Хүмүүний эрдэнэт биеийг олж төрсөн бид урам, энерги шингэсэн сайхан үгсийг бие биедээ хэлсээр ирсэн билээ. Хүнд баярлалаа хэмээн хэлэх нь харилцааны соёлын нэг хэлбэр мэт боловч угтаа бол сэтгэлийн дэм, урам зориг өгөх хүч болж байдаг бөгөөд зах зээл, арилжаанд түргэн шуурхай үйлчилгээ хүртсэнийхээ төлөө баярласан баярлуулсан хэн хэнд нь сэтгэлийн эерэг сайхан энерги бүрдүүлдэг гэхэд болно.
Харин зарим тохиолдолд хүнээр хийлгэсэн зүйлдээ баярлаж талархахын оронд тусах үнэ өртгийг нь илүүтэй бодсоор баярлаж, талархах үгээ мартсан байдаг бололтой.
Хүн өөрийн хийж бүтээсэн хөлсөө өгч, авдаг нь зах зээлийн жам юм. Гэхдээ бүхий л зүйлийг зоосны нүхээр харахаа болиод баярлалаа гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлдэг болмоор байна нөхөд минь!!! Баярлалаа хэмээх үгэнд олон янзын илэрхийлэл байж болох юм.
Тухайлбал:
-Хүн хүндээ тус болсон бүхий л нөхцөлд "Баярлалаа".
-Түргэн шуурхай, чирэгдэл багатай үйлчилгээ авах үед "Баярлалаа",
-Өндөр настны буянд хүндэтгэл үзүүлэхдээ "Баярлалаа",
-Сэтгэлийн урам зориг бадраах, дэмжлэгийн сайхан үг хэлэхдээ "Баярлалаа"
-Бусдыг хүндэтгэн сандал, олбог тавьж өгөхдөө "Баярлалаа",
-Төрийн хишиг буяныг хүртэж, одон тэмдэг хүртэх зэрэг тун олон тохиолдолд "Баярлалаа" гэдэг үгийг хэрэглэж болох юм. Шагнал авсан хүн дуугүй буцах муухай, шүүмжлэлд өртсөн хүн урваганан уурлах муухай хэмээх үг ч байдаг. Энэ бүхэнд баярлалаа гэхэд юу нь болохгүй гэж!
Идэвхитэн бичигч миний бие нэгэн сумын банкинд нэг цаг орчмын хугацаанд ажиглалт хийхэд 15-20 иргэн үйлчлүүллээ. Гэвч тэднээс нэг ч хүн үйлчилгээ авсныхаа төлөө баярлалаа гэж хэлсэнгүй.
Өнөө үед бүхий л үйлчилгээ цахилгаан тоног төхөөрөмжид шилжсэн учир түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх болсноор нэг үеээ бодвол сайхан болсон боловч зах зээлийн үед цаг хугацаатай уралдан амьдардаг болохоор ч тэр юм уу маш их яарч тэвдсэн, бусдаас аливаа зүйлийг шүүрч авдаг бухимдал, сэтгэл санааны тогтворгүй байдалтай байх юм. Ийм нөхцөлд бусдад баярлалаа хэмээн хэлэх иргэн цөөн бололтой.
Төр засгийн үйлчилгээ түмэн олны итгэл, сэтгэлийг хүндлэн ажиллаж чадахгүй байгаа учраас баярлалаа гэдэг үг илүүц болоод байна уу даа ч гэж бодогдох...
Монгол хүн хүний сайхан сэтгэлтэй байгаасай. Баярлалаа гэж хэлэхэд дээд, доод хоёр уруулаа хавсаргаад л болно шүү дээ. Жишээ нь гэрийн тэжээвэр амьтан болох нохой эзнийгээ хоол өгөхөд үг хэлж чадахгүй мөртлөө сүүл, толгойгоо хөдөлгөөд цоройж байхыг нь харахад баярлалаа гэдэг үг хэр зэрэг үнэтэй болохыг харуулаад хэлээд байх шиг.
Талархсан сэтгэлээ илэрхийлж чадахгүй хүн гэрийн тэжээвэр нохойноос дор болох гэж үү!!! Хүүхэд залуус та бүхэн баярласан сэтгэлийн сайхан үгээ өөр хоорондоо харамгүй хэлж бие биендээ урам хайрлаж явахыг хүсэн ерөөе.
Я.Мөнх-Эрдэнэ/ Түдэвтэй сум, идэвхитэн бичигч/
Эх сурвалж: "Завхан" сонин
Сэтгэгдэл(10)
zov zuil bichsen bna. bi bol mash ih bayarlalaa gej heleh durtai
mongolchuud soel muutai yalangyua xariltsaanii soel zarim xaramch xumuus ene ugiig xelexdee xaram setgeleesee bolood xelj chaddagyi geseen kkk saixan zuil bichjee bayarlalaa
газрын албанаас газар эзэмших гэрчилгээгээ бичүүлж авах гэж 2 сар хагас босгыг нь элээлээ баярлалаа гэх үү
mongolchuud ugaasa bayrlalaa gej helj ihenh ni suraagui bdg sh te.
Сайн байцгаана уу? Бтдний хэл ярианд "баярлалаа"-аас гадна "гялайлаа" гээд бас нэгэн үг хэллэг бий. Мөн "талархлаа" гээд бас нэг үг хэл бий. Эдгээр үгсийг аливаа зүйл хээг явдалд хэрэглэх хэрэгцээ, шаардлага нь тун нарийн чимхлүүр санагддаг. Эдгээр үгтэй дүйж нийцэж очих, оноох үг ч өрөөл бусдын хэл ярианд бий байдаг юм байналээ.
Бтдний-Бидний, хээг-хэрэг
Энэ бухимдуу ядарсан бүдүүлэг нийгэмд энэ үгийг бараг мартсан байна шүү!Баярлалаа.
Маш зөв
Баярлалаа. Сайхан зөвлөмж байна.
Маш их хэрэгтэй мэдээлэл байна