sonin.mn

Монгол Улсын ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Г.Хайдавтай ярилцлаа.
    
-Хоёулаа эрүүл мэндийн сэдвээр ярилцая. Улсын баялаг нь хүн. Хүний баялаг нь эрүүл мэнд гэдэг шүү дээ.

-Маш зөв сэдэв. Ийм чухал асуудлаар 90 нас шүргэх шахсан надтай ярилцаж, санаа бодлыг маань хуваалцаж байгаад их баярлаж байна. Ерөөсөө хүн эрүүл аж төрж, урт наслах нь юуны өмнө ээж, аавтай нь холбоотой. Эхийн хэвлийд үр удам чинь бүрэлдэж эхлэх тэр мөчөөс л энэ улсын ирээдүйн иргэний, эзний төлөө санаа тавьж эхлэх ёстой юм.

Жирэмсэн эх элдэв төрлийн хоол, хүнс, болсон болоогүй жимс, ундааг тэвчих ёстой. Тамхины утаанаас хол байж болж өгвөл эрүүл агаарт ойр ойрхон гарч, өөртөө тохирсон дасгал сургууль хийж биеэ чийрэгжүүлж хэвших хэрэгтэй. Эрүүл хүнээс л эрүүл хүн төрнө. Иймд нөхрөөс нь гадна ойр дотных нь хүмүүс бүгдээрээ тэр тулгар биетэй эхэд туслах хэрэгтэй.

Ялангуяа нөхцөл байдал нь гамшигийн хэмжээнд хүрсэн улаанбаатарчуудад энэ асуудал бүр их хамаатай. Тархины даралттай, элдэв эмгэг согогтой хүүхдүүд олноор төрөх болсон нь ерөөсөө жирэмсэн байхдаа биеэ хайхраагүйн үр уршиг шүү дээ. Өнөөдөр эрүүл мэндийн боловсрол олгох асуудал ямар хэмжээнд яригдаж байна вэ. Би хангалтгүй гэж хэлнэ.

Засгийн газар, салбарын яамны зүгээс шат шатны эрүүл мэндийн үйлчилгээний газруудаараа дамжуулан эрүүл мэндийн сургалт сурталчилгааг тогтмолжуулмаар байна.



-Та одоо ч тэнхлүүн сайхан, чийрэг байна. Багаасаа л эрүүл ахуйн горимыг зөв сахисантай холбоотой юу?
 

-Цэлмэг тэнгэр, цэнгэг агаарт төрж, эхийнхээ уургийг хөхөж өсч бойжсон минь чухам л аз юм даа. Мянга мянган жил биднийг тэжээх мал сүргийн дунд бага насаа өнгөрөөсөн, би. Зургаан нас хүртлээ хөл нүцгэн явсан гэвэл одоогийн багачуул үнэмших болов уу даа. Хөдөө нутгийн хөрс шороо гэдэг чинь тэр аяараа л хүний биеийг эрүүлжүүлэн чийрэгжүүлэх “аппарат” гэсэн үг.

Би хүйтэн өдөр ч гэсэн үхрийн халуун өтгөнд хөлөө дүрчихээд мордоод давхичихдаг байлаа. За тэгээд идэж, уух маань ч утга учиртай. Зун махны бараа харсан нь ховор доо. Дандаа л ааруул, тараг. Бие хөнгөн гэж жигтэйхэн. Одоогийн элдэв витамин, ундаа, жүүстэй зүйрлэхгүй амин тэжээлтэй хярам, цийдэм л ууна. Энэ бүхнийг л миний өдий зэрэгтэй яваагийн ач тус гэж боддог.

Өөрөөр хэлбэл эрүүл саруул, урт удаан амьдрах хөрс сууриа багадаа тавьсан гэсэн үг. Миний удамд 117 насласан хүн ч бий. Тэгээд бодохоор зөвхөн би ч биш манай монголчууд эрүүл аж төрж, урт наслах боломжтой улс.



-Ямар цай уудаг вэ. Ер нь эрүүл хооллохтой холбоотой өөрөө бий болгосон жор бий биз?

-Ер нь сүү ихтэй цай уудаггүй. Давстай бол бүр цээрлэнэ. Элдэв найрлагатай жүүс ундаа амсдаггүй. Голдуу хярам, цийдэм, буцалсан ус уудаг. Өглөө өлөн элгэн дээрээ нэг аяга буцалгаж ширгээсэн ус. Заримдаа зөгийн бал хийнэ. Өдөр, орой нийлээд 3-4 аяга хярам уудаг. Халуун өдөр хэмжээг нь арай нэмдэг. Гэхдээ их халуунд ам хичнээн цангаж байсан ч аяга аягаар нь залгилдаггүй. Хоолны хувьд орчин үеийн хоол нэртэй хорыг иддэггүй. Төрөл бүрийн амтлагч, өвс ногоо ямар их орж ирдэг болоо вэ. Өөх багатай гурилтай шөл л сайхан. Долоо хоногт нэг удаа өглөөнөөс орой болтол хэлэн дээрээ юу ч тавьдаггүй. Мацаг барьж байгаа нь тэр.



-Ер нь эрүүл амьдрана гэдэг нарийн ухаан. Үүнтэй холбоотой таны философи юу вэ?

-Аливаа юмыг хэтрүүлж болохгүй. Унтаж бүү хэтрүүл, уурлаж бүү хэтрүүл, идэж бүү хэтрүүл. Энэ бол аав ээжээс минь уламжилсан миний философи.



-Нас явах хэрээр уураг тархины чадавхи буурдаг. Гэхдээ настай хүмүүсийн тухайд ой ухаанаа сайжруулах ямар боломж байдаг вэ. Таны бодлыг сонсоё.

-Чи өөрийгөө хямарч байна гэж бодож байвал хамгийн түрүүнд тайвширч сурах хэрэгтэй. Ухаантай хүнтэй ярьж зөвлөх, ном унших, дотоод сэтгэлийн хүчээр стрессээ ялан дийлэх чадварт суралц. Уур бухимдал хүнийг амархан хөгшрүүлдэг. Хөгшрөнө гэдэг чинь ой санамж муудахын эхлэл. Оюуны чадавхиа бууруулахгүйн тулд шатар тоглох, ухаан сорьсон, эргэцүүлж бодуулсан ном унших хэрэгтэй.

Шал дэмий шар сонин уншиж, кино үзэж толгойгоо хэрэгцээгүй мэдээллээр дүүргэх ямар ч шаардлагагүй. Би өдий болтол үсээ будуулж үзээгүй. Гэтэл нэг сонинд “Хайдав гуайн үс гялалзаад байдаг нь үсээ будсаных" гэж бичсэн байсан. Халх монголын хүн байж тэр химийн хорыг үсэндээ түрхэнэ гэж үү дээ. Хэрэв үс маань өнгөтэй өөдтэй харагдаж байгаа бол саяны хэлдэгтэй л холбоотой гэж ойлгоорой.



-Архи, тамхины талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Би хувьдаа архи уудаггүй, тамхи татах нь бүү хэл татсан хүний дэргэд ч байх дургүй. Залуучууддаа захихад архи, тамхийг болж өгвөл хэрэглэмээргүй байна. Эрүүл хүнээс эрүүл хүн мэндэлдэг шиг архи уудаг эцэг, эхийн үр удам ямар байх нь ойлгомжтой. Цаанаасаа л архинд дуртай хүн байдаг гэдэг. Магадгүй. Цусанд нь тэр аюулын элемент байгаа болоод л тэр. Архи хүний генид өөрчлөлт оруулах хүчтэй эд.

Аюултай байгаа юм шүү. Хийх ажилгүй болоод архи уугаад байна гэх юм. Юу гэсэн үг вэ. Санаачлаад хийвэл ажлаас их юм алга байна шүү дээ. Өвгөн надад хүртэл залуусан бол ийм ажил хийж, тийм зүйл санаачлах байсан гэж бодогдоод байхад сайхан залуучууд “Ажилгүй юм чинь архи уухад яадаг юм” гэх ухааны эрүүл биш юм яриад л...



-Хөдөлгөөнийг эрүүл амьдралын үндэс гэдэг. Та одоо ямар дасгал сургууль хийдэг вэ?

-Би одоо 90 нас өнгөрөөд явж байна. Өдий болтол хөл гарын өвчингүй яваа нь биеийн тамираар хичээллэж байсны ач. Таван давхар руу бараг амьсгаадалгүй гарч чадна. Хөдөлгөөний л ач. Залуудаа зун нь гүйлтээр, өвөл нь тэшүүрээр хичээллэдэг байсан юм. Гайгүй сүрхий тамирчин байлаа. Эх орны дайны үед Зөвлөлтөд суралцаж байхдаа тэшүүрийн тэмцээнд ороод сургуулийнхаа 60 гаруй хүүхдээс 7 дугаарт ирж байсан. Муугүй амжилт байгаа биз. Мөрдорж гуай харин “Чи монгол хүн байж ядаж айргийн тавд ирж чадсангүй” гэж зэмлэж байсан.



 -Одоо гүйдэг үү?

Одоо бол тодорхой цаг минутаар бодибилдингээр хичээллэдэг. Манай гэрт Германы бодибилдингийн хэрэгсэл байдаг юм. Өглөө оройд биедээ нэг их ачаалал өгөхгүй шиг дасгал хийдэг. Хэтрүүлж болохгүй шүү дээ. Настай хүн зүрхэндээ хэт их ачаалал өгөх буруу. Түүнээс гадна унаанд суух дургүй, болж өгвөл явган алхдаг.


Эх сурвалж: “Геологи Уул Уурхайн Мэдээ”