sonin.mn
Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд түүнийг танихгүй хүн үгүй болов уу. Тиймээс түүнийг танилцуулах нь илүүц биз ээ. Энэ удаа эрхэм хурандаа Х.БАТСҮХтэй амьдралын зовлон жаргал, эрээн барааны талаар чин сэтгэлийн яриа өрнүүллээ. Таалан болгооно уу, уншсанаасаа ухаарал авах нь уншигч таны мэргэн оюун мэдэх хэрэг.
 
Жаргах, зовохоо үл мэдэх авч залуу насны аагаар амьдралын замд ханцуй шамлан орох нэг тийм үе байсан л байх даа.
 
-Тийм ээ, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн санхүүгийн ангийг төгсөөд Зэвсэгт хүчний 019 дүгээр ангид томилогдоод, ажилдаа ёстой л ханцуй шамлан орсон доо. Мэдэхгүй чадахгүй зүйл ихтэй, түүнийхээ төлөө хичээн ажилласаар цаг хугацаа өнгөрснийг ч анзаардаггүй юм билээ. Сурна гэдэг өөрөө хүнээс асар их хичээл зүтгэл шаарддаг. Гэхдээ их азтай. Манай ангийн хажууд байдаг Зэвсэгт хүчний 273 дугаар ангийн санхүүгийн дарга н.Даваасамбуугийн нөмөр түшгийг мөн ч их мэдэрсэн дээ. Ажил дээр гараад л 1994 оны 3 дугаар улирлын тайлантай нүүр тулсан. Тайлангийн актив, пассив барих ёстой. Тэгсэн тайлан маань барьдаггүй ээ. Тэр үед компьютер байгаагүй учир санхүүгийн бүхий л үйл ажиллагааг гараар хөтөлдөг байсан.
 
Тоо бүрийг цээжилтлээ гараар бичдэг байлаа шүү дээ. Нэлээд гүжирдэж байгаад улирлын тайлангаа гаргачихлаа. Яамны санхүүгийн хэлтэст тайлангаа тушаачхаад гарч ирсэн ч сэтгэлийн мухарт нэг гэмшил төрөөд байснаа санадаг. Дундаас нь ашиглалт, бас алдсан зүйл байхгүй ч бичилт буруу гэдгээ мэдэж байгаа болохоор тэр шүү дээ.
 
Ингэж явсаар жилийн эцсийн тайлан боллоо. Дээд төгсөлтийн таван Санхүүгийн даргаасаа туслалцаа хүслээ. Өмнөговийн н.Цолмонбаатартайгаа хоёр гурав хоног нухлаа. Болдоггүй ээ, бардаггүй. Тэгээд л нөгөө Даваасамбуу ах дээрээ очлоо доо. Хагас сайнд нярав, нягтлангуудаа аваад гэртээ ирж, том ширээн дээр бүх зүйлээ дэлгэж байгаад үзлээ. н.Даваасамбуу гуай айхтар хүн, 3 дугаар улиралд алдаа гарсныг олоод, түүнийг нь хөвж хөөсөөр шалтгааныг яг л олсон доо. Тэгж л ажлын гараагаа эхэлж байлаа даа, ах нь. 
 
Одоо та ҮБХИС-ийн Дотоод аудит, чанарын үнэлгээний албанд ажиллаж байгаа юм байна. Бас санхүүтэй холбоотой ажил биз дээ? 
 
-Аливаа байгууллагын үйл ажиллагаа жигд, доголдолгүй ажиллахад хаана асуудал байгааг олж илрүүлэх, засаж залруулах нь манай албаны үүрэг юм. Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Санхүүгийн мэргэжлээр төгссөнөөс хойш  мэргэжлээрээ тууштай ажилласан. Гэхдээ хожим нь ингэж аудитын ажил хийнэ гэж төсөөлж ч байгаагүй.
 
Санхүүгийн ажлаа өгөөд тэтгэвэртээ гараад сайхан амарнаа л гэж бодож байлаа. Тэгээд ёстой гурван сар амарсан даа. Ээлжийн амралтаас дандаа л дуудагдаж ордог, ажиллаж байх хугацаандаа ер нь бүтэн амрах тухай ойлголт байхгүй шүү дээ. Манай санхүүгийн ажлын нэг төвөгтэй тийм тал бий. Би өөрөө дарга болж байж ойлгож байлаа.
 
Нэг хүн л байхгүй бол доголдоно. Жанжин штабт ажиллаж байхад тэр олон цэргийн ангийн ажлыг тавхан хүнтэй Санхүүгийн алба хариуцна. Ёстой л залуу байсан болохоор бүхнийг хаяад ажлаа амжуулдаг байж дээ. Тайлан гаргалтын үеэр гэрийн бараа харахгүй шүү дээ. Өөрөө алдаж онож ингэж эхэлсэн болохоор залуучууд, дөнгөж төгсөөд ирсэн шинэхэн нягтлангууддаа яг л гардан зааж сургадаг байсан. Тэтгэвэрт гарсан хойноо л санхүүгийн ажил үнэхээр хүнд гэдгийг мэдэрсэн, ойлгосон. 
 
Үгүй байлгүй дээ, бүтэн гуч гаруй жил ажилласныхаа дараа юу?
 
-Магадгүй насаараа хийж ирсэн ажлаа хөндлөнгийн нүдээр харснаар хүнд бэрхийг нь олж харсан байх. Бидний ажил байнга цаг хугацаанд шахагдаж явдаг байсан. Цагаа гүйцэх гээд хөөж явсаар өдөр хоног, сар жилүүд их хурдан өнгөрчээ гэж боддог. Шинэ гарсан хууль бүр санхүүтэй холбогдоно. Байгууллагын тооллого, аудит, төрөл бүрийн шалгалт гээд хөвөрсөн ажил дунд бидний ажил, амьдрал өнгөрчээ. Туулаад ирсэн хэр нь ээ анзаарч мэдээгүй л явсан байдаг. 
 
Тэгвэл энэ ажил мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь юу байв аа? Багын мөрөөдөл үү, гэнэтийн сонголт уу?
 
-Гэнэтийн сонголт байсан. Цэргийн хүн болно ч гэж бодож байгаагүй. Багаасаа бүтэн өнчин өссөн миний хувьд ах, эгч нартаа дараа саад болохооргүй амьдрах л туйлын зорилго байсан. Үлгэр дуурайл болгон харж явдаг нэг байрны ах минь Цэргийн нэгдсэн сургуульд орсныхоо дараа нэг ирэхдээ “Чи бидэн шиг өнчин хүмүүст цэргийн сургууль тун зүгээр юм. Засгаас хооллож, хувцаслаад явчихна. Харин цаашдаа хэрхэн амьдрах нь чамаас өөрөөс чинь шалтгаална” гэж зөвлөсөн. Тэгээд л арван жилийн 62 дугаар сургуулиа төгсөөд Цэргийн нэгдсэн сургуульд шалгалт өгөөд тэнцчихлээ.
 
Мэргэжил сонгох дээрээ тулаад нөгөө ахынхаа зөвлөснөөр Автын мэргэжил сонгох гэтэл “Авто, улс төр, холбоо дууссан. Үлдсэнээс нь сонго” гэсэн хариулт сонслоо. Мэдэхгүй болохоороо “Би гэрийнхэнтэйгээ зөвлөлдье” гээд гарсан. Үнэндээ гэрээс маань хэн ч очоогүй л дээ.
 
Тэгээд Цэргийн нэгдсэн сургуульд сурдаг дээд төгсөлтийнхөө таван ахыг хайгаад гуравтай нь уулзаж ярилцлаа. Тэгсэн тэд хээр гарч, гандсан байдлаар нь өмссөн хувцаснуудаа зааж, ажил мэргэжлийн ялгааг хэлж өгөөд хамгийн шинэхэн хувцастай нь ар талынхан байдаг гэж хөгжилтэйгөөр зөвлөсөн. Тэгж Ар талын ангид орсон ч нэг асуудлаас болж сургуулиасаа гарсан. Гэхдээ гурван жилийн дараа сургуульдаа буцан орж, санхүүгийн мэргэжлээр суралцан гурвуулаа төгссөн. Манай багш дэд хурандаа н.Алтангэрэл санхүүгийн даргын цүнхэнд байх ёстой зүйл гээд шугам, баллуур, харандаа, гортигоос шрифтний үзэг, бритва гээд л бүхнийг төгсөх ангид бэлтгүүлсэн. Залуу байхад юм мэдэхгүй үүнээс нь төвөгшөөхөд багш “Бүх зүйл гарын дор байхад хэрэг болно. Цагаа тулахад ангиас юм олдохгүй шүү” гэж аминчлан захиж билээ. Нээрээ л ажил дээр гараад  юм бүхэн хэрэг болдгийг мэдэрч, бас талархаж байсан сан.   
 
Гурван жил гэдэг бас чамгүй завсарлажээ...
 
-Ярихад хэцүү түүх л дээ. Ер нь бол хүний амьдрал маш богинохон, тэгэхдээ алга урвуулахын дайд өөрчлөгдөнө. Түүнийг ах нь насаараа л үзэж явна. Өөрийн бардам зангаасаа болж, буруу шийдвэр гаргаснаас гурван жилээ алдсан. Харин хувь тавилан байсан юм байлгүй, цэргийн сургуульдаа буцаж орсон төдийгүй Зэвсэгт хүчний хурандаа болтлоо явлаа даа. Хүүхэд байхад эмээ минь дээл хийж өгөөд, энгэрээр нь дүүрэн гавшгайчийн тэмдэг тэргүүтэй баахан медаль, тэмдэг оёж тогтоочхоод өмсүүлдэг байсан. Ах, эгч минь намайг цэргийн болох хувьтай л байж гэж ярьдаг байсан. 
 
Амны билгээс ашдын билэг гэж... Цэргийн даргын мөр, энгэр ёстой л дүүрээ биз дээ. 
 
-Бидний үед “Цэргийн хүн мөрөө харж омогшдог” л гэдэг байсан. Энгэрээ харна гэдэг ч сүүлд гарсан үг болов уу. Батлан хамгаалах яаманд ажиллаж байхад “Дайчин алдар III” медаль, “Эх орны төлөө III” хүндэт тэмдэгтэй болохоор хоёр л лент хийлгэх болчхоод түдгэлзэж байсан. Төдхөн цагаан морь буюу Цэргийн хүндэт медалиа авчхаад их баярлаж билээ. Тэтгэвэрт гарах нэлээд дөхсөн ах нар л авдаг байсан болохоор ид ажиллаж байхдаа ийнхүү шагнуулсан нь нэр төрийн хэрэг санагдаж байлаа. Ерөнхийдөө ажил амьдралын замналаа харах нь ээ, анхны анги маань татан буугдаж, суурин дээр нь байгуулагдсан Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн Санхүүгийн даргаар ажиллаж байгаад ЗХЖШ-т ахлах мэргэжилтэн, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн Санхүүгийн даргаар тус бүр нэг жил ажиллаад, эргээд ЗХЖШ-т очиж, арав гаруй жил ажилласан. Дунд нь Англид гурван жил ажиллаад эргэж ирээд мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад Батлан хамгаалах яамны Ерөнхий нягтлан бодогчоор томилогдож, улмаар Санхүүгийн хэлтсийн дарга болж дөрвөн жил, дараа нь ҮБХИС-д долоон жил ажиллалаа. 
 
Гадаадад амьдарсан гурван жилийн талаар сонирхмоор санагдчихлаа...
 
-2005-2008 онд ажлаасаа чөлөө авч, Англид сурч байсан гэргийнхээ араас очиж ажиллаж, амьдарсан. Нууцгүй хэлэхэд, амьдрах орон байрны л мөнгөтэй болъё гэж зорьсон. Хоёр хүүхдээ орхиод амьдралын төлөө явлаа шүү, эргэж ирээд армидаа ажиллана аа гээд ажлынхантайгаа нэг орой уйлж, дуулж аваад л ниссэн дээ. Тэндхийн Монгол төв дээр “Өө, нэг хөгшин дэд хурандаа ирсэн гэнэ. Тэр одоо ажил хийх юм байх даа, сөхөрч унана даа” гэсэн жиг жуг яриа гарсныг ч дуулсан. Гэтэл 37-той монгол эр хүн гэдэг ид ажилладаг, гялалздаг үе шүү дээ. Барилга, зочид буудал, зоогийн газар гээд ажиллаагүй газар, хийгээгүй ажил байхгүй ээ. Дэд хурандаа цолтой хүн гадаадад хар ажил хийхийг гаднынхан ойлгохгүй шүү дээ, тиймээс цол, ажлаа хэлдэггүй байсан. 
 
Тэгэхдээ л тийм нэг бардамнал цээж хөндүүр оргиулна биз?
 
-Хүний л нутаг шүү дээ, ёстой. Тэглээ гээд яах вэ, бас амьдрал шүү дээ. Анхны ажил маань том рестораны гал тогооны хэсгийг шөнийн 12 цагаас өглөөний 7 цагийн хооронд цэвэрлэх шөнийн ажил байсан. Цэвэрлэх ажил хүний биологийн зохицлыг алдагдуулдаг учир хамгийн хэцүүд тооцогддог байсан. Рекорд нь 1 жил ажилласан залуу ажлаа надад өгсөн. Би түүнийг нь 1 жил 11 сар хийсэн байдаг юм. 
 
Ямартай ч рекорд эвджээ... 
 
-Хүн биологийн цагтаа унтахгүй болохоор ядаргаанд ордог. Эхний хэдэн сар хэцүү. Дараагаас нь дасчихдаг юм билээ. Монголчуудын дасан зохицох чадвар юм даа. Далайтай учир өвөл нь хасах градус руу орохгүй хэр нь ээ маш жиндүү, хавирга нэвт хүйтэн. Маш их чийгтэй учир ясны бүтцэд ч өөрчлөлт орох шинжтэй юм билээ.  
 
Хоёулаа очоод гурвуулаа болоод ирсэн байх нь ээ?
 
-Тэгсэн. Ямар сайндаа л тэнд багыгаа төрөхөд энд үлдсэн охиндоо хэлж зүрхлээгүй, гомдчихно гээд... Ээж нь нэгдүгээр ангид ороход нь гадагшаа явсан. Охин маань тэр хооронд “үсэрч, дэвхэрсээр”, биднийг ирэхэд 8 дугаар ангид орчихсон, жигтэйхэн том болчихсон байсан. Сүүлд “Аав, их сонин шүү. Бүх хүн дүүг төрснийг мэдчихсэн байхад би л мэдээгүй байсан юм билээ” гээд инээж байсан. Хань минь сургуулиа төгсөж, хоёул зүтгэсээр байр, унааны мөнгө хийсэн. Тэгтэл бага охин маань олдож төрөөд, хоёрхон сартай “бурхны бэлэг”-ээ аваад эх орондоо нисээд ирж билээ. 
 
Харьд ажиллаж байгаад Зэвсэгт хүчиндээ эргээд ороход өөрчлөлт анзаарагдаж байв уу?
 
-Манайханд ажлын цаг гэсэн ойлголт байдаггүйг хамгийн түрүүнд мэдэрсэн. Дарга нь ажил даалгаад, ажилтан ч ажлынхаа эцсийг нь үзэх гээд оройтсон ч ажил дээрээ суугаад л байдаг. Би ирснийхээ дараа ангиудад үдээс өмнө тайлан материалаа өгөх шаардлага тавиад, өөрөө 18 цагтаа тараад хэсэг явсан. Уг нь бусдадаа цаг хэчнээн чухал болохыг ойлгуулах, хэвшүүлэх гэж үзсэн ч удалгүй даргадаа “Чи харь орноос юу сураад ирчихсэн юм бэ” гэж зэмлүүлсэн. Манайхан дарга сууж л байвал мэргэжилтэн сууж л байх ёстой гэсэн ойлголттой. Гадаадад ажлыг яс цагтаа хийж, амжуулдаг болдог. Цаг хугацаа, хөдөлмөрийн үнэ цэн, үнэлэмж гэдэг ямар чухал болохыг ойлгодог. Хүнээ дээдэлсэн, хүнлэг ардчилсан нийгэм гээд л манайхан магтдаг. Үндсэндээ тэнд капиталист хөрөнгөтөн нийгэм байгаа байхгүй юу. Хөдөл, хөдөлмөрлө, зүтгэ, тэгээд цалингаа сайн ав. Хөдлөхгүй бол цалин байхгүй гэдэг нэг талаар шударга, нөгөө талаар харгис нийгэм юм даа. Харин Монголчууд маань ямар залхуу, назгай билээ. Гэвч хүний газар очихоороо монголчууд шиг ажилсаг, арга дүйтэй хүн үгүй байдаг. Гайхалтай ажиллана, магтагдана. Эндээ ирэхээр залхуурна. Энэ бүхний нууц ердөө л цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмж шүү дээ. Хөдөлснийх нь хэрээр үнэлээд цалинжуулаад өгвөл сайн ажиллана даа гэж боддог.
 
Хурандаа хэмээх эрхэм цолыг хэзээ хүртэв дээ?
 
-БНӨСУ руу энхийг сахиулах ажиллагааны 1 дүгээр ээлжийн Ар талын даргаар явахаар бэлтгэлд гарчихсан байх үед Батлан хамгаалах яамнаас дуудсан. Тухайн үед бие бүрэлдэхүүний хангалтын асуудлаар байх гэж таамаглаад очтол ажиллах санал тавилаа. “Гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдье” гээд ханьдаа хэлтэл, угаасаа гадагшаа ажиллагаанд явуулах дургүй байсан эхнэр маань “Цэргийн хүн мөрөө харж омогшдог гэж та өөрөө хэлээ биз дээ. Тэгээд мөрөө хараач” гэснээр асуудал шийдэгдсэн. Дэд хурандаа цолыг 14 жил зүүсний дараа 2013 онд БХЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хурандаа болсон. Харц ардын хүү бүхнийг тэгээс эхэлж явсаар хурандаа хэмээх эрхэм цолыг хүртэхэд нэг тийм сэтгэл хөхиүн мэдрэмж төрж билээ. Манай санхүүгийнхэн дарга нь л хурандаа месттэй байсан болохоор олон ч мундаг ах нар маань дэд хурандаа цолтой тэтгэвэртээ гарсан даа. Харин 2013 оны 5 дугаар сараас ЗХЖШ-ын ахлах мэргэжилтнүүд, дараа нь командлалууд бий болсноор хурандаа цолны боломж нэмэгдсэн. 
 
Хурандаа цолыг оршил болгон асуусны учир нь “Чандмань өлзий аялгуу” тоглолтоор Монголын сайхан хурандаа нарынхаа нууц авьяасыг нээж, бахдаж байсан нь 2014 он билээ. Та тэр тайзан дээр гитартай, эвлэгхэн дуулж билээ.
 
-Манай Махкомбинатынхан чинь орцны гитарчид шүү дээ. Италийн Сан Ремо фестивалыг догдлон хүлээдэг, шөнөжингөө үздэг, дуунуудыг нь сурдаг, дагаад дуулж, хөгжимддөг байлаа. Манай ангийнхан хөвгүүд, охидгүй гитар тоглодог, бие биеэ хурцалдаг, хөгжүүлдэг байсан. Арван жилдээ би сургуулийнхаа “Хүслийн жигүүр” хамтлагт басс гитар тоглодог, бас дуулчихдаг байсан. Анх тайзан дээр гарахдаа их сандардаг байсан ч яваандаа нүүр хагараад шинэ жилийн баяр, урлагийн үзлэг зэргийг амьд хөгжимтэй өлхөн аваад явчихдаг болсон. Миний хань ч бас барилттай шүү, хөөрхөн тоглочихдог байсан. 
 
Тэгвэл Офицеруудын ордны тайз таны хувьд анхных биш байсан байх нь. Тэрхүү тоглолтын үеэр хурандаа нар гэргий, ээж нартаа цэцгийн баглаа барьж баярлуулсан нь сэтгэл догдлуулсан мөч байсан шүү. 
 
-Тэгэхэд яг санхүүгийн тайлангийн үе таарчихсан, Сангийн яаман дээр л өнждөг байлаа. Тэгсэн ч гялс амжуулаад ирж “Үзэсгэлэн төгөлдөр Монгол орон” дуугаа гитартай дуулчхаад л эргээд гүйсэн. Бэлтгэлд ч ирж амжаагүй. Гэртээ ганц хоёр давтаад л орсон. Тэрхүү тоглолтыг хурандаа нараас эмэгтэйчүүддээ барих бэлэг гэж зохион байгуулсан. Өмнө нь би ЗХЖШ-т байхад Ж.Бадамбазар генерал, н.Даваадорж хурандаа, Дээгий нартайгаа хамт хөгжим тоглодог байсан. Сүүлд сургуулийнхаа 95 жилийн ойгоор бид Соёлын төв өргөөнд тоглолт хийхэд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ихэд дэмжиж, иж бүрэн цахилгаан хөгжим бэлэглэсэн. Түүнийг эхнээс нь гардаж аваад, Цэргийн хөгжмийн гурван залуу, манай нэг ахлагч тавуулаа нийлээд Багш нарын баяр, сургуулийн шинэ жил гээд томоохон үйл ажиллагаанд гаднаас л лав урлагийнхныг урилгүй өөрсдөө аваад гарчихдаг юм аа. Одоо хааяа нэг орж алжаалаа тайлж, тоглодог доо. 
 
Та гитар тоглож байгаад л ирээдүйн гэргийгээ найрчихсан юм шиг санагдаад байх юм? 
 
-Зэвсэгт хүчний 019 дүгээр ангийн Санхүүгийн албаны даргаар томилогдоод удаагүй шинэхэн офицер үйлдвэр хариуцсан төлөөлөгч найзтайгаа хамт явж байгаад “Бөртэ” үйлдвэрийн оёдолчин бүсгүйтэй танилцаж байлаа.
 
Би ер нь их хэнэггүй талын хүн л дээ. Анхнаасаа дотроо эхнэр авах гэж яарахгүй, хоолны захад дөнгөж хүрч байна, өөрийн гэсэн гэр оронтой болчхоод эхнэр авна шүү гэж өөртөө “команд өгсөн” байсан. Кодолж байгаа юм уу даа. Гэтэл эхнэр маань эсрэгээрээ санаачилгыг гаргаж, удирдлагыг гартаа авсан даа.
 
Тэр үед хань минь тэгж зоригтой байж, хөдлөөгүй бол надаас санаачилга гартал удах байж дээ гэж бодогдож, хувь заяандаа маш их талархдаг. Анх танилцсаны дараахан Зэвсэгт хүчний 310 дугаар ангид болсон үдэшлэг дээр хамт бүжиглэж дотно танилцсан. Их хөгжилтэй паянтай. Тэр бүжгэн дээр жижигхэн маргаанаас үүдээд бусадтай зодолдож, өмднийхөө салтааг задалчхаад Л.Гэрэлээрээ оёулж билээ.  Эгчийгээ эхнэр хүүхэд ярихаар, “Юу, хаа байсан юм бэ” гэдэг нөгөө сүрхий кодтой залуу чинь нэг л өдөр “Би ер нь нэг хүнтэй амьдрах болж байх шиг байна аа, эгч ээ” гээд л хэдэн хувцсаа цүнхэлж аваад хадмындаа очсон доо. Эхнэрээ хүргэж өгсөөр, хадам аав маань мэддэг болчихсон байсан. Манай хадмынх гурван охинтой айл байсан. Ээж нь өнгөрөөд, аавдаа дэм болохын тулд том охин буюу эхнэр маань сургуулиа орхиж, үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан юм билээ. Манай хадам ээж СЭВ буюу Социалист орнуудын эдийн засгийн харилцан туслалцах нийгэмлэгийн мэргэжилтэн байсан. Гэр бүлээрээ Зөвлөлтөд ажиллаж амьдарч байгаад манай хүнийг 9 дүгээр ангид орох жил Монголдоо нүүж ирсэн байсан. Тэр үед телевиз ерөөсөө 2 болон 4 гэсэн хоёрхон сувагтай. Анх хадмынд очиход зурагт нь дандаа 4 дүгээр суваг дээр, хоорондоо дандаа оросоор ярьсан хүмүүс дунд орж байлаа.
 
Манай хүн “франц хэлний орчуулагч болно” гэхээр нь би “Чи эхлээд монгол хэлээрээ сайн ярьж, ойлгож сураач” гээд хүүхнээ бас гомдоож л байлаа. Гэхдээ манай хүн их уйгагүй, бас шартай охин байсан. Монгол хэлний сурах бичиг барьсаар монгол хэлээ сайжруулсан. Тэгсэн одоо бага охин маань Англид төрснийг ч хэлэх үү, ээжийнх нь авьяас нөлөөлдөг ч юм уу байнга англиар ярина.
 
Монгол үг асуухаар заримдаа гацна, тэр үедээ ээжтэйгээ ямар адилхан харагдана гээч. Яаж дуурайхаараа ингэж дуурайдаг байна аа гэмээр... Эхнэр маань намайг хэл сураач гэхээр би тоглоод “Гэрт нэг л хэлтэй хүн байхад хангалттай. Чи орос, англи, франц хэлтэй байхад би хэл сурч яах юм” гэж цаашлуулдаг байж билээ. Амьдрал гэдэг алдаа оноотой, явахгүй гэсэн замаар нь хүртэл алхуулдаг “Нулимсны хөндий” шүү дээ. Хүн дал, наян жил хорвоод үдэллэхдээ уйлж, дуулаад л Нулимсны хөндийг туулдаг. 
 
Сонин зүйрлэл байна...
 
-Хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй л дээ. Жаргаж байгаа хүнд ч их бага хэмжээгээр зовлон байдаг. Гэхдээ хамгийн талархууштай нь ертөнцийн зовлон бүгд түр зуурынх, бас ямагт гарц байдаг. Зовлон үзэхээрээ хүн жаахан юм боддог, ухаан суудаг бололтой. Зовлон хүнийг тэсвэр тэвчээр, сэтгэлийн хаттай болгодог. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт  Б.Лхагвасүрэн гуай зочноор ороход нь “Та үхлийн тухай юу гэж боддог вэ?” гэж асуухад “Чи ухаант хүн л юм бол үхлийн тухай бодох хэрэгтэй. Би бол өдөр бүр боддог” гэж байсан. Түүнийг сонсоод би гайхаж байсан, өдөр бүр үхлийн тухай бодож амьдарна гэдэг ямар хэцүү юм бэ гэж... Тэгтэл бодох ёстой л юм байна. Бас нэг жаахан орос охин хичээлийн шинэ жилийн нээлт дээр уулзсан сурвалжлагчтай ярихдаа “Үсэг сурна, уншиж сурна, том болоод ажил хийнэ, тэгээд нөхөрт гарна, хүүхэд гаргана. Тэгээд л үхээд дуусах байх даа” гэж хэвлүүхэн өгүүлж байсан нь санаанд орлоо.
 
Уучлаарай, гэтэл та өөрөө бараг үхэлтэй учраад ирсэн хүн. Мөн хамгийн ойр дотнын хүмүүсээсээ нэгэн зэрэг хагацахын зовлон гэдэг аймшигтай... 
  
-Хүний амь, амьсгалыг аваад явахаа хүрвэл алга урвуулахын дайтай юм. Хамгийн аймаар нь хүн зовлонг дааж чаддаг юм байна. Хүн зовлонгийн өмнө тулаад, туулаад гараад ирэхээрээ хэн ч биш гэдгээ мэдэрдэг. Өмнө нь би армийн хурандаа, би хэний ч дор орохгүй, зовлон тулгарахад эцгээс заяасан эр зоригоороо туулна л гэсэн бодолтой, сөхрөх ёсгүй гэсэн бардам бодолтой хэнэггүй нэгэн явлаа. Хамгийн хайртай хүнээ хажуудаа суулгаж яваад үхэлтэй тулгарахад юу ч хийж чадахгүй байна гээд бод доо. Харсаар байгаад үхэлд булаалгалаа. Боломж байсан уу гэвэл... гэж бодохоор дотор өмөрдөг. Эхлээд хүн өөрийгөө өрөвддөг, өмгөөлдөг, яваандаа үзэн яддаг юм байна. Эмнэлгийн орон дээр тарчилж хэвтэхдээ “Чи ийм л арчаагүй амьтан” гэж өөрийгөө зүхэж байсан. Шийдвэр ч, золиос ч гаргаж чадахгүй нэгэн гэдгээ ухаардаг. 
 
Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам бодит байдлыг эрүүл ухаанаар бодож үзвэл...
 
-Хүн цагаа тулахаар дандаа л өөрийгөө зөвтгөдөг юм билээ. Түүнээс хойш цагдаад дуудагдах болгонд аймшигт дурсамж сөхөгдөж, зүрх минь урагддаг. Цагдаа, шүүхийн холбогдолтой асуудал тамын тогооны үлгэр шиг л санагддаг. Дүгнэлттэй танилцах, тодруулга өгөх гээд л дуудагдаад очих бүр бүх үйл явцыг ахиад эхнээс нь унших, ярих, сонсох хэрэгтэй болдог. Ямар хэцүү гээч. 2020 оноос хойш зууралдсан хэр нь ээ эцсийн шийдэл, дүгнэлтэд хүрдэггүй, бөөрөнхий. Одоо хүртэл дуусаагүй. Манай өмнөх машин таван хүнээ алдаж, жаахан хүүхэдтэй бүсгүй үлдсэн. Манай машин тавуулаа явснаас би хүүтэйгээ үлдсэн. Энэ хугацаанд хуулийн дагуу хариуцлага хүлээх, үнэнч шударга байх зэрэгт итгэл алдарлаа. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн үед нэг талын буюу жолоочийн өгсөн мэдээллээр олон түмэн ойлголт аваад өнгөрсөн л дөө. Тэр жолоочтой би хэрэг явдлаас хойш нэг жил дөрвөн сарын дараа нүүр тулж уулзсан. Тэр үнэхээр битгий яв, болохгүй гээд гүйгээд ирсэн бол түүний хажуугаар гараад явах тэнэг толгой байх уу, ер нь. 
 
Архангай аймгийн Цагаан даваанд гарсан тухайн үеийн ослын байдал нүд халтирам байсан. Танай хоёр машин явсаар байгаад л дэлбэрэлттэй тулсан хэрэг үү?
 
-Би дороос нэлээд хурдтай давхиж даваа өгссөн. Миний өмнө тав, зургаан машин явсан. Зүгээр гараад л явсан. Тэгсэн манайхаас нэг машины өмнө явсан машин зогсоод жолооч нь буугаад тэр унасан том машин руу явж харагдсан. Яагаад зогсчхов гэж байхдаа бензин урсаж байгааг харсан. Тэгэхтэй зэрэгцээд л гал юу юугүй авалцаад ирсэн. Би суудлын бүстэйгээ ноцолдож байгаад хаалгаа онгойлгоод гарсан, эхнэрээ ч цаад хаалгаараа буусан гэж бодсон. Эхлээд бэр маань буугаад, хүү хүүхдийн суудалд бэхэлсэн охиноо авах гэж ноцолдоод чадаагүй. Би хүүгээ үүрээд галаас холдуулсан. Эргэж гүйж очоод машиндаа ойртож чадалгүй, дэлбэрэлт болсон. Би эхнэрээ өөрийнхөө тал руу татаад гаргадаг байж дээ гэж сүүлд харамсан бодож байгаа юм. Гэхдээ тухайн нөхцөл байдалд юун юм бодох... Аймаар халуун байсан. Бүх биеэр ус гүйгээд, цэврүү үсрээд ирсэн. Биеийн бүх шингэн гадагшаа нэвччихдэг юм билээ. Уйлах нулимс ч, хоолой норгох шүлс ч байхгүй болсон байсан. Эхнэр, ач охин минь газар дээрээ өнгөрсөн. Бэр охин минь эмнэлэгт ирээд нэлээд тэссэн, гэвч өнгөрсөн. 
 
Одоогоор эдгэсэн хэр нь ээ түлэгдэлтийн сорви хэцүү л харагдаж байна...
 
-Анхны байдлаар маш өндөр хувийн түлэгдэлттэй байсан. Эдгэрсэн ч хүү бид хоёрынх 40-50 хувийн түлэгдэлттэй. Хүү маань шорттой, гуталгүй байсан, тэгээд л бүсэлхийнээсээ доош гүн түлэгдсэн. Гишгэж чадахгүй, ул нь түлэгдчихсэн. Би гутал, хувцастайгаа шатаад л тайлж шидсээр галаасаа салсан. Түлэгдээд цус нөждөө хутгалдсан хүн рүү хүмүүс ойртож чаддаггүй юм билээ. Хараад, бичлэг хийж байснаа туслаач гэхээр зугтаачихаж байгаа юм. Туслаач гэж нэлээд явсан. Тэгж тэгж нутгийн хоёр гурван залуу, нэг цагдаатай ирээд Их Тамирын эмнэлэгт хүргэж өгсөн.
 
Сумын эмнэлэг гэнэтийн үйл явдалд аргагүй хүчин мөхсөдсөн, олигтой эм тариа ч байгаагүй. Дэргэдээ нэг худагтай. Шууд худгийн хүйтэн усанд орсон. Бэр маань дагжтал чичирч байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Толгойд ямар ч бодол орж ирэхгүй, шоконд орчихсон ч хүмүүсийг хөнжил гудсаар боогоод нааш цааш нь болгоод туслаад хөдлөөд байсан.
 
Тэгтэл цэврүүнүүд нь томроод нүд хаагдаад, харанхуйлаад л юу ч харахгүй болсон.  Ханьтайгаа би тоглоом шоглоомоор “Хань нь түрүүлээд оччихно оо, дээд тэнгэрт. Араас миний хөгшин ирнэ биз” гэхээр тэр минь “Юу яриад байгаа юм бэ, хоёулаа хамт явна шүү” гэдэг байсан. Гэхдээ хүсэхэд хясах хорвоо юм даа. Хэзээ ч түүнийгээ миний өмнө явчихна гэж бодож байсангүй. Одоо би хүүхдүүддээ “Эрт, орой буцах нь ертөнцийн жам. Аав нь бас нэг л өдөр буцна. Миний хүүхдүүд харин үнэнийг арай эрт л ойлголоо, үзлээ. Хамгийн хайртай хүнээ явахад ихийг ухаарч ойлгодог юм байна” гэж хэлдэг. Хань минь дээд мөнхийн диваажин байгаа гэж итгэдэг хүний нэг байсан. Түүнийхээ шарилыг эргэхэд “Миний хань өвчингүй, зовлонгүй, нулимсгүй тэр нэгэн газар очиж дээ. Магадгүй надтай хамт энэ нулимсны хөндийг туулсан бол бас илүү зовох байсан ч юм бил үү” гэж бодогдсон. 
 
Зовлон нүүрлээд ирэхийн цагт хүн өөрийн эрхгүй далдын хүчинд итгэдэг байх гэж бодогддог.
 
-Ах нь яамны санхүүгийн хэлтсийн даргын ажлаа өгөөд сургуульд ирчхээд байхдаа 2016  оноос итгэгч болсон. Тэгээд албан тушаал, алдар нэр гэдэг мөнх бишийг, нэгнийгээ гомдоож амьдарч болохгүйг, хүн гэдэг нэг л өдөр буцаж болохыг ухаарсан. Миний хань надад түүнийг ойлгуулсан. Тэгээд сүүлийн хэдэн жил архи уухаа больж, эхнэрээ сэтгэл амгалан байлгасан юм болов уу даа гэж боддог.
 
Өөрийгөө мундаг гэж бодож байсан хүн үхэл ирээд амийг чинь нэхэхэд юу ч биш гэдгээ ухаарсан. Хүү минь залуу хүн, тэгээд эхнэр хүүхдээ алдсан хүний уй гашууг ч, аавыгаа буруутгасан сэтгэлийг нь ч ойлгож байгаа. Тэглээ гээд яах вэ дээ, цаг хугацаа эмчлэх байх л гэж найдаж байна.
 
Юм юм л үзлээ дээ. Ямар ч байсан гомдол тээж болохгүй. Байгаа бүхий л зүйлдээ талархаад үргэлжлүүлээд л амьдарна даа. Харин хүнд бэрх тэр цагт Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, миний хамт олон, найз нөхөд тэр аяараа хөдөлсөн. Ямар их хайр вэ. Эмч маань “Та яг юу хийдэг хүн бэ? Ямар олон хүн асуудаг юм бэ?” гэж байсан. Олонтойгоо мэдэх, намайг гэсэн тэр их сэтгэлээр тэжээгдэж байлаа. Угаасаа тэтгэвэртээ гаръя гэж бодож байсан, тэгээд дээр нь түлэгдээд ийм болчихлоо гэж бодож байсан. Тэгтэл захирал маань босдог юм шүү, эргээд ажиллана шүү хө гээд, хамт олон маань хуваарь гаргаад эргэж байлаа. Ямар их хүндлэл хайр вэ, түүнээс их эмээдэг юм билээ. Яаж дааж явна аа гэж... Одоо ч аль болох завгүй байх, ажил хийвэл ядартлаа хийх зэргээр өөрийгөө сатааруулж байна даа.
 
Д.ГҮНЖИЛМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин