sonin.mn
ХАРТУМ. /Reuters/. Саудын Араб, АНУ-ын эрх баригчид Суданы сөргөлдөгч талуудад гал зогсоох дэглэмээ сунгахыг ням гарагт уриалжээ.
Суданы арми, Шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийхэн Саудын Арабад хийсэн хэлэлцээнийхээ үеэр долоо хоног гал зогсоохоор тохиролцсон бөгөөд энэ хугацаа даваа гарагт дуусах юм.
 
 
 
Үүнтэй холбогдуулан Саудын Арабын Гадаад хэргийн яам гал зогсоох дэглэмээ сунгах асуудлаар тохиролцоонд хүрэхийн тулд хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг Суданы арми болон Шуурхай хариу арга хэмжээ авах хүчинд уриалжээ.
 
 
 
Хэдийгээр гал зогсоохоор тохиролцсон ч өнгөрсөн өдрүүдэд нийслэл Хартум тэргүүтэй бусад хотод арми, хагас цэрэгжсэн бүлэглэлийн хооронд дахин мөргөлдөөн гарсан байна.Бямба гарагт Шуурхай хариу арга хэмжээ авах хүчин гал зогсоох дэглэмийг сунгах талаар хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд, хэдийгээр бүрэн төгс хэрэгжихгүй байгаа ч тохиролцоог сунгах нь ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагааг хөнгөвчилнө гэдгийг мэдэгдэлдээ дурджээ.
Суданд энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд мөргөлдөөн эхэлснээс хойш 863 хүн амиа алдаж, олон мянган хүн шархадсан бөгөөд хохирогчдын тоо цаашид улам нэмэгдэж болзошгүй байна гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид мэдээлж байна. 
 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг