sonin.mn
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын Буриад Улсын Гавьяат зураач Б.Дашням нь уран зураачдаас мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг хүндхэн төрөлд тооцогдох хүний дүр бүтээх- хөрөг зургаар дагнан уран бүтээлээ туурвидаг манай цөөн уран бүтээлчдийн нэгд зүй ёсоор тооцогдох авьяастан юм. 
 
Тэрээр түүхэн хүмүүсийн бодит дүрийг уран бүтээлдээ чадварлагаар дүрслэхээс гадна зураг, дүр нь үлдээгүй бол судалж, сэргээн бүтээхэд оюун ухаан, авьяас билэг, нэг насны хөдөлмөрөө зориулж явна.
 
Түүний уран бүтээлүүд Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерей, Монгол цэргийн музей, Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музейн сан хөмрөгт хадгалагдаж, олны хүртээл болсоор буй. Өдгөө 80 насны босгыг давсан ч уран бүтээлээ туурвисаар байгаа зураач Б.Дашнямын шилдэг бүтээлүүд нь хуучнаар ЗХУ болон социалист орнууд, мөн Франц, Нидерланд, Япон улсад зохион байгуулагдсан уран зургийн үзэсгэлэнд оролцож, үзэгчдээс өндөр үнэлэлт авч байжээ.
 
Таны уугуул нутаг хаана вэ?
 
-Би Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Хайрхан шивэр хэмээх газар 1939 онд төрсөн. Баяндун сумын бага, Баян-Уул сумын дунд сургуульд суралцаж байгаад 17 настайдаа Улаанбаатар хотод шилжин ирж 1957-1958 онд Улаанбаатар хотод ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийг төгссөн. Хотод ирээд Төрийн хошой шагналт, Ардын зураач О.Цэвэгжав багшид шавь орлоо. Багш маань мөн Баяндун сумын хүн байсан. Манай нутгаас ч алдар, цуутай олон хүн төрөн гарсан даа.
 
Монголын дүрслэх урлагийг үндэслэн байгуулсан Д.Чойдог гэж хүн Баяндун сумынх. Төрийн шагналт, Ардын зураач Г.Одон манай Улзын голынх. Ер нь олон сайд, дарга нар ч манай нутагт төрж өссөн. 1940-өөд оны дунд, би бас овоо гайгүй ухаан орсон, юм мэдэхтэйгээ болсон үед. Сумаараа шахуу орос байшинтай байсныг нь сайн санадаг юм. Тэдгээр байшинг оросууд барьсан.
 
Тэгээд яг тийм байшингуудыг аймгийн төвд барьж эхэлсэн байгаа юм. Тохижилт, өнгө төрх сайтай, хөгжил ч нэлээд дориун тийм суманд л амьдарч байлаа шүү дээ. Нэг зүйлийг хэлэхэд, Дорнод аймаг дайны үед бөмбөгдүүлсэн нь түүхэн үнэн. Халхын голын байлдаанд манай сумаас олон хүн оролцсон.Манай аав л гэхэд дайнд оролцсон. Д.Нянтайсүрэнгийн 8 дугаар дивизийн 14 дүгээр морьт хороонд алба хаасан, хэлмэрч хүн байлаа. Сонирхолтой түүхүүд ч бий. Тэр ч байтугай Халхын голын байлдаанд 16 эмэгтэй оролцсон гэдэг. Тэдэнд зориулан хөшөө босгож, ном гаргасан байдаг.
 
Монгол цэргийн музей өнөөдрийн өнгө төрхөө олоход таны гүйцэтгэсэн үүрэг бий дээ. Ажил амьдралаа манай салбартай хэзээнээс холбосон бэ?
 
-Хотод ирээд Монголын Урчуудын Эвлэлийн Хороо, тухайн үеийн нэрээр Зураг Урлалын газарт дагалдан зураач болсноор ажил амьдрал, уран бүтээлийнхээ замыг эхлүүлж билээ. Тэгээд 1962 онд Монгол Улсын нэгдүгээр зэргийн зураачийн болзол хангаж байлаа. 1963 онд юм. Улсын Багшийн Дээд Сургуульд уран зургийн анги анх нээгдэхэд элсэн суралцаж, 1967 онд уран зураач мэргэжлээр төгссөн. Дараа нь би 1967-1969 оны хооронд Дүрслэх урлагийн салбарыг аймаг орон нутагт сурталчилж, хөгжүүлэх ажлын хүрээнд Дархан хотын урчуудын салбарт эрхлэгчээр томилогдон ажиллав. Мөн Улаанбаатар хотын урчуудын салбарт уран зургийн тасгийн даргаар 10-аад жил ажилласан. Тэр үед мэргэжил нэгт нөхдийнхөө хамтаар томоохон тэмдэглэлт өдөр, ой, гадаад дотоодын өндөр хэмжээний зочид төлөөлөгчид айлчлахад хотын зураг чимэглэл, зурагт хуудас, марк, ил захидлын эх загвар гаргах ажлуудыг хариуцан гүйцэтгэдэг байлаа. 
 
Цэрэг, батлан хамгаалахын салбартай ажил амьдралаа холбосон минь 1978 оноос юм. 1978 онд, тухайн үед “Алдрын танхим” гэгддэг байсан Монгол цэргийн музейд уран зураач, сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн. Чухам энэ үеэс л цэрэг-эх орны, түүхэн сэдэвт зураг, уран бүтээл туурвих ажил маань эрчимжсэн.
 
Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Равсал, Ч.Батмөнх, зураач Л.Дамба нартайгаа гар нийлэн ажилласан. Бид чинь ёстой нэг сэтгэлээр, нэг зүгт гэдэг шиг ажил албандаа зүтгэдэг байж дээ. Цэргийн музей анх офицеруудын ордны хоёр давхрын баруун жигүүрт ганцхан заалтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Хожмоо одоогийн байранд ирэхэд нь түүхэн баримт сэлт, эд өлгийн зүйлс, цэрэг дайны холбогдолтой дүрслэх урлагийн бүтээлүүдийг судлан цуглуулж, музейн сан хөмрөгийг баяжуулах гээд их л явдаг байсан даа бид. Музейгээ нүүлгэж, өргөтгөх тухайд бол газар олдохгүйн зовлон их байсан. Хэд хэдэн газраар явж, горьгүй тийшээ болоход Сайд нарын зөвлөлийн орлогч дарга С.Лувсангомбо гуай хөөцөлдсөнөөр ажил бүтсэн юм. Бүтээн байгуулалтын ажил гэж нүсэр юм биднийг хүлээж байв даа. Би ч бусад зураачдын хамтаар музейн эскиз дэглэлт, музей байгуулах ажилд даруй шуударч орсон. 
 
Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Равсал, Ч.Батмөнх, зураач Л.Дамба нарын уран бүтээлч нөхдийн хамт Монгол Улсад хамгийн том туурган зургийг бүтээлцсэн гэж сонссон...
 
-Бид хамтдаа Монгол улсад анхны диорам буюу туурган зургийг Хувьсгалын музейд зориулан бүтээсэн нь бидний хамтын бүтээлийн эхлэл болсон юм. 1971 онд Халхын голын дайны сэдвээр “Халх голын ялалт” нэртэй 19м х 3.6м хэмжээтэй диорам зургийг тухайн үеийн Хувьсгалын музей, одоогийн Үндэсний түүхийн музейд зурж байсан юм. Түүний дараа цэргийн музейд шилжин ирснээс хойш 1979 онд “Байтагт болсон тулалдаан”(14м х 2.2м, Ховдын музей), 1984 онд “Баянцагааны тулалдаан”(15м х 2.4м, Халх голын музей), 1989 онд “Эрс уулын тулалдаан”(16м х 2.4м, Хилийн цэргийн музей), “Жанчхүүгийн даваанд болсон тулалдаан”(1996 он, 3.8м х 2м) зэрэг 10 гаруй диорам уран зураг, “Халх голын тулалдаан” панорам эскиз (1992-1993 он, 24м х 2.2 м, Монгол цэргийн музей) гэх мэт томоохон хэмжээний бүтээлүүдийг хамтдаа туурвисан.
 
Диорама гэдэг нь туурган уран зураг, понарам гэдэг нь өргөн дэлгэцийн буюу дэлгэмэл уран зураг юм. Энэ төрлөөр бид анхдагчид тооцогддог юм уг нь. “Халх голын тулалдаан” панорам эскиз дээр Төрийн шагналт, Ардын зураач Г.Одон хамт ажиллаж байлаа. Бидний нөхөд сэтгэл зүрхээ дэвсэж ажилласан. Ажилдаа ч дуртай гэж жигтэйхэн. “Баянцагааны тулалдаан” бүтээл маань Монгол Улсын Төрийн шагналд хоёр удаа дэвшиж байсан юм.
 
Томоохон хэмжээний энэ бүх бүтээлийг туурвихад цэргийн зөвлөхөөр Монгол Улсын баатар Ж.Лхагвасүрэн, Л.Дандар, Д.Нянтайсүрэн, П.Чогдон нар ажилласан түүхтэй. Халх голын музейд зориулж “Баянцагааны тулалдаан” диорам зургийг зурсан юм. 15м урттай, 2,4 м өндөртэй том хэмжээний бүтээл. Энэ бүтээлд маань БНМАУ-ын баатар Л.Дандар, Д.Нянтайсүрэн нар цэргийн зөвлөхөөр нь ажиллаж байлаа. Халх голын музейд диорам зургаа байрлуулчхаад наана нь натурный план тавьж, пулемёт гэх мэтийг байрлуулж байв. Хиймэл гал хийнэ, тулалдааны байдлыг харуулж байгаа тул яг л бодит харагдах ёстой. Энэ нь ийм, энэ ингэж харагдахгүй гээд нэг бүрчлэн зааж зөвлөж байв. 
 
Б.Равсал гуай, Ч.Батмөнх гуай, Л.Дамба гуай бид олон ч музей байгуулах ажилд хамтран зүтгэж, томоохон хэмжээний хамтын бүтээлүүдийг туурвисан даа. Монгол цэргийн музейн эскиз дэглэлт зургийг гаргаж, музейн сан хөмрөгийг үүсгэн байгуулах, баяжуулан хөгжүүлэхэд хамтран зүтгэсэн.
 
Халх голын музей, НАХЯ-ны музей, Хилийн цэргийн музей, Дорнод, Ховд, Хэнтий аймгийн орон нутгийн музейн үзмэр зохион байгуулалт, эскиз дэглэлтийг гарган ажиллаж байсан юм. Яамны үүрэг даалгавраар арми сурталчлах өдөрлөг зохион байгуулахаар орон нутгуудаар явж өгнө дөө. Бидний үед очоод үзмэр, үзэсгэлэнгээ дэглэх байшин, барилгуудыг өөрсдөө урьтаж тордож янзална.
 
Засгийн газрын төлөөлөл, Армийн удирдлагууд очих болохоор өнгөтэй өөдтэй байхгүй бол болохгүй. Сэргээн засварлаж, сайн гэгч нь өөд татахгүй бол горьгүй. Бидний ажил үнэгүйднэ. Тиймээс байшин барилгуудыг шинэ болсон мэт л торддог байв. Нэг жишээ дурдъя. Ж.Гүррагчаа баатар сансарт нисэхээр болоход түүний алба хааж байсан ангийг би гадна, дотногүй тохижуулсан санагдана. Сансарт ниснэ гэдэг мэдээ авсан даруйд л ангийн гадна талд олон плакат зурж, тогтоож, дотор талын өнгө үзэмжийг нь сайжруулах гээд хачин их ажил хийсэн дээ.  Бидний хөдөлмөрийг үнэлж, 1991 онд Батлан хамгаалах яамны нэрэмжит шагналыг анх удаа хүртээж байв. 
 
Таныг Жуковын музейг байгуулах ажлыг удирдаж байсан гэж сонссон... 
 
-Тийм ээ, Г.K.Жуковын музейн ерөнхий зураачаар ажиллаж, музейг байгуулах ажлыг удирдаж, гардан гүйцэтгэсэн.Жуковын музейг байгуулахад идэвх зүтгэлтэй ажилласан гэж 1996  онд   ОХУ-ын  Ерөнхийлөгчийн зарлигаар Г.К.Жуковын 100 жилийн ойн хүндэт медалиар шагнаж байлаа. 
 
Та хоёр баатрын тухай дурдлаа. Уран бүтээлдээ ч мөн тэдний дүрийг мөнхлөн үлдээжээ. Хамтран ажиллаж байсан цэргийн зүтгэлтнүүдийн талаар дурсамжаасаа хуваалцвал? 
 
-БНМАУ-ын баатар Л.Дандар, Д.Нянтайсүрэн нарын хөргийг зурах хүсэлт тавьсан юм. Төвөгшөөлгүй зөвшөөрч, найрсагхан хүлээж авсан. Тэгээд өөрсдийнхөө хөргийг зуруулсан даа. Тэднийг суулгаж байгаад л хөргийг нь зурж байлаа.
 
Ер нь1970-аад онд ахмад дайчид маань бүгд л амьд сэрүүн цаг. Тэгээд жилдээ нэг удаа офицеруудын ордонд цуглачихна. Тэдэнтэй ярьж, хууч хөөрнө өө. Бас Г.Дугарсүрэн, Н.Паль генералыг дурсахгүй байж боломгүй. Генералуудын гэрээр орж, гарч байлаа. Н.Паль гуайтай ч ажлын шугамаар олон газраар явсан. Бид хоёр Л.Дамба гуайн хамтаар бүр Хиагт ороод ирсэн удаатай. Н.Паль генерал “За Дашням аа, хоёул явна аа” гэнэ. Бид материал цуглуулдаг байсан. Тэр дүр төрх сэтгэлд тод хоногшиж үлдэж дээ. 
 
Таны урын санд цэрэг-эх орон, түүхийн сэдэвтэй хэдэн зураг бий вэ?
 
-Би 60 гаруй жил түүх, цэрэг-эх орон, найрамдлын сэдвийг голчлон барьж, голдуу хөрөг зургийн чиглэлээр уран бүтээлээ туурвиж байна. Залуу үе түүхээ марталгүй санаж, үргэлж эх орноо гэх чин сэтгэлтэй байгаасай гэж боддог, тиймдээ ч тэд харж, үзэх зүйлтэй байх нь чухал. Номоос унших, зургаас харах хоёр ондоо шүү дээ. Монголын дүрслэх урлагт монгол цэргийн түүхийг, эх орны баатруудыг мөнхлөн үлдээхийг л хичээж ирлээ.  
 
Монголын түүхэн хүмүүс, эх орны баатар, цэрэг дайчид, төрийн зүтгэлтнүүдийн хөрөг зургийг бүтээлээ. Барагцаалбал, 300 гаруй бүтээл туурвисан. Социализмын үед хотын урчуудын салбарт байхад төр засгийн даалгавар, захиалгаар хөрөг зурах ажлууд орж ирдэг байв. Гадаадын хүндтэй зочид, төлөөлөгчид ирэх бүрт хөрөг зургийн захиалгууд орж ирнэ.
 
Албан байгууллагуудын ойд зориулсан зургийн захиалгууд ирнэ. Түүнийх нь дагуу зурна. Улсын үйлдвэр л гэсэн үг шүү дээ. Тэдгээрийг тооцвол нийтдээ тав, зургаан зуу гаруй зураг зуржээ гэж тооцоолж болно. Яг хөтөлж, бүртгэсэн юм байхгүй. Байсан бол энэнээс их тоо гарна л даа. Одоо бодох нь ээ, музейд ирснээс хойш л өөрийн гэсэн уран бүтээлүүдээ туурвиж, өтөлсөн хойно овоо хэдэн бүтээлтэй үлдсэн байна. Музейд ирээгүй бол нам засгийн даалгавраар захиалгын зураг зурсаар хувь уран бүтээлчийн хувьд уран бүтээл дээрээ ажиллах зав тэгж их гарч чадахгүй л байх байсан болов уу. 2011 онд “Б.Дашнямын шилдэг бүтээлүүд” уран зургийн цомгоо гаргасан. Зураач уран бүтээлчдийн хувьд бие даасан анхны цомогт тооцогдоно гээд манайхан ам сайтай байдаг л юм билээ. 
 
1990-ээд он бол таны урын санд шинэ цагийн салхи сэвэлзсэн үе байсан гэдэг шүү ...
 
-Цэрэг-эх орон, дайны сэдэвтэй зургуудыг та сая харлаа. Мөн түүнээс ч өмнө, бүр Xlll зуун, эрт үеийн хаад язгууртан цэргийн жанждын зураг байгаа биз. Шинийг эрэлхийлэх, уран бүтээлийн эрэл хайгуулч зан зураач хүнд ямагт байдаг. Байх ч ёстой юм л даа. 1990-ээд оны эхэн үеэс Чингис хаан болон монгол цэргийн нэрт жанжид, XIII зууны үеийн түүх, түүхэн үйл явдлыг  “Гэнэтийн дайралт”, “Хошуучлагчид”, “Чингис хаан”, “Өрлөг жанжин Сүбээдэй”, “Өрлөг жанжин Зэв”, “Шихихутаг” гэх мэт бүтээлээр урын сангаа баяжуулсан. 
 
Миний хувьд түүхэн баримт, ном судар, товхимлыг хэрэндээ л уншиж судалсан. Бүтээлийн судалгаа ч шаггүй юм билээ дээ. Чингис хаан болон түүний өрлөг жанждын хөргийг сэргээн бүтээсний дотор “Чингис хаан” хөрөг маань онцгой байр суурийг эзэлдэг. Тэрхүү бүтээлээрээ 2005 онд Японд болсон олон улсын уран зургийн үзэсгэлэнгээс Гран при шагнал хүртсэн. 
 
1994 онд Засгийн газрын захиалгаар уран бүтээлч нөхөд Ч.Батмөнх, Ё.Өлзийхутаг нарын хамт “Бурхан Халдун уулын тахилга” туурган зургийг бүтээсэн. Бурхан Халдун уулыг анх тахих ёслол үйлдэж, их Монгол Улс байгуулагдсаны ой тэмдэглэх бэлтгэл ажлын хүрээнд энэ зургийг бүтээх даалгавар авсан юм. Хожим тэрхүү бүтээл маань 2005-2006 онд Европын орнуудад нээгдсэн “Чингис хаан ба түүний өв залгамжлагчид” эзэнт гүрний үеийн Монгол Улсын түүхэн эд өлгийн зүйлсээс бүрдсэн аялан үзэсгэлэнгийн үзмэрт багтсан цор ганц уран зураг болсон юм. “Бурхан Халдун уулын тахилга” туурган зураг нь Байгалийн түүхийн музей дэх “Чингис хааны танхим”-ын үзмэрт тавигдаж байгаад өдгөө Чингис хааны музейд шилжсэн байгаа. 
 
Та сүүлийн үед ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
 
-Монголыг судалж, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хөдөлмөр зүтгэлээ зориулсан Оросын эрдэмтэд олон бий. Цар тахлын үеэр, сүүлийн хоёр жилд Орос гаралтай монголч эрдэмтдийн цуврал хөргийг бүтээсэн. Арав гаруй эрдэмтний хөргийг зураад байна. Өөр бодож төлөвлөсөн юм ч бий.
 
Тэгэлгүй яах вэ. Авьяас тэтгэвэрт гарахгүй гэж үг бий ...
 
-Баярлалаа. Цэргийн сонинд ярилцлага өгснийх, Монгол цэргийн музейн үе үеийн хамт олонд мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе. 
 
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин