Гэнэ гэнэхэн гэнэн багын дурсамж сэргэвч, өнө холын юм шиг санагдах нь насных бололтой. Тэр дурсамж бүхэн сүнс нь хөх мөнх тэнгэрт одож, ахуй бие нь эх ногоон газартаа шингэсэн аавтай минь ямар нэгэн сэжмээр холбоотой байх нь мунхаг оюунд таатай ч зүрх сэтгэлд яахын аргагүй гунигтай.
Намайг хол ойрын юмыг ухаарахтайгаа болж байх үед манайх хотод орж ирсэн юмдаг. Хавар эрт байсан шиг санагдана. Ирж яваа цаг юм болохоор хаврын урт едрүүд хугасарсаар зуны дэлгэр сайхан улирал наашилж, нэг л мэдэхэд наадам болдог юм.
Аль нутгийн хурдан ажнай магнайдаа тоосгүй ирж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулаад хэн гэдэг аавын хүү өвдөг, тохойдоо шороогүй түрүүлж, наадамчин олныг баясгасныг харж үзэх нь байтугай сонирхдог ч үгүй бага хүүхэд байсан болохоор наадмын хуушуур, нэг хоёр ундаа чихэрхэнд сэтгэл цадаад л баяр дууссан хэрэг байх.
Аав харин амьтан ах дүүтэй бөх, морь ярьсан шигээ ганц нэг хатуу юм зооглоод улаа бутарсан царайтай гэртээ харьсан санагдана. Түүнээс хойш аавтайгаа талбайд нь зорьж очиж наадам үзсэн удаа цөөхөн дөө. Аав минь алсын замын тээвэрчин байсны дээр төлөвлөгөө норм гэж хатуу даалгавартай, бас ч олон нялх хүүхэдтэй болохоор биднийгээ мөр бүтэн, гэдэс цатгалан байлгах гэж зуны халуун, өвлийн хүйтэн, хаврын хавсарга, намрын бороонд машиныхаа бүхээгээр гэр хийх шахуу л чөлөө завгүй ажилладаг байж. Харин цагаан сараар бол ямар ч холын тээвэрт явсан байсан битүүний оройтой уралдан ирсэн тохиолдол цөөнгүй ээ.
1970-аад оны сүүлчээр наадмын талбайд ааваараа хүргүүлсэн тэр жилийн улсын баяр санаанаас ер гардаггүй юм. Наадам болохоос хоёр хоногийн өмнө алс баруун аймагт хүргэх ачаагаа авсан аав “том толгой” гаргаж, хүүхдүүдтэйгээ наадам үзчихээд явна аа гээд ачаатай машинаа хашаандаа тавьчихаад найрлаж суув аа.
Тэр үед утсан харилцаа төдий л сайн хөгжөөгүй ч хянадаг шалгадаг, бүртгэдэг систем нь сайн байсан юм болов уу даа. Эсвэл хэн нэгэн “урт хошуу’’-тай нь мэдээлчихдэг юмсан уу. Ямартай ч 10-ны орой аавын ажлын газрын бололтой, шалчийсан саарал бүрх малгай, нар салхинд гандсан эрээн хослолтой, бараандуу царайтай өндөр хүн манайд ирэв. Том хүн ирэх бараанаар бид ч команд авсан цэргийнхэн шиг год хийгээд л гэрээс гарна биз дээ.
Нэлээд удаан суусны эцэст нөгөө ах халамцуухан, аавтай дүнгэр дангар ярилцсаар гэрээс гарч ирээд хашааны хаалга зүглэлээ. Түүнийг явсны дараа ээжээс сураг сонсох нь ээ аавын бригадын дарга нь юм гэнэ. “Ачаа бараагаа яаралтай хүргэх шаардлагатай тул маргааш замд гар” гэж үүрэгдээд аав ч “За, зуу” болсон юм байх. Ингээд л маргаашийнх нь бага үдэд аав маань биднийг машиныхаа бүхээгтээ суулгаж аваад цэнгэлдэх хүрээлэнгийн арын төмөр замын гарам дээр буулгаж орхиод аяны урт замдаа шуударч билээ.
Тэр үед одоогийн Төв цэнгэлдэх хүрээлэнг яагаад ч юм бэ, Голын цэнгэлдэх гэж ярьдаг байсан. Том нь хөлд орсныгоо чирээд ээж багыг нь тэврээд л нэг их наадамладаг улсууд “Нарлаг монгол” шиг л юмнууд явсан байх даа гэж одоо бодоод инээд хүрч л суудаг юм. Том нь наймдугаар анги төгссөн ч байл уу, тийм нэг хэдэн амьтан юуных нь наадамлах
байхав дээ.
Хэдэн хуушуур авч идэж, хэдэн шил улаан ус /ундааг ингэж нэрлэдэг байлаа/ уучихаад л Хүүхдийн парк руу очихын түүс болж байгаа юм чинь. Тэр үед муу ижий минь л их ядардаг байсан байх. Гэсэн ч “Хүүхдүүдээ хараад ядрахыг мэддэггүй байсан даа. Залуу ч байж” гэж ижий одоо ч биднийг тайвшруулдаг юм. Ер нь ч гүргэр, хатуу мөртлөө зөөлөн хүн л дээ.
За тэгээд тэр болгон очоод байж чаддаггүй парк дээр ирээд харин ч нэг шавайгаа ханатал тоглосон доо. Нэг хөгжилтэй явдлыг өгүүлэхэд, надаас ганц жилийн өмнө төрсөн эгч минь охин хүүхэд гэхэд хөдөлгөөнтэй, шав шувхийсэн амьтан байлаа л даа. “Мангасын ам” нэртэй, гурван тийшээ харсан гулсууртай тоглоом байх. Тэнд мань мэт нь ганц гулгаж байхад өнөөх чинь хоёр гурав ч тойрчихсон байх жишээтэй.
Гулсуураар нь буучихаад араас нь шатаар авирч гардгийг та бүхэн мэдэх биз. Нэг мэдсэн эгч байдаггүй ээ, хаа нэгтээ дуу нь гараад уйлж байгаа нь сонсогдоод байдаг. Гэтэл ч ээж “хүүе хаая” болоод явчихлаа. Бид сандралдаад ээжийг бараадангаа харсан чинь мань хүний палааж нь гулсуурын хадаасанд өлгөгдчихсөн, дунд хавьд нь хар тэнхээгээрээ уйлж байх нь тэр.
Ах маань түүнийг авахаар гулсуур өөд өгсөж хүрсэн ч хадааснаас салгаж чадсангүй. Гэтэл ахын араас шар үс, өндөр нуруу, өргөн ханхар цээжтэй нэгэн эр авирч очоод эгчийг салгаж чөлөөлөв. Хаанаас ч сурсан юм бүү мэд, ээж тэр хүнд “Ишбашийваа” гэж хэлэхэд цаадах нь нэлээд зүйл ярьснаа бидний толгойг илчихээд, инээвхийлсээр цааш явж одсон.
Бодвол “Болгоомжтой тоглоорой’’ л гэсэн байх. Би ингэж анх удаа орос хүнийг ойроос амьдаар нь харсан юм. Хожим Эрдэнэт хотод шилжин амьдарсны дараа орос хүн, орос хүүхдүүдтэй сайхан нөхөрлөж үерхэж явсан даа.
Тэр жилийн наадам иймэрхүү адал явдал, паянтай өнгөрснөөс хойш олон жил болжээ. Жил жилийн наадам болдгоороо болж, бид ч цэнгэлдэх рүү явахаас гэртээ зурагтаар харахыг илүүд үздэг болсон. Аав минь нэг их дурлаад хорхойсоод байхгүй ч монгол эр хүний ёсоор бөх, морь үзэж, амьтан ах дүүгээ цуглуулаад ярьж хуучлах дуртай.
Гэхдээ тэр мөч ховорхон тохиосон байхаа даа. Мөнөөх л алс уртын замд “Аяны алтан шар зам өлзийтэй байх болтугай” гэж залбирч сүсэглэсээр хэдэн хүүхдийнхээ төлөө идэр залуу нас, эр чадлаа үрж барж явсан даа, миний муу аав. Нар, салхи үнэртсэн санчигныхаа үсээр хацар нүүрийг илбэж, ширвээ хар сахалтай хошуугаараа зөөлөн үнэрлэхэд нь үдшийн харанхуй, үүрийн гэгээнээр ч бид дэрхийн босч аавдаа эрхэлдэгсэн.
Аав алсын аянаас дөрөө мулталж, хөдөөнөөс авчирсан ааруул, өрөм тэргүүтнээр гэдсээ цайлгаж, тогоон дээр даргитал буцлах шинэхэн махны үнэр хамар цоргих тэр агшин бидэнд эрхмийн дээд наадам болдог байж билээ. Захыг нь мушгих бөхгүй, жолоог нь өргөн хурдгүй бидэнд улсын наадам нэг их сонин биш байдаг байж.
Хашааны гадна “монхор ногоон Зил”-ээрээ тоос татуулан ирж зогсоод ядарч аяншсан ч царайдаа инээмсэглэл тодруулсаар аав гэртээ ирэх л мань мэтэд хамгийн сайхан наадам байдаг байлаа.
Өрх гэртээ наран гэрэлтүүлж, солонго татуулсаар ирдэг аав минь одоо хөх тэнгэрийн оронд сүнс нь амирлаж, хөрст ногоон дэлхийдээ бие нь шингэж байгаа гэж бодохоор мунхаг оюунд таатай ч зүрх сэтгэлд яахын аргагүй гунигтай. Халуун ам бүлийн минь наадмын эзэн бидэнд дахин ирж, биднийг ширвээ сахалтай бүлээн хошуугаараа үнсэхгүй.
Гэсэн ч бид нэг л сэжмээр үүрд холбоотой. Энэ бол хэдэн мянган арвайг асгахад ганцхан нь зүүний үзүүрт тогтож үлддэг гэх ховорхон тохиолын баталгаа хүний орчлон дахь таны үргэлжлэл-үр сад чинь билээ аав минь.
Д.МӨНХЖАРГАЛ
Эх сурвалж: "Монголын" үнэн
Сэтгэгдэл0
setgeld oirhon saihan dursamj amidral hanhalsan