sonin.mn

Гурвантэс сумын Ахмадын өргөөнөөс Олон улсын эмэгт эйчүүдийн өдөр-Мартын найман, Монгол Зэвсэгт хүчний 93 жилийн ойн өдрүүдээр найрал дууны уралдаан, шатар, даам, хөзөр, даалуу, норов зэрэг олон төрлийн тоглоом наадгайн чөлөөт тоглолтууд зохиож, сумын төвийн иргэд болон 50 гаруй ахмадууд оролцож, баяр амралтын өдрүүдэд дуун цэнгүүн, цэнгээнт бүжиг  явуулж хөгжөөн цэнгээнтэй өнгөрүүллээ. Мөн Усны үнэ цэнэ ач холбогдол, цэвэр усаа хайрлан хамгаалах сэдвээр сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран АХА тэмцээн зохиож, ахмад настан Я.Уртнасан түрүүлэв.

Тус сумын ахмадын өргөөнөөс долоо хоног бүрийн Бямба гарагт 14-өөс 17 цагт ахмадуудын цэнгээнт бүжгийг тогтмол явуулж байгаа нь ахмадуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, хамтран хөгжилдөн наадахад тустай сайхан ажил болж байна.

Сумын ахмадууд энэ онд болох сумынхаа түүхт ойг угтаж .ахмадын өргөөнийхөө ажлыг тогмолжуулан сайжруулахын зэрэгцээ нэлээд бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөж байна.                         

Ахмадын хорооны дарга Г.Лхагваа.

Эх сурвалж: "Монгол говь" сонин