sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Японы парламентын доод танхим  цэргийн зардлын өсөлтийг санхүүжүүлэх эх үүсвэрийн тухай хэд хэдэн хуулийн төслийг мягмар гарагт баталлаа.
 
 
 
Энэхүү багц хуулийг Японы Либерал Ардчилсан нам тэргүүтэй эрх баригч эвсэл санаачилсан байна. Уг хуулийн төслүүдэд татварын бус орлогоор тусгай сан байгуулж, батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэхэд зарцуулахаар тусгажээ. Түүнчлэн асар их хохирол учруулсан 2011 оны гуравдугаар сарын цунамид нэрвэгдсэн нутгуудыг сэргээн босгоход зориулж хүн амаас онцгой албан татвар хэлбэрээр цуглуулсан хөрөнгийн тодорхой хэсгийг батлан хамгаалах хэрэгцээнд зарцуулахаар тусгасан байна.
 
 
 
Эрх баригч эвслийн энэхүү санаачилга Сангийн сайд Сүзүки Шүничид итгэл үзүүлэхгүй гэдгээ илэрхийлж байсан сөрөг хүчнийхний хурц шүүмжлэлтэй тулгарчээ. Сөрөг хүчнийхэн уг багц хуулийн төслийг батлах ажлыг удаашруулах оролдлого хийсэн боловч олонх болсон эрх баригч эвсэлд саад болж чадсангүй.
Одоо энэхүү багц хуулийн төслийг эрх баригч эвсэл олонхын суудлыг эзэлдэг дээд танхим батлах ёстой.
Японы Засгийн газар 2027 он гэхэд цэргийн зардлыг хоёр дахин өсгөж, НАТО-гийн орнуудын жишгээр  Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ)  2 хувьд хүргэхээр шийдвэр гаргасан билээ. 
 
Д.Одон
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг