sonin.mn

 

1.“Залгамжлагч” сэтгүүл 87 нас хүрлээ
 
Монгол улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт энэ ойтой Монголын хэвлэл мэдээллийн ууган хэрэгслүүдийн нэг хүүхдийн хэвлэл үүсч хөгжсөний 87 жилийн давхцаж байна. 
 
 
Монгол оронд ардын хувьсгал ялсны дараа ард түмнийг бичиг эрдэмд сургах, гэгээрүүлэх явдал урьд хожид хэзээ ч байгаагүй ихээр шаардагдаж байсан түүхэн цаг үед буюу 1926 оны 6 сарын 08-ны өдөр Монголын хүүхдийн ууган хэвлэл “Залгамжлагч” сэтгүүл хэвлэгдэн гарснаар манай улсын хүүхдийн хэвлэлийн түүх эхэлж, сэтгүүл зүйд өөрийн зам мөрөө гаргаж, байр сууриа эзлэх эхлэл тавигдсан байдаг. 
 
 
“Залгамжлагч” сэтгүүлийн анхны дугаар “Ард түмний төлөө бэлхэн бол хэзээд бэлхэн” гэсэн уриатай “Монголын пионер багачуудын сэтгүүл” гэсэн хаягтай 1500 хувь хэвлэгдэж эхэлжээ.
 
 
Сэтгүүлийн хавтас улаан ягаан өнгөтэй бөгөөд нүүрэндээ давхар цагираг дотор таван хошуу, түүний доор өлзий хээн хашлагатай гурвалжин дотор “Залгамжлагч” гэсэн толгойтой, 14x25 см-ийн хэмжээтэй 28 хуудастай, зургаан мөнгөний үнэтэй гарч байв.
 
 
Тус сэтгүүлд “Пионерт сануулах нь”, “Пионер багачууд аа” зэрэг хоёр өгүүлэл, “Пионер ба өвгөн хоёрын уулзсан тухай” хэмээх уран зохиолын өгүүллэг, пионер Чинбатын “Хойчийг залгамжлагч бид нар”, пионер Лувсандуламын “Монгол улсын дотроос”, пионер Төмөрбатын шүлэг зэрэг нийтлэл бүтээл хэвлэгджээ.
 
 
Үүний дотроос “Пионер багачууд аа” хэмээх өгүүлэл нь шинэ тулгар сэтгүүлээ хөгжүүлэн дэвшүүлж, нийтлэлийн бодлогоо өргөтгөх талаар уншигчиддаа хандсан уриалга санал маягтай байв.
 
 
“Өөрийнхөө сэтгүүлийг хөгжүүлэхийг оролдоцгоомуй” хэмээх гарчигтай тус өгүүлэлд “Бидний сэтгүүл бичиг болбаас туйлын сайн нөхөр болох бөгөөд манай аливаа явуулах хэргийг удирдан зааварлах нөхөр мэргэн удирдагч мөн хэмээвээс зохимой.
 
 
Энэхүү өөрийн сэтгүүлээ эхнээс нь эцэс хүртэл сайтар ухамсарлан уншиж шүүмжлэн хэлэлцэж утгыг ухаж мэдэх нь үнэхээр чухал болмой. Хэрвээ онцлон үзэж сэнхэрвээс бидний хэвлэх нийтлэх явдлын хөгжих нөхцөл аяндаа бүрдмой.
 
 
Учир иймийн тул тус пионерийн бүлгүүдээс энэ хэргийг хэрхэн хөгжүүлэх тухайг хэлэлцэн тогтоох хэрэгтэй. Бүлэг салаа тус тусын явуулан бүхий хэргийн тухайд харъяат сэтгүүл ба сонинд бичицгээж уг хэргийн улмаар идэвхтэй явуулахуй дор дөхөм болохыг хичээсүгэй.
 
 
Мөнхүү сэтгүүлээ тасалдалгүй олж уншихыг бүү умартсугай. Эв найрамдалтай бөгөөд нийгмээр хамтран хэвлэх нийлүүлэх явдлыг улмаар өдөр ирэх тутам хөгжүүлэн сайжруулмой” хэмээн Раднаа гэгч бичиж байжээ. Ингэж уриалан дуудаж сануулах нь уг сэтгүүл эхнээсээ л ард түмний үр хүүхдийн төлөө зорьж байсныг баталсан хэрэг байв.
 
 
“Залгамжлагч” сэтгүүл Монголын хүүхэд багачуудын анхны хэвлэлийн хувьд өмнөө тавьсан үүрэг зорилгоо биелүүлэн, цаг хугацааны шалгуурыг даван туулж чадсан манай улсын ууган хэвлэлүүдийн нэг байв. 
 
 
Түүнчлэн ардын хүүхэд багачуудыг сурч боловсрох үйлсэд уриалан гэгээрүүлэгч, шинэ тусгаар Монгол улсын залуу үеийг хүмүүжүүлэгч, хувьсгалт ололтыг бататгахад хувь нэмрээ оруулсан зохион байгуулагч хэвлэл байжээ гэдгийг сэтгүүлийн шарласан хуудас гэрчилнэ. 
 
 
Монголын хүүхэд багачуудыг сурч боловсрох их үйлс, танин мэдэхүйн ертөнцөд уриалан дуудсан хөтөч, хүүхдийн ууган хэвлэл “Залгамжлагч” сэтгүүл 65 жил тасралтгүй гарч байгаад 1991 онд сүүлчийн хоёр дугаараа гаргаж үйл ажиллагаагаа зогсоосон юм.
 
 
Уг сэтгүүл гарахаа больсон шалтгаан нь тухайн цаг үеийн нийгэмд тохиолдсон эдийн засгийн хямралаас үүдэлтэй байв. Эрхлэн гаргагчид, редакцийн бүрэлдэхүүн нь цөм байсан боловч нийгэм цаг үеийн хямралаас болж хүүхэд багачууддаа дахин очих боломжгүй болсон нь хүүхдийн хэвлэлд тохиолдсон гашуун түүхийн эхлэл байв.
 
 
2.Дайны жилүүдэд мэндэлсэн “Пионерын үнэн” 
 
Монголын хүүхэд багачуудын анхны сонин болох “Пионерын үнэн” сонин 1944 оны дөрөвдүгээр сарын 4-ний Мягмар гаригт хэвлэгдэн гарч байжээ.
 
Анхны дугаарт: тэр үеийн пионерийн тэмдэг, бүрээ үлээж буй пионерийн зургийг сонины толгойд зурж, түүний доогуур “Монгол ардын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв Хороо ба Ардыг гэгээрүүлэх яамны сонин” гэж бичсэн байна.
 
 
Сонин 21.5x30.5 см-ийн хэмжээтэй, дөрвөн нүүртэй бөгөөд энэхүү бяцхан сонинд бичлэг 20, зураасан зураг 15 оржээ. Сэдвийн хувьд авч үзвэл эрдэм ном, хичээл сурлага, эдийн засагч, арвич хямгач, хөдөлмөрч чанар, интернациональч хүмүүжил, урлаг, утга зохиол, спорт зэрэг олон асуудлыг тусгасан байна.
 
 
Тус сонины анхны дугаарт пионерийн ахлах удирдагч багш, захирал, пионер, зураач, зохиолч, сэтгүүлч зэрэг олон хүн оролцсон байна.
 
“Пионерийн үнэн” сонин эхний дугаараасаа хүүхэд багачуудыг эх орон, байгаль дэлхийдээ хайртай, интернациолнальч үзэлтэй, эрдэм мэдлэгт шамдсан, хөдөлмөрч хичээнгүй, коммунист зан суртахуунтай болгон хүмүүжүүлэхэд бүхий л хуудсаа зориулж байжээ.
 
 
Манай орны сурагч бүр захиалан уншиж байсан “Пионерийн үнэн” сонин 1974 онд 132 мянган уншигчтай болов. Арван жилийн дараа буюу 1984 онд, дөчин жилийнхээ босгон дээр 182 мянган хувь хэвлэгдэж байв. 
 
 
1990 оны таван сарын 16-ны өдрийн дугаараасаа эхлээд “Пионерийн үнэн” сонин “Хойчийг залгамжлагч” нэрээр гарах болсон байна.
 
1993 оноос эхлэн “Хойчийг залгамжлагч” сонин эдийн засгийн нөхцөл байдлын улмаас долоо хоногт хоёр удаа хэвлэгдэн гардаг байснаа 14 хоногт нэг удаа хэвлэгдэж байгаад 1996 оны 12 сард сүүлчийн 35, 36 дахь дугаараа гаргаснаар үйл ажиллагаагаа зогсоож Монголын хүүхдийн ууган сонины түүх өндөрлөсөн юм.
 
 
Тус сонин хамгийн сүүлчийн дугаараа хүртэл сониноо өргөнөөр захиалахыг уриалсаар байжээ. Тэр үед тус сонины улирлын захиалгын үнэ 300 төгрөг, нэг дугаарын худалдах үнэ 50 төгрөг байсан юм. 
 
 
3.Хөлд ордоггүй хүүхэдийн хэвлэл
 
1990 онд өрнөсөн ардчилсан хувьсгалын үрээр нийгмийн амьдралын бүх хүрээ, салбар өөрчлөгдөн шинэчлэгдэж, хөгжлийн шинэ замаар замнах, үйл ажиллагааны бүх хэлбэрийг шинээр зохион байгуулах шаардлага тулгарсан нь Монголын сэтгүүл зүйг ч тойрч өнгөрөөгүй юм.
 
 
Аливаа өөрчлөлтөд хамгийн түрүүнд өртөж, шинэ сэргэг зүйлийг мэдрэх боломжоороо сэтгүүл зүй нийгмийн бусад институтээс давуу байдаг билээ. 1991 оноос хойш ХЗДХЯ-нд бүртгэгдсэн 1700 гаруй сонин хэвлэл байдгаас хүүхэд багачуудад зориулсан нь 60 гаруй байна. Тэднээс одоо 20 орчим хэвлэл алдаг оног гарч байгаа юм. 
 
 
Хүүхдийн сонинууд тэдний нас биеийн онцлог, хүсэл сонирхолд нийцсэн, эрдэм мэдлэг, гоо зүйн хүмүүжил, урлаг спортын сэдвээр төрөлжин гарах болов. Манай орны хувьд хүүхдийн хэвлэл эхнээсээ л үзэл суртлын болон сурган хүмүүжүүлэх гэгээрүүлэх үүрэгтэй байсан бөгөөд харин ерээд оноос хойш сургалт, танин мэдэхүйн үүргийг илүүтэй гүйцэтгэх болсон онцлог бий.
 
 
“Сурлага”, “Математик”, “Сургуулийн математик” зэрэг сонинууд хүүхдийн сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг сайжруулахад чиглэсэн, “Би би би”, “Цох”, “Яагаад”, “Симба” зэрэг сонин бага насны хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохирсон, “Чиний зураг”, “Супер”, “Роstег”, “Fгее&Stуlе” зэрэг сонинууд гадаад дотоодын хамтлаг, дуучид урлагийн оддын талаар дэлгэрэнгүй мэдээлсэн, “Нээлтэй сургууль”, “Мөнхийн дуудлага”, “Өглөө”, “Гэрэлт ирээдүй”, “Чиний хөтөч” зэрэг сонинууд шинжлэх ухаан, танин мэдэхүй, нийгмийн холбогдолтой сэдвийг чухалчилсан, “Үерхэл lоvе”, “Охид”, “Өсвөр үе” зэрэг сонинууд гэр бүл, нөхөн үржихүй, гоо зүйн хүмүүжлийн талаарх мэдлэг олгох нийтлэлийн бодлого явуулдаг. Энэ нь хүүхэд багачууд сонирхлын дагуу мэдээллээ олж авах өргөн боломжийг нээж өгч байгаа юм. 
 
 
Гэсэн хэдий ч нийтлэлийн бодлого сэдэв давхардсан, мэдээллийн багтаамж, нийтлэлийн үр өгөөж багатай сонинууд ч элбэг байна. Хүүхдийн олонх сонин АЗ форматаар өнгөтөөр хэвлэгдэн гардаг.
 
 
Тэд­гээрт хүүхэд багачуудын шүтэн биширдэг хүмүүс, хамтлаг дуучид, урлаг спортын алдартнуудын гэрэл зургийг голлон нийтэлж байгаа нь сонины талбайн ихэнх хэсгийг эзэлж байна.
 
 
Мөн нэг материал хэд хэдэн сонинд давхардан гарах юм уу эсвэл хэсэг хугацааны дараа дахин гарч байгаа зэрэг нь нийтлэлийн үр нөлөөг бууруулах сөрөг зүйл юм. 
 
Хүүхдийн сонин хэвлэлийг эрхлэн гаргагчдын дотор мэргэжлийн сэтгүүлч цөөн, байсан ч редакцийн нэгдсэн бүтэц зохион байгуулалтад ороогүй зэрэг дутагдал түгээмэл байна. Хүүхдийн хэд хэдэн сониныг бие даасан сэтгүүлч, уран бүтээлчид эрхлэн гаргаж байсан боловч оршин тогтнож чадаагүй юм.
 
 
Редакцийн бүтэц зохион байгуулалтад орж, нэгдсэн бодлого үйл ажиллагаа явуулж байгаа “Би би би”, “Сурагч”, “Сурагчийн мэдээ” “Үерхэл lоvе”, “Нээлттэй сургууль”, “Сурлага”, “Мате­матик”, “Мөнхийн дуудлага” зэрэг сонинууд санхүүгийн бааз суурьтай, эсвэл ямар нэгэн төсөл хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан учраас тасралтгүй гарч чадаж байгаа юм.
 
 
“Би би би” сониныг “Монгол ньюс” хэвлэлийн групп, “Үерхэл lоvе”-г Монгол улсын ЭМНХЯ, Маргарет Тетчерийн сан, “Гэрэлт ирээдүй” сониныг- Хүүхдийн төлөө ТББ, “Өсвөр үе” сониныг ЮНЕСКО БСШУЯ-ны албан бус сургалт төсөл зэргээс тус тус санхүүжүүлэн гаргаж байв.
 
 
1990-ээд оноос хойших хүүх­дийн хэвлэлүүдийн анхдагч нь “Супер” сонин. Тус сонин 1992 онд “Монголын залуучууд” сонины дагуул сонин болж гарснаас хойш 2005 он хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсан цорын ганц сонин юм. “Супер” сонин сард нэг удаа гардаг.
 
 
Хүүхдийн бусад сонин хэвлэлүүд үүсэн байгуулагдсанаасаа хойш дээд тал нь 3 жил, доод тал нь ганц хоёр дугаар гараад үйл ажиллагаагаа нь зогсоосон байдаг.
 
Хүүхдийн хэвлэлийн гол төлөөлөгч “Сурагч” сонин нь “Пионерийн үнэн”, “Хойчийг залгамжлагч” сонины уламж­лалыг залган, чөлөөт хэвлэлийн орон зайд өөрийн байр суурийг хадгалж, эрсдэлээ үүрэн цөөнгүй жил оршин тогтнож байгаа нь зөв менежмеэт хийсний үр дүн юм.
 
 
Харамсалтай нь “Сурагч” сонин бүх л талын мэдээллийг олгодог, танин мэдэхүйн сонин боловч сүүлийн үед зугаацуулах үүрэг хэт давамгайлах болсныг түүний булангуудаас харж болно. Эмх замбараагүй, хэт олон төрлийн мэдээ, мэдээллийг насны бүлгүүдэд хуваалгүй хольж хутган гаргаж байгаа нь бас нэг дутагдал юм.
 
 
“Сурагчийн мэдээ”, “Цох” зэрэг цөөн сонинуудын үйл ажиллагаа үүсэн байгуулагдсанаасаа хойш хэвийн явж байна. 2000 оноос эхлэн хөдөө орон нутагт хүүхдийн сонин гарч эхлэв. Дорноговь, Орхон, Баянхонгор, Налайх зэрэг аймагт хүүхдийн сонин гарсан нь түүхийн хуудсыг баяжуулсан ололт, дэвшил мөн юм.
 
 
Ерээд оноос хойш Монголд хүүхдийн хэвлэл ямар төвшинд хөгжсөн, ямар чиг баримтлалтай явж ирсэн бэ? гэвэл “хангалтгүй” гэж хариулахад хүрнэ. Тэр дундаа Хүүхдийн тогтмол хэвлэл, тодруулбал сонин унших хүүхэд бараг олдохгүй болсон гэхэд хилсдэхгүй.
 
 
Тогтмол хэвлэлээс цахим орчинг илүүд үзэх болсон өнөөгийн нийгэмд “Тогтмол хэвлэлийн хямрал” - ын үе ирээд байгаа бололтой. 
 
“Хүүхдийн хэвлэлээс ашиг хонжоо олсон үйл ажиллагаа явуулах хэцүү болохоор мэргэжилтнүүд хүүхдийн хэвлэлийн салбар луу орж ажилладаггүй” гэж Оросын “СамоДелка” сэтгүүлийн эрхлэгч нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
 
 
2012 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Хэвлэлийн Хүрээлэн Монгол улсын үндэсний хэмжээнд хийсэн “ЕБС-ийн 7-11 дүгээр ангийн сурагчдын хэвлэл мэдээлэлтэй харилцах суурь мэдлэг, ойлголтын төвшин, хэрэглээний онцлогийг тодруулах судалгаа” -ны үр дүнг танилцуулжээ.
 
 
Тус судалгаанаас үзвэл 10-16 насны хүүхдүүд тогтмол хэвлэл уншиж хэвшээгүй, интернэт, телевиз зэрэг хэрэгслээс мэдээллээ авдаг байна. Үүнийг хүүхдийн сэтгэхүй, сонирхолд таарсан сонин, сэтгүүл үгүйлэгдэж байгаа, эцэг эхчүүд нь сонин сэтгүүл авч өгдөггүй эсвэл хэт үнэтэй гэх зэрэг шалтгаантай холбож тайрбарлаж болох ажээ. 
 
 
Мөн орон нутгийн гурван сурагч тутмын нэг нь, Улаанбаатар хотын зургаан сурагч тумын нэг нь “ардчилал, үг хэлэх эрх чөлөө” зэрэг ойлголтуудын талаар огт мэдлэггүй байсан нь анхаарал хандуулах зүйл болж байгаа юм.
 
 
Хүүхдийн сонин манай улсад тогтвор суурьшилтай хөгжиж чадахгүй байгаа явдал нь доорх хүчин зүйлүүдээс шалтгаалж байна гэж үзэж байна.
 
Нэгд. Нийтлэлийн бодлого, сэдэв нь онцын ялгаагүй олон сонин сэтгүүл гарч байна.
 
Хоёрт. Хүүхдүүдэд сонин сэтгүүл захиалах мөнгөний боломж хязгаарлагдмал байдаг,
 
Гуравт. Хүүхдийн сонин ямар нэгэн нийгэм улс төрийн үзэл бодлоос ангид, хов жив дуулиан шуугианы талаар бичиж мэдээлдэггүй болохоор харьцангуй сонирхол багатай байдаг,
 
Дөрөвт. Хүүхдийн сонин шуурхай бус удаж гардаг,
 
Тавд. ТV, FМ радио, интернэт зэрэг мэдээллийн бусад хэрэгслээр хүүхдүүдийн хүсэл сонирхлыг татахуйц мэдээллийг илүү үр дүнтэй, бодитой өгөх боломж өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа зэрэг шалтгааныг дурдаж болох юм.
 
 
Цаашид манай улсад хүүхэд багачуудын насны ангилал, хүсэл сонирхолд тулгуур­ласан, ойр ойрхон гардаг, мэдээлэл давам­гайлсан цөөн тооны хэвлэл байвал хөгжих боломжтой. Ялангуяа сэтгүүлийг үр нөлөөтэй болгоход хүүхдийн сонирхлыг татахуйц бөгөөд мэдээллийн багтаамж сайтай байлгах бодлого барих нь зөв юм. 
 
 
Нийт хүн амын 30 хувийг эзэлдэг хүүхэд багачуудад өдгөө унших зүйл үгүй болжээ. Өдөр тутмын сонинуудад хийсэн судалгаанаас сонины нийт материалын ердөө 4.8 хувийг л хүүхдийн тухай мэдээ, мэдээлэл эзэлж байна. 
 
 
“Сэтгүүлч мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд Хүүхдийн сэтгүүл зүйг хичээлийнхээ хөтөлбөрт тусгаж өгмөөр байна” гэж МСЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Я.Сумъяа “Хүүхдийн хэвлэлийн өнөөгийн байдал” хэлэлцүүлэг дээр хэлж байсан.
 
 
Харин уран зохиол судлаач, доктор, профессор Д.Галбаатар “Багачууддаа битгий уншиж өгөөрэй” шүүмждээ: “Шинжлэх ухаан, технологи, сурган хүмүүжүүлэх ухаан өндөр хөгжсөн орнуудад хүүхдийн насны мөчлөг бүр өөрийн онцлогтойг харгалзан хүүхдийн уншлагыг зохион байгуулдаг.
 
 
Гэтэл бид аль насны хүүхэд ямар бүтээл уншиж болох, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон сонин, сэтгүүл, зохиол гэж ямар бүтээлийг хэлэх вэ гэдгийг хайхардаггүй.
 
 
Гарын дор таарсан хайш яйш бүтээлэнцэрийг бага насны хүүхдийн унших зүйл болгож байгаа нь мулгуу явдал билээ” хэмээн хатуу боловч үнэн бичсэн байдаг. Мөн хүүхдийн зохиолч О.Сундуй 1990 оноос өмнө хүүхдийн хэвлэлийг төрөөс чиглүүлэн, санхүүжүүлж байсан.
 
 
Харин зах зээлд шилжсэнээс хойш хувийн хэвшлийнхэн авч, чөлөөт өрсөлдөөний маягаар хөгжүүлж байна хэмээн онцолсон байдаг. Анхаарал хандуулах ёстой, үгүйлэгдэж байгаа дараагийн нэгэн сэдэв бол хүүх­дүүдийн мэдлэг боловсролд зориулсан хөгжүүлэх булангууд юм.
 
 
Ийм булангүйгээс хүүхэд насныхаа онцлогт огт тохироогүй, заримдаа бүр хориотой мэдээллийг уншиж байдаг нь нууц биш. Хүүхдүүд хамгийн талархалтай, анхааралтай үзэгч сонсогчид төдийгүй хамгийн идэвхтэй уншигчид байдаг.
 
 
Иймд мэдлэг олгох, ашигтай, со­нирхолтой мэдээллийг хүргэх нь шинэ үеийн уншигчдыг бэлтгэх, хүүхэд багачуудын мэдээлэл авах, түгээх эрхийг тэгш эдлүүлэх зэрэг олон ач холбогдолтой юм. 
 
 
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хүүхдийн хүмүүжил, соёл, боловсрол, төлөвшил гэх зэрэг бүх зүйлд чухал үр нөлөө үзүүлдэг учир цаашид “хүүхдийн сэтгүүл зүй”-г хөгжүүлэхэд онцгой анхаарч, улсын хэмжээнд нэгдсэн бодлого шийдвэрээр зангидах цаг болсныг өнгөрсөн болон өнөө үеийн туршлага харуулж байна.
 
 
Хүүхэд, өсвөр үеийнхний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хүндэтгэх, олон нийтийн мэдээллийн харилцаанд хүүхдийн оролцоог хангахын тулд эрх зүйн зохицуулалтын журмаар болон хэвлэл мэдээл­лийн хэрэгслийн өөрийн санаа­чилгаар нийтлэлийн бодлого, нэвтрүүлгийн хөтөлбөрт эзлэх хүүхдийн (оролцооны) нийтлэл, нэвтрүүлгийн зохистой хэмжээг тогтоож өгөхийн зэрэгцээ өдөр тутмын сонинууд өсвөр үеийнхэнд хандсан тэдний оролцоо, идэвхийг дэмжсэн тогтмол булан нүүр гаргах зэргээр идэвх санаачлагатай ажиллах цаг нэгэнт болжээ. 
 
 
Эх сурвалж: