sonin.mn


Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн өдөр аймгийн өвлийн зэрэглэлийн уралдаануудын салхийг хагалж, Цэнхэр сумын Өргөөтийн талд азарга, их нас, соёолон насны морьдыг урапдуулдаг уламжлал тогтоод нилээд хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Цагаан сарын дараах хаврын дунд сарыг шувтартал үргэлжлэх бүсийн уралдаануудыг аймгийн Засаг даргын тамгын газар болон морин спорт уяачдын холбооны Архангай дахь салбар хамтран зохион байгуулдаг.

Энэ жилийн шинийн наймны гурван насны морьдын уралдаанд нийт 270 морьд шандсаа сорилоо. Их насны морьдын уралдаанд Эрдэнэбулган сумын
Ганбаатарын хээр түрүүлсэн бол аман хүзүүнд Цэнхэр сумын уаяч Доржзодовын Сүхбаатар аймгийн Төвшинширээ сумын угшилтай хүрэн морь аман хүзүүджээ.

Хүрэн морины уяа сойлгыг Цэнхэр сумын залуу уяач Төрмөнх тааруулжээ. Их насны морьдын айргийн гуравт Өгийнуур сумын уяач Дэлгэрмоломын халзан морь, айргийн дөрөвт Эрдэнэбулган сумын аймгийн алдарт уяач Сандаг-Очирын Дорнод аймгийн Цагаан-Овоо нутгийн угшилтай хээр морь, айргийн тавд Өгийнуур сумын уяач Мөнхбатын хүрэн морь тус тус хурдаллаа.

Харин азарганы уралдаанд Төвшрүүлэх сумын уяач Дамдины хүрэн азарга түрүүлж, Хайрхан сумын уяач Болдбаатарын мөн адил Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын угшилтай хонгор азарга аман хүзүүдлээ. Араас нь Эрдэнэбулган сумын уяач Занабазарын саарал, мөн тус сумын уяач Сүхбаатарын ухаа хонгор, Ихтамир сумын уяач Цогтбаатарын шарга халзан азарганууд шил даран хурдлав.

Соёолон насны морьдын уралдаанд Булган сумын уяач Сандагдоржийн бор түрүүлж, Батцэнгэл сумын уяач Мөнхбаярын хээр аман хүзүүдэв. Харин Эрдэнэбулган сумын уяач Батжаргалын бор, Эрдэнэбулган сумын уяач Амарбаясгалангийн хүрэн соёолон тус тус айраглаж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баясгалаа. Соёолон насны морьдын бай шагналыг "Ар гурван халиар" компани ивээн тэтгэжээ.

Хаврын тэргүүн сарын билэгт сайн өдөр хурдан морьдыг 7-9 настай 79 хүүхэд, 10-13 настай 87 хүүхэд, 14-16 настай 18 хүүхэд, 17-18 настай 1 хүүхэд морь унаж уралдсан байна.

Гэвч азарганы уралдааны үеэр 5 хүүхэд, их насны уралдааны үеэр 28 хүүхэд мориноос унасан байна. Энэ тоо бол аймгийн хүүхдийн төлөө хэлтсийн тайланд бүртгэгдсэн тоо. Харин албан бус мэдээллээр 40 гаруй хүүхэд мориноос унасан байна. Одоогийн байдлаар унасан хүүхдүүдээс нэг хүүхэд хүнд бэртсэний улмаас аймгийн нэгдсэн эмнэлэгг хэвтэн эмчлүүлж байна.

Харин хөнгөн бэртэлтэй бусад хүүхдүүд нь гадуур эмчилгээ хийлгэж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Монголчууд хурдан морио уяж уралдуулан нааддаг ч гэлээ урапдсан морио анхаараад байхаас унасан хүүхдээ үл ойшоодог болсон нь энэ удаагийн уралдаанаар нотлогдов. Тухайн үед гарааны зурвас дээр мориноосоо унасан эдгээр хүүхдэд зөвхөн анхны тусламж үзүүлээд л орхижээ.

Мориноос унасан шалтгааныг албан бус эх сурвалжийн тайлбарласнаар морьдыг гарааны зурвасын ард бүрэн гүйцэд орж дуусаагүй байхад дохионы буугаар эргүүлсний улмаас морьд цочиж, огцом эргэлтэд мөргөлдөж, хүүхдүүд олноороо ойчсон хэмээн үзэж байгаа юм. Юутай ч жил жилийн өвөл, зуны наадмуудын морьдын уралдаанд энэ мэт балчирхан хүүхдүүд мориноос унаж, гэмтэж бэртэн орхигдож, адгууснаас ч дор үзэгддэг явдлыг уяачид, наадамчид анхаарах цаг болжээ

Г.Жавар
Эх сурвалж: "Архангайн амьдрал"