БЭЭЖИН, 2024 оны аравдугаар сарын 30 /BBC/. “TikTok” нийгмийн сүлжээний платформын толгой компани болох “ByteDance”-ийг үүсгэн байгуулагч Жан Имин Хятадын хамгийн баян хүн болжээ.
“Hurun” судалгааны хүрээлэнгээс танилцуулсан Хятадын тэрбумтнуудын жагсаалтаас үзэхэд, Жан Иминий хөрөнгийн хэмжээ 49.3 тэрбум ам.долларт хүрсэн нь 2023 оныхоос 43 хувиар өссөн байна. Өдгөө 41 настай тэрбээр 2021 онд компанийн удирдах албан тушаалаасаа огцорсон боловч компанийн 20 орчим хувийг эзэмшдэг.
Зарим улс орны зүгээс “TikTok”-ыг Хятадын засгийн газартай холбоотой гэдэгт санаа зовниж байгаагаа илэрхийлсээр ирсэн боловч тус платформ дэлхийн хамгийн алдартай нийгмийн сүлжээнүүдийн нэг болоод байна. Хоёр компанийн аль аль нь Хятадын засгийн газраас хараат бус гэдгээ мэдэгдсээр ирсэн боловч “ByteDance” уг платформыг зарахгүй бол АНУ 2025 оны нэгдүгээр сараас “TikTok”-ыг хориглохоор төлөвлөж байна. АНУ-д ийм хүчтэй дарамт шахалттай тулгарч байгаа хэдий ч “ByteDance”-ийн ашиг өнгөрсөн онд 60 хувиар өсөж, Жан Иминий хувийн хөрөнгийн хэмжээ өсжээ.
“Hurun” хүрээлэнгийн шинжээч Руперт Хугеверфийн хэлснээр, Жан Имин бол сүүлийн 26 жилийн хугацаанд Хятадын баячуудын жагсаалтыг тэргүүлсэн 18 дахь хүн ажээ. Үүнийг АНУ-тай харьцуулбал Билл Гэйтс, Уоррен Баффет, Жефф Безос, Элон Маск гэсэн дөрвөн хүн л нэгдүгээрт бичигдсэн байна.
Технологийн салбарын ололт амжилт
Жан Имин бол баячуудын жагсаалтад багтсан Хятадын технологийн асар том салбарын цорын ганц төлөөлөгч биш юм. Технологийн конгломерат “Tencent”-ийн гүйцэтгэх захирал Пони Ма 44.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр жагсаалтын гуравдугаарт бичигджээ.
Гэхдээ тэдний хөрөнгө чинээг зөвхөн компаниудынх нь ололт амжилттай холбоогүй бөгөөд Хятадын эдийн засаг саарсан нэг жилийн хугацаанд тэдний өрсөлдөгчид бага орлоготой байсан байна. Үнэн хэрэгтээ, жагсаалтад орсон хүмүүсийн ердөө 30 орчим хувь нь цэвэр хөрөнгөө өсгөсөн бол үлдсэн хэсгийнх нь буурсан байна.
“Хятадын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн хувьд хүнд хэцүү жил болж байгаатай холбоотойгоор Хятадын баячуудын жагсаалт гурав дахь жилдээ хумигдаж байна” гэж Р.Хугеверф хэлжээ. Тодруулбал, жагсаалтад орсон хүмүүсийн тоо өнгөрсөн онд 12 хувиар цөөрч, 1100 гаруй болсон байна. Энэ нь оргил үе болох 2021 оныхтой харьцуулахад 25 хувиар цөөрсөн үзүүлэлт юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0