sonin.mn
Өнгөрсөн оны гуравдугаар сард нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадна бага насны хүүхэд нас барсан дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
 
Дуудлагын дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулж нас барсан шалтгааныг тогтооход хүүхдийн мөгөөрсөн хоолой цоорсны улмаас амь насаа алдсан байв. Хүү хагас жилийн өмнө товчин зай залгиж, улаан хоолойн мэс засалд орж байжээ.  Тэгвэл бидний өдөр тутмын амьдалтай салшгүй холбоотой зайны хор хөнөөл болсон зайгаа борлуулж болох тухай энэ удаагийн дугаартаа онцолж байна. 
 
Бидний өдөр тутмын амьдралд зай өөрийн байр сууриа нэгэнт эзэлсэн. Бид цаг, хүүхдийн тоглоомын зай, гар утасны батерей, автомашины аккумлятор гээд ахуйн бүх зүйлдээ зайг их хэрэглэдэг ч цэнэг нь дуусахад шууд хог дээр хаядаг. Энэ мэт хуруу зай гар утасны батарэй, автомашин техникийн аккумляторыг ямар ч хяналтгүй ил задгай хаягдаж байгаа нь хүний эрүүл мэндэд болон байгаль орчинд ямар их хор хөнөөл, сөрөг нөлөөлөл үзүүлж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ өөрсдөө зөрчиж байгаагаа мэддэггүй. Тухайлбал, зайг мөнгөн ус, цайр, хар тугалга тэргүүтэй химийн элементүүд, хүнд металлуудын оролцоотой бүтээдэг. Энэхүү олон хорт бодис агуулсан зай газрын хөрсөнд шигдэж, илжирч, агаарт уусан задарч бид түүгээр нь амьсгалдаг. Нэг ширхэг жижигхэн хуруу зай дөрвөн метр квадрат талбай хордуулж, 800 мянган литр ус бохирдуулдаг хортой.
 
Бас нэг томоохон аюул нь хүүхдийн, тэр дундаа 0-6 насныхны эрүүл мэндэд илүү сөргөөр нөлөөлдөг. Сүүлийн үед хүүхдүүд зайгаар тоглож амандаа хийх тохиолдол их байгаа. Ингэх нь хүүхдийн оюун ухааны цар хүрээг багасгаж, сэтгэн бодох чадварыг удаашруулдаг хэлний амтлах чанарыг алдагдуулдаг, хэл ярианы гажигтай болгодог ажээ. Мөн хорт хавдар, уушгины өвчлөл, уураг тархины саажилт үүсэхэд нөлөөлдөг.
 
Цаашлаад амь насанд аюул учруулах нь ч бий.  Мөн байгальд задралгүй 100 жил хадгалагдан улмаар задралд орж озоны давхаргад гарч нэг нэгж хорт бодис нь 16 нэгж талбайг цоолж маш их хор хохиролтой болохыг АНУ-ийн зарим эрдэмтэд аль хэдийн тогтоогоод байдаг. Бид хүүхдэд зай өгч болохгүй гэдгийг мэддэг ч шууд хог дээр хаядаг зай батерейг зориулалтын устгах газар Монголд байхгүй учир хаяхаас өөр арга байхгүй. Зайг химийн найрлагынх нь хувьд маш олон ангилдаг бөгөөд манай оронд хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь никель кадми (NiCd), никель металлийн холимог (NiMH) никель цинк (NiZn), литиум ион (Li-ion), мөнгөн ус (Mercury), шүлтэн (Alkaline) батерей зайнууд юм. Төр засгаас хаягдал зайны талаар бодлого боловсруулж хянадаг устгадаг болтол дээрх тэмдэглээтэй зайнууд дотроос дахин цэнэглэх зохиулалтай литиум ион (Li-ion) нь тэмдэглэгээтэйг хэрэглэвэл зохиолтой. Бусад нь нэг удаа хэрэглээд хаядаг. Манайхаас бусад орон энэ тал дээр ихээхэн анхаардаг. Германд 1998 оноос хүмүүс зөвхөн эх орондоо үйлдвэрлэсэн, хэрэглэж дууссан зайгаа дэлгүүрүүдэд буцааж өгдөг заншил тогтсон байна. Зайнуудаас дахин ашиглаж болохуйц материалаар хийгдсэнийг нь үйлдвэрт илгээж, боломжгүйг нь албан ёсоор устгадаг гэнэ. Харин Засгийн газрын  2017 оны тогтоол манай шийдвэрээр  аюултай хог хаягдлын жагсаалтад хуруу зай багтсан. 
 
НЭГ ЗАЙГ НЭГ УУТ ВИТАМИН С-ЭЭР СОЛЬЖ БОЛНО
 
Улсын төв хоёрдугаар эмнэлэг зайны хор уршиг, хүрээлэн буй орчинд нөлөөллийг бууруулахаар “Нэг зай-нэг витамин” аяныг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулжээ. Гэхдээ тус аян нь нэг сарын аян байсан ч хоёрдугаар эмнэлэг үргэлжлүүлсээр байгаа аж.
 
Хэрэв танайх зайгаа цуглуулдаг бол хоёрдугаар эмнэлгийн нэг давхрын тав дугаартай өрөөнд очиж  витаминаар солих боломжтой. Хүн бүрт нээлттэй гэдгийг эмнэлгийн ажилтнууд хэлж байв. Харин тэд цуглуулсан зайгаа “Emart” сүлжээ дэлгүүрт өгдөг байна. Тус сүлжээ дэлгүүр нь цугласан зайгаа “Цэнгэг усны газар” өгч хадгалуулж байгаа аж.
 
Энэ талаар Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн сургалт судалгаа хариуцсан мэргэжилтэн Т.Хонгор “Зайг зориулалтын үйлдвэрт устгадаг. Манайд устгах үйлдвэр байхгүй. Устгах үйлдвэртэй болох хүртэл хадгалж байна. Бид булж, дахин ашигласан зүйл байхгүй” гэсэн юм. 
 
ЭЛЕКТРОН ХАЯГДЛААР МЕДАЛЬ ХИЙЖЭЭ
 
Электрон хог хаягдлыг дахин боловсруулах технологиор Япон улс дэлхийд тэргүүлдэг байна. “Токио 2020” олимпын наадмын медалиудаа зөөврийн компьютер, гар утас, зургийн камер зэрэг цахилгаан хог хаягдлыг дахин боловсруулан бүтээсэн болохоо олон нийтэд мэдээлсэн. Ийнхүү олимпын наадмын медаль бэлтгэхийн тулд 2017 оноос эхлэн 80 мянга орчим тонн электрон хог хаягдал цуглуулсан бөгөөд хаягдлаа боловсруулж, 32 кг алт, 3500 кг мөнгө, 2200 кг хүрэл гаргаж авсан аж. Түүнчлэн тус улс дэлхийн агаар мандалд буй ашиглагдахаа больсон сансрын хөлөг болон хиймэл дагуулуудыг буцаан эх дэлхий рүү буулгаж, ашиглахаар ажиллаж буй. Сүүлийн жилүүдэд Японоос гадна БНХАУ-д цахилгаан хаягдлыг боловсруулах технологи эрчимтэй хөгжиж байгаа юм.
 
Монголын электроникийн хог хаягдлын холбооны тэргүүн Д.Алтангэрэл "Манай улсад электрон хог хаягдал цуглуулж, ангилж, дахин боловсруулдаг ААН одоогоор байхгүй. Аюултай хог хаягдлын чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан байгууллагууд хаягдал аккумулятор болон хуванцар сав дахин боловсруулдаг. Электрон бүтээгдэхүүний хуванцар нь бусад төрлийн сав баглаанаас эрс ялгаатай.
 
Тиймээс хуванцар дахин боловсруулах үйлдвэрүүд электроникийн хуванцар хог хаягдлыг боловсруулах, устгах боломжгүй. Гэхдээ Монголын электроникийн хог хаягдлын холбооны гишүүн байгууллагууд электрон хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, ангилах, дахин боловсруулах тусгай зөвшөөрлийг холбогдох төрийн байгууллагуудаас авах хүсэлт гаргасан. Улмаар дахин боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ бэлэн болсон. Тиймээс тун удахгүй манай улс электроникийн аюултай хог хаягдлын дахин боловсруулах үндэсний хэмжээний томоохон үйлдвэртэй болно гэж итгэж байна. Ямартай ч бид эхний ээлжид хувь хүн, албан байгууллагаас электрон хог хаягдлыг цуглуулж эхэлсэн. Одоогоор тав орчим тонн компьютер, гэр ахуйн цахилгаан бараа зэрэг хаягдал цугларсан байна. Цаашдаа Монголын үүрэн холбооны оператор компаниуд болон IP TV, Сансарын олон сувгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай E-хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах, хадгалах зэргээр сургалт явуулах, хамтран ажиллана" гэв.
 
 
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин