хэлбэртэй, улс төрийн шинжтэй байгаа дээрх статусаа олон улсын эрх зүйн үндэстэй баталгаа болгох чиглэлд идэвхийлэн ажиллах нь чухал гэж доктор Ж.Энхсайхан үзэж байна.
Уулзалтыг зохион байгуулагчид Зүүн Хойд Азид цөмийн зэвсгээс ангид бүс байгуулах асуудлаарх хэлэлцүүлгийг цаашид тогтмол явуулахын тулд Бүс нутгийн нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах тал дээр санал нэгдсэнээр олон улсын цахим хурал өндөрлөлөө.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0
Орос Хятад цөмийн зэвсэгтэй,Умард Солонгос бараг зэвсэгтэй.Өмнөд Солонгос Япон хэрэгтэй бол ганц сард л цөмийн бөмбөг бүтээх технологи цөмийн материалтай.
Ядуу гуйлгачин нэг муу халтайсан биднээр цөмийн гүрэнүүд зуучлуулаад л хэлэлцээ хийгээд байж гэнэ лээ! Жаахан баримжаатай мөрөөдөж баймаар юмаа.
Ядуу гуйлгачин нэг муу халтайсан биднээр цөмийн гүрэнүүд зуучлуулаад л хэлэлцээ хийгээд байж гэнэ лээ! Жаахан баримжаатай мөрөөдөж баймаар юмаа.
Ядуу гуйлгачин нэг муу халтайсан биднээр цөмийн гүрэнүүд зуучлуулаад л хэлэлцээ хийгээд байж гэнэ лээ! Жаахан баримжаатай мөрөөдөж баймаар юмаа.
Америкийн нэгдсэн улс Хойд солонгосын цөмийн зэвсэгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хойд солонгосын тив алгасагч пуужингийн хөтөлбөрт харин АНУ зүгээс маш их хүчтэй тэмцэл өрнөж байна. БНХАУ болон Оросын тухайд Хойд солонгосын цөмийн зэвсэг нь аюултай зүйл болж байгаа тул цөмийн зэвсэг хураахыг дэмжих аястай байна. Хойд солонгос нь цөмийн зэвсэгнээсээ салахгүй гэдэг байр сууриа хүчтэй хамгаална. Харин нууц байдлаар пуужингийн хөтөлбөрөө ургашлуулах боломжийг хайж байна. БНХАУ тухайд Хойд солонгосыг хяналтаасаа алдаж байгаа тул шинээр хойд солонгост удирдагч бэлдэх ажлыг хийж, Кимийн засаглалаас салгахыг бодож байна. Иймд Хятад хойд Солонгосын харьцаа аажимдаа хөндийрч байна.Өмнөд солонгосын тухайд маш төвөгтэй байдал үүсэхээс болгоомжлон бүх боломжийг тандан судалсан шинжтэй байна. АНУ-ын зүгээс хойд солонгостой дайны байдлыг дуусгах аваас хойд солонгос пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзаж, цаашид эдийн засгийн дэмжлэг авах тухай мөрөөдөж байна.