sonin.mn
Зарим эдийн засагчийн бүтээл тухайн цаг үеийнхээ үзэл санааны дуу хоолой болсон учраас алдаршдаг. Гэтэл зарим нь тухайн цагт ноёрхсон үзэл бодлын эсрэг зогссоноос олонд танигддаг билээ. Энэ удаад эдийн засагч Томас Мальтусын тухай танилцуулж байна. Түүний бүтээлүүд гарах хүртэл хүмүүс хүн төрөлхтний өсөлтийг байгалийн хишиг гэж үздэг байлаа. Харин Мальтус илүү бодит дүр зураг гаргах гэж оролджээ. Хүн төрөлхтнийг үүсгэсэн хүчин зүйл бол ердөө л бэлгийн хүсэл тачаал гэж тэрбээр үзсэн юм. Уильям Годуин, Роберт Оуен нарын нийгмийг шинэчлэгч үзэлтнүүд ядуусын зовлонг нимгэлэх гэж сайхан төлөвлөгөө боловсруулаад л байдаг. Тэдгээр "сайхан сэтгэлтнүүд" үнэндээ бол буруу үр дагавартай л ноцолдоод байгаа хэрэг. Нийгмийн бүхий л хүндрэл зовлонгийн гол шалтгаан бол их энгийн. Хоол хүнсний хүрэлцэхүйц хэмжээнээс давсан хүн амын хэт өсөлт гэнэ. Ийнхүү Мальтус хүн ам зүйн асуудлыг улс төр эдийн засгийн гол цөм болгохоор хатуу шийдсэн байлаа. Түүний санаа нь олон нийтийн сэтгэл зүй, улс төрийн түвшинд нөлөөлж, улмаар Британид 1800 онд хүн амын тооллогын тухай хууль баталж байв.
 
Томас Мальтус 1766 онд Английн өмнөд хэсгийн Саррей хотноо чинээлэг гэр бүлд төржээ. Гэрээр дунд боловсрол олж авсны дараа Кэмбрижийн их сургуулийн Есүс коллежид элсэн орсон байна. Латин, грек хэл, математикийн хичээлүүддээ бусдаасаа ялгарч, коллежийнхоо хүндэт оюутан болж байв. Сүмийн Мундаг пастор болохыг хүсэж байсан ч илтгэх урлагт муу учраас туслах нь болсон аж.
 
1804 онд гэрлэснийхээ дараа жил нь Зүүн Энэтхэгийн коллежийн Улс төрийн эдийн засаг болон түүхийн тэнхимийг удирдаж эхлэв. Тэрбээр амьдралынхаа эцсийн мөч хүртэл энэ албан тушаалыг хашсан юм. Оюутнууд нь түүнд ихэд хайртай байсан бөгөөд "поп" Мальтус хэмээн авгайлан дууддаг байв. Олон нийтийн хэлэлцүүлгүүдийн үеэр тэрбээр түрээс, өртөг, эрэлтийн онол гээд эдийн засгийн бараг бүхий л асуудлаар Дэвид Рикардогийн эсрэг зогсдог байжээ. Гэхдээ Рикардо тэр хоёр дотнын найз хэвээр үлдсэн юм.
 
Түүний зохиолууд нь тухайн үеийн эдийн засгийн нийтлэлүүдийн жишгээр уянгын халил ихтэй, шинжлэх ухаанч бус хэв маягаар бичигдсэн байв. Үнэндээ Мальтус өөрийн сайн найз Дэвид Рикардо шиг эдийн засагч байгаагүй. Тэр бол Англикан сүмийн хар лам төдийгүй дэлхийг эмх цэгцтэй болгоход хувь нэмрээ оруулах гэсэн сайхан сэтгэлтэй эр байсан юм. Хэдийгээр түүний онолын зарим үндэслэл нь буруу байсан ч эдийн засгийн сэтгэлгээнд оруулсан нөлөө нь Адам Смит, Карл Маркс нарынхаас дутахааргүй байсан гэдэг. "Мальтусын айдас" гэж нэрлэдэг, хүн амаа тэжээж чадахгүйд хүрэх үзэгдлийн нөлөөгөөр хятадууд олон арван жил "Нэг айл-нэг хүүхэд" бодлогоо хэрэгжүүлж ирсэн юм. Дэлхийн томоохон чуулга уулзалтуудад хүн ам зүйн асуудал нь маш том сэдэв болдог бөгөөд байгалийн нөөц баялгийг цолмон устгаж буй нэг гол шалтгаан нь хүн амын хэт их өсөлт гэж "цоллох" болсон билээ. Мальтус анх хэн ч няцааж чадахгүй хоёр үнэний тухай бичсэн байдаг.
 
Тэрбээр "Хоол хунс болон хүйс хоорондын дур хүсэл гэх хүний оршихуйн зайлшгүй хоёр суурь үнэн нь ямар ч хугацаа өнгөрсөн яг л өнөөдрийнх шиг энэ хэвээрээ үргэлжлэх болно" гэсэн байна.
 
Өнгөрсөн мянган жилийн турш огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд цаашид ч хэвээр байх магадлалтай гэжээ. Амьжиргааны түвшин алгуур удаан дээшилж байхад хүн амын өсөлтийг хязгаарлахгүй тохиолдолд геометрийн прогрессоор нэмэгдэх болно гэдгийг тэр хэлсэн байна. Мөн хүнсний үнийн өсөлт, хөдөлмөрийн хөлс бага байгаагаас ядуурал үүсдэг гэж үзжээ. Цалин бага байдгийн учир нь хөдөлмөрлөх боломжтой хүмүүсийн тоо хангалттай байгаатай холбоотой буюу хүн амын хэт өсөлтийн дам нөлөө юм. Хувийн хэвшлийнхэн хөдөлмөрийн хөлсийг ямагт бага байлгахыг зорих бөгөөд ингэснээр орлого багасах үед үүсэх эрсдэлийг давж гарах нөөцтэй болдог. Ажиллагсад нь тогтмол ажилтай буйдаа баярладаг ч гэр бүлийнхэн нь дөнгөн данган амь зуудаг.
 
Англи дахь нийгмийн хамгааллын системийг "ядуусын хууль" зохицуулдаг байв. Гэхдээ Мальтусын нотолсноор энэ хууль нь хоёр үр дагавартай. Эхнийх нь бэлэнчлэх сэтгэлгээг өсгөж, улмаар хувь хүний хариуцлагыг бууруулна. Төрөөс халамж, хүнсний тусламж үзүүлнэ гэж мэдвэл ядуу хүмүүс хүүхэд гаргахаас цааргалахгүй. Ийнхүү хүн ам өсөхийн хэрээр хүнсний хангамж хомсодно, эргээд нийгмийн халамжаас улам их хамааралтай болдог байна.
 
Өдгөө манайд нийгмийн халамж, бэлэнчлэх сэтгэлгээний хамаарлын талаар хүчтэй маргаан өрнөсөөр байгаа билээ. "Ядуусын хууль" нь хүнд байдалд буй хүмүүст нэг удаа тус болох ч "moral hazard" буюу "Би л болж байвал бусад нь яах вэ" гэх сэтгэхүйн улмаас нийгмийн нийт аз жаргалын нийлбэрийг багасгадаг гэнэ. Хэрэв тийм хуульгүй болбол хүн бүр тусдаа гэр бүлийн асуудлаа илүү дээр шийдэх болно, ингэснээр нийт үндэстнээрээ сайн сайхан байдалд хүрэх гэнэ. Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгосоор байх хөрөнгө улсад байхгүйг битүүхэндээ гадарлаж байсан ч аргачлалын дагуу багтаагүйдээ уурлаж хараах нь үүнтэй агаар нэг гэлтэй. Мальтус өөрийн нийтлэлийн ихэнх хэсгийг Францын сэргэн мандлын үеийн гүн ухаантнууд гэгддэг Марки дэ Кондерсет, Роберт Годуин нарын хүн төрөлхтний хөгжил дэвшлийн талаарх сайхан санаа болон "хүний органик төгөлдөршил" гэгчийг няцаахад зориулжээ. Иймэрхүү гэнэн төсөөллүүд нь хүний мөн чанарыг огоорч, хувь хүний хариуцлагыг үгүй хийдэг гэнэ. Түүнчлэн хүний суурь мөн чанар өөрчлөгдөнө, сайжирна гэх санааг Мальтус шоолж, ядууст туслах нь гэнэн төдийгүй маш аюултай гэж бичиж байжээ.
 
Түүний үзэж буйгаар буяны үйл болон хууль тогтоомж ашиглан ядууст туслах нь бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж, тэдний тоог олшруулах бөгөөд ингэснээрээ нөхцөл байдлыг нь улам хүндрүүлдэг гэнэ. ХIХ зууны эхэн үеийн ажилчин анги дахь аймшигт нөхцөл байдлын эсрэг "ямар нэг зүйл" хийх хэрэгтэй болсон учраас л яаран авсан арга хэмжээнүүдийн уршгаар Британийн ядуу ангийн цар хүрээ бүр ч хурдтай тэлсэн гэж тэрбээр үздэг байв.
 
Химичид байгалийн салбар дотроо химийг хамгийн нарийн шинжлэх ухаан болгосон шиг эдийн засагчид ч мөн эдийн засгаа нийгмийн шинжлэх ухаан дотроос хамгийн нарийн гэж үздэг болгосон. Гэхдээ эдийн засгийн шинжлэх ухаан нь нягт байдлаараа байгалийнхтай харьцуулахын аргагүй. Яагаад гэвэл энэ нь байнга өөрчлөгдөж буй хүний мөн чанарыг судалдаг хэмээн тэрбээр бичиж байжээ. Томас Мальтус эрэлтийн хомсдолын үед эдийн засгийн хямрал үүсдэг болохыг онолын хувьд үндэслэсэн гэдэг. Алдарт Кейнс түүний шүтэн бишрэгч байсан нь ийм учиртай. Мөн Мальтус эдийн засгийн шинжлэх ухааны зорилго бол зүгээр л эд баялгийг судлах төдий биш, харин хүнийг судлахад оршдог гэж үздэг байжээ.
 
Эдийн засагч, аюулгүй байдал судлаач Э.Долгион