sonin.mn
Өнөөдөр Зэвсэгт хүчний даргалах албан тушаалын ахлагч нарын цугларалт эхэлж байна. Зэвсэгт хүчний цөм болсон ахлагчийн албыг удирдах чиглүүлэх, үлгэрлэн манлайлах үүрэгтэй даргалах албан тушаалын ахлагч нарын төлөөлөл болгож Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Ганхуягийн Алтанбаганын ажлын нэг өдрийг сурвалжиллаа. Бүрээн дуутай эх орны өглөө. Эр цэргийн сүр хүч, золбоо хийморь тугтайгаа мандсан энэ өглөө улаан залаат их буучдыг үе үеэр нь “төрүүлсэн” алдар түүхт Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хашаагаар жавартай ханьсан орлоо. 08.00 цаг гэхэд артиллерчдын олонх нь цугласан байх агаад нийтлэлийн баатар тэргүүн ахлагч Г.Алтанбагана тэрнээс ч өмнө ирчихсэн гээд өрөөндөө сууж байв. Тэрээр энэ өдөр хоёр ажил төлөвлөсний нэг нь ангийн бие бүрэлдэхүүндээ “Ахлагчийн өдөр”-тэй холбоотой уулзалт, нөгөөх нь ирэх даваа гаригт (өнөөдөр) явагдах цугларалтад хувийн бэлтгэл хангах гэнэ. 
 
“Ахлагчийн өдөр”-ийг тус ангийн ахлагчаар 2022 оны 8 дугаар сард томилогдож ирснээсээ хойш анх удаа зохион байгуулах гэж буйгаа хамгийн эхэнд тодотгов. Түүний өгүүлснээр “Ахлагчийн албыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр 2022-2024”-өөр алба салбараа сурталчлах, албаны итгэл үнэмшлийг дээшлүүлэх, сургаж бэлтгэх, соён гэгээрүүлэхэд “Ахлагчийн өдөр”-ийг нэгтгэл, ангиуд сар бүр хэрэгжүүлж байхыг тусгажээ. Томилогдож ирснээсээ хойш хэрэгжүүлж амжилгүй явсаар 2023 оноос хэвшил болгох зорилт тавьж, анхны хурлаа хийхтэй таарсан нь энэ.  Хурлын танхимд бүрэлдэхүүн бэлэн суусны дараа тэрээр цаг үеийн мэдээлэл хүргэж, “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм” болон шинэчлэгдсэн “Цэргийн нийтлэг дүрэм”-ийг уншиж судлахыг захилаа. Цэргийн хүн хоёр зүйлээрээ эрс ялгарах ёстой. Анхлан харьцахад л мэдрэгдэх зүйл.
 
Нэгдүгээрт, цэрэгжилтээрээ. Энэ таны гадаад гоо үзэмж. Хоёрдугаарт, ёс суртахуунт байдлаараа. Энэ таны дотоод гоо үзэмж гэж ахлагч нартаа онцолж, ЗХЖШ, ХЗЦК-аас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар үргэлжлүүлэн ярилаа.
 
Тэргүүн ахлагч Г.Алтанбаганаас хурал цуглааны ажиллагаагаа дуусгасны дараа “Алба ажлын цаана амьдрал байдаг. Таны ахлагч нарынхаа төлөөх баримталдаг чанар” гэж асуухад “Ажилдаа эзэн байхыг нь л хүсдэг, шаарддаг. Үүрэг өгөхөд зөрүүдэлж, эсэргүүцэж, элдэв шалтаг тооцдог байдал цэргийн хүнд хэзээ ч байж болохгүй. Тэр утгаар нь ажил албандаа сэтгэл хангалуун, хамт олондоо эерэг нөлөөлөл үзүүлэгч байгаасай гэж хэлж ярина. Та асуулаа, баримталдаг чанарын тухай. Би ахлагч нарынхаа нас насанд тааруулж харилцахыг хичээдэг. Яагаад гэхээр хоёр өөр нийгэм, өөр цаг үед төрсөн хүмүүсийн сэтгэлгээ, хандлага харилцан адилгүй. Миний үе болон дээд үеийнхэн хэвшмэл ойлголттой, тэгж болно, болохгүй гэдэг бол орчин үеийнхэн нийгмээ дагаад янз бүр. Хэдий дэг журамтай цэргийн орчин ч гэсэн нийгмийн нэгэн салбарынх нь хувьд салгаж ойлгох аргагүй. Албан ёсоор үүрэгдэхээс гадна ахын ёсоор зөвлөх, анд нөхрийн ёсоор учирлах гээд олон арга барилаар ажилладаг гэх үү дээ” гэв.
 
Түүний өгүүлснээр Зэвсэгт хүчний 120 дугаар ангийнхан 2023 оны ажил, арга хэмжээгээ Зэвсэгт хүчнээс зарласан “Залуу офицеруудын манлайллын жил”-тэй уялдуулж, зохион байгуулж байгаа гэнэ. Залуу офицер, ахлагч нарынхаа манлайллыг дээшлүүлэх хүрээнд “Сургалт бэлтгэл, инновац”, “Цэргийн алба, биеийн тамир”, “Соёл урлаг, уран сайхан”, “Нийгмийн хамгаалал”, “Бүтээлч ажил” гэсэн таван бүлэгт хуваарилан, манлайллыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ “Өөрсдөөр нь” гэсэн зарчмаар бусдыгаа үлгэрлэхэд алба хаагч бүрээс идэвх оролцоо, хичээл зүтгэлийг нь шаардах ажээ.
 
Тэр бас залуустаа “Цэргийн хүн болохоор шийдэж тангараг өргөсөн л бол энэ албанаас ухрах, урвах ямар ч шалтгаан байж болохгүй. Цэргийн тангараг өргөхдөө бид ингэж амласан юм. Түрхэн зуурын зовлон бэрхшээл, хямралыг давах сэтгэлийн хат, хүмүүжил мөрдэстэй хэн бүхэнд заавал байх ёстой. Ажиллаж хөдөлмөрлөхгүйгээр хүслээр хүрээд ирдэг, бэлнээр ороод ирдэг зүйл гэж энэ хорвоод үгүй. Хариуцсан ажилдаа сэтгэл зүрхээ өгч, махран зүтгэдэг хүмүүсийг би хувьдаа хүндэтгэж хайрладаг” гэв.
 
Биднийг ийн ярилцах зуурт тус ангийн ажиллагааны ахлагч, сургагч ахлагч Ч.Лхагважав тодорхой чиглэлээр ярилцаж, үүрэг аваад гарлаа. Тэргүүн ахлагчид дэмжлэг үзүүлдэг ахлагчийн нэг нь тэр бөгөөд мөн дивизионы ахлагч, сургагч ахлагч Д.Дагважамц, ахлах ахлагч Э.Буянбаатар, ахлах ахлагч Ц.Эрдэнэхуяг нар гэнэ. Артиллерчдын олонхийг бүрдүүлдэг залуусынхаа үүрэг гүйцэтгэлт болон тэдний санал хүсэлт, тавьж буй шаардлагынх нь талаар үнэн зөв бодитой мэдээллийг ангийн удирдлагадаа танилцуулах нь миний үүрэг гээд “Манайд жагсаалын толь нь болсон олон сайхан ахлагч бий” гэж магтав. Түүний төгссөн сургууль, эзэмшсэн боловсрол, гэр бүлийнх нь тухай яриагаар үргэлжлүүлэв. Тэрээр 2000-2001 онд БХИС-ийн харьяа Ахлагч бэлтгэх төвд зэвсгийн нярав мэргэжлээр суралцан төгсөж, ажлын гараагаа Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн Дундговь аймаг дахь тусгай салбараас эхлүүлжээ. Үүний дараа “Цэргийн хүн тушаалаар” гэдэгчлэн Зэвсэгт хүчний 015 дугаар ангид харуулын дарга, салааны захирагчийн орлогч, ҮБХИС-ийн Ахлагчийн сургуульд сургагч багш, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлагч, өнгөрсөн оны 8 дугаар сараас Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн ахлагчаар тус тус томилогдож. Туулсан замаа эргэж харахдаа таван анги, байгууллагад томилогдож, говийн бүсэд, баруун алтайд, сургалтын байгууллагад, төвийн бүсэд ажиллаж, тэр бүртээ суралцсандаа бахархаж явдаг гэнэ. 
 
Мөн 2017 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын тушаалаар Сургалтын хөдөлгөөнт бүлэг байгуулагдаж, Ховдод  баруун аймгийн Зэвсэгт хүчний ангиудын ахлагч нарын бүсчилсэн сургалтыг зохион байгуулахад оролцсондоо талархдаг, бүлгийг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр ахалж байсан гэлээ. Тэрээр надад урам зориг хайрлаж, итгэл хүлээлгэсэн олон сайхан цэргийн дарга нарын нэг нь Д.Мөнхбаяр тэргүүн гэж нэмж тодотгов. Тэргүүн ахлагч маань алба хааж буй 23 жилийн хугацаанд 2007, 2010 онуудад Сьерра Леон болон Чад улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж, 2008-2012 онд  “Цэцээ гүн” дээд сургуульд төрийн захиргаа, удирдлагын менежер мэргэжлээр суралцаж, 2013 онд ҮБХИС-ийн штабын ахлагчийн дамжаа, 2016 онд ҮБХИС-ийн рот, батарейны ахлагчийн дамжаа, 2018 онд Батлан хамгаалах Удирдлагын академийн “Ахлагчийн дээд дамжаа”-г тус тус дүүргэжээ. 
 
Тэр эхнэр, хүү, аавынхаа хамт амьдардаг. Түүний аав Д.Ганхуяг насаараа Зэвсэгт хүчиндээ алба хаасан бэлтгэл офицер бөгөөд 2003 онд тэтгэвэртээ гарсан буурал. Аавынхаа мэргэжлийг өвлөж зэвсгийн нярав болсон нь амьдралынх нь зөв сонголтуудын нэг байсныг тэр бахдам өгүүлэх. Харин эхнэр О.Ариунзаяа багш мэргэжилтэй, өдгөө Ерөнхий боловсролын “Атланта” дунд сургуулийн захирал, хүү А.Хангал “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч. Ажил албандаа тавьсан олон зорилгоос гадна хүний ганц үрийн хувьд аавыгаа ачилж хайрлах, хүүгээ зөв төлөвшүүлж хүмүүжүүлэх эцгийн үүргийн талаар ч тэр бас сайхан дурсамж ярилаа. Ийнхүү бид ахлагчийн алба, ахуй амьдрал, зорилго төлөвлөгөө гэж ярилцсаар хэдийн хоёр цаг өнгөрсөн байх бөгөөд “Ирэх даваа гаригт (өнөөдөр) болох цугларалтдаа бэлтгэх ажил өмнө хүлээж байна” гэсэн нь ярилцлагаа дуусгая гэж санаа байлаа. Зэвсэгт хүчиндээ хайртай, ахлагчийн албаараа бахархдаг, хийж бүтээхийн хүсэл мөрөөдөл дүүрэн нэгэн эрхмийг олж уулзсандаа олзуурхсан сурвалжлагч би бээр ч баяртайгаар ангийн хашаанаас гарч одов.
 
 
Ахмад Д.БОЛОР
Эх сурвалж: "Соёмбо" сонин