sonin.mn


Одоогоос дөрвөн жилийн өмнө манай нийт хүн амын 35.2 хувь нь ядуу амьдарч байгаа статистик дүн мэдээ гарч билээ. Харамсалтай энэ үзүүлэлт өнөөдөр өссөнийг судалгаа өгүүлж байна. Зарим улстөрчдийн ярьж буйгаас үзвэл монголчуудын маань 70-аад хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдарч байна. Ийм түвшинтэй улс орны нийгмийн нөхцөл байдал ямар байх нь дэндүү ойлгомжтой. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ ядуучуудын “армид” шүргэх төдий л үзэгдэнэ. Аль ч улс орны ирээдүй хүнийхээ хөгжлөөс л хамаардаг гэдэг логикоор бол Монголын ирээдүй өнөөгийн бараан саарал дүр зургийн үргэлжлэл байх магадал байна. Аймшигтай санагдахгүй байна гэж үү?

 


2011 онд 6-14 насны 4.4 мянган хүүхэд сургууль завсардсан статистик мэдээ ширээн дээр минь байна. Мөн өнгөрөгч онд 200 хүүхэд орон гэрээсээ дайжиж, 100 хүүхэд
хараа хяналтгүй тэнэмэл амьдарч байгаа тухай албан ёсны баримт ч цагаан цаасан дээр хараар бичсэн өдрийн тэмдэглэл шиг эмгэнэлтэй еэ дурайна. Алтны компаниудын буруутай үйл ажиллагаанаас болоод хатаж ширгэж буй гол, нууртай адил амьдралын боломжгүйгээс сургууль завсардсан хүүхдийн ирээдүй услахгүй хаясан цэцэг шиг хатаж гандахад бэлэн болжээ.

 

Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, бодлого боловсруулдаг төрийн болоод төрийн бус байгууллага манай улсад байдаг. Бүр хангалттай. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлдэг гээд бодохоор хүүхдэд тавих анхаарал халамж бодлогын өндөрт түвшинд хэрэгждэг нь харагдана. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар болон Японы Хүүхдийг ивээх сан зэрэг төрийн болон, төрийн бус байгууллагын статустай байгууллага хүүхэд хамгааллын чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж ирлээ.

 

Нэг жишээ татахад л өнгөрөгч онд Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хамгааллын үйлчилгээг орон нутагт, анхан шатны нэгжид хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Монгол Улсын Шадар сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээнд “...Олон нийтэд түшиглэсэн хүүхэд хамгааллын үйлчилгээг холбогдох байгууллагуудаас дэмжлэг авч өргөжүүлэх” тухай асуудлыг онцгойлон тусгажээ.

 

Үүнтэй холбогдуулан анхан шатны нэгжид хүүхэдтэй ажиллагсдад зориулан мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар, Японы Хүүхдийг ивээх сан, МУБИС-ын Боловсрол судлалын сургууль, АНУ-д Нийгмийн ажлын чиглэлээр төгсөгчдийн сүлжээтэй хамтран бүсчилсэн сургалтыг орон даяар зохион байгуулсан байна.

 


Энэ мэт хүүхэд рүү чиглэсэн арга хэмжээ авч байгаач бүр мөсөн алга болох болоогүй байна. Яагаад сургууль завсардалт байсаар байна вэ? Яагаад тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхлэх хүүхдийн тоо анзаарагдам цөөрөхгүй байна вэ? Өнөөдөр мянга мянган хүүхэд хүнд хөдөлмөр эрхэлж байгаа тоо баримт юу өгүүлнэ вэ? Үүнийг би хувьдаа ядуурал, түүний үндэс суурь болсон ажилгүйдэлтэй холбож үзэж байна. Хэдийгээр төр засаг ажилгүйдэл буурч байна гэж байгаа боловч энэхүү эмзэг үзэгдэл тэдний дурдсан тоо баримт шиг нийгэмд шууд анзаарагдахгүй байна.

 

Ажилгүйдэл буурсан юм бол яагаад ядуурал буурахгүй байна вэ гэдэг асуулт зүй ёсоор урган гарч ирж таарна. Өнөө маргаашийн идэх хоолоо яая гэж байгаа хүмүүс юун сургууль соёл. Ингээд л үр хүүхэд нь амьдралын боломжгүй гэдэг шалтгаанаар сургаалиа мартаж байгаа юм даа.
...Судалгаанд хамрагсдын эцэг эх, багш нар сургууль завсардалтын хамгийн гол шалтгааныг ядуурал гэж үзэхийн зэрэгцээгээр гэр бүлийн амьжиргаанд тус нэмэр болох үүднээс мал маллах болсноор сургууль завсарддаг гэж хариулсан байна.

 

Улаанбаатарт судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхчүүд нь орлогын буюу амьжиргааны тогтсон эх үүсвэргүй байв. Улаанбаатарын судалгаа явагдсан бүхий л дүүргүүдэд томоохон хэмжээний зах байрладаг тэдгээр захуудад ихэнх сургууль завсардсан хүүхдүүдийн эцэг эхчүүд нь ажилладаг аж. Мөн сургууль завсардсан хүүхдүүд ч дээрх нэр бүхий захуудад машин угаах, манах, ТВ-ийн мэдээ зарах, тэрэг түрэх, ширхэгийн тамхи, шархны боолт зарах, микро автобусанд кондуктор хийх зэрэг хөдөлмөр эрхэлж байна.

 

Ярилцлагад оролцсон эцэг эхчүүд ч мөн адил тэдгээрийн хүүхдүүд сургуульд суралцаж чадахгүй байгаагийн шалтгааныг ядуурал гэж үзэж байв. Хүүхдүүдтэй ярилцсан фокус бүлгийн ярилцлагын үеэр “Та нарт юу чухал байна вэ" гэж асуухад олонхи хүүхдүүд дулаан гутал, хувцас, хичээлийн хэрэгсэлтэй болохыг хүсэж байна гэж хариулжээ.


1 Жишээ :
Би гурван хүүхэдтэй. Нөхөр маань хүнд өвчтэй. Эднийгээ авч явах гэж хэрэндээ л нойр хоолгүй зүтгэх юм. Төрсөн ах маань хөдөө мал малладаг. Тэр маань л бидэнд ганц тус болдог хүн дээ. Гэтэл зуднаар ихэнх малаа алдсан. Одоо өөрийгөө яая гэж байна. Амьдрал бүр хэцүүдсэн. Харин аз болж Бигэрт алтны орд газар илэрч 13 настай том хүүтэйгээ явахаар зориглосон. Амьдралын эрхээр л хүүгээ сургуулиас гаргасан хэрэг шүү дээ. Ханиа хүнд өвчтэй байхад нь асарч тэтгэх нь миний үүрэг биз дээ. /Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Бадам/
Миний бие 2011 оны 9 дүгээр сард тус аймагт томилолтоор ажиллаж байх үедээ дээрх яриаг өрнүүлж билээ. Энэ бол цэвэр ядуурлаас үүдэлтэй сургууль завсардалтын жишээ юм.

 


Түүнээс гадна орон нутагтаа амьжиргааны эх үүсвэрээсээ салсан иргэдийн хот руу тэмүүлсэн их нүүдэл сургууль завсардах нэгэн нөхцөл болж байна.
Үүнээс болоод сургуулийн ачаалал ихэсч, анги дүүргэлт стандарт хэмжээнээс хол давсан, шинээр сургууль барих тал дээр тодорхой ахиц гарахгүй байна. Үүнтэй холбоотой нэгэн жишээ татая "Алтан-Өлгий" оршуулгын газрын хашаанд хэд хэдэн Хүүхдүүд хөөцөлдөн тоглож байлаа. Хамаг хөлс нь гарчихсан. Хөвгүүд охид руугаа чулуу шидэж, нөгөөдүүл нь зугтах юм. Яагаад тэнд тоглож байгааг нь тодруулахад нэг шар банди "Бид нар сургуульд явдаггүй юм аа. Энд цагаа өнгөрөөдөг юм" гэлээ. 10 орчим настай Н.Энэрэл охиноос зарим зүйлийг тодрууллаа.



-Оршуулгын газар тоглохоосоо айхгүй байна уу?

-Юунаас айна гэж.



-Сүнс, бас муу энергитэй газар тоглоход эвгүй биш үү?

-Үгүй. Энд сүнс байдаггүй юм. Таны сүүдэр чинь л сүнс шүү дээ. Бид дасчихсан.



-Гэр чинь хаана байдаг юм. Харих болоогүй юу?

-Тийшээ (баруун зүгийг заав). Угаасаа манай энд тоглох газар, явах сургууль байдаггүй. Жаахан тоглож байгаад харина гэж хээв нэг хариулчихаад явчихав.
Тэнд тоглож байсан хүүхдүүдийн дийлэнх нь Баянзүрх дүүргийн XXII хороонд харьяаллагддаг аж. Дулааны улиралд хүүхдүүд өдрийг оршуулгын дэргэд тоглож, өнгөрөөдөг байна. Тэд "Сурах сургууль байхгүй байхад хаана сурах вэ дээ" гэж том хүн шиг хэг ёг хийнэ. Баянзүрх дүүргийн XXII хороо нь 2007 оноос тусгаарлан гарсан шинэ хороо юм.

 

Нийт 400 орчим га талбай бүхий газарт, 13 мянгаад хүн амтай. Тэдний ихэнх нь гэр хороололд амьдардаг. Харин хорооны хэмжээнд нэг ч сургууль, цэцэрлэг байддаггүй аж. Иргэн Д.Ханд "Манай бага хүү урагшаа хоёр км гаруй алхаж байж, сургуульд явдаг. Сонгуулиар сургуультай болгоно гээд амлаад байсан. Сураг алга. Уг нь хорооны хажууд цэцэрлэг барьж байгаа. Хэзээ ашиглалтад орох юм бүү мэд" гэлээ.

 


2008 онд УИХ-ын сонгуульд XXII тойрогт нэр дэвшсэн Ц.Батбаяр мөрийн хөтөлбөртөө шинээр сургууль, цэцэрлэг барих тухай оруулсан юм билээ. Ц.Батбаярын мөрийн хөтөлбөрт Баянзүрх дүүргийн XXII хороонд цэцэрлэг, сургууль барина гэж тодорхой заасан гэдэг. Гэтэл бараг таван жилийн хугацаа өнгөрчихөөд байхад тус хороонд нэг ч сургууль, цэцэрлэг үгүй байна.

 


12 настай хүү Н.Мөнхбаяр "Намайг 10 настай байхад гэрт ойрхон сургуультай болно гэж ээж ярьдаг байсан. Би одоо 12 настай ч өөр хорооны сургуульд явсан хэвээр байна” гэлээ. Энэ талаар XXII хорооны Засаг даргаас нь тодруулах гэсэн боловч томилолтоор явсан байлаа. Тус хорооны зохион байгуулагч С.Туулмөрөн "Солонго гэдэг нэртэй цэцэрлэг баригдаж байна. Хичээлийн шинэ жилээр ашиглалтад орох байсан ч мэргэжлийн хяналтын газар хүлээж аваагүй байгаа. Одоогийн байдлаар сургууль баригдана гэсэн юм алга" гэлээ.

 


Зарим хүүхэд өөр хорооны сургуульд сурдаг байна. Гурав км орчим алхаж байж, сургуульдаа очих аж. Сургууль, цэцэрлэггүй байна гэдэг хорооныхны хувьд хүнд асуудал болжээ. Тэд Засаг даргадаа энэ талаар нэлээд санал, хүсэлт тавьдаг байна. Иргэн Н.Долзод "Манай хүү сургуулиас завсардсан. Өөр хорооны сургуульд явуулъя гэхээр төвөгтэй. Орон тоо гүйцсэн гээд авахгүй юм. Сонгууль болохоор л хэдэн гишүүд ард иргэдэд сайхан амлалт өгч, хуурдаг. Тэр олон сайхан амлалт яахав. Бидний хүүхдүүдийг сургах сургуультай л болгочихвол баярлана" гэлээ.

 


Энэ хоёр жишээгээр би ядуурал сургууль завсардах гол шалтгаан гэдэг санаагаа илэрхийлэхийг зорьсон юм. Төр засаг ажлын байр бий болгох чиглэлээр далайцтай ажиллахын оронд бага хэмжээний бэлэн мөнгө тарааснаар ядуурал буурахгүй ээ. Ажилгүйдэл буураагүй цагт ядуурал сүүдэр мэт дагаж явах нь хууль. Ядуурлаас гараагүй цагт сургууль завсардалт зогсохгүй ээ. Монголын ирээдүйн төлөө сургууль завсардах үзэгдлийг арилгая.

Жич:
Иш татсан эх сурвалжууд: - “Өглөөний сонин” -“Өнөөдөр сонин” -“Өдрийн сонин" -Үндэсний статистикийн газрын мэдээлэл
-Нийслэлийн Засаг даргын тамгын газрын тайлан -Хүүхдийн төлөө газрын мэдээлэл -Niigem.mn


Д.Дорж
Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ”