sonin.mn
Тэртээ 1997 онд анхны Ерөнхийлөгч П.Очирбат Монгол Улсын дорнод бүсээс нефть оргилж байгааг бахархан зарлаж, ганган цагаан дээлээ мялааж байсан торгон агшин нэгэнт түүх болон үлджээ. Түүнээс хойш Төрийн тэргүүний тэрхүү түүхэн агшнаас эрч хүч авч, газрын тосны инженер болно гэсэн хүсэл мөрөөдөл тээсэн шавилхан бүсгүй одоо хэдий нь салбартаа танигдсан бодлого гаргагч, урдаа барьдаг мэргэжилтэн болжээ. "Зууны мэдээ" сонин “Амьдралын тойрог” булангийнхаа энэ удаагийн зочноор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлого төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч А.Пүрэвийг урьж ажил амьдралынх нь замаар аяллаа. Эрчүүд голдуу ажилладаг хүнд нефтийн салбарт эргэлт буцалтгүй зориглон орж, бодлого зангидан суугаа тэрбээр энэ салбарт 30 шахам жил ажиллаж буй юм.
 
Ёс зүйтэй байхыг аав ээжээсээ сурсан
 
Аав Д.Адъяа, ээж Г.Хоний.
 
Нийтлэлийн маань баатар А.Пүрэв Өмнөговь аймгийн Сэврэй суманд төржээ. Найман хүүхэдтэй айлын дөрөв дэх хүүхэд болон мэндэлсэн түүний аав ээж хоёул Өмнөговь аймгийн уугуул. Аав Д.Адъяа нь Гурвантэс сумын уугуул, малын эмч мэргэжилтэй. Малын эмчийн ажлынхаа зэрэгцээ сумын намын үүрийн даргын давхар албатай тул гэрийн бараа харахаас харахгүй нь их. Цагаан сарын шинийн 1-ний өглөө ч аварга малчдынхаараа явах ажилтай тул эзгүй байх нь олонтаа байлаа гэж аавыгаа дурссан.
 
Нам, номын захаас олон зүйлийг сурсан аав нь хүүхдүүдээ эрдэм номтой хүн болохыг зааж сургадаг байж. Өөрөө ч үлгэрлэнэ. Өдөр бүр хүүхдүүдээрээ 10 орос үг цээлжлүүлж, сайн цээжилснийг нь чихрээр шагнаж урамшуулдаг байсан нь хожим хичээл номдоо шамдахад ч, их гүрэн рүү сургуульд сурах эхлэлийг ч тавьсан гэдгийг дурсан ярьж байв.
 
Харин ээж Г.Хоний найман хүүхдээ өсгөхийн зэрэгцээ сумын эмнэлэгт сувилагчаар ажиллана. "Ээж маань бүтэн нойртой хоносон удаа бараг үгүй дээ. Заримдаа ажил дээрээ хүнд тариа хийх гэж байхдаа ч зүүрмэглэчихдэг байсан гэдэгсэн" гэж ээжийгээ дурсав. Дөнгөж 46 насалсан ч ээж нь түүний амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн ачтан. Ээжийнх нь нэр ч Монголд ховор нэр аж. Энэ талаараа тэрбээр “Ээжийн минь тал олон хүүхэдтэй. Ээжид маань нэр өгч амжаагүй, охиноо гээд дууддаг байсан гэдэг. Ээж маань олон хүүтэй, том болсон охинтой айлын хэнз охин болж төрсөн. Гэрийн тооноор нар тусахаар ээж маань нар голлоод суучихдаг. Гэтэл яг дээд талынх нь ах хоёр насны зөрүүтэй, жаахан бие муутай хүү байж. Нэг удаа ээж нар голлоод сууж байтал ах нь “Чи надад нараа өгчих, би чамд нэр өгье” гээд Хоний гэж нэр өгч. Ингээд ээж маань ахдаа нараа өгөөд өөрөө Хоний гэж нэртэй болсон гэв.
 
-Ээж бидэнд үлгэр их уншиж өгнө. Орой бушуухан орондоо ороод үлгэр уншуулна. Олон янын ном уншдаг. Хүүхдүүдтэйгээ их ярьдаг, одоогийнхоор бол хүүхэдтэй сайн ажилладаг хүн байж. Хүүхдийг их урамшуулдаг, эрдэм номтой хүн болвол ирээдүйд та нарт хэрэгтэй гэж их захьдаг.
 
Ном эрдэмд сургахын хажуугаар гэрийн ажилд ч сайн сургасан. Биднийг уралдуулж түлээ түүлгэнэ. Шуудайгаар түлээ түүж ирнэ. Түлээнд яваад ирэхээр ээж говийн борцтой будаатай цай чаначихсан хүлээж байдагсан. Ээж маань урт наслаагүй ч үр хүүхдэдээ ихийг зааж сургасан, ажил хөдөлмөрөөр хүмүүжүүлдэг холч ухаантай хүн байсан даа. Биднийг ёс зүйтэй, зөв хүн болж төлөвшихөд аав ээж минь амьдралаараа их сайхан үлгэрлэсэн. Ээж маань аавыг чи гэж үзээгүй. Та гэж дууддаг. Манай аав, ээж хоёр хоорондоо муудалцаж байхыг би хараагүй. Ээж аавын хажууд оймсгүй, хөл гараа гаргаж явж үзээгүй. Хүүхдүүд биднийг ч хэчнээн халуунд ч хөлөө гаргаж явахад дургүй, ёс зүйгүй байхыг үзэж чаддаггүй, маш журамтай эмэгтэй байсан. Бид учиргүй тэр бүгдийг нь дуурайгаагүй ч, хоорондоо эвтэй, ёс зүйтэй байхыг аав ээжээсээ сурсан. Аав, ээж маань хоорондоо ам муруйж үзээгүй. Ээж маань анагаахын дээдэд сурах хоёр ч урилга ирж байсан боловч олон хүүхэдтэй учир явж чадаагүй. Харин намайг Дарханы техникумд сурч байхад хүүг минь харж байгаад өөд болсон юм. Намайг ямар ч гэсэн инженер болоорой гэж захидаг байсан. Ээжийгээ хөдөөлүүлэхдээ заавал инженер болж, дээд мэргэжил эзэмшиж ээжийнхээ хүслийг гүйцээнэ дээ гэж өөртөө амлалт өгч байлаа хэмээн дурсав.
 
Математикийн суурь нь инженер мэргэжилд хөтөлжээ
 
 
Хүү П.Элбэгзаяа, бэр Б.Алтанчимэг, ач хүү Э.Ухаанзаяа, ач охин Э.Оюунзаяа нарын хамт
 
Дөрөвдүгээр ангид ордог жилээ өвчтэй эмээгээ асрахаар ээжийнхээ төрсөн нутаг Сэврэй сумандаа иржээ. Тэрбээр “Миний тэвчээртэй зан эмээтэй минь салшгүй холбоотой. Би хүүхэд байхдаа Сэврэй сумандаа очиж эмээгээ асарч дөрвөн жил хамт амьдарсан. Хүүхэд байсан болохоор гэрээ их санана, тэглээ гээд одоогийнх шиг хүссэнээрээ баймаар байна гээд хаяад явчихдаггүй. Эмээ минь багаасаа чинээлэг айлд өссөн, хөдөлмөрч, маш зарчимч хүн байсан. Хоол унд бэлтгэх, арц нүдэхэд хүртэл имэрч байгаад болсон болоогүйг маш сайн шалгадаг. Гэдэс шүүсийг хүртэл хатааж хэрэглэдэг. Маш аж ахуйч, ажилтай арчаатай хүн байлаа” хэмээн буурайгаа дурсав.
 
Багаасаа математикийн хичээлд сонирхолтой байсан түүнийг наймдугаар ангид орох жил нь аав, ээж нь аймгийн төв рүү шилжүүлж, математикийн гүнзгийрүүлсэн сургуульд суралцуулахаар явуулсан нь ирээдүйн мэргэжлийнх нь суурийг тавьжээ.
 
Энэ сургуульд орохдоо шалгалтад бэлтгэж анхныхаа хариуцлагатай шалгалтыг нэр төртэй өгч, түүндээ ихэд урамшиж байсан нь одоо ч санаанаас нь гардаггүй. Ийнхүү математикийн суурь нь түүнийг хөтөлж, сургуулиа төгссөний дараа ч инженер болох битүүхэн зорилготойгоор их сургуулийн шалгалт өгөхөд бэлтгэж эхэлжээ. Өмнөговийн төвд гурван жил сураад дараа нь Дарханы техникумд цахилгааны мэргэжлээр элсэн суралцжээ. Дарханд дөрвөн жил сурч төгсөөд нутагтаа очиж Өмнөговийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт  дизель станцад ажилласнаар ажил амьдралын гараагаа эхлүүлсэн байна.
 
Б.Ельциний тэтгэлгээр инженер болж, В.Путиныхаар доктор хамгаалсан нь
 
Техникч, деспитчерээр хэсэг ажиллаад станцдаа түлшний няраваар ажиллах болжээ. Тэр үеэс шатахуун зөөнө, тооцоо бодно гээд эрчүүд голдуу ажилладаг энэ салбарт эргэлт буцалтгүй зориглон оржээ. Энэ үед нөхөр нь ч хот руу сургуульд сурах болж ийнхүү хотын айлын тоог нэгээр нэмсэн байна. 1996 оны үед ШУТИС-д газрын тосны тусгайлсан анги байгуулагдаад удаагүй, сургуулийн зүгээс ч энэ ангиа залуучуудад, эцэг эхчүүдэд танилцуулах, олон нийтэд ойлгуулах чиглэлд багагүй анхаарчээ. Түлшний няраваар ажиллаж, бензин тос тараана, дизель авах зэрэг ажилдаа дурлах болсон А.Пүрэвт шинэ нээгдсэн ангид орох хүсэл мөрөөдөл төрсөн ч өөртөө нэг л итгэж өгсөнгүй. Зургаан насаар дүү хүүхдүүдтэй конкурстээд тэнцэх болов уу гэсэн бяцхан айдастай шалгалт өгсөн тэрбээр  нэлээд дээгүүр байр эзэлж, зургаан насаар дүү ангийнхантайгаа инженер болохоор сурч эхэлжээ. Газрын тосны мэргэжил яагаад тийм сонирхолтой санагдав гэж асуухад минь “Математик суурьтай болохоор хэл, нийгмийн чиглэлээр сурах бодолгүй байсан.
 
Багаасаа инженер л болъё гэж боддог байсан. Үнэнийг хэлэхэд тэр үед алс хэтийг бодохоос илүү инженер гэдэг нэрд нь л их болж байсан санагддаг юм.  Түлшний нярав хийж байх үед маань газрын тос оргилсон мэдээ цацагдаж, Ерөнхийлөгч П.Очирбат дээлээ мялаасан үйл явдал болж байлаа. Тэр их хүчтэй сэтгэгдэл төрүүлж, залуу хүнд их гоё санагдаж байсан. Тэр болгоноос урам зориг авч байлаа” хэмээн мэргэжлээ сонгох үеэ дурсан ярилаа.
 
Ингээд хагас жил орчим ШУТИС-д сурч байтал ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн зар түгжээ. Ангийн багш нь голч оноо өндөртэй хүүхдүүдээ урамшуулж шалгалт өгүүлснээр тэр шалгалтад нэгдүгээрт бичигдэж, ОХУ-д мэргэжил эзэмших томилолт өвөртлөн хилийн дээс анхлан алхжээ. Ийнхүү 1996 онд ШУТИС-д элссэн шинэхэн оюутан дараа жилээс нь “Ельциний хүүхдүүд”-ийн нэг болж, УФА-гийн их сургуульд суралцаж эхэлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр суралцаж буй хүүхдүүдийг тэр үед “Ельциний хүүхдүүд” хэмээн нэрийддэг байж.
 
1998 оны үе Монголд ч, Орост ч амьдрал сайнгүй. Хэдий тэтгэлгээр сурч байгаа ч стипенд бага, хангамж тааруу. Хичээлдээ сайн сурч байж онцын нэмэгдэл авах учир хичээлээ ч сайн хийсээр УФА хотын технологийн их сургуульд таван жил сурч, улаан дипломтой төгсчээ.
 
2003 онд улаан дипломоо өвөртлөн Монголдоо ирэхдээ уг нь докторт үргэлжлүүлэн сурах урилгатай ирж. Гэвч сургууль нь төлбөрийг нь хариуцах боломжгүй гэсэн учир Монголдоо гурван жил ажиллаж дараагийн тэтгэлэг хөөцөлдөхөөс өөр сонголт байсангүй. Ийнхүү эх орондоо ирээд анх тэтгэлэгт шалгалтад хөтөлсөн М.Оюунтөгс багшаараа хөтлүүлэн Газрын тосны хэрэг эрхлэх газарт ажилд орсноор түүний энэ салбар дахь ажлын гараа эхэлжээ. Гурван жил ажилласны дараа Засгийн газрын тэтгэлэг зарлагдах үед дахин шалгалт өгч тэнцээд докторын тэтгэлэг авч чаджээ. Ийнхүү Ельциний тэтгэлгээр инженер болж байсан бол В.Путины тэтгэлгээр доктор хамгаалж байсан ховор түүхтэй нэгэн аж.
 
Газрын тосны үйлдвэр баригдах нь тусгаар тогтнолтой салшгүй холбоотой
 
Газрын тосны салбар нэг талаар хөгжөөд байгаа ч юм шиг, нөгөө талаар хөдөлгөөнгүй царцчихсан ч юм шиг санагддаг нь олон нийтэд мэдээлэл бага хүрдэгтэй холбоотойнх аж. Одоогоор газрын тосны үйлдвэртэй болох ажил ид өрнөж, 2026 онд үйлдвэр байгуулагдана гэсэн хэтийн төлөв бий гэнэ. Түүний докторын ажлын сэдвийг сонирхвол,
 
“Газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх технологи, аргачлал” сэдвээр докторын ажлаа хамгаалсан гэсэн юм.
 
Манай улсын хувьд 1993 оноос бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаар Хятад руу газрын тос экспортолж байна. Мэдээж сайнтай, муутай хэл ам ихтэй байдаг ч яг салбарын мэргэжилтний хувьд энэ салбарын өнөөгийн байдлын талаар лавлахад минь тэр ингэж хариулсан.
 
“Монгол Улсад газрын тосны үйлдвэр заавал байх ёстой. Үүнийг үндэсний аюулгүй байдал талаас нь харах ёстой. Тусгаар тогтносон улс өөрсдөө газрын тосоо боловсруулах үйлдвэртэй байх зайлшгүй шаардлага бий. 2026 онд үйлдвэр баригдаж дуусна. Түүний наана бэлтгэл ажил бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Мэдээж энэ том бүтээн байгуулалтын ажил анхны бодсон шиг байгаагүй, удаашралтай байна. Гэхдээ төр нэгэнт энэ салбар руу эрчимтэй анхаараад эхэлчихсэн” гэсэн юм.
 
-Үйлдвэр байгуулна гэдэг хэдхэн жилийн дотор бий болдог ажил биш. Газрын тосоо хайна, олборлоно гээд салбарыг цогцоор нь хөгжүүлэх ёстой. Манай салбарт орон нутгийн эсэргүүцэл, ковид, Орос Украйны асуудал гээд шууд бус нөлөөлөл их байна. Мэдээж энэ салбарыг хөгжүүлэх шаардлагатай. Ядаж өөрсдөө бензинээ гаргадаг, хараат бус баймаар байна. Салбарыг хөгжүүлэхэд иргэд орон нутаг, төрийн байгууллага хоорондоо уялдаа холбоотой байх их чухал. Миний анх сурч байсан УФА-гийн их сургуульд газрын тосны чиглэлээр сэтгүүлч бэлддэг анги ч байдаг байсан. Энэ салбарт хүний нөөц маш чухал. Сэтгүүлчид маань энэ чиглэлээр мэргэшвэл маш сайн. Ер нь энэ салбарт ажиллах, ажлыг нь ойлгох эдийн засагч, нягтлан бодогч, хуульчийг тусгайлан бэлтгэдэг. Зөвхөн газрын тосны инженер биш хуульч, сэтгүүлч, эдийн засагч, нягтлан бодогч, механик гээд хүний нөөцийг цогцоор нь бэлтгэж хөгжүүлдэг.
 
Салбарын бодлого төлөвлөлт хариуцаж байгаагийн хувьд зөндөө журам дүрэмд удаан ажиллалаа. Хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин бүрдүүллээ. Салбар маш их хөдөллөө. Гэхдээ ерөнхийдөө олон жилийн туршлагаас харахад дээгүүрээ ганц бодлого хийгээд явах биш орон нутаг иргэдтэйгээ уялдаа холбоотой байх ёстойг маш сайн ойлгож байна.
 
“Газрын тосны амьдралын мөчлөг” гээд эрэл хайгуул хийхээс эхлээд тухайн ордыг ашиглаад хаах хүртэлх үйл ажиллагаагаар сургалтын модуль боловсруулаад орон нутгийн иргэдэд хичээл зааж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг Канадын Мерит төсөлтэй хамтраад хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 19 сургагч багш бэлдсэний нэг нь би. Яамнаас санаачилсан учир би голчилж ажилласан. Энэ сургалт хүмүүст маш сайн хүрч байна. Зөвхөн онол ярих биш талбай дээр нь, уурхайд нь аваачиж үзүүлэх маш чухал юм байна. Байгаль орчинд ийм нөлөөтэй, ус нь ийм байдаг. Хайгуул олборлолтын үйл ажиллагаа нь орон нутагт ямар өгөөжтэй юм, танай хүүхэд ямар мэргэжил эзэмшвэл энэ орон нутагт байгаа уурхайдаа эргэж ирээд ажиллаж болох юм зэргээр маш сайхан танилцуулга, зөвлөгөө өгдөг. Ялангуяа мэргэжлээ сонгохоор сонирхож байгаа хүүхдүүдэд их хэрэгтэй юм байна. 6-9 дүгээр ангийнхныг дагуулж яваад нутаг орон чинь ийм чулуутай, тийм эрдэстэй гээд заагаад хэлээд өгөхөөр хүүхэд сонирхохын зэрэгцээ байгалтай зөв харьцах ёстойгоо мэдэж авдаг юм билээ. Эцэг эхчүүд ч бас, орон нутагтаа хүүхэд маань эргэж ирж амьдаръя гэвэл ямар мэргэжил эзэмших юм гэдэг талаас нь харвал иргэд төсөлтэйгөө зөв харьцаж чаддаг юм байна. Байгаль орчинд ямар нөлөөтэй юм, юун дээр нь бид шаардлага тавих юм, ямар хууль дүрэм байдаг юм гэдгээ судлаад мэдээд харьцах шаардлагатай. Том зургаар нь харвал газрын тосны олборлолт хийнэ гэдэг хүний нэг насны амьдрал хэрэгтэй” гэсэн юм. 
 
Агуу томыг мөрөөддөггүй ч, төлөвлөсөндөө заавал хүрэхийг хичээдэг
 
Аав ээжээсээ ёс зүйтэй байх, ахмад настай хүмүүстэй хүндэтгэлтэй харьцах гээд олон зүйл сурсаны хамгийн үнэтэй нь зарчимч, тэвчээртэй зан чанар минь гэж тэр онцлов. Тэрбээр өөрийгөө аливаа зүйлийг төлөвлөж хийдэг, зарчимч талдаа гэв. “Би агуу томыг мөрөөддөггүй. Гэхдээ бүх юмаа төлөвлөдөг. Амьдралынхаа туршид зорилго тавьдаг. Чадна гэсэн зүйлээ мөрөөдөж, төлөвлөж түүндээ хүрдэг. Тухайн үед ямар нэг арын хаалга байхгүй учир хамгийн зөв юм нь өөрөө өөртөө л найдах. Тиймээс сурах ёстойгоо сайн ойлгож, тултал хөдөлмөрлөж байж амжилтад хүрдэг гэдэгт итгэдэг. Амьдралд минь азын сугалаа таарч байсангүй. Хүний хувь тавилан янз бүр. Хөдөлмөрлөж байж үр шимийг нь хүртдэг, заримдаа азтай тохиолоор хувь тавилан нь ивээгээд яьдаг хүмүүс байдаг. Би азтай биш харин хөдөлмөрлөж, өөрөө тултал хичээж байж онц авдаг байсан. Азаар онц авч үзээгүй. Өдөр шөнөгүй уншиж хийж байж авдаг байлаа. Хөдөөгийн сумын нэгэн охин төрийн яаманд 20 шахам жил бодлого боловсруулаад явна гэдэг миний хувьд дэвшил юм. Энэ бүхэн тэвчээртэй, хөдөлмөрч байсны минь үр шим гэж би боддог” хэмээн даруухан ярих ийм нэгэн хөдөлмөрч, тууштай эмэгтэйтэй Монголд Газрын тосны салбар үүсч хөгжсөний 82 жилийн ойн өдөр нь хуучилсан нь энэ. Дашрамд дурдахад, түүний хүү П.Элбэгзаяа ч ээжийнхээ мэргэжлийг эзэмшин, нэг салбарт  мөр зэрэгцэн ажилладаг юм билээ.
 
 
Базарбямбын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин