сонин mn
ПАРИС. /France24/. Францын Засгийн газрын тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсагчдын шинэ давлагаа мягмар гарагт үргэлжилж, эрх баригчдын мэдээлснээр улс даяар 1.27 сая хүн жагсаалд оролцжээ.
 
Тус улсын цагдаагийн газраас мэдээлснээр, зөвхөн Парис хотод гэхэд 87 000 хүн жагсаалд оролцсон байна. Энэ удаад жагсагчдын тоо хоёр долоо хоногийн өмнөх жагсаалынхаас давжээ. Францын хотуудад хоёр долоо хоногийн өмнө болсон жагсаалд улс даяар нийт 1.2 сая хүн оролцсон байна.
 
Үйлдвэрчний эвлэлүүдийн удирдлагууд тэмцлээ үүгээр зогсоохгүй гэдгээ мэдэгдэж, хоёрдугаар сарын 7, 11-нд дахин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэтгэврийн шинэчлэл нь Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны сонгуулийн өмнөх гол амлалтуудын нэг юм. Энэ шинэчлэлийн үндсэн санааг Францын Ерөнхий сайд Элизабет Борн тайлбарлахдаа, тэтгэврийн насыг 62-оос 64 болгож нэмэгдүүлнэ, мөн тэтгэврийн санд шимтгэл төлөх хамгийн доод хугацааг 43 жил болгож уртасгана гэжээ. Үүнээс гадна, тэтгэврийн доод хэмжээг сарын 1 200 евро болгож нэмэгдүүлнэ гэж Засгийн газар амлаж байгаа аж.
 
Францын тэтгэврийн сангийн төсвийн алдагдал 2030 он гэхэд 20 тэр бум еврод хүрнэ гэж таамаглаж байгаа тул энэ алдагдлаас зайлсхийх шаардлагатай гэж Э.Борн мэдэгджээ. Харин үйлдвэрчний эвлэлүүд, хэт барууныг баримтлагч “Үндэсний нэгдэл” нам, зүүний чиг баримжаатай улс төрчид засгийн газрын шинэчлэлийн төлөвлөгөөг зөвтгөх аргагүй хэт хатуу гэж үзэж байгаа аж.
 
Энэ шинэчлэл нь Францад ажил хөдөлмөр эрхэлж буй бүх хүнд, тэр дундаа ажлын гараагаа эрт эхлүүлсэн хүмүүст хүнд цохилт болно гэж Үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд мэдэгдэж байгаа юм. Учир нь ажлын гараагаа эрт эхлүүлсэн хүмүүс Франц улсын хүн амын дундаж наслалтаас богино насалдаг аж. Хэрэв тэтгэврийн шинэчлэл нь парламентад олонхын дэмжлэгийг авч чадахгүй бол Ерөнхий сайд Үндсэн хуулийн 49.3 дугаар заалтыг ашиглан санал хураалт явуулахгүйгээр уг хуулийг баталж болдог байна. Энэ тохиолдолд Засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх талаар санал хураалт явуулахгүй байна. 
 
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг