sonin.mn
Монголын эзэнт гүрний нийслэл хотын хувьд Хархорум нь дундад зууны үеийн төв Азидаа л томоохонд тооцогдох аж байдлын олон хэлбэр нэг дор бөөгнөрөн төвлөрсөн газар байжээ.
 
Аливаа шинэлэг, таньж мэдэхгүй зүйлд туйлын нээлттэй, хүлээцтэй ханддаг Монголын хаадын дэмжлэгтэйгээр Хархорум 140 жил оршин тогтносны 40 жил нь Эзэнт гүрний нийслэл байсан бөгөөд ХIII-ХIV зууны хамгийн олон янзын соёл, цаг үеийн урсгалууд хоорондоо тохирон зохицсон газар байсан гэдэг. Их Эзэн Чингис хааны үед эхлэл нь тавигдаж, Өгөөдэй, Гүюг, Мөнх хаадын үед цэцэглэн хөгжиж байгаад 1260 он буюу Хубилай хааны үөэс нийслэл байхаа больсон энэ хот  XVI зууны сүүлчээр Батмөнх Даян хааны ач хүү, Абтай сайн хааны Ар халхад бурханы шашин дэлгэрүүлэх үйлсийг хөхиүлэн дэмжих бодлогын хүрээнд эртний их нийслэл Хархорумын ор суурин дээр Ар халхын анхны хийд Эрдэнэ зуу 1586 онд үндэслэн байгуулагдсан ажгуу.Их Монголын нийслэл Хархорумын голомт нутаг өнөөдрийн Хархорин сум нь 15 мянган хүн амтай, газар нутаг, МАА, үйлдвэр үйлчилгээ, аялал жуулчлал голлон хөгжсөн Хангайн бүсийн тулгуур төв болон хөгжин дэвжиж байна. Арвин баялаг түүхтэй Хархорум нутгийнхаа хөгжлийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, хийж бүтээхийн төлөө зорилгоо нэгтгэж яваа сэхээтнүүдийн нэг бол “Мэдрэлийн” гэх тодотголтой Г.Баясгалан эмч юм.
 
...Тэртээ 80-аад оны дундуур тухайн үеийн АУДэС-ийг төгсөөд тус сумын нэгдсэн эмнэлэгт дотрын эмчээр томилогдон ирснээс хойш даруй 30-н хаврыг угтаж, намрыг үджээ. Амбулаторит мэдрэлийн нарийн мэргэжлийн тусламжийг жилд дунджаар 3000 гаруй хүн ардад хүргэж, шаардлагатай тохиолдолд хэвтүүлэн эмчилж, дээд шатлалын эмнэлэгт илгээх зэргээр цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн түүнийг ард олон нь алтан гарт, авьяас билэгт Баясаа эмч хэмээн хүндэтгэн нэрийдэх бөлгөө. Хөдөө орон нутагг тогтвор суурьшилтай олон жил ажилласан, мэргэжил ур чадвар сайтай, зорьсондоо хүрэх эрмэлзлэлтэй, аливаад дайчин шударга ханддаг, хамт олны төлөө гэсэн сэтгэлтэй, зарчимч, ухаалаг энэ эмэгтэй Хархорин НЭ-ийн анхны эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллахдаа эмчилгээ оношилгооны стандарт, түүх бичилт, эмийн захиалга, анхан шатны бүртгэлийн маягтын стандарт хөтлөлт, дотоод хяналт, долоо хоног бүрийн эмч нарын тойрон үзлэг зэрэг олон ажлуудыг ном горимд нь оруулж чаджээ. Хувь заяаны соньхон тохиолоор одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2004 оны Их хурлын сонгуулийн сурталчилгааны үеэр АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт, Бадамдамдин, З.Энхболд нарыг дэмжиж ажиллах явцдаа биеийн байдал гэнэт муудахад тусламж үзүүлэн Хархорин НЭ-ийн мэдрэлийн эмчийн хувьд эмийн эмчилгээ, төөнүүр хийж биеийн байдлыг сайжруулж байсан удаатай. Хожим 2006-2007 оны үед бас л сонин тохиолдлоор НЭ-ийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад ирсэн одоогийн Ерөнхийлөгчдөө эмнэлгийн анхны тусламж үзүүлж, тусгай өрөөнд тайвшруулах эмчилгээ хийж байгаад дээд шатлалын эмнэлэгт явуулж байсан түүхтэй. 
 
...Тархины цус харвалтыг эрт хугацаанд оношилж стандартын дагуу нарийн мэргэжлийн тусламж үзүүлж, сэргэлтийн Хугацаанд өвчтний ар гэр, асран хамгаалагч нарт зөвлөгөө өгч, эмийн бус эмчилгээтэй хавсран эмчилснээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж өндөр бөгөөд талархах иргэд тоймгүй олон бүлгээ. Захын мэдрэлийн өвчлөл, ялангуяа 1-2 курс эмчилгээнд нүүрний мэдрэлийн саажилт /эмийн эмчилгээ, массаж, нүүрний дасгал, физик эмчилгээ, цахилгаан зүү эмчилгээтэй хавсран хийснээр/ үлдэцгүй бүрэн эдгэрсэн олон арван хүн ачит эмчдээ талархаж, авах ёстой шагналаа аваасай, гавьяагаа үнэлүүлээсэй... гэж чин сэтгэлээсээ хүснэ ээ.
Тэгжбоддог, мэргэжлийн ур чадварыг нь мэдэрдэг нөхрийн хувьд, олны итгэлийг тээсэн энэхүү хөрөг тэмдэглэлийг бичих нь нэр төрийн хэрэг байлаа.
 
Экологийн сэтгүүлч,
Сэтгүүлзүйн докторант Л.Оюунчимэг