Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнтэй ярилцлаа.
-Тантай Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайтай хийсэн уран бүтээлийн тань тухай ярилцъя гэж бодлоо?
-Тэр болно. Б.Лхагвасүрэнгийнхээ талаар ярилцахад хөөрхөн юм гарна шүү.
-Та хоёр бага залуугаасаа танил уу?
-Үгүй. Гэхдээ Төв аймгийн хоёр. Би Баян сумынх, Б.Лхагвасүрэн Өнжүүлийнх. Намайг кино найруулж байх үеэс минь, Б.Лхагвасүрэнгээ би шүлэг, найргаар алдарших үеэс нь мэддэг болсон хоёр.
-Хэд хэдэн кино хамтарч бүтээсэн. Анхных нь “Алтан шонхор” уран сайхны кино байх. Кинонд хамтрах болсон түүхээсээ сонирхуулаач?
-Бид хоёрыг уран бүтээлээр дотносуулсан нь яах аргагүй “Алтан шонхор” кино. Түүх нь сонин. Тухайн үед Б.Лхагвасүрэн маань олон нялх хүүхэдтэй, өөрөө ажилгүй, хэцүүхэн байгааг нь анзаарсан. Уг нь, ЗХУ-д Кино урлагийн дээд сургуульд яваад ирсэн. “Уянгын тойрог” ном нь хэвлэгдчихсэн үе байсан.
Гэргий Баасангийнхаа цалингаар л гэр бүлээ болгож байсан үе. Тэгээд л Б.Лхагвасүрэнг кино зураг авалтад оролцуулъя, Тэвэнгээ баатрын дүрд тоглуулъя гэж шийдсэн.
-Таны саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Тухайн үед Б.Лхагвасүрэнгийнх зусланд гарсан байж. Тэгэхээр нь зорьж очоод “Түүхэн домгийн кино хийх ийм санаа байна. Тэвэнгээ баатрын дүрд чамайг тоглуулъя” гэсэнд их баяртайгаар хүлээж авсан. Тэр бүтээл л биднийг ойртуулж, дотносуулсан даа. Бид хоёрын киноны уран бүтээлийн хүрээний нөхөрлөл ингэж эхэлсэн. “Алтан шонхор“ киноны хээрийн зураг авалтыг Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэн тооно уулын орчимд авсан.
-Хамтын бүтээл цаашид хэрхэн үргэлжлэв?
-“Алтан шонхор” киноны хээрийн зураг авалт хоёр, гурван сар үргэлжилсэн. Нэг өдөр Б.Лхагвасүрэн “Жийгээ, би нэг жүжиг бичих санаатай. Нэр нь “Цусан гавьяа” гээд, үргэлжлүүлэн үйл явдлыг нь ярьж өгсөн. Тэгэхээр нь “Лхагвасүрэн минь, наадхаа жүжиг биш кино болговол дээр санагдаад байна” гэсэн. Ингэж л “Алтан шонхор” киноны хээрийн зураг авалт өндөрлөхөд “Хүн чулууны нулимс” киноны зохиол бичигдсэн түүхтэй.
-Үйл явдал яаж өрнөв. Зохиолыг кино болгоход таны сэтгэлд ч гэсэн сэдэв байгаад хоршиж дээ?
-Тэр сонирхолтой. Тухайн үед би бас чиг гайгүй албан тушаалтай байсан. Монгол кино үйлдвэрт уран сайхны удирдагч. Өөрөөр хэлбэл, Монгол кино үйлдвэрийн уран сайхныг хариуцсан орлогч дарга гэсэн үг. Халх голын ялалтын 50 жилийн ой болох гэж байсан шиг санагдана.
Би Москвад очиж “Мосфильм”- тэй хамтарч Халх голын байлдааны тухай хоёр ангит уран сайхны кино хийхээр бүх зүйл бэлэн болж, гарын үсэг зурж баталгаажуулах л үлдээд байлаа. Монголоос С.Дашдооров бид хоёр, Орос зохиогчид нь Анатолий Усов, Владимир Чебатарев нар байсан. Кинонд гардаг Монгол-Орос хоёр гол дүр хэлмэгдээд дуусдаг юм. “Халхын гол-1939” гэсэн нэртэй кино л доо.
Тухайн үед Халх голын дайнд оролцсон монгол дарга нарыг бараг л толгой дараалан хэлмэгдүүлсэн тухай өнөөдөр ч ярьж, бичиж л байна шүү дээ. Ийм хэлмэгдүүлэлтийн сэдэв агуулсан кино байсан. Маргааш ”Мосфильм” дээр гарын үсэг зурна гэж байтал над руу Монголоос утсаар ярилаа. Тухайн үеийн Соёлын яамны орлогч сайд Б.Борхондой Улаанбаатараас утсаар “ Хүүе, хүүе, Жийгээ. Наадхи зохиол чинь болохоо байсан шүү. Гарын үсэг зурж болохгүй” гээд хаасан.
-Та учрыг нь асуусан уу?
-Асуусан. Тэгсэн чинь “Наад кино чинь хэлмэгдүүлэлтийн сэдвийг хөнджээ. Монголд хэлмэгдүүлэлт байсан. Гэхдээ маш бага хэмжээнд. Хэлмэгдүүлэлт бол оросуудын асуудал. Хүмүүсийн сэтгэлд байгаа шархыг дахин сэдрээх хэрэггүй биз дээ” гэдэг тайлбар хэллээ. “Хэн шийдвэрлэв” гэхэд “Улс төрийн товчоо” гэсэн.
-Тийм үед л “Загатнасан газар маажив” гэдэг шиг “Хүн чулууны нулимс” киноны зохиол олдсон байх нь?
-“Хүн чулууны нулимс” кинонд дайны дэвсгэр дээр хэлмэгдүүлэлтийн тухай сэдвийг хөндөж гаргасан. Тэгэхдээ нэгэн гэр бүлийн хүрээнд бүхэл бүтэн улс орныг нөмөрсөн эмгэнэл, харууслыг л харуулахыг зорьсон юм. Та бүхэн анзаардаг л байх.
“Галзуу” Цэвэлийн нөхрийг буудсан хэсгийн кадрын араас цэргийн дарга нарын зураг гараад, буун дуу цууриатаад л байдаг. Тэдгээр зураг чинь Халх голын дайнд оролцохдоо хэлмэгдэж буудуулсан цэргийн дарга нар байхгүй юу. Цэрэн, Лувсандоной , хэн хэн ч билээ. Дандаа бодит хүмүүс. Зохиол дээрээ баримт түшиглэсэн. Дээр яриандаа өгүүлсэн.
-Баахан л асууж, шалгаасан байх?
-Монгол кино үйлдвэрийн Уран сайхны зөвлөл “Цусан гавьяа” зохиолыг алга ташин хүлээж аваагүй. Ерөнхийдөө, дурамжхандуу, болгоомжлох маягтай. Б.Лхагва сүрэнг маань тухайн үед олон хүн танихгүй. Яруу найрагч, “Уянгын тойрог” номтой. Дараа нь “Цусан гавьяа”- гаа Соёлын яамны уран сайхны зөвлөлд оруулахад олон хүн “жадлан” эсэргүүцсэн.
-Эсэргүүцэхэд онцгойлсон шалтаг шалтгаан байж таарна даа?
-Ганцхан, жишээ хэлье. “Цусан гавьяа” зохиолынхоо эхэнд Б.Лхагвасүрэн “Дайныг үзэн ядах сэтгэл намайг энэ зохиолыг бичихэд хүргэсэн юм” гэсэн байдаг. Уран сайхны зөвлөлийн нэгэн гишүүн, тэр өгүүлбэрийг уншчихаад “Үүний цаана ямар нэгэн санаа байна. Г.Жигжидсүрэн, Б.Лхагвасүрэн хоёр ийм үгээр халхавчлаад зохиолдоо ямар нэгэн санаа нуугаад байна” гэсэн.
-Батлуулах үед хэн юу хэлэв?
-Уран сайхны зөвлөлийг ахалж байсан хүн нь намайг дуудлаа. “Зохиолоо батлуулах өдөр Б.Лхагвасүрэнгээ битгий дагуулж ирээрэй” гэж шивнэх шахам хэлэв.
-Яагаад тэр билээ?
-Би бас тэгж асуусан. “Зохиолчоо авчрахгүй яах юм бэ” гэлээ. Тэгсэн , “Үгүй ээ, цаадхи чинь үс гэзэг нь хүртэл, гаднаасаа нэг тиймэрхүү нөхөр шүү дээ” гэдэг байгаа. Б.Лхагвасүрэн чинь яруу найраг бичдэг, үсээ ургуулсан байсан л даа. Костьюм өмсч, зангиа зүүгээгүй л байж. Гэхдээ л шинэчлэлийн салхи эргэсэн, цаг арай зөөлөрсөн үе.
-Хэн гэдэг хүн байв?
-Нэрийг нь хэлээд яахав дээ. Б.Лхагвасүрэн бид гурвуулаа л Төв аймгийнх юм даг.
-Киноны нэр өөрчлөгдсөн тухайд?
-Уран сайхны зөвлөлд “Цусан гавьяа” гэж юу гэсэн үг вэ. Наадхаа өөрчил гэсэн. Ингээд киноны зураг авалтын явц, төгсгөлд нь “Хүн чулууны нулимс” нэрийг өгсөн юм.
-Киноны зохиолч маань зохиолоо батлагдтал Уран сайхны зөвлөлөөр харагдаагүй юу?
-За, бараг харагдаагүй байх аа. Би өөрөө явсаар кино зохиолоо батлуулсан юм болов уу.
-Тэр үед нь Б.Лхагвасүрэн гуайд “Чамайг тэгж байсан” гэж хэлэв үү?
-Үгүй, үгүй, яах юм бэ, золиг.
-Өнөөдрийг хүртэл хэлээгүй юм уу?
-Хэлээгүй, хэлээгүй.
-Киноны төгсгөлд, хүн чулуу уйлдаг. Сонирхолтой шийдэл. Чулуунаас нулимс гараад л?
-Тэр хүн чулууг чинь цоолчихсон байхгүй юу. Хүн чулууг цоо шинээр хийлгэсэн юм. Хожим хулгайд алдаж, золиг болсон.
-Хаанаас тэр вэ?
-Кино үйлдвэрт л байсан. Ардчиллын эхэн үед болсон явдал.
-Чулуунаас нулимс гаргасан тухайд?
-Киноны төгсгөлд хүн чулуу нулимсаар биш цусаар уйлдаг юм шүү дээ. Хүн чулуу монголын түүх хүүрнэдэг бол мөн олон зүйл ярина даа. Хэлмэгдүүлэлтийн үеийн хүн чулуу уйлсан бол цусаар уйлах байсан гэсэн санаа.
-Уг кинонд Гавьяат жүжигчин агсан Б.Цэрэнпагма яах аргагүй л мундаг тоглосон доо?
-Гайхалтай тоглосон. Киноны зураг авалтыг Өвөрхангайн Бүрд сумын нутаг Их Монгол уулын арын элсэнд авсан юм. Б.Цэрэнпагма “Мандухай цэцэн хатан” киноны Мандухай хатны пробонд ороод завгүй байсан үе. Миний бодлоор бараг сүүлийн шатанд Н.Сувдтай үлдсэн байх шүү.
-Галзуу хүний дүрд хувирах амаргүй нь тодорхой?
-Б.Цэрэнпагмыг “галзуу” Цэвэлийн дүрд тоглуулах гэж багагүй зовоосон. “Шар хад”- ны сэтгэцийн эмнэлэгт аваачиж, тасгуудад нь хүртэл оруулж, судлуулсан. Нэг зүйлийг би гайхдаг юм. Цэрэнпагмын тэр нүдний харц. Мөн айхавтар шүү. Яах аргагүй, сэтгэлгээтэй, дотортой, авьяастай, том жүжигчний гаргаж чадах тоглолт. Үс, гэзэг сэгсийлгэх, хайваг, дайваг явах гээд галзуу хүний дүрийг гаргаж болохуйц зүйл бий гэхэд нүдний харц бол тэс өөр.
-Кинонд хар хорхойг амьдаар нь идчихдэг. Найруулагч нь хүчээр идүүлсэн гэсэн дам үг сонссон. Яг үнэн нь гэвэл?
-Уг нь баримлын шавраар баахан хар хорхой хийлгэсэн юм. Гэтэл ерөөсөө олигтой болдоггүй. Чулуу сөхөхөөр хар хорхой өчнөөн гарна. Тэгээд шууд “ид” гэсэн. Муу Цэрэнпагмынхаа үйлийг ч их үзсэн дээ. Зураг авалт дууссаны дараа Б.Цэрэнпагма надад хэлээ харуулсан. “Жийгээ, энийг хар даа” гээд. Хэл нь түлэгдээд, хавдчихаж. Тэр хар хорхойнууд чинь зажлахаар хүчил ялгаруулдаг юм байна. Тэгээд хөөрхий минь хэл нь түлэгдчихгүй юу.
-Та яриандаа Б.Цэрэнпагма надад их гоё үг хэлсэн гэж дурьдсан?
-“Жийгээ, би энэ дүрд Мандухайдаа тоглож байгаа юм шиг тоглоно” гэж. Их гоё үг шүү. Мөн кинонд Асалбай гэж зураглаач, мундаг ажилласан. Мэдрэмж сайтай, гэрэл түргэн тавина. Хүн чулууны цусаар уйлдаг хэсгийн зургийг 70-80 метр хойшоо ухарч, явсаар нисдэг тэргэнд сууж алсруулж авч байсан гэхээр ямар ур чадвартай нь тодорхой. Ердөө, ганцхан удаагийн оролдлогоор шүү. Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач О.Мягмар байна. Олон сайхан уран бүтээлчийн хамтын хөдөлмөрөөр бүтсэн бүтээл дээ.
-“Бүлээн нурам” сонирхолтой кино. Бас л адал явдал туулсан болов уу?
-Зовлон үзсэн, үзсэн. Энэ киногоор юу хэлэх гээд байгаа юм бэ. Монголчууд ийм бүдүүлэг гэж харуулах гээд байна уу гэлцээд... Бид хоёр тайлбарласан. “Энэ Монголын тухай биш ээ. Онц цаггүй домог. Африкт ч, Японд ч ийм зүйл байж болно” гэж зүтгэсэн.
Кинонд Ардын зураач, Төрийн шагналт Л.Гаваа гуай онцгой гавьяа байгуулсан. Киног дүрсээр амьдруулахад их нөлөөлсөн. Он цаггүй домог гэхэд хувцас нь эртний Грекийнх ч юм шиг. Тэгээд цацар байна. Зураачийн маань ийм шийдлүүд хамгаалж гарахад ач тус болсон.
-Таны найруулсан “ Эх бүрдийн домог” кино олон улсын уралдаанаас шагнал хүртсэн байх аа?
-Манай улсын киноны уран бүтээлчид гадаадад,олон улсын наадмуудад 1990-ээд оны дунд үе хүртэл оролцоогүй. Ардчилалд шилжсэн он цагуудад ийм боломж нээгдсэн боловч кинонуудынх нь чанар муудчихсан. С.Эрдэнэ, С.Дашдооров хоёрын зохиолоор Ж.Бунтар бид хоёрын найруулсан “Эх бүрдийн домог” кино 1975 онд Карловы-Варын олон улсын наадмаас тэргүүн байрын шагнал хүртсэн нь анхных.
-Цуврал кино хийе гэсэн бодол хэзээнээс төрөв?
-“Хүн чулууны нулимс” киног бүтээх явцдаа л цуврал болгох санаа төрсөн. “Бүлээн нурам”, “Амин мөр” гэсэн цуврал гурван кино хийхээр бодсон. Хэлмэгдүүлэлт, цус ойртолт, архидалт гурав л монгол үндэстнийг мөхөөх аюултай гэдгийг сэрэмжлүүлэх санаатай.
-Таныг “Монгол тулгатны 100 эрхэм”-д оролцооч гэж урив уу?
-Өнгөрсөн хавар Б.Лхагвасүрэн намайг “Монгол тулгатны 100 эрхэм”-дээ оролцуулах тухай хэлсэн шүү. Би “Тэр томчуултай эн зэрэгцээд яах вэ”. МҮОНТ-ээр байнга гараад хүмүүсийн дургүйг хүргэж байхад” гэсэн. /инээв/
-Б.Лхагвасүрэн гуай хүмүүсийг урихаар зарим нь цааргалаад гэж ярьсан. Та тунирхсан хүмүүсийн нэг байх нь?
-Тунирхах ч юу байхав. МҮОНТийн зөвлөх найруулагч учраас дуртай зүйлээ л хийгээд явна. Байнга хөтөлдөг нэвтрүүлгүүдээсээ “Одод тохиох мөч”, “Дэлгэцийн бурхад” зэргийг авсан.
-Танд олон хүн номоо дурсгасан гэсэн. Гарын үсэг зурахдаа бичсэн мартагдаагүй үг гэвэл?
-Б.Лхагвасүрэн маань шинэ ном хэвлүүлэх бүртээ надад дурсгана. Нэг номондоо бичсэн шүлэг нь мартагддагүй юм. Мөн зохиолч Ч.Чимид “Магеллан хаагуур гарсан бэ” туужийн номдоо “Жигжидсүрэн дүүдээ: Магеллан өөрийнхөө замаар чигээрээ явсаар дэлхийг тойрсон” гэж бичиж өгсөн нь мартагддаггүй юм. Мундаг хэлсэн байгаа биз.
-Нэрт кино найруулагч, уран бүтээлч хүнтэй уулзсаных сүүлийн үед туурвиж буй зохиол бүтээлээс нь асуухгүй өнгөрч болмооргүй санагдлаа?
-Баримтат уран сайхны киноны төрлийг нутагшуулахыг эрмэлзэж байна. “Хүннү гүрэн”, “Их Д.Нацагдорж” зэрэг хэд хэдэн бүтээл хийсэн. Үүнийгээ орхигдуулахгүй санаатай. Дэлхийд тархсан монголын өв соёлын үнэт бүтээлүүдийн тухай баримтат уран сайхны кино хийхээр ажиллаж байна.
Эхнээсээ материал, баримтууд бэлэн болсон. Хятад хэлний орчуулагч, түүхч, доктор Я.Ганбаатартай хамт өнгөрсөн жил БНХАУ-ын Бээжингийн орчимд байдаг монголын түүхтэй, холбоотой Хубилай хааны Хаш бумба, Хаадын сургууль, Өндөр гэгээн Занабазарын жанч халсан сүм гэх мэт 26 газраар орж, зураг авалт хийлээ.
Цагаан хэрмийг Монголчууд бараг л арван хуруу шигээ мэднэ гэдэг. Гэтэл тийм биш. Цагаан хэрэмний зүүн хойд хаалган дээр Цавчаал боомт гэж байжээ. Тэнд Монгол-Хятадаар бичсэн түүхэн бичиг байна. Хүмүүс мэддэггүй юм билээ. Я.Ганбаатар маань БНХАУ-д таван жил Элчин сайд, ӨМӨЗО-ны Хөх хотод гурван жил Консулаар суусан.
Энэ хугацаандаа хятад хэл, түүх, түүний дундаас Монгол Улстай холбоотой өв соёлын зүйлийг их судалсан эрдэмтэн. Ийм сайхан хүнтэй хамтарч 5-6 жил ажиллаж, “Хүннү гүрэн” баримтат киног бүтээсэн. Бээжин орчмоос олж ирсэн баримтаараа 8-9 цуврал аян замын тэмдэглэл маягийн кино хийх байх. Эхний бүтээлээ Цагаан сарын өмнө олон нийтийн хүртээл болгох бодолтой сууна.
-Түүхтэй, өв соёлтой холбоотой өөр ямар бүтээлийн санаа байна вэ?
-Нэг сайхан баримт байна. 1945 онд болсон ЗХУ, АНУ, Англи гэсэн гурван том гүрний Яалтын хэлэлцээрийн тухай юм. Энэ хэлэлцээрээр л Монголын өнөөгийн газар нутгийг авч үлдсэн шүү дээ. Маш чухал хэлэлцээр. Туурвих бүтээл маань “Тусгаар тогтнол аминаас үнэтэй” нэртэй.
1945 он хүртэл олон улсын тавцанд Монголыг тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь хэд байлаа гэх мэтээр бодох зүйл бий. Яалтын хэлэлцээрийн 70 жилийн ой 2015 онд тохионо. Тусгаар тогтнолын тухай, Яалтын хэлэлцээрийн тухай бид дуугарах цаг болсон. Түүхчид, эрдэмтэн, судлаачдын тухай олон цагийн бичлэг авчихсан.
Түүнийгээ зураг, дүрслэлээр баяжуулахгүй бол ярилцлагаар хүмүүст хүрэх нь дульмаг санагдаад байна. Монголын тусгаар тогтнолд АНУ хэрхэн нөлөөлсөн талаас дипломатч, түүхч Р.Болд, Монгол Улсын тусгаар тогтнолд БНХАУ хэрхэн хандсан тухай түүхч Ц.Батбаяр, ЗХУ, Монголын тусгаар тогтнолд хэрхэн нөлөөлсөн талаар Төрийн шагналт, түүхч О.Батсайхан нарын дэлгэрэнгүй ярьсан 6-7 цагийн бичлэг байна.
Үүнийгээ баримтжуулж, дүрсжүүлэхэд санхүүгийн хүндрэл тулгарчихаад л сууна.Архивын материалууд ч олдохоор шинжтэй. Олон улсын тавцанд маш хэрэгтэй зүйл. Өдий насанд иймэрхүү л зүйлээр оролдох юм байна шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Дорж
Эх сурвалж:

Сэтгэгдэл0
setgel mash ondor bna. amjilt husie!!! tsavchaal boomtiin ter bichig ni yu gesen bdag yum boloo? Aguu ih Chinggis khaanii huleg baatar Zev janjin ter boomtiig nuraaj yavsan bilee....
Жигжидсүрэн найруулагчдаа урт насалж удаан жаргаж уран бүтээлийн арвин их амжилттай байхыг ерөөе. Таниар үргэлж бахархаж таны хэлэх үг ярилцлагыг шимтэн үздэг шүү. Та Монгол тулгатны 100 эрхэмд заавал оролцоорой тэр ярилцлага ямар гоё болох бол гэж бодсон чинь сайхан сэтгэгдэл төрж байна шүү.
улам ихийг хийж хойч үЕдээ үлдээнэ гэдэг л чухал ач холбогдолтой байхаа . Таны цаашид хийж бүтээх ажилд тань амжилт хүсч байна .
Танд амжилт хүсье. Наад тусгаар тогтнолын сэдвээ мэдэх улсууд нь одоо дуугарах цаг аль хэдийн болсоон. Тэгэхгүй бол энэ АН-ынхан Баабар, Батүүл сосорбарам нар түүхийг гуйвуулж гүйцлээ. Та нар дуугарахгүй болохоор даварч бн шүү дэ.
Hun dooshoo hiij uuriiguu magtsan hun enuugeeree l duusah yum daa.Lhagvasuren guaig naiz geed l urd taliin amidraliig ni gutaagaad yarichih yum daa.Ene bol mongol aranshin.
хаана гутаачихаад бна эргүү мал вэ хэр сайн мэддэг гэж чи ингэж бичив
Tserenpagmad baahan horhoi iduuljiheed arhind orood gundaj yavahad ta saihan ug helsen bol tanii ugend oroh l baisan baih daa....... Haravaas muu hun.
хүнийг хараад л шууд энэ нь сайн тэр нь муу г нь мэддэг чи хэн бэ аль газрын үзмэр ч вэ чамайг бодвол хийсэн,хийсэн юм нь ард түмэндээ ч хүрсэн юмтай хүн юмаа л ярьж бна шд. Чиний тэр хүнийг хараад л цэнзүүрлдэг хялар нүдийг чинь нэг хархымсан...
хорхой иддэг дүрийг үзээд айдаг байж билээ сэтгэлээ харамгүй зориулдаг байждээ урьд цагт
Mongol 100 erkhemd zaaval orooroi !!!!!! Taniig khuleej bgaa Shuu .
amjilt hvsey ylam ihiig hiij bvteegeerei Tanid chadal bii yragshaa
Mundag hun yum aa. Tand az jargal hus;e.
Өнөө үед хийж бүтээж байгаа хүний тухай бараг дурьдахаа больсон. Жигжидсүрэн гуайн хийж бүтээж байгаа зүйл нь ёстой эерэг энерги өгөх шиг боллоо. Амжилт хүсье.
Zaluuchuudaa demjij yavah heregtei dee. Tserenpagma-iig her demjsen um boldoo. Khun muutai baidal haragdaj baina daa.
Цэрэнпагма ч мундаг жүжигчин дээ.Юун "ам"Сувдаа энэ тэртэй зүйрлэх ч юм биш.
Сайн байцгаана уу? Жүжигчин гэдэгт Цэрэнпагма л эрэмбэлэгдэж зиндаархаж очнодоо. Аргагүй л, ясны жүжигчин, яг л, Ням-Осор гуай шиг, Цэвээнжав гуай шиг. Заяа төөрөг, Хувь тавиланд нь хийх зүйл нь "жүжигчин" хэмээгээд цадиглааст.