sonin.mn
Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн байр дутмаг байгаа гэх асуудал сүүлийн хэдэн жил яригдах болсон. Энэ хичээлийн шинэ жилд 70 гаруй мянган хүүхэд цэцэрлэгийн босго алхаж чадалгүй үлдсэн. Манай улсын хүн ам жилээс жилд өсч буй таатай мэдээлэл дуулдаж байгаа ч хорвоод мэндлэх бяцхан үрсдээ боловсрол олгож чадахгүй байна.
 
Эцэг эхийн бэл бэлчин, танил талын хүрээллээс хамааран хүүхдүүд нэг ижил гараанаас сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа нь дэндүү харамсалтай. Манай улсад ус агаар шиг дутагдаж байгаа зүйл бол цэцэрлэг. Хүүхэд бүрт хүрэлцэх хэмжээний цэцэрлэг барих гэхээр улс хэтэвчнийхээ хэмжээнд баригдаад байдаг, дээрээс нь цаг хугацаа шаардана.
 
Шинэчлэлийн Засгийн газар сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг богино хугацаанд шийдэж, хүүхэд нэг бүрийг цэцэрлэгт хамруулна гэсэн амлалтыг ард иргэддээ өгсөн ч өнөөдрийг байдлаар баригдсан цэцэрлэг тоотой хэдхэн байгаа. Хүүхдүүдийн нэг хэсэг нь цэцэрлэгтээ явах дуртай байхад зарим нь эцэг эхийнхээ хормой хотноос чаргууцалдан уйлж унжих нь бий.
 
Ирээдүйн Монголын иргэдийн дүр төрх нэг иймэрхүү л байдаг. Энэ удаагийн сурвалжлагаа халаалт, ариун цэврийн нөхцөл байдал муу гэх эцэг эхчүүдийн гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 124 дүгээр цэцэрлэгийн зүг зорилоо.
 
Дэнжийн мянгын гэр хорооллын дундах энхэл донхол, хальтиргаа гулгаа, үнс шороо болсон замаар явсаар 39 дүгээр сургуулийн зэргэлдээ орших тус цэцэрлэгт ирсэн юм.
 
Гаднаас нь харахад хотын төвийн халаалттай, тансаг, тохилог цэцэрлэг, гэр хорооллын өөрөөр хэлбэл “ядуусын” гэж хэлж болох цэцэрлэгийн өнгө үзэмж дэндүү өөр тийм л дүр зураг биднийг угтсан юм.
 
Цэцэрлэгийн хаалгаар ороход бяцхан багачуудын инээд хөөр цалгилж, ханаасаа эхлээд уран бүтээлээр чимэглэсэн энэ байшинд хүүхэд амьдардаг нь илэрхий. Ингээд тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Баянмягмараас эцэг эхчүүдийн гомдлын дагуу зарим зүйлийг тодруулав. 
 
 
-Танай цэцэрлэгийг өвлийн хүйтэнд халаалтгүй байранд үйл ажиллагаа явуулдаг гэх гомдол эцэг эхчүүдээс ирсэн юм. Энэ талаар тодруулна уу? 
 
-Гэр хорооллын цэцэрлэг төвийн халаалтын шугамд холбогдоогүй байдаг. Өнөөдрийн байдлаар манайх уурын зуухаар цэцэрлэгээ халааж байна. Гэсэн ч халаалт хэвийн хэмжээнд байгаа. Хэрвээ халаалтгүй байсан бол бид түмний хүүхдийг өвлийн хүйтэнд дааруулаад сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулна гэж байхгүй шүү дээ.
 
Ямар эцэг эх нэр хаягаа нууцлаад худал, гомдол гаргаад байгааг бид мэдэхгүй юм. Хүүхдийг нь дааруулаад байна гэж бодоод байгаа бол эхлээд цэцэрлэгийн захиргаанд өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх ёстой. Үндэслэлгүй юм яриад, албан байгууллагын нэр хүндийг унагаагаад яваад байх шаардлагагүй.
 
Бид түмний хүүхдийн ирээдүйн сайн сайхны төлөө хөдөлмөрлөж байна. Манай цэцэрлэгийн нэр хүндийг унагаах гэсэн зорилгоор худал мэдээлэл нийгэмд тараагаад яваад байж болзошгүй. Ийм асуудал удаа дараа гарч байгаад бид гайхаж байна. 
 
 
-Халаалт муутай байгаа болохоор зарим хүүхэд эмнэлэгт хэвтсэн гэсэн? 
 
-Энэ бол худлаа мэдээлэл. Хүүхдүүд өвдөөд эмнэлэгт хэвтсэн асуудал бол байхгүй. Ханиад хүрч зарим өдөр цэцэрлэгтээ ирэхгүй тохиолдол л байдаг. 
 
 
-Ариун цэврийн өрөөнийх нь ус татагддаггүй учраас хүүхдүүд ороход хүндрэлтэй байдаг гэсэн. Энэ талаар хариулт өгөөч? 
 
-Тийм юм байхгүй. Хэн тэгж худлаа яриад байгаа юм бэ. Саяхан нэг ангийн ариун цэврийн өрөөг төслийн шугамаар засварласан. 
 
 
-Танай цэцэрлэгт хэдэн хүүхэд суралцаж байна вэ? 
 
-Манай цэцэрлэг 1989 онд 280 хүүхдийн хүчин чадалтай баригдсан. Өнөөдрийн байдлаар 544 хүүхэдтэй хичээллэж байна. Гэр хорооллын хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй болохоор гэрээ сахиж үлддэг гэсэн яриа сонсоод эмзэглэдэг байлаа. Харин сүүлийн үед хотын захад нэлээд хэдэн цэцэрлэг шинээр байгуулсан нь олзуурхууштай санагдаж байгаа.
 
Эцэг эхийн гомдлын дагуу зарим нэг ноцтой асуудлын талаар тодруулахад цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйч хоёр нэлээд уцаарлангүй бидэнд хариулт өгсөн юм. Түүнчлэн Монгол Улсын ирээдүйн эздийн төлөө өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл цаг наргүй сэтгэл зүрх гарган ажиллаж байхад ийм худал мэдээлэл тарааж байгаад гомдож буйгаа тус цэцэрлэгийн арга зүйч Г.Энхжаргал хэлсэн юм.
 
Ингээд цэцэрлэгийн талаар гомдол гаргасан Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны иргэн Гэсэртэй уулзаж дараах асуултад хариулт авлаа. 
 
 
-Ямар шалтгаанаас болж хэвлэл мэдээллийн байгууллагад хандах болов. Цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзаад шийдвэрлэж болоогүй юм уу? 
 
-Манай хүү, охин хоёр энэ цэцэрлэгт суралцдаг. Охин минь цэцэрлэгтээ долоо хоног яваагүй. Ханиад хүрээд эмчилгээ хийлгэж байна. Цэцэрлэгийн халаалт муу учраас өдөржин даарсан байдалтай өнждөг. Орой ирээд авахад гар, хөл нь хүйтэн. Ер нь ихэнх хүүхэд нь ханиад хүрчихсэн, цэцэрлэгтээ явахгүй байгаа гэсэн.
 
Дээрээс нь ариун цэврийн өрөөнийх нь ус татагддаггүй болохоор хүүхдүүд бие засч чадахгүй хэцүүдэж байгаа. Өмхий самхай ханхлаад л ийм орчинд яаж бидний үрс сурч боловсрох юм бэ. Хүүхдүүд шар, гэдэсний суулгац гэх мэт халдварт өвчин тусчихвал хэн хариуцлагыг нь хүлээх юм.
 
Эрүүл мэндийн салбар нь элгээрээ хэвтчихсэн энэ үед хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гэж хэдэн өдөр ажлаа тасдан явж байна. Эмнэлэгт нь ч ор олддоггүй. Мэдээж цэцэрлэгийн удирдлагууд өөрсдийгөө хамгаалж бодит байдлыг нуун дарагдуулах нь тодорхой. НМХГ, Боловсролын газар энэ асуудлыг анхааралдаа авмаар байна.
 
Үндсэн хуулиндаа эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй гэдэг. Хүүхдийн эрх зөрчигдөж болохгүй. Эрхийг нь эдлүүлж чадахгүй байна шүү дээ. Харанхуй гэгдэх гэр хорооллын дунд гэрэл гэгээ цацрааж байгаа чийдэнгээ бид анхаарах цаг ирсэн гэдгийг л эцэг эхчүүдийн төлөөлөл болж төр засагт дуу хоолойгоо хүргэж байгаа юм. 
 
Төрийг эрх баригчдыг элдвээр улстөржих зуур хөөрхий бяцхан үрс халаалт муутай, ариун цэврийн шаардлага хангаагүй ариун цэврийн өрөөтэй цэцэрлэгт хүмүүжсээр л байх юм. Боловсролын салбарын сайдад сургуулийн 00 нь нурж, цэцэрлэгийн хүүхдүүд халаалт муутай орчинд суралцаж байгаа нь асуудал биш санагдсан уу эсвэл үүрэгт ажлаа өнөөдөр мартчихаа юу.
 
Нийслэлийн гэр хорооллын аль ч цэцэрлэгт ороход ачаалал нь хэтэрч халаалт муутай орчинд үйл ажиллагаагаа явуулж байгаагаас шалтгаалан бага насны хүүхдүүд ханиад томуу, шар өвчнаар өвчилж, эмнэлгийн ор дүүргэдэг жишиг тогтоод удаж буй.
 
 
С.Ичинхорлоо
 
Эх сурвалж: