sonin.mn

 

Эргүүлийн цагдаагаас хурандаа болтлоо төрийн албанд зүтгэхдээ үгийн уран, утгын ярууд шүтэж, сэтгэлээсээ ундарсан эгшиглэнт мөртүүдээр эр сэтгэлээ зөөллөсөөр ирсэн нэгэн эрхэмтэй уулзлаа. 
 
Ингээд цагдаагийн хурандаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Гаваасүрэнтэй чин сэтгэлийн халуун яриа өрнүүлснээ та бүхэндээ хүргэе.
 
 
-Уран бүтээлийн олз омог арвин байна уу?
 
-Би ихэвчлэн дууны шү­лэг л бичих юм даа. Сүүлийн үед нэлээд богино өгүүллэг бичиж байна. Мөн энэ сарын 11-нд “Эр хүн шиг эр хүн дээ” нэртэй уран бүтээлийн тайлан тог­лолтоо хийхээр бэлтгэж байна. 
 
 
-Таны  тоглолт  ч ур­лагийн үе, үеийн томчуудын цуг­ларалт болох байх даа?
 
-Миний анхны дуу­нуу­­дыг “Соёл-Эрдэнэ” хамт­­лаг, “Баянмонгол” чуул­­га дуулсан. Тэгэхээр ми­­­ний дуутай холбоотой амьд­­рал эстрад урсгалаар эхэл­­жээ. Сүүлийн үед ний­тийн дуучидтай хамтарч ажиллаж байна.
 
 
Энэ ч ут­гаараа тоглолтод маань есөн гавьяат, зургаан соё­лын тэргүүний ажилтан, “Universe best songs” тэм­цээний шаг­налт Б.Жавхлантөгс, П.Өнөр­­жаргал, “Учиртай гур­­ван толгой” зургаадугаар наадмын тэргүүн  байрын шаг­налт  Б.Долгормаа, бү­жиг­чид, үлээвэр най­рал, ардын болон цахилгаан хөг­жимчид оролцоно. 
 
 
Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чамин­чу­луун миний богино өгүүл­лэгээс уншина.  Нэг талаас уран бүтээлийн тайлангаа тавих, нөгөө та­лаас Цагдаагийн “Сүлд” чуулгынхаа чанар чансааг харуулах зорилготой. Нөгөө­тэйгүүр хамтран ажилладаг, ойлгож дэмждэг хамт олон маань надад бэлэг барьж, хүндэтгэл үзүүлж байгаа хэ­рэг юм.  
 
 
 
-Та Цагдаа, олон нийтийн сургалт, соёлын төвийн дар­гаар ажиллаж байгаад гавьяаны амралтандаа сая­хан гарсан. Одоо бүх цаг за­ваа уран бүтээлдээ л зо­риулж байна уу?
 
-Уран  бүтээлд  амьдрал, сонирх­лоо зориулсан бо­лохоор ажилгүй сууна гэж үгүй. Цаашид илүү ихийг хийж бүтээх хүсэл байна. Илүү чөлөөтэй ажиллах бо­ломжтой ч боллоо.
 
 
Би Цагдаагийн байгууллагад 40 жил ажиллалаа. Энэ хугацаанд уран бүтээлийн ажил гэхээсээ  илүүтэй өөрийн үндсэн ажил төрийн албанд хамаг хүч  хөдөлмөрөө зориулждээ. Гэхдээ үүндээ харамсахгүй байна. 
 
 
Би Цагдаад ажиллаж байхдаа нэг тусгай тасаг,бас Эргүүл хам­гаалалтын бүхэл бүтэн хороо болон Сүлд чуулгыг шинээр байгуулж зохион байгуулалцаж байлаа. Ир­гэ­ний бүртгэл мэдээллийн бай­гууллагад  10 жил ажилласан.
 
 
Энд ажиллаж байхдаа иргэний үнэмлэх олгох, солих, сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах гэх зэрэг өмнө нь хийгдэж байгаагүй шинэ ажлууддаа голлон зүтгэж явсны хувьд эргээд харахад үлдсэн юмтай, ул мөртэй амьдарчээ. 
 
 
 
-Зарим хүн “Тэтгэвэрт гараад юу хийдэг юм билээ” гэж эмээдэг. Танд тийм эмээлт байхгүй нь сайхан юм даа?
 
-Тэтгэвэрт гарна гэдэг хэнд ч тохиолддог л зүйл. Би ажиллаж байх он жи­лүүддээ тэтгэврээ тог­тоол­гочихсон хүн л дээ. Гэвч бай­гууллага, хамт олон маань намайг ажиллах бо­ломж­той гэж үзэж, итгэж най­дан ажиллуулж байсанд баярладаг. 
 
 
Ер нь гавьяаны амралтад гарна гэдэг таагүй мэдрэмж биш шүү дээ. Илүү эрх чө­лөөтэй байж, хийсэн зүй­лээрээ бахархан жаргах цаг бол­жээ гэдгээ мэдэрч байна. 
Гэхдээ тэтгэвэрт гарсан ч, ажлаас чөлөөлсөн ч хү­нийг сэтгэл санааны хувьд бахархалтай  үлдээх  бодлогыг цаашид барих ёстой гэдгийг энэ төрийг удирдаж байгаа эрх мэдэлтэй хүмүүст хэлэх нь зүйтэй.
 
 
Хүний амьдрал, хувь заяагаар тоглочихов уу даа гэмээр зүйлс багагүй ажиг­лагдах юм. Үүнийг гад­наас нь хараад миний сэтгэл багагүй шаналдаг.  Хүн мөнхийн биш. Амьд­рал ч мөнхийн биш. Тиймээс хүн хүндээ эл­гэм­сэг сэтгэлээр ханддаг уламж­лалаа хадгалж үлдэх хэ­рэгтэй. 
 
 
Монгол хүн уулын орой дээрээс дурандаж суугаад хэдэн адуу харагдвал “Энэ манай нутгийн адуу биш байна. Эзэнд нь хэл дуулгачих юмсан” гэж боддог. Эцсэн морьтой хүний унааг нь юүлж өгөөд явуулчихдаг. Ийм л эрхэм чанарыг хэдэн зууныг дамжуулан өвлөж ирсэн ард түмэн шүү дээ, бид.  Ер нь яаж ч  глобалчлагдсан байсан монгол монголоороо үлдэх ёстой гэдгийг хамгийн сүүлчийн монгол хүн хүртэл бодсоор л төгсөх учиртай юм шиг санагддаг. 
 
 
 
-Таныг Цагдаагийн “Сүлд” чуул­гыг хоёр удаа бай­­гуулсан хүн гэдэг. Хойч үе тань таны бүтээсэн зүй­лийг хэрхэн авч явах бол гэж санаа зовж байна уу?
 
-Энэ бол зөвхөн миний биш хамт олны минь хүч хөдөлмөрийн үр дүн. Юмыг байгуулна гэдэг маш хүнд. Би хадгаламж зээлийн хоршооны агуулах  болгоод энд тэндгүй дусаал гоожсон эвдэрхий балгас болсон ордонг нөхдийнхөө хамт хүлээж аваад, чуулгаа орон тоо зохион байгуулалтын хувьд  шинэчлэж чадварлаг залуучуудаар бэхжүүлж хөгжим техник хэрэгсэлээр бүрэн хангаж, хэн ч мэддэаг   чуулга болгож чадсан.
 
 
Таван жил хураалттай байсан цагдаагийн музейг сэргээж шинэ үзмэр эд өлгийн зүйлээр баяжуулж нээсэн. Компьютер техник хэрэгсэлээр хангагдсан орчин үеийн сургалтын танхимуудыг байгуулсан. Хүний босгосон юмыг нураах биш бэхжүүлж авч явж  чаддаг байгаасай гэж боддог.
 
 
Миний оронд цагдаагийн унаган албан хаагч томилогдсон, сайхан авч явна гэдэгт итгэж байна. Харин эрх мэдэлтэй дарга нар нь ойлгож тусалдаг байгаасай. Энэ ч утгаараа эрх мэдэл, албан тушаалд очсон хүмүүс энэ нийгмийг удирдахдаа инженер ухаантай ажиллаасай.
 
 
 
-Цагдаагийн  байгуул­ла­гатай  хол­босон  40 жи­лд таны сэтгэл зүйд хамгийн  их өөр­чилсөн ямар үйл явдал тохиолдов?
 
-Төрд үнэнчээр зүтгэх итгэл үнэм­шил төрүүлсэн 40 жил байлаа. Хоёрдугаарт төрд зүтгэх зохих хэм­жээний турш­лага хуримт­луул­сан. Басхүү бусдад үлгэр жи­шээ болох юмсан гэсэн эрмэлзэл бий болгосон. Эр  хүний  хувьд  ха­туужил суулгасан.
 
 
Эргэцүүлж бод­дог болгосон. Өөрөөр хэлбэл төрд ажил­­ласан он жилүүдэд хүн болж төлөвших бүхий л процесс маань явагджээ. Мөн эх орноо хайрлах, элгэн түмнээ дээдлэх сэтгэлийг надад өгсөн. 
 
 
Төрийн алба хүний ажил амьд­рал, хувь заяанд эерэг зөөлөн сэт­гэлээр ханд­даг хүмүүжил тө­лөв­шүүлдэг алба гэж ойлгодог. Харин хүн төрийн албыг мэддэг ,чаддаг гэж очиж булай болох явдал газар авах вий гэж санаа зовдог.
 
 
 
-Хүчний байгууллагад бай­гуул­лагад он удаан жил ажилласан хүн тэсвэр ха­туу­жилтай болдог. Гэтэл зохиолч, яруу найрагчдын ихэнх нь амьдрал, хувь заяанд гоморхож, тунирхах тал нь давамгайлсан хүмүүс байдаг. Танд энэ хоёр шинж чанарын аль нь илүү давам­гайлдаг вэ?
 
-Надад гомдомтгой ча­­нар бай­даггүй. Энэ нь төрд ажилласны гол нөлөө байх. Юм болгоныг өөнтөгч ха­рах юм бол гомдолгүй юм амьдралд ховор шүү дээ. Тиймээс төрийн нуруу төв­шин гэдэг шиг өөрийгөө төв­шин байлгахын төлөө хүн өөрөө л зүтгэх ёстой.
 
 
Ер нь эр хүн баргийн юманд гомддог нь олигтой чанар биш. Хэрэв танд тийм чанар байдаг бол түүнийг оюун санаанаасаа авч хаях хэрэгтэй.
 
 
Гомдол гэдэг нэг талаасаа нялз­рай байгаагийн илрэл шүү дээ. Амьд­ралын өмнө сөхрөхгүй байх нь хүний хамгийн сонгодог чанар юм. Ямар ч бэрхшээлийг туулж гарахын төлөө эрмэлзэх хэрэгтэй. Туулаад гарч чадахгүй бол дунд нь живдэг л юм байгаа биз.  
 
 
-Туулж  гарахад хэ­цүү санагдсан бэрх­шээл тохиолдож байв уу?
 
-Их залуу байж дээ. Тэр жил ЗХУ-ын Дотоод явдлын яамны сургуульд 45 хүүхэд шалгалт өгсөн юм. Би оноогоороо хоёрт жагсаж, тэнцсэн. Гэтэл намайг их үндэс муутайгаар сургуулиас хассан. Тэр явдал надад их эмзэг туссан. 
 
 
Гэтэл тэр үед Аюулаас хамгаалах яамны сайд байсан Б.Дэжид гуай  “Энэ асуудалд битгий гутраарай, дахиад сургуульд явах чинь нээлт­тэй шүү” гэж ойлгуулаад ир гэж хурандаа С.Балгансүрэн гэдэг хү­нийг над руу явуулсан юм.
 
 
Ахлагч цолтой, жирийн нэгэн цагдаад яамны сайд хүртэл тэгж анхаарал тавьж байсныг бодоход тэр үеийн хүмүүсийн хойч үеийнхээ төлөө тавьдаг сэтгэл ямар агуу байгаа вэ. С.Балгансүрэн хурандаагийн ачаар л миний гоморхол тайлагдсан, их ч зүйл ойлгосон доо.
 
 
 
-Та тэр хүний ачийг өдий хүртэл санаж явдаг байх нь ээ?
 
-Тэгэлгүй яах вэ. Тэр явд­лаас 20 гаруй жилийн да­раа намайг Эргүүл хамгаа­лалтын ... дугаар хорооны дэд даргаар ажиллаж байхад 600 гаруй цагдааг шинээр судалж, томилсон юм. Та­нил­цуулга, судалгаа үзэж байтал тэдгээр залуусын дунд С.Балган­сүрэн хурандаагийн ач хүү байсан.
 
 
Би тэр хүүг дуудаж уулзаад, нэг жилийн курсэд хуваарилагдсан байс­ныг нь 45 хоногийн дамжаагаар сольж өгөхөд тэр хүү их баярлаж билээ. Энэ тухайд Эрүүгийн цаг­даагийн домогт хурандаа н.Чулуун­бат гуай нулимс унагаж байсныг бодоход найз нь хүртэл их л баяр­ласан хэрэг.
 
 
Тэр хүү одоо цагдаа­гийн дэд хурандаа цолтой ажиллаж байна.  Ингээд бодохоор хү­мүү­сийн амьдрал, хувь заяа мөнхөд хол­боо­той, нэгнээсээ хамааралтай байдаг юм бай­на. 
 
 
Би детектив киноны үйл явдал шиг амьдрал дунд олон жил амьдарлаа. Гэхдээ амьдрал бү­хэлдээ детектив гэж боддоггүй. Хамгийн гол нь хүн өөрөө амар амгалан, хүмүүнлэг сэтгэлтэй, уужим ухаантай байх ёстой. Тийм амьдрал дунд детектив зүйл ч бага тохиолдоно. Хүн ард нь амгалан бол улс орон ч амгалан байна шүү дээ. 
 
 
 
-Ажил мэргэжил бүхэн хүнээс өөр өөр зүйл шаард­даг. Таны мэр­гэжил танаас ямар чанарыг хам­гийн их шаардсан бол?
 
-Би эргүүлийн цагдаа хийж бай­гаад салааны орлогч болсон. Тэр цагаас эхлээд хүнтэй ажиллажээ. “Хүн шиг хүнийг бухимдуулдаг амь­тан ертөнцөд үгүй” гэж эрдэмтэн Павлов хэлсэн юм. Энэ он жилүүдэд би хүнийг яаж төлөвшүүлж, алдааг нь хэрхэн засч, зөв нөлөөлөх  вэ гэдэгт яаж итгэл дааж чаддаг бол­гох вэ, яаж харилцан бие бие­нээ хүндэтгэх вэ гэдэгт л  ажил, амьд­ралаа зориулсан байна.
 
 
Энэ бол их нухлуур, оюун санааны болоод хүнд хандах хандлагын ур чадварыг сорьсон ажил.  Энэ ч утгаараа хүнтэй их ойр байж, ойлголцохыг шаарддаг  ур чадвар, сэтгэл, итгэл үнэмшил дээр тулгуурласан  ажил юм даа. Надад итгэж байж л тэр хүнд миний үгийг хүлээж авч, миний өмнө тавьсан зорилгыг биелүүлж, намайг хүндэтгэх сэтгэл төрнө шүү дээ.
 
 
Нэгэн сэтгүүлч  жанжин Су­вороваас “Таны хамгийн жаргалтай мөч хаана байдаг вэ” гэж асуухад тэрбээр “Жирийн цэргүүдийнхээ бантанг хувааж идэхээс илүү жар­гал надад байдаггүй” гэж хариулсан гэдэг. Сэтгүүлч “Та ер нь яаж Альпийг морин армиар  давсан юм бэ” гэсэнд Суворов “Жирийн цэр­гүүдийнхээ бантанг хувааж иддэг учраас л давсан юм даа” гэж хариулжээ.
 
 
Тэгэхээр өндөр тушаалын хүн цэрэгтэйгээ ойр дотно байж л араасаа дагуулж, байлдаанд ордог юм. Гэтэл одоо манайхан албан тушаал жаахан ахихаараа хамт олноосоо тасарч, өөрийгөө тэнгэрийн амьтан гэж ойлгоод, дээгүүр харж алхаад л, жирийн цэрэгтэйгээ харьцахаа больчихдог. Ийм байдал газар авбал Монгол  төрийг  нураана шүү.  Төрийн ажил хүртэл хүний харилцаан дээр л  явагддаг. 
 
 
 
-Сүүлийн үед уран бү­тээлчдийг уран бүтээлээрээ эмзэглэл, бухим­дал илэр­хийлэх боллоо гэсэн шүүмж­­лэл их гарч байна. Таны бү­тээ­лүүд харин гэгээн зүй­лүүдээр дүүрэн байдаг?
 
-Хүн цаг ямагт өөдрөг байх хэрэгтэй. Өөдрөг сэт­гэлтэй хүн бусдад лай болж, уршиг тарьдаггүй. Өтөлсөн ч гэсэн өөдрөг сэтгэлтэй хүнийг залуус хараад бахархдаг. 
Ний нуугүй хэлэхэд манай энэ нийгэм их бо­хирд­жээ. Энэ бохирдсон ний­гэмд цэвэр юм оршин тогтох хэцүү. Энэ нийгмийг цэвэрлэж, цэнгэг агаартай болгохын төлөө олон хүн зүтгэж байна. Гэтэл үүнийг нь хэчнээн хүн ойлгож мэ­дэрч байна вэ гэдгийг бас л бодох хэрэгтэй. 
 
 
 
-Та өөрийнхөө сэтгэлийг цэврээр нь авч үлдэхийн тулд юу хийв?
 
-Би ч гэсэн бохирдсон нь л хүн. Хүнд оюун санааны төлөвшил, зорьсон зорилго байх ёстой. Бид юуг амьдралынхаа оргил гэж үзэх юм бэ гэдгээ тунгааж бодох хэрэгтэй. Гэтэл хүн өөрийнхөөрөө байх аргагүй боллоо шүү дээ.
 
 
Бид залуудаа их зүйл сурдаг байжээ. Жишээ нь, Залуучуудыг 13 бүжиг сурсан байх ёстой гэнэ. Бүжиг гэдэг чинь хүн төрөлхтний  асар том соёл шүү дээ. Түүний ачаар л бид хаана ч очсон язаганатал бүжиглэчихдэг байлаа шүү дээ.
 
 
Ингэж л нэг талаар хүчээр сургах гээд байгаа мэт боловч нөгөөтэйгүүр хэрэгцээг нь хангаж өгдөг байж. Одоо тийм юм  даанч алга. Урлаг гэдэг чинь сэтгэлийг ариусгах  яруу сайхан шүү дээ. 
 
 
Зарим хүн “Хурандаа хэдэн төгрөг олох гээд тоглолт хийх гэж байна” гэж бодож болох юм. Гэтэл урлагийн бүтээл бүхэн өөрийн үнэ цэнэтэй байх учиртай. Үүний цаана хүмүүст яруу сайхныг бага ч болов мэдрүүлэх гэсэн хүсэл байгааг олж хараасай гэж боддог.
 
 
 
-Амьдрал, цаг хугацаа, нийгэм хүнийг их өөрчилдөг. Таны амьд­ралд гарсан өөрч­лөлтүүд үргэлж дээшээ урс­галтай байж чадсан уу?
 
-Би хөдөөгийн жирийн нэгэн малчин ардын хүү­хэд. Зургаан нас арай хү­рээгүй байхдаа ахыгаа да­гаж нэгдүгээр ангид ор­сон. Арав арай хүрээгүй байх­даа дөрөвдүгээр анги төгссөн. Тэгээд малчин бол­сон. Хувийн гачигдлаар Улаан­баатарт ирснээс хойш 50 гаруй жил энд амьдарч байна. 
 
 
Энэ хугацаанд  би  уруу­даж явсангүй. Энэ бол нэг­дүгээрт сайхан аав, ээжийн түшиг, хоёрдугаарт намайг өдий зэрэгтэй авч явсан хамт олны ач. Миний цэргүүд ,бас хань ижил минь л надад ийм хийморь лундаа өгч дээ гэж боддог.
 
 
 
-Таны амьдралд төгс төгөлдөр зүйл байв уу?
 
- Хүнд аз жаргалын хоёр орчин бий. Өөрөөр хэлбэл, ажилдаа дур­тай явж, гэртээ дуртай ирэхийг аз жаргал гэдэг. Миний амьдрал над­даа төгс төгөлдөр байна гэж ойл­гоно уу гэхээс биш түүний туйлд хүрнэ гэвэл хэцүү. Хүний нэг хэрэгцээ хангагдахад дараагийнх нь үүсч байдаг учраас энэ бол  хэзээ ч хангагдашгүй зүйл юм. 
 
 
 
-Хүүхдүүдийн тань ал­даа, оноо таны сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
 
-Ээжүүд бол баярласан ч, гомдсон ч уйлаад л сэтгэл хөдлөлөө илэрхийлчихдаг. Харин эцэг хүн уул шиг бат суурьтай байх ёстой. Гэвч дотроо өмөрч л суудаг. 
Хүүхэд эцэг, эхийнхээ мэд­рэмжийг өөрөө мэдэрч, санаснаар минь явахад л би хамгийн их баяр­ладаг.
 
 
Миний хүүхдүүд бүгд зөв хүмүүжилтэй, эрдэм бо­ловсролтой болохоор би тэдэндээ үргэлж баярлаж явдаг. Гэхдээ хүн л болсон хойно алдаж  онохыг үгүйсгэх аргагүй.  Хүн алдсан ч ал­даа­гаа засч, ухаарах гэдэг бас сайхан зүйл шүү.
 
 
 
-Таны сэтгэлийн өмрөлт гаднаасаа мэдрэгддэг болов уу?
 
-Уйлсан ч, дуулсан ч гад­наасаа ер нь мэдрэгдэхгүй шүү. Хүнд анзаарагдаад байдаггүй баргар царайтай хүмүүсийн нэг нь юм болов уу даа. Эрчүүд голдуу л тийм байдаг.
 
 
Ээж нь хажууд давхийгээд цочиход түшиг болж суугаа аав нь дагаад цочиж болохгүй шүү дээ. Гэхдээ эцэг хүн гаднаа цочихгүй мөртлөө дотроо палхийж л суугаа шүү дээ.
 
 
Эх сурвалж: