Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл бөгөөд хорт хавдрын улмаас нас баралтын дийлэнх хувийг эзэлж байна. Ойролцоогоор жилд 180 мянга гаруй эрэгтэй, эмэгтэй хүмүүс хөхний хорт хавдраар өвчилж, 40 мянга гаруй хүн нас барж буй эь судалгаагаар гарчээ. Хөхний хорт хавдар нь 44-50 насны хоорондох эмэгтэйчүүдийн нас баралтын гол шалтгаан болдаг аж. Хөхний хорт хавдартай болсноос хойш өвчлөгсдийн 60 хувь орчим нь таван жил амьд байх ба эрт илрүүлсэн тохиолдолд энэ тоо 80 хувь болж өсдөг байна.
Хөхний хорт хавдар нь хөхний эдээс үүсэх хавдар бөгөөд цөөхөн хэвийн бус эсүүдээс үүсч улмаар хэвийн бус ургалттай загварыг бий болгодог. Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд тохиолдох тэргүүн зэргийн эмгэг ба эрэгтэйчүүдэд нэг хувь орчимд тохиолдоно. 2007 онд АНУ-д 2030 эрэгтэй нэвчилттэй хөхний хорт хавдартай гэж тоологджээ.
Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд тохиолдох хавдраас хамгийн түгээмэл хавдар бөгөөд меланомын бус арьсны хорт хавдар юм. Энэ нь эмэгтэйчүүдийн дунд хавдраар нас баралтаар уушгины хорт хавдрын дараа, хоёрдугаарт орж байгаа юм.
Америкийн хорт хавдрын нийгэмлэг 2007 онд 178 мянган нэвчилттэй хөхний хорт хавдар АНУ-д оношлогдсоныг бүртгэсэн ба цаана нь 62 мянган нэвчилтгүй хөхний хорт хавдар оношлогджээ.
Хөхний хорт хавдрын шалтгаан
Бүхий л насны эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй байдаг хэдий ч нас ахих тусам өвчлөх магадлал эрс нэмэгддэг байна. Эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдрын өвчлөлд өртөх магадлалтай өндөр эрсдэл буюу дараах нөхцлүүд байдаг байна.
-Ээж нь эсвэл эгч нь 50 наснаас өмнө хөхний хорт хавдраар өвчилж байсан
-Хүүхэд огт төрүүлээгүй эсвэл анхны хүүхдээ 35 наснаас хойш төрүүлсэн
-Хөхний үрэвсэлт өвчнүүд
-Олон дахин үр хөндүүлсэн, зулбасан
-Хавдар үүсгэдэг хүнд металлын үйлдвэр, химийн үйлдвэр зэрэг хорт бодистой орчинд ажилладаг
Амьдралын хэв маяг ба хооллолтын шалтгаан
1. Хөхний хорт хавдар илүүдэл жинтэй, тарган хүмүүс бүхий оронд түгээмэл тархалттай байдаг ба ялангуяа цэвэршилт явагдсан эмэгтэйчүүдэд илүү тод ажиглагддаг.
2. Хөхний хорт хавдар үүсэхэд орчин нөхцөл генетикээс илүү нөлөөтэй байдаг. Жишээ нь: Япон эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл бага байдаг боловч тэднийг Америкт ирсний дараа энэхүү эрсдэл нэмэгддэг байна.
3. Зарим судлаач илүүдэл жинтэй болон жин багатай эмэгтэйчүүдийг харьцуулж үзээд хөхний хорт хавдрын хувь ялгаатай байгааг илрүүлжээ.
4. Архи хэрэглэх нь хөхний хорт хавдар үүсгэх зүй ёсны шалтгаан болдог. Архийг хэдий чинээ их хэрэглэнэ, хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг байна. Тухайн эмэгтэй өдөрт 2-5 удаа архины төрлийн ундаа хэрэглэх нь согтууруулах ундаа хэрэглэдэггүй эмэгтэйтэй харьцуулахад хөхний хорт хавдар үүсэх эрсдэл 0.5-1-ээр нэмэгдэж байдаг. Өөрөөр хэлбэл архи хэрэглэх тоолонд эрсдэл бага багаар нэмэгдэнэ гэсэн үг.
Судлаачид тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг гэж үздэг. Гэхдээ судлаачид хэдий хэмжээний хөдөлгөөн хийх нь хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулдгийг эцсийн байдлаар тогтоогоогүй байна. Эмэгтэйчүүдийн Эрүүл мэндийн нийгэмлэгээс хийсэн нэгэн судалгаанд долоо хоногт нэг цаг 15 минутаас - хоёр цаг 30 минут идэвхтэй алхах нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 18хувиар бууруулдаг гэжээ.
Хөхний бусад эмгэг
1. Хөхний фиброцистик хувирал түгээмэл тохиолддог. Фиброцистик хувирлын үед хөхөнд нягт зангилаархаг эд бий болох бөгөөд ялангуяа сарын тэмдгийн өмнө ихэсдэг. Гэвч энэхүү өөрчлөлт нь хөхний хорт хавдарт шилждэггүй байна.
2. Зарим төрлийн хөхний эмгэгийн үед эдийн шинжилгээнд пролифератив эсвэл гиперплазийн шинж илэрдэг бөгөөд эдгээр нь тохиромжтой нөхцөл бүрдсэн үед хөхний хорт хавдарт шилжиж болдог.
Хүрээлэн буй орчны нөлөө
Удаан хугацаагаар цацраг эмчилгээ хийлгэх нь хөхний хорт хавдраар өвчлөх боломжийг нэмэгдүүлдэг. Жишээлбэл, Ходжкиний өвчний улмаас 30 наснаасаа өмнө биеийнхээ дээд хэсэгт туяа эмчилгээ хийлгэж байсан хүмүүст хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл жирийн хүн амаас илүү их байдаг.
Хөхний хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ
-Хөхөө өөрөө тогтмол шалгах: Хөхөө өөрөө тогтмол шалгаснаар хөхний хорт хавдрын 80 хувь нь анх оношлогдоод байна. Өөрөө шалгаснаар хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх ач холбогдолтой. Хорт хавдрыг хэдий чинээ эрт оношилно, эмчилгээний үр дүн төдий чинээ сайн байна.
-45-аас доош насны эмэгтэйчүүд хоёр жилд нэг удаа, цаашид жил бүр хөхний зургийг авахуулж, хэвийн байдлыг хангах
-Хүсээгүй жирэмслэлтээс сэргийлж, үр хөндүүлэхгүй байх
-Хөхний хорт хавдрын удамтай эмэгтэйчүүд эмчийн хяналтанд байх
Хөхөө хэзээ шалгах вэ
Эмэгтэйчүүд анхны сарын тэмдэг ирсэн үеэс эхлэн хөхөө өөрөө шалгаж сурах хэрэгтэй. Сард нэг удаа сарын тэмдэг дууссанаас хойш 2-3 хоногийн дараа шалгахад зохимжтой. Энэ үед хөх зөөлөрч, биений юмны мөчлөгтэй холбоотой өөрчлөлтүүд алга болно.
Хөхөө өөрөө яаж шалгах вэ
-Биеэ бүсэлхий хүртэл нүцгэлээд толинд харан гараа биеийн дагуу унжуулж, хөхөн дээрээ ямар нэгэн хонхорхой, ургацаг, овгор, эсвэл арьсан дээрээ ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг хар.
-Хөхний толгойг долоовор ба эрхий хуруугаараа зөөлөн чимхэн ямар нэгэн шингэн зүйл, ялгадас гарч байгаа эсэхийг үз.
-Толины өмнө зогссон хэвээр, хоёр гараа толгойныхоо ард авна. Дахин хонхор, овгор, хавдар байгаа эсэх, хэлбэр нь өмнөх сарынхаас өөрчлөгдсөн эсэхийг ажигла.
-Хоёр гараа ташаандаа аван, мөр ба далаа урагшлуулж ямар нэг өөрчлөлт байгаа эсэхийг шалгана.
-Зүүн гараа толгойноосоо дээш өргөнө. Баруун гарын хурууны өндгөөр зүүн талын хөхийг зөөлөн тэмтэрч үзнэ. Дараа нь арай чанга дарж ямар нэгэн бэрсүү, ургацаг байгаа эсэхийг шалгана.
-Дээш харж хэвтэн, хөхөө хурууныхаа өндгөөр дээш доош, хөхний товчны ойроос эхлэн эргэн тойронд суганы чиглэлд тэмтэрнэ.
Дараах өөрчлөлтүүд илэрвэл эмчид даруй хандаарай
-Янз бүрийн бэрсүү хатуу зүйл тэмтрэгдэх
-Хөхний арьс улайж, барзайх
-Хөхний аль нэг хэсэгт хэлбэр өөрчлөгдөх, арьс хонхойх
-Хөхний товч татагдан цааш хонхойх
-Хөхнөөс цусархаг эсвэл идээрхэг ялгадас гарах
-Хөхний аль нэг хэсэг хөндүүрлэж өвдөх
Хөхний хорт хавдартай холбоотой түгээмэл асуулт, хариулт
-Хөхийг өвчлүүлдэг хүчин зүйлс олон уу?
-Хөхний өвчлөх шалтгаан маш олон. Хөх нь насны онцлог, хоол тэжээл тэр дундаа өөх тос, биеийн өвчлөлийн байдлаас, удамшил зүйгээс, вирусээс хамаарч өвчилнө. Ялангуяа хавдар өвчин үүсэхэд эдгээр хүчин зүйл нөлөөлдөг.
-Хүүхдэдээ хөхөө дутуу хөхүүлснээс хөхөнд буглаа үүсэх үү?
-Хөхөө дутуу хөхүүлснээс буглаа үүснэ. Хөхний хэлтэнцэр дотор сүү хуралддаг. Гэтэл сүү ар араасаа гарч байх ёстой. Хуралдсан сүүний үлдэцийг заавал сааж гаргана. Үлдэцийг сааж гаргахгүй удвал уураг дотроо зангирч, тэр нь хоёрдогч халдвараас үүдэж, буглаа үүсдэг. Халдвар нярай хүүхдээс халдаж байгаа биш харин эх өөрийн хөхний толгойг зөв цэвэрлээгүйгээс болж халдвар авч, зангирдаг. Хөхний буглаа үүссэн үед сүүг заавал сааж гаргах ёстой. Хөхний буглаа нь хөхүүл эхэд тохиолддог ч хорт хавдар болохгүй. Аажимдаа хөхний буглаанд шимэгдэх процесс явагддаг. Шимэгдэх процессын үед буглааг тойрсон хатуу хальсан эдүүд үүснэ. Энэ нь хоргүй хавдрын буюу бидний ярьж заншсанаар бэрсүүний хэлбэрийн хэмжээнд үүсдэг.
-Хөхний буглаа үүссэн бол ямар шинж тэмдэг илрэх вэ. Энэ нь яваандаа хөхний хавдар үүсгэхэд нөлөөлөх үү?
-Хөхөнд буглаа үүсч байгаа үед хөхний гадарга халуун болж, улайж хөндүүрлэн, үрэвслийн үед гардаг шинжүүд илэрнэ. Ийм тохиолдолд гэрийн нөхцөлд дур мэдэн хөхөө оролдож болохгүй. Цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Мэргэжлийн эмч гэдэг нь мэс заслын эмчид хандаж зөвлөгөө ав гэсэн үг юм. Хорт хавдар болсон үед л хөхөнд мэс засал хийдэг гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Хамгийн гол нь хөхөнд байх ёсгүй зүйлийг байлгаж хэзээ ч болохгүй юм. Хөхөнд ямар нэг хэлбэрийн бэрсүү байх л юм бол мэргэжлийн мэс заслын эмчид хандаж авахуулах шаардлагатай.
-Өрөөсөн хөхөөрөө эмэгтэй хүн урьд өмнөх шигээ хэвийн байж чадах уу?
-Өрөөсөн хөхтэй байлаа гээд бие организмын зохицолдлого, үйл ажиллагаа, эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг өөрчлөлт гарахгүй. Харин гоо сайхны талаас л өөрчлөлт гарна. Хөхний үйл ажиллагаа өнчин тархи, хөх, өндгөвч гурвын зохицолдлогоор явагддаг. Нэг нь байхгүй ч нөгөө хөх нь үйл ажиллагаагаа гүйцэтгэж байдаг.
-Бэрсүү нь ямар өвчний эх суурь болдог вэ?
-Бэрсүү бол бие даасан өвчин юм. Буглаа нь бэрсүү үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Мэс заслын хэмжээнд нээлт хийгээд идээг гаргах зайлшгүй шаардлагатай. Бага зэргийн буглаатай тохиолдолд өвдөж байгаад гайгүй болж, тэр хэсэг газар бөндгөр зүйл үүсчихдэг. Ийм үед бэрсүү гадуураа уутлагдаж, холбогч эдээр солигдоод эхэлдэг.
Бэрсүү өвчин даавартай холбоотой үүсдэг өвчин. Хөхний бүтэц нь холбогч эдээс тогтсон олон хэлтэнцэртэй. Тэр хэлтэнцрүүдэд эсүүд үржиж олшроод, түүн дундуур явдаг холбогч эд мөн адил олшрохоор бэрсүү үүсдэг. Энэ нь нэг талдаа хоргүй хавдар, нөгөө талдаа хорт хавдрын урьдал өвчин болдог. Ийм учраас эмэгтэй хүн бүр хөхөө зөв арчиж, өөрөө үзэж шалгаж байвал хавдараас бүрэн сэргийлж чадна.
-Хөхний хавдар өвчин хүндрэхээрээ яах вэ?
-Ганцхан хөхний гэлтгүй бүх эрхтний хорт хавдар хүндэрсэн тохиолдолд амь насанд аюултай. Өнөөдөр манай улсад үхлийн нэгдүгээр шалтгаанд зүрх судас, хоёрдугаар шалтгаанд хавдар өвчин ордог. Хавдар өвчнийг эрт үед илрүүлж, оношилбол эдгэхгүй өвчин биш юм. Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд хүн бүр өөртөө анхаарал тавьж, хоёр жилд нэг удаа эмчид хандаж үзүүлж, өөрийгөө өвчлүүлэхгүй байхын тулд эрүүл мэндийн талаар мэдлэг боловсролоо дээшлүүлж байх хэрэгтэй.
-Ихэвчлэн ямар насны эмэгтэйчүүд хөхний өвчнөөр өвчлөмтгий байна вэ?
-Судалгаа хийхэд хөхний хорт хавдар 20-оос дээш бүх насанд тохиолдсон. Гэхдээ 45-аас дээш насныханд өндөр тохиолдох магадлал их байдаг. Мөн эмэгтэйчүүдэд урьд өмнө нь байсан бэрсүү жирэмсэн болоход дахин хувирч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, сүү гарахад зохицолдож, эс хувирдаг. Үүнтэй давхцаж хорт хавдар хурдан илрэх тохиолдол бий.
-Эрэгтэй хүнд хөхний хавдар болох тохиолдол гарч байсан удаа бий юу?
-Эмэгтэй хүн гэлтгүй эр хүнд ч хөхний хавдар тохиолддог. Энэ нь анагаах ухаанд өөрийн гэсэн “гинекомасти” нэр томъёотой. Эр хүний хөхний бэрсүү бэлгийн хоёр дахь бойжилтын үед залуучуудад голдуу тохиолддог. Харин хорт хавдар ахимаг насны эр хүнд тохиолддог. Хэдийгээр эмэгтэй хүн шиг өндгөвчгүй ч энэ нь дааврын шингэн мэдрэлийн зохицолдлогоогоор гарч ирдэг. Таван жилийн хугацаанд эрэгтэй хүнд хөхний хорт хавдрын хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Эрчүүд хөхний хорт хавдар эмэгтэй хүнд л тохиолддог гэж бодоод огт анзаарахгүй явдаг. Гэтэл энэ өвчин хожуу үедээ орсон тохиолдолд амь нас аврахад дэндүү оройтсон байдаг. Тэгэхээр эрчүүд ч гэсэн хөхөө анзаарч шалгаж үзэж байх хэрэгтэй.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0