sonin.mn
Шинэ мянган эхэлсэн жил Монголын ард түмний дунд XX зууны шилдгүүдийг тодруулах санал асуулгыг орон даяар явуулахад “Зууны түүхт хүн” номинацийн эзнээр маршал Хорлоогийн Чойбалсан тодорсон. Ардын засгийн анхны долоогийн нэг, цэргийн нэрт зүтгэлтэн, анхны өрлөг жанжин, Монгол Улсын 11 дэх ерөнхий сайд энэ хүнийг “эцэг болж хайрлагдсан Чойбалсан” хэмээн тахин шүтэж явсан үе ч бий, хэлмэгдүүлэлт, харгислалын загалмайлсан эцэг гэж харааж зүхэж байсан он жилүүд ч бий, монголчууд бидний хувьд. “Ямартай ч алдаа оноо, алдар гавьяа, хайр харууслын гашуун үнэн амьдралыг туулж, хувь тавилан, хувийн амьдралаа золиослохдоо тэр бидэнд тусгаар тогтнолын үнэ цэн, туг сүлдний мөн чанарыг мэдрүүлж, бүрэн бүтэн улс орныг үлдээж чадсан. Тиймдээ ч би дүрээ өмөөрч явдаг юм” хэмээн маршалын дүрийг дэлгэцнээ есөнтөө мөнхөлсөн Монгол Улсын Ардын жүжигчин Адилбишийн Дашпэлжээ бардамхан өгүүлнэ билээ. 
 
Гурван жилийн цэргийн алба, гуниггүйхэн залуу нас, ховорхон тохиох хувь тавилан, хүний амьдралын жаргал зовлонгийн талаар эрхэм хүмүүнтэй чин сэтгэлийн яриа өрнүүлсэн тэр өдрөөс хэдхэн хоногийн өмнө буюу 2 дугаар сарын 8-ны өдөр их маршалын мэндэлсний 128 жилийн ой чимээ аниргүйхэн өнгөрөн одсоныг сануулахад илүүдэхгүй болов уу.  
 
Дотоодын цэргийн гурван жилийн албыг дажгүй хаагаад ирсэн намтрын нэгэн шигтгээ байна аа... 
 
-Би 1971 оны цэрэг л дээ. Дундговийн залуу хүү нийслэлд цэргийн алба хааж, бүр Улс хувьсгалын 50 жилийн ойн баярын парадад цэргийн сүр хүчийг үзүүлж, төр засгийн удирдлагууд зогссон индрийн өмнүүр алхсан нь зүүд зэрэглээ шиг л санагдаж байлаа. Би чинь 18 нас хүртлээ аав ээжтэйгээ хөдөө амьдарсан, бага, дунд сургууль төгссөн малчин хүн шүү дээ. Тэр үеийн цэргийн алба хаагаад ирсэн нутгийн ах нар хөрслөг бор царайтай, булчинлаг биетэй, цовоо цолгиун зантай, алхаа гишгээ чангатай, үс зүс нь өнгөлөг, дээл хувцас нь шинэ, хромон гутал нь гялгар маш гоё залуучууд байдаг байлаа. Миний харах гадаад гоо сайхнаас гадна нутгийн ахмад буурлууд тэдний тухай өөр зуураа бахдан ярих нь миний сэтгэлийг хөвсөлзүүлж, цэргийн албанд соронзон мэт татагдаж байлаа. Түүнээс гадна нутгийн хөөрхөн эгч нар тэднийг харах харц, харилцаа хандлага нь их л өөр байгааг бас анзаарна аа. Энэ бүхнээс болсон уу цэргийн алба хаахын хүслэн болж, яарсан надад 18 нас хүртэлх цаг хугацаа мөн ч удаан өнгөрсөн санагддаг. Тэгээд нас биед ч хүрлээ, цэрэг татлага ч боллоо. Манай сумаас 20 гаруй залуу цэрэг татлагад ирснээс долоо нь тэнцлээ. Тэр үеийн залуус нийтдээ л цэрэгт явах хүсэл сонирхол их байсан. Эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл санаа, ар гэрийн байдлыг нарийн харгалзан шигшинэ ээ. Ингээд Дундговь аймгаас цэрэгт татагдсан залуусыг суулгасан дөрвөн машин хот руу хүлгийн жолоо залав аа. Багадаа аавыгаа дагаж ганц л удаа хөл тавьсан нийслэлдээ анх удаа бие дааж ирж байгаа нь тэр. Үе тэнгийн залуус онгирч, хөөрөлдсөөр одоогийн Тагнуулын ерөнхий газар буюу тэр үеийн Хилийн ба дотоодын цэргийн удирдах газрын гаднаас бүхээгтэй ногоон машинд шилжиж суугаад шөнөжин давхисаар нэг газар буусан. Халуун дулаан, хуурай говийн хүүд хүйтэн бороонд чийгтэй нойтон газар буудалласан нь тийм ч таатай санагдаагүй ээ, нуугаад яах вэ. Харанхуйд буусан залуус бид том брезентэн асарт хэдэн талх, жаахан гахайн өөхийг “Хүний хувь заяа” киноны Соколов шиг хувааж идчихээд унтсан даа, анхны өдөр. 
 
Хүсэн мөрөөдөж, тэмүүлэн бодож очсон шиг биш байсан байх нь ээ.
 
-Морин дэл дээр дураараа давхиж, үеийнхэнтэйгээ барилдаж, адуу малтай ноцолдож, айраг цагаа эргүүлж дураараа явсан нөхөр хүний хараа, захиргаа, дэг журамд орох сонин юм билээ. Хар усан тохойд гурав хоночхоод арваад залуугийн хамт Дотоодын цэргийн 05 дугаар ангид хуваарилагдлаа. Ингээд үеийн залуустай босож суусан ч, идэж уусан ч зэрэг, гүйлт харайлт, дасгал сургуулилтад хамтдаа, номын дуу, онолын хичээлд цугтаа зүтгэсээр карантин өндөрлөж, тангаргаа ч өргөсөн. Улс хувьсгалын 50 жилийн ойн жагсаалын бэлтгэлийн зэрэгцээ Тангаргийн баярын концертод орох болсон нь сонирхолтой байлаа.
 
“Шинэ цэрэг, халагдах цэргийн харилцаа дуу” дууг заалгах гэж Офицеруудын ордон руу адуу шиг гүйж ирдэг байсан, дөнгөж засвар хийчихсэн дөрвөн цэвэрхэн, саруулхан танхимтай хоёр давхар хуарангаа бусдаасаа түрүүлж харсан, БАМ-ын байрны орос гуанзанд амьдралдаа анх удаа, басхүү хамгийн амттай пирожки идэж, халуун какао амтархан ууж байсан гээд бидний карантины өдрүүд адал явдал өрнүүн өнгөрсөн дөө.
 
Улс хувьсгалын ойгоор сүрлэг хөгжмийн аян дор индрийн өмнүүр алхахад бэлтгэл дээр олигтой өргөгддөггүй хөл маань өөрийн эрхгүй бараг хамартаа хүртэл тэгшхэн татагдахын хамт “улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа” гэдгийг анх удаа мэдэрч, жинхэнэ омогшиж билээ. 
Сургууль ротод хуваарилагдаж, зургаан сарын турш карантинаас ч илүү бэлтгэл сургуулилт, дэг журам, шахуу хөтөлбөрөөр сургуулилсан. Гүйж харайх, модон морин дээр хэдэн давхар малгай давхарлаж үсрэх, савлуур, турниктэй дасгалууд нь хөдөө өссөн надад хялбархан байлаа. Ингэж Бага даргын курсийг ахлах түрүүч цолтой төгсөж, хоёр дахь жилдээ салаан орлогч, гурав дахь жилдээ жагсаалын дарга хийж байгаад халагдсан даа. 
 
Эрчүүдийн насан туршийн нөхөрлөл чухамдаа цэргийн хуарангаас эхлэлтэй байдаг нь сайхан шүү.
 
-Ээ дээ, онжавууд гэдэг ёстой насан туршийн нөхөд байдгийг мэдэрч явна. Тэдэн шиг үнэнч, дотно, нээлттэй найзууд ховор шүү. Эх орны өнцөг булан бүрээс цугласан олон аавын хөвгүүд цэргийн хуаранд ижилдэн дассан ч цэрэг халагдах үеэр их сонин юм билээ. Нэг талаар албаа амжилттай хаагаад нутаг орон, гэр бүлдээ очно гэхээс сэтгэл баясна. Нөгөө талаар ижилдэн дассан нөхдөөсөө салан одно гэхээс гунигтай санагдаж байсан. Тиймээс л насан туршдаа онжав, салаан дарга, ротын дарга явдаг юм шиг байгаа юм. Бид халагдсан цагаасаа хэл чимээтэй, уулзаж учирч, тоглож наадаж, нэгнийдээ зочилж ойр дотно явсан. Одоо ч орчлонгийн жамаар цөөрч байна даа. Урлагийн бригадаар явахад минь бүх л аймаг сумдад “онжав, салаан дарга” гэж тэврэлдэн уулзах нөхөд байдаг нь сонин сайхан шүү. Манай 05 дугаар анги чинь харуулын алба байлаа. Улсын чухал объектын харуулын постод зогсоо цэрэг хоёр удаа анхааруулга өгөөд шаардлага гарвал буудах хуулиар олгогдсон эрхтэй, галт зэвсэг агссан цэрэг хүн өөрөөрөө бахархахын зэрэгцээ тэрхүү онцгой эрхээ дагасан хариуцлагыг мэдэрдэг. Нүд цавчих эрхгүй зогсдог цэргийн албаны бахархал, омогшил, эх оронч үзэл, бэлэн байдал чухам тэр л үед төлөвшин тогтдог болов уу. Бие хаа жагсаж, цэргийн дүрэм журамд дасаж, хамаг бие сэтгэл, оюун ухаанаараа албандаа дасаад ирэхээр цэргийн албанаас сайхан зүйлгүй болдог юм билээ. Цэргийн алба, андуудынхаа талаар өмнө ер нь ярьж байгаагүй юм байна. 
 
Цэргийн бэлтгэл сургууль, жагсаалд түүртэлгүй дассаныг би аав ээжтэй тань хамаатуулж ойлгож байна л даа. Та бол 12 хүүхэдтэй өнөр айлын дундах хүү юм байна. Танай нутгийнхан хоёр хүүхэдтэй айл хорин хүн шиг бужигнаж байхад Адилбишийн хэдэн хүүхдүүд байгаа үгүй нь мэдэгдэхгүй, тэгсэн хэр нь ээ ажилласаар, хөдөлсөөр л байдаг сан гэхийг сонсож байлаа. 
 
-Нөлөөлөлгүй яах вэ. Хүний суурь хүмүүжил нь гэр бүлийн уур амьсгал, харилцаа хандлагаас шууд шалтгаална. Аав ээж минь биднийг хөдөлмөрөөр хүмүүжүүлж, урлаг соёлд дуртай болгож, аливаад дэг журамтай, зорилготой, тууштай болгож төлөвшүүлсэн. Тэгээд дээр нь цэргийн гурван жилийг туулаад ирсэн хүн тэр хэрээрээ хүмүүжилтэй, зөв бодол сэтгэл, зам мөртэй явна шүү дээ. Тэгээд өөрсдөө гэр бүл зохиож, өрх толгойлоод ирэхээр тийм л замналаар хүүхдүүдээ хүмүүжүүлдэг юм байна. “Удам сайт” гэсэн ойлголт ингэж л бий болдог болов уу. 
 
Цэргээс халагдаад ирсэн залуу мөнөөх харж, бахдаж байсан ах нар шигээ гялалзав уу? 
 
-Монголчуудын нэг сайхан уламжлал бий шүү дээ. Хүнийг, хүүхдийг дэргэд нь ерөөс магтдаггүй. Харин ч болохгүй талыг нь шулуухан хэлдэг, ухааруулдаг байсан. Бодвол тоож л байсан байлгүй. Цэрэгт сайн яваад ирсэн залуус маш сайн бэлтгэгдсэн боловсон хүчин байсан болохоор тэднээс шилж сонгоод сумын захиргааны нарийн бичгийн дарга, Эвлэлийн үүрийн дарга, Бригадын дарга, нягтлан зэрэг хариуцлагатай албан тушаалуудад томилдог байлаа. 
 
Тэгээд таныг Эвлэлийн үүрийн дарга болгожээ...
 
-Үгүй ээ, намайг эхлээд Дэрт бригадын нягтлангаар томилсон. Тэнд нэг жил хэртэй ажиллалаа. Тэр хооронд аймгийн захиргааны соёлын хэлтсийн дарга н.Очир Соёлын ордонд дуучнаар авмаар байна гэхэд би ч дотроо дуртай л байлаа. Тэгж байтал аймгийн намын хорооны товчооны хуралд гэнэт дуудаад Өлзийт сумын Эвлэлийн үүрийн даргаар томилчихлоо. “Энгээрээ явбал урлагийн хүн, их онгирвол нисэгч болох” нууцхан мөрөөдөлтэй ч улсын даалгасан ажил хойно яая гэхэв. 100 гаруй эвлэлийн гишүүн залуусаа уриалж, удирдаад л мал ноослох, хашаа хороо барих, худаг гаргах, хадлан тариалан гээд өдөр шөнөгүй, өвөл зунгүй явдаг байлаа. Мөн үүрийн хурал, бүжиг танц, концерт, кино ший, спорт, урлагийн үйл ажиллагаанд оролцоно, зохион байгуулна. Ёстой л “Улаан туг залуучууд хоёр ихэр юм. Уулыг ч эргүүлнэ, усыг ч шуугиулна” гэж дуулаад л, шуугиулж явж дээ. Энэ хоорондоо аймгийн арван жилд эчнээгээр гурван жил сурч, 10 дугаар ангиа ч төгслөө.
 
Тэгтэл Бүх ард түмний урлагийн үзлэгт оролцож, дуулсаар сумаасаа аймагт, аймгаасаа улсад шалгаран эх орны өнцөг булан бүрээс ирсэн 70 гаруй залуусаас шалгарч, Болгар Улсын Софи хотын консерваторт дуурийн дуучны мэргэжлээр суралцахаар болж, эгэл малчны хүү сонгодог урлагтай амьдралаа холбосон юм даа.   
 
Унаган авьяас байж дээ. “Өлгий нэгтэй Өлзийтийн гурван гавьяат”  гэдэг танайхан байх аа? 
 
-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбатын маань хайрласан нэр шүү дээ. Биднээс А.Нэргүй анх гавьяат цол хүртсэн. Дараа нь би, тэгээд эгч А.Дүнжмаа маань эрхэм хүндтэй энэ цолыг хүртсэний дараа хийсэн тоглолтоо бид ийм нэртэй хийж байсан. Одоо А.Нэргүй, бид хоёр Ардын жүжигчин хэмээх эрхэм алдрыг хүртжээ. Аав минь сайхан дуулдаг, барилддаг, хурдан морь уядаг, наадамч наргианч, нутаг орондоо нэртэй зүстэй, ёстой л монгол эр хүний төрхийг ойгүй сайн хадгалсан хүн байсан. Ээж минь төлөө голсон эх малыг тойглож, зээглэж, өөвлөсөөр уяраачихдаг маш сайхан хоолойтой хүн байсан. Бидэнд авьяас нь удамшсан байх л даа. Хүүхдүүд биднийгээ урамшуулж хөгжүүлж, гэр бүлийн концерт хүртэл тоглуулдаг байсан. Манайх “Улсын тэргүүний тохижилттой суурь”-иар шалгарч, тухайн үедээ үлгэр дуурайл болж, иж бүрэн цахилгаан мотор, шатахуунтай нь шагнуулж байлаа. Сууцны нэг байшин, суурийн клуб гээд бас нэг арай жижигхэн байшин барьсан, төлийн пүнз, хашаа хороогоо сайхан тохижуулсан манай туршлагыг судлахаар аймаг орон нутаг дамжин машин машинаар хүмүүс ирдэг байлаа. Зочдод хүссэн бүхнийг нь үзүүлэхээс гадна гэр бүлийн концерт тоглож өгдөг байлаа. 
 
Ингээд л яриад байвал та бидний яриа дуусашгүй хөвөрнө. Тэгэхээр би энэ удаа таны дэлгэцийн анхны бүтээл, тэр дундаа Х.Чойбалсан хэмээх түүхэн хүний дүрийг хэрхэн бүтээсэн талаар онцолмоор байна л даа.
 
-Болгарын консерватор төгсөж ирээд Улсын дуурь бүжгийн театрт ажиллаж байхдаа Д.Долгор найруулагчийн хараанд өртөж, нэлээд хэдэн проб, шалгуурыг давж “Намрын халуун өдрүүд” кинонд тоглохоор болсон нь миний хувь тавилангийн нэгэн үүд хаалгыг нээж өгсөн гэж би бэлгэшээдэг. Шинэ киноны нээлтийн дараа зохиолч С.Удвал гуай жүжигчидтэй уулзаж, дүр тус бүрээр санал бодлоо хэлсэн. Миний ээлж ирэхэд “Би маршалаа олжээ гэж бодож байна” гэсэн. Тухайн үед магтаал сонсоно гэж бодож байсандаа ч тэр үү чамлалттай санагдсан ч тэр аугаа хүн ямар хэтийг харсныг “Намрын халуун өдрүүд”-ээс “Долоон бурхан харвадаггүй” хүртэл есөн кинонд их бага хэмжээгээр маршалын дүрийг бүтээсэн үедээ илүү ойлгож, залуухан, гэнэн явснаа дурсдаг юм даа. Өнөөдөр ард түмэндээ “Маршал аа” хэмээн дуудуулж, хүндлүүлж яваа минь түүний алсын харааны тусгал байжээ. Хүн бүтээсэн дүрээрээ нэрлэгдэж явах шиг сайхан юм хаа байх вэ. Энэ их хайр хүндлэл, нэр хүндийн зэрэгцээ маш том хариуцлага ирсэн. Маршалынхаа нэр хүндийг өндөрт өргөж явах, нэрийг нь сэвтүүлэхгүйн үүднээс биеэ авч яваа байдал, харилцаа хандлага дээрээ өө гаргачихгүй юм сан гэж залуудаа хичээдэг байж билээ. Дэлгэцийн урлагийн үүдийг тийнхүү нээснээс хойш чамгүй хэдэн уран сайхны кинонд тогложээ. 
 
Хүн бүрийн мэдэх түүхэн хүний дүрд энэ олон кинонд тоглоно гэдэг бараг түүний амьдралаар замнах ч шаардлагатай болдог биз ээ?
 
-Хүссэн, эс хүссэн ч тэгнэ. Хувь хүн төдийгүй уран бүтээлчийн хувьд ч асар үр өгөөжтэй явдал болсон. Би бүтээсэн дүрээ өмөөрч боддог. Яг үнэнийг хэлэхэд нэг үе хэлмэгдүүлэлт, аллага хядлагын буруутан, дайсан гэсэн ойлголт нийгэмд түгээмэл байсан шүү дээ. Маршалтай хамт ажиллаж байсан хүмүүстэй уулзаж, ярилцах, түүхэн баримт уншиж судлаад, улс орноо бүрэн бүтэн авч үлдэх, улсын тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө ямар их золиос гаргаж байсныг нь эхлээд өөрөө мэдэрсэн. Зохиолч, найруулагчид өөр өөрийнхөөрөө гаргасан байдаг. Ямар их үнээр олж авах тусгаар тогтнол вэ гэж бухимдах, эсвэл улс орон дагаар орох, тусгаар тогтнолоо худалдах гэгч юу болохыг би та нарт үзүүлээд өгье л дөө гэж бахардах, миний амьдралд баяр баясгалантай цаг мөчөөс илүү уйтгар гуниг, цус нулимс ихэнх нь байлаа. Энэ ажлаа өгчхөөд уулын жалганд таван ямаатай амьдаръя гэж бодсон. Эд тэгүүлэхгүй нь дээ цөхөрч байгаа нь хүртэл уран сайхны хэллэг ч гэлээ түүний хувийн амьдралын жаргал, зовлонг харуулаад байгаа хэрэг л дээ. Дэлгэцийн урлагийн нэг давуу тал нь бодит түүхэн хүн дүрээрээ, хувцас хунар, одон медаль, алдаа оноотойгоо гараад байхаар хүмүүсийн сэтгэлд илүү хүрдэг бололтой. Үүгээрээ миний бие улс орон, тусгаар тогтнолынхоо төлөө амьдрал, амь биеэ зориулсан их хүний тухай нийгэмдээ эерэг ойлголт, уур амьсгал төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм болов уу гэж боддог.  
 
Бидний хувьд хүрч үзэх нь байтугай шилэн хоргоны цаанаас хүндэтгэн хардаг Маршалын хувцсыг та өмсөж кинонд тоглодог уу? 
 
-Гоё л доо. Тэр хувцсыг өмсөнө гэдэг тэр бүр хүнд тохиохгүй хувь тавилан байх. Маршалын өдөр тутмын, парад, ёслол албаны хувцсыг одон медальтай нь өмсөж зүүж тоглож байгаа нь тэр чигтээ авшиг шүншиг шүү дээ. Кинонд тоглоход музейгээс хувцсаа харгалзах ажилтан, хамгаалалттай ирнэ. Зөвхөн товч нь гэхэд алтан, төрийн сүлдтэй байдаг. Тэр аугаа хүний хувцас надад бас яг таардаг нь их аз шүү. 
 
Ард түмэн таныг “Маршал“ л гэж хардаг, хүндэтгэдэг. Та өөрөө адилхан гэдэгтээ жаахан эргэлздэг юм шиг байгаа юм. Маршалыг хамгийн сайн мэдэх хүн нь яах аргагүй түүний өргөмөл хүү Ч.Нэргүй гуай байх. Та түүнтэй уулзаж байв уу?
 
-Анх “Намрын халуун өдрүүд” киноны зураг авалтын үеэр би хамгийн ойрын хүн гэдэг утгаар түүнтэй Нисэхэд ажил дээр нь очиж танилцаад, түүнээс хойш хэд хэд уулзаж, аавынх нь тухай яриулж, бас аавынхаа дүрд тоглож байсан талаар нь ярилцаж байлаа. Дараа нь телевизийн найруулагч буурал Д.Содномын “Сүүдэрт жилийн зурвас” гэдэг  кинонд тоглох үеэр киноны зөвлөхөөр ажиллаж байсан НАХЯ-ны “амьд архив” гэгддэг Б.Дүйнхэржав яг маршалын удирдлагад ажиллаж байсан арваад ахмад бууралд намайг шинжүүлэхэд, тэд хэсэг сонжоод “За, ер нь тун төстэй, адилхан байна шүү. Та дүрээ зөв сонгожээ. Яах вэ, өөлье гэж өөлбөл үл ялиг өндөр юм байна. Жаахан шингэн царайтай юм” гэцгээж байсан. Тэр нь надад их урам, зориг өгсөн. Хоёр дахь кинондоо тоглож байсан нь тэр бөгөөд цаашдаа ийм олон кинонд маршалын дүрийг бүтээх юм гэж төсөөлөө ч үгүй явсан үе дээ. Том хүний хаялга аа гэж... 
 
Маршал Х.Чойбалсангаас гадна тайз, дэлгэцийн урлагаар дамжуулан Чингис хаан, Манлайбаатар Дамдинсүрэн нарын түүхэн хүмүүсийн дүрийг мөн бүтээсэн байх юм. 
 
-Тэр бол миний ажил мэргэжлийн буянаас гадна уран бүтээлч хүний аз юм даа. Тайзан дээр “Чингис хаан” дуурьд тавигдсан цагаас нь “бараг насаараа” л дууллаа шүү дээ. Их хаанаар өргөмжлөгдөөд “Зээ, хурай” болоход бас л уран бүтээлч хүний жаргал шүү дээ. “Хан бүргэд” дуурьд Манлайбаатар Дамдинсүрэнгийн дүрийг бүтээхэд “Намрын халуун өдрүүд” киноны үеэр танилцаж өнөөг хүртэл сайхан нөхөрлөж яваа Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва маань чин сэтгэлээсээ тусалж, зөвлөсөн. Түүгээрээ маш их бахархсан. Цэрэндагва маань Дамдинсүрэнгийн дүрийг мундаг бүтээхийн зэрэгцээ нэг кинонд эсрэг талын дүрийг ямар гайхамшигтай бүтээсэн билээ. Гайхамшигтай жүжигчин шүү дээ, найз минь. 
 
Эдгээр түүхэн хүмүүсээс гадна “Мандухай цэцэн хатан” киноны Өнөболд ван, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн гээд цаг цагийн бүсгүйчүүдийн хүсэмжит сайхан залуугийн дүрийг бас бүтээсэн дээ. 
 
-Мөн л уран бүтээлч хүний аз, хувь зохиол гэх гээд байна даа. Нэг үе бас “Өнөболд”-оор дуудуулдаг байсан шүү. Тэр том түүхэн кинонд хөөрхөн сонирхолтой дүрд тоглосон азтай хүн. Тайзан дээр Юндэнгийн дүрийг бүтээсэн минь ч мөн хувь тавилан. Монгол хайр сэтгэлийн бэлгэдэл болж хайрлагдсан сайхан дүр шүү. Хүүхнүүдийн сэтгэлийг татах тухай ч чиний хэтрүүлэг байх аа /инээв/
 
Монголчууд тэгж харна аа, харна. Маргах хүн үгүй биз ээ. Урлаг уран бүтээлээрээ өөрийгөө харуулна гэдэг онцгой хувь тавилан юм даа. Ард түмэн таныг жүжигчин үү, дуучин уу гэж харин “маргах” нь бий. 
 
-Аргагүй юм аа. Тайзны урлаг бол театр, зрителийн суудлаар хязгаарлагдана. Тэр бол миний номыг нь үзэж, онолыг нь заалгасан, сэтгэл зүтгэл, авьяас чадвар бүхнээ дайчлан зориулсан ажил мэргэжил минь. Харин дэлгэцийн урлаг гэдэг түмэнд хүрэх, түгэхээрээ давуу талтай юм болов уу. 
 
Сонгодог урлагийн томоохон төлөөлөлтэй уулзсаных таны ажил мэргэжлийн талаар ярихгүй өнгөрвөл алдас болно. Та бол Монголын мундаг баритон дуучин төдийгүй хүнд бэрх цагт театраа орхилгүй, харин ч удирдаж хөл дээр нь босгосон хүн. Мөн сонгодог урлагийн залуу халааг бэлтгэн гаргаж буй багш хүн...
 
-Аав ээжээс минь эхтэй, мөн цэргийн гурван жилийн албанаас тогтон үлдсэн суурь хүмүүжил, хэзээ ч алдарч байгаагүй нэг тийм чанар байдаг нь надад аливааг даалгавал өөрт байгаа бүхнээ дайчилж, хийсэн шиг хийх ёстой, халшрах, бултах, арга саам хайж хойш суух гэдэг ойлголт байдаггүй юм. Бас нэг дутагдал бий. Өөрийгөө зоригтой илэрхийлээд, манлайлаад удирдаад, хошуучлаад явах чадвар жаахан сул юм даг уу даа. Хий гэвэл за гээд, ёо-гүй явж дуусгадаг. Анхны улсын уралдаандаа түрүүлсэн, хэдийгээр эмээж байсан ч гадаадад сурч, сайн боловсон хүчин болж ирэх улсын даалгаврыг биелүүлсэн, эргэж ирээд мэргэжлээрээ сайн ажиллаж, сайн шавь бэлтгэх гээд улс эх орондоо “өртэй”, жар хүрээд тэтгэвэртээ гарахад тэрхүү “өр минь цайрна” хэмээн дотроо бодож, хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Дуурийн урлагийн хамаг л акул, мундгуудтай урт богино хугацаагаар хамт ажиллаж, суралцах завшаан тохиосон, зэмлүүлж магтуулсан, хэлж зөвлүүлсэн. Дараа нь өөрийн үеийнхэнтэйгээ хамтдаа зүтгэж, бие биедээ түшиг тулгуур болсон. Тэгээд залуу үе маань ирэхэд бид сургасан, зааж зөвлөсөн, ахмадуудынхаа үр сургаалыг дамжуулсан. Үүргээ сайн гүйцэтгэсэн л гэж бодож байгаа. 
 
1996 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн. Их сүрдсэн ч сайхан л байсан. Тэр намар сайдын тушаалаар Дуурийн театрын удирдлагаар томилогдож, таван жил ажиллахдаа барилга байшингаа засаж тохижуулж, архидалтыг таслан зогсоож, гадаад харилцаагаа сэргээж, хэд хэдэн томоохон дуурь, уран бүтээл гаргасан.
 
2001 онд саналаараа ажлаа өгөхөд Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж, Г.Хайдав нарын томчуудын “үүрэгдсэнээр” СУИС-д тэнхимийн эрхлэгч, багшаар 12 жил ажилласан. Энэ зуур мөн уран бүтээлчдийнхээ даалгавраар Монголын урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгчөөр найман жил ажилласан байдаг. Дараа нь Хөгжим урлагийн сургуулийн захирал, театрынхаа Уран сайхны удирдагчаар томилогдон ажиллалаа даа. Тэр хооронд тасралтгүй өнөөг хүртэл багшилж байна. Тэгэхээр сонгодог урлагийн төлөө тууштай зүтгэжээ гэж нүүр бардам хэлнэ ээ.   
 
 Д.ГҮНЖИЛМАА
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин