sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэг улс Сарыг судлахаар илгээх гурав дахь аппарат болох “Чандраян-3”-ыг энэ оны долоодугаар сард хөөргөнө гэж тус улсын Сансар судлалын байгууллагын /ISRO/ дарга С.Соманат даваа гарагт мэдэгдлээ. 
 
Энэтхэгийн өмнөд хэсгийн Андхра Прадеш мужийн Бенгалийн булангийн Шрихарикота арлын сансрын буудлаас хоёр дахь үеийн навигацийн хиймэл дагуул “NSV-01”-ийг амжилттай хөөргөсний дараа С.Соманат ийнхүү мэдэгджээ.
 
Энэ оны хоёрдугаар сард “Чандраян-3” гол туршилтаа амжилттай давсан байна. 2021 онд Энэтхэгийн Сансар судлалын яамны дэд сайд Житендра Сингх, “COVID-19” цар тахлын улмаас “Чандраян-3”-тай холбоотой үйл ажиллагаа саатаж байгаа талаар мэдээлж байжээ.
 
“Чандраян-2” аппаратыг 2019 оны долоодугаар сарын 22-нд Шрихарикота арлаас хөөргөсөн юм. Гэвч 2019 оны есдүгээр сарын 7-нд Саран дээр зөөлөн газардах оролдлого хийхийн өмнөхөн холбоо тасарсан байна.
 
Хожим нь АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ Сарыг тойрон эргэдэг хиймэл дагуул нь “Чандраян-2”-ын буугч аппаратын үлдэгдлийг олсон тухай мэдээлж байсан билээ. 
 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг