sonin.mn
Бид амьдралаа сайн, сайхан болгох гэж өдөр тутамдаа өөр өөрсдийн өнгөөр сүлэлдүүлэн, гашуун нясуун, зөөлөн хатуугаар амт нэрж явдаг. Тэдний, бидний жороор барьсан амт, тэдэнд бидэнд таалагдах үгүй нь чухал биш. Амьдрал угаасаа заавартайгаа ирдэггүй. Гэхдээ л анхнаасаа зөв мөртэй явах сан гэдэг бодлоор бид өөрсдийгөө усалж, алхам бүртээ тархиа, сэтгэлээ удирдаж амьдрахыг хичээсээр ирсэн. Нэг талдаа богинохон хэдий ч энэ цаг хугацааг утга учиртай өнгөрүүлэх нь хамгаас чухал. Тэгэх гэж л хүн өөрийнхөө тал хэсэг буюу хосоо хайж ирдэг, түүнтэйгээ ханилан суудаг юм шиг ээ.
 
Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэх үг бий. Гэр бүл гэх ойлголт бүр хүн үүссэн үеэс л эхэлсэн. Тэр ч бүү хэл амьтад хосоороо амьдардаг нь байгалийн жам. Амьдралыг утга учиртай болгодог зүйл тэгэхээр гэр бүл байх нь ээ. 
 
Маргааш 2 дугаар сарын 14-ны өдөр. Жирийн нэг өдөр биш ээ, валентин. Манайхан 1990-ээд оноос хойш хосуудын баяр болгож тэмдэглээд хэвшчихсэн. Цэцэг, бамбарууш, дарс өөр юу байдаг юм, тэвэрт багтахаас багтахгүй хүртэл төрөл бүрийн бэлэг сэлт барьсан залуус хаа сайгүй л холхицгооно энэ өдөр. Хосуудын харилцааг бөхлөхөд энэ өдөр их ач холбогдолтой. Лавшруулбал, бат бөх харилцаа бол гэр бүлийн үндэс суурь. Ингээд энэ удаагийн "Танайд өнжье" буланд цэргийн сургуулиас Зэвсэгт хүчний жагсаалд хамт алхаж, одоо тоонот гэрт толгой холбосон ахмад Б.Золбат, түүний гэргий ахмад Т.Дэлгэрмаа нарыг онцолж байна. Тэд ханилан суугаад нэг арвантай золгох гэж байна. Цаг хугацаа ч харвасан сум шиг өнгөрчээ. Гэвч сонсогчийн батальон, жагсаалын талбайд харц шидэлцэж, нууцхан сэтгэлээ илчилж явсан тэр мөчүүд, тэр мэдрэмжүүд саяхных юм шиг л шинэхэнг яана.  Ахмад Н.Золбат Зэвсэгт хүчний 013 дугаар ангид ротын захирагч албан тушаалтай, холбооны цэрэг. Нийслэл хотын маань угжирсан суурь асуудлуудын нэг түгжрэлд хоёр цаг гаруй явж байж гэртээ ирнэ. Гэрийн эзний хобби хөлбөмбөг. Цэнхэр дэлгэцээр түүнийгээ харж л сууна. Багаасаа хичээлийн хажуугаар бөмбөг сайн өшигчдөг байж. Мэргэжил сонголт ч спортдоо суурилж, цэргийн хүн болох замаа засжээ. Бүр ч болоогүй ариун нандин үерхэл эндээс л эхэлсэн. 
 
Түүнийгээ цэргийн жагсаалд анх хараад л нэг тийм дулаахан мэдрэмж төрж, бага багаар ойртсоор өөрийгөө илэрхийлж эхэлсэн гэв. Ахмад Н.Золбат санаачилгыг анх гартаа авчээ. Харин гэргий нь анхандаа нэг их ойшоогоогүй л гэнэ. Нэг нь зогсолтгүй тэмүүлж, нөгөөх нь дассаар сургуулиа төгсөхөд л тэд хэдийнээ зан зангаа мэдэлцэх болжээ. 
 
Анхны томилолт, ажил хөдөлмөрийн гараа гээд хоёуланд нь юм бүхэн шинэ. Шинэ дээр нь ч тэд амьдралаа эхлүүлсэн. Сонсогчийн батальоноос хөтлөлцөн алхсаар амьдралд хөл тавьсан тэд хамт л байвал хаана ч яах вэ гэсээр хоёр талаасаа цүнхтэй хувцаснаас өөр өмчгүй нийлсэн гэнэ. Хажуу өрөө, түрээсийн байр дамжиж явахад тавилга, сав суулга, эд агуурс хурааж цуглуулахыг урьтал болгосонгүй. Дахиад л нүүвэл яана, аяны замд тээг болох нь гарцаагүй. Цомхон амьдралдаа тэд нэг л өдөр гэрэл цохиулж, ипотект хамрагдаж өөрсдийн гэсэн байртай болсон нь санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэдгийнх. Ахмад Н.Золбат БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж, тив дэлхийд цэнхэр дуулгатан гэдэг нэрээр нэгэнтээ дуудагдаж, эх орон, ижий аав, эхнэр хүүхэд, элгэн садандаа ирэхдээ халуун оронд удсандаа ч тэр үү, онцгоноос буугаад жиндүү агаар, хүйтэн салхинд ажралгүй цээж дүүрэн амьсгалж зогссон гэдэг. Хайртай бүхнээ харах гэсэн догдлол түүнийг ийн эзэмдэж, тэд минь хаана байна хэмээн нүд бэлчээж зогссон болов уу даа. Харин хоёр дахь ажиллагаанд мань хүн туршлага суусан гэмээр. Ирсэн гэдгээ гэр бүлийнхэндээ хэлэлгүй гэнэтийн бэлэг барихаар шийдэж л дээ. Урилгагүй зочин болж очоод тэр өдрийг баярын нулимс, халуун тэврэлтээр дүүргэсэн гэнэ. “Би ч гэнэтийн гэмээр үйл явдалд нэг л итгэж өгөлгүй хэсэгтээ л шокт орсон. Уг нь дотроо баярлаад л байгаа юм, гаднаа хөшчихсөн мэт зогссон” гэж айлын эзэгтэй үргэлжлүүлэв. Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон нь энэ гэр бүлийн хувьд амьдралд цонх нээгдсэн, олон боломжийн үүд хаалга цэлийтэл онгойсон гэдгийг хэлж байв. Одоо тав арав гэхгүйгээр хуримтлуулж, хожим хүүгийнхээ ирээдүйд хэрэгтэй гэснийг л бага багаар бэлдэж байна. Ийм жишгээр амьдралаа өөрчилж, өнгө төрхөө засаж яваа олон ч гэр бүлийн сэтгэлийн углуургад энэ л үг бий.
 
Даян дэлхийд энхийг сахиулахаар явсан эр нөхрөө бидэн рүүгээ аль болох сэтгэлээ бага чилээгээсэй гэж Г.Дэлгэрмаа хичээсэн бол Н.Золбат хүний газарт эх орон, ижий аав, элбэрэлт хань, эрдэнэ болсон хүүгийн минь заяа түшнэ дээ гэж их шүншиглэсэн байв. 
 
Ахмад Г.Дэлгэрмаа Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн сэтгэл зүйн хангалт хариуцсан офицер. Ерөнхий цэргийн офицероос хожим, номын дууг нь сонсож цэргийн сэтгэл зүйч болж хөрвөсөн. Дан эрчүүдээс бүрдсэн ерөнхий цэргийн тэнхимийг тухайн онд гуравхан эмэгтэй сонсогч төгссөний нэг нь Г.Дэлгэрмаа. “Ер нь эмэгтэй гээд юмнаас хойш сууж, давуу эрх эдэлдэггүй. Сургалт бэлтгэл, хээрийн гаралт гээд хүйтэнд хөрж, халуунд халж, бүгдэд нь эрчүүдтэй зэрэгцээд урд нь гардаггүй юм гэхэд хойно нь оролгүй явахыг хичээдэг байсан” гэх тэрээр анх шүхэр десантын гэгддэг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангиас ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн. Үүндээ ч талархаж, бахархдаг. Дараа нь мөн л Зэвсэгт хүчнийхээ нүүр царай болсон хүндэт харуулын ангид ирж буурь сэлгэсэн нь ч бас бахархалтай гэв. 
 
Офицер, ахлагч нарын сэтгэл зүйн хангалт, мөн ээж аавын гараас дөнгөж гараад ирсэн хугацаат албаны дайчидтай ажиллах гээд ажил мундахгүй. Цэрэгт янз бүрийн л шалтгаантай залуус ирдэг. Тэднийг албанд хурдан дасгахад сэтгэл зүйн хангалтын асуудалд л голчлон анхаарна. Энэ талаас нь харвал цэргийн сэтгэл зүйчийн ажил онцлог. Нөгөө талаар тэдгээр залуусын өссөн орчин, гэр бүл харилцан адилгүй. Тэдний сэтгэл зүйг нэг түвшинд барина гэхээр нөгөөтэйгөөр хэн дуртай нь хүрч очихгүй хариуцлагатай ажил. Цааш яриад байвал их юм бий. Цэргүүдийг албанд нь дасгах нэн тэргүүнийх тул сургалт, сурталчилгааны ажлыг олноор явуулдаг. Алба хаах итгэлтэй, Зэвсэгт хүчний талаар эерэг ойлголттой болсноор залуус сэтгэл зүйн хувьд бэлтгэгдэж эхэлдэг ажээ. Ер нь тэгээд шинэ үеийнхэн илүү нээлттэй болсон тул харилцахад ямар нэгэн хүндрэл үүсдэггүй гэв. Тэрээр амралтын өдрүүдийн аль нэгэнд нь цэргүүдтэйгээ ажилладаг аж. 
 
Хосуудын маань учралын хэлхээ Зэвсэгт хүчинд байсанд хоёул баярладаг. Цэргийн албанаас юм бүхнийг эхлүүлж, тэсвэр тэвчээр суусан учраас урдаа байгаа саад бэрхшээл бүрийг даваад л гарна даа гэсэн итгэлийг хоёр биендээ өгдөг. Энэ хугацаанд нугарахгүй байх чанарт суралцсан гэдгээ дуу нэгтэй хэлнэ лээ. Хэн хэнийхээ ажил албаны онцлогийг тэд өөрсдөө л мэдэрч, ойлгодог. Тэгж, ингэх вий гэж халгахгүй, асуудлуудаа шулуухан ярьчихдаг болохоор голыг нь бариад гал алдахгүй.  
 
Анхнаасаа дүүрэн биш, дутуугаа дүүргэлцэж явахыг л хосын амьдрал гэдэг байх. Хэн түрүүлж ирсэн нь хүүгээ авна, хоолоо хийнэ. Энэ гэр бүлийн хамгийн бяцхан гишүүн З.Золбоот одоо таван настай. Удахгүй сургуульд сурна. Түүнээс урьтаж тусад орсныг нь аав, ээж нь магтаж урамшуулна. Хэдий балчир ч аав ээжийнхээ ажлыг дарга гэж тодорхойлоод байгаа юм. Харин өөрөө том болоод эмч болох хүсэлтэй. Яагаад гэж асуувал “Өвдөж зовсон олон хүнийг эмчилж эдгээх нь надад сайхан санагддаг” гэж хэрсүүхэн хариулав. Энэ үед аав нь харин миний хүү цэргийн эмч болно гэж хэлээд духан дээр нь үнэрлэв. Хүү ч энийг түрхэн зуур мартсанаа хүлээн зөвшөөрч, баруун гараа өргөж ёслох нь эгдүүтэй. Аав ээж нь хамт очоод цэцэрлэгээс нь авахад хүү баярладаг. Хоёулангийх нь гараас хөтлөөд явахад нүдэнд нь оч гялалзаж, нүүрэнд нь инээмсэглэл тодроод ирдэг ажээ. Ер нь хүүгээ төрснөөс хойш дулаан уур амьсгал бүрдүүлэх, амьдралыг илүү гэгээлэг өнгөөр будах гэсэндээ ажил тарав уу, үгүй юу гэр лүүгээ яардаг болсноо ч хэн хэн нь хэлээд амжив.  
 
Үргэлжлүүлэн эхнэр минь хилийн чанадад үүрэг гүйцэтгээд ирчихвэл бид энхийг сахиулагч гэр бүл болж, хүү маань ч хожим үүнийг бахархаж ярина даа гэж Н.Золбат хэлэв. Нэр, үйлс хоёр л үлддэг хорвоо. Энэ нь хүүдээ үлдээх ямар ч өмч хөрөнгөнөөс илүү үнэтэй өв байх нь. Гэр бүл гэдэг хамгийн энгийнээр гишүүн бүр дор бүрнээ үүрэг хүлээсэн нэг баг. Ажил алба гээд хамт байх хугацаа ер нь бага. Тиймээс амралтын өдрүүдээр халуун бүлээрээ байвал хамтдаа бүхнийг хийхийг эрмэлзэнэ. Хүү санаачилгаараа хогийн шүүр бариад л авахад аав, ээж хоёр нь уруу татагдаад л гэрээ цэвэрлэчихдэг. Хоолон дээр мөн л тус тусын чадах ажлаа хуваарилж аваад хийнэ. Хайч чулуу давуудсан ч гурвуул. Нөхрийн хийсэн цуйван, будаатай хуурганд нөгөө хоёр нь нугасгүй бол эхнэрийн бууз хуушуур ч түүнтэй адилтгах амтат зоог. Н.Золбатын гарын хоол ер нь минийхийг бодвол хамаагүй төрөлжсөн гэж Г.Дэлгэрмаа хэллээ. Хариуд нь гэрийн эзэн надад бол тэр элдэв амтлагчгүй, мах сонгиноос өөр зүйлгүй бууз, хуушуур л хамгийн амттай гэж бие биедээ магтаалын үг шидэлцэнэ.
 
Г.Дэлгэрмаа манай хүн чинь романтикаа барьж дийлэхгүй гэснээ үргэлжлүүлэн “Надад анх үерхье гэж хэлэхдээ Цэргийн нэгдсэн сургуулийн жижүүртэй хуйвалдаж, үүрэг өгч ирүүлж байсан. Жижүүр дуудахаар нь яваад очтол улаан сарнайн дээгүүр алхуулсаар, төгсгөлд нь ширээ зассан байв. Тэгээд л кинон дээр гардаг шиг үерхэх санал тавьсан даа. Шууд л зөвшөөрчихсөн” гэв.
 
Энэ үед Н.Золбат батальоны шинэ жилээр хоёулаа хөтлөлцөөд ороход олон хүн гайхсан тийм ээ гэхэд тэр үед би ч их сандарсан шүү хэмээн тэд өнгөрсөнд үлдсэн он жилүүдийн тухай сөхөв. Жил бүрийн валентин, мартын 8 гэнэтийн бэлгээр дүүрэн. 2020 оны мартын 8-наар Маршийн тэмцээний бэлтгэлд гарч таараад, хээрийн байрлалд байхад нөхөр нь гэнэт тоорт, цэцэг барьсаар гараад ирсэн гэх. Бүсгүй хүний нандин утсыг хөндөөд л байдаг аж. Өөр санаанд оромгүй шийдлүүдийг бодож олохдоо ч гаргууд ажээ. Ер нь тааварлашгүй шүү л гэж гэргий нь хэлнэ лээ. Энэ жил ч бас юу бодсоныг таашгүй, Н.Золбатын хөнгөн инээдийн цаана оньсого болж үлдэв. Миний хань хамгийн шилдэг нь гэж байнга урамшуулна. Хариуд нь даруухнаар мишээх нь тэдэнд тун чиг зохижээ.
 
Гэрийн эзэн “Өөрөө ерөөсөө хэлэхгүй юм. Уг нь манай хүн чинь Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээний түргэн бууны төрөлд хоёр жил дараалж мөнгөн медаль хүртэж байсан” гэхэд Г.Дэлгэрмаа өнгөрсөн жил ухраад дөрөвдүгээр байрт орчихсон гээд л багахан туньж, инээд хөөр болцгоов. Ер нь тэд хүүхэд шиг зангаа огт гээгээгүй юм. Манай анги тийм медаль авсан, танайх яасан гээд л нэгэндээ гайхуулна, барьцана гээд их юм болцгоодог аж.
 
Гэртээ хүүдээ санаа тавьдаг шиг хугацаат цэргүүдэд ч Н.Золбат тийм сэтгэлээр хандаж ирсэн. Бас нийгмийн хөгжил, шинжлэх ухааны талаас бодсон ч цэргүүдийнхээ онцлогт тохируулж арга барилаа өөрчлөх хэрэгтэй гэдгийг тэрбээр онцолж байв. Мөн хуучнаар бид мэдлэг ур чадвартай нь захирдаг, зааж сургадаг гэж ойлгодог байсан бол одоо сэтгэл зүйтэй нь илүү тулж ажиллах шаардлагатай, сэтгэл хөдлөлийг таньж мэдэрдэг байх шаардлагатай гэв. Бас татагдсан бүс нутгуудаас шалтгаалаад цэргүүдийн бие бялдар, сэтгэл зүйн байдал харилцан адилгүй байгааг ч хөндсөн.  Н.Золбат цэргүүддээ “Хамгийн багадаа гэр бүл, хамгийн томдоо эх орноо авч явах хүмүүс шүү” гэж үргэлж захидаг. Бас нэгэнт ирсэн болохоор та бүхэн цэргийн албыг амжилттай хаана, гол нь эх оронч үзэл, хандлагатай болох л хамгийн чухлыг хэлдэг. Хэрвээ нэг цэрэг жоохон гандуухан явбал онжавуудаар нь түүний сэтгэл санааг өргүүлэх, би дайчин нөхдөдөө, эх орондоо ийм үнэ цэнтэй шүү гэдгийг ойлгуулах нь түүний арга барилын онцлог.
 
Анх татагдаж ирсэн цэргүүдийн бодол, оюун санаа танин мэдэхүйгээр дүүрэн байдаг бол халагдахдаа хэдийнээ боловсорч, тал талын ур чадварт суралцан эх орны хөвгүүд болцгоосон байх ба ярих зүйл, хачин сонин ихтэй харьцгаадаг. Үүнд нь цэрэгтэй ажилладаг албан тушаалтан бүр цээж тэнүүн, магнай тэнэгэр байдгийг ч хэлэх нь зүйтэй. Шавиа сайн сайхан явахыг хараад баярладаг багшийн дүрээс өөрцгүй юм даа.    
 
Бусад хүчний байгууллагуудтай харьцуулахад манай Зэвсэгт хүчинд хөгжиж дэвших боломж илүү нээлттэй байдаг л гэж хардаг. Сургалт дамжаа, сургууль соёл, энхийг дэмжих ажиллагаа гээд л өдий төдий бий. Ажиллахынхаа хажуугаар сурч боловсрох, хөгжих нөхцөл бүрдсэн. Эрүүл мэндийн үзлэгт ч үнэгүй хамрагдана. Бас бусдыгаа орлоод ажиллах чадвартай. Хөрсийг нь ингэж бэлдэж өгсөн. Энэ олон боломжийн эзэд нь бид гэдгийг Зэвсэгт хүчнээс өндийж, өдгөө айлын дайтай айл болж яваа хоёр маань онцолсон юм. 
 
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин