sonin.mn
2021 онд сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд БНХАУ-д хийж буй энэ анхны айлчлал, нэг сарын өмнө хуралдсан ХКН-ын XX их хурлын дараа БНХАУ-д айлчилж буй дээд түвшний 6 дахь нь, мөн энэ хугацаанд гадаад улсын төрийн тэргүүний 3 дахь айлчлал болж байгаагаараа онцлог юм.
2 жилийн өмнө Ухань хотод дэгдсэн цах тахлын эхлэл хүнд үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хамгийн түрүүнд БНХАУ-д айлчлал хийн Монголын ард түмний чин сэтгэлийг илэрхийлсэн 30000 хонь бэлэглэж аюулт цар тахлыг ялан дийлэхэд эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлсэн нь хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлсэн түүхэн үйл явдал байлаа.
 
2022 он бол Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын анхны гэрээ болох “БНМАУ ба БНХАУ-ын эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулагдсаны 70 жилийн ойн жил юм.
 
Даян дэлхий бүхий л улс орны нийгэм эдийн засагт хямрал авчирч буй олон зүйл амьдралын хэвшлийг өөрчлөж, үргэлжилж буй хүндрэл бэрхшээлүүдийг даван туулахад Монгол, Хятадын төр засгийн дээд түвшинд хоёр улсын олон салбарын хамтын ажиллагаа нэн чухал болоод байгааг чухалчлан үзэж, цар тахлын үед хоёр талын улс төрийн дээд түвшний харилцаа маш идэвхижсээр байна.
Цар тахлын үед Хятад, Монгол хоёр улс харилцан тусалж, харилцан дэмжиж, холбогдох байгууллагууд халдвар тархалттай тэмцэх хүрээнд нягт хамтран ажиллаж ирлээ. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг талууд маш сайн авч хэрэгжүүлэн, "Ногоон гарц"-ыг амжилттай байгуулж, талуудын нэн яаралтай албаны зорчигчид, ачаа бараа, тоног төхөөрөмжийн тээвэрлэлтэд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хоёр улсын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэх, цар тахлын сөрөг нөлөөллийг давах, учирсан цаг хугацааны хохирлоо нөхөхөөр хичээн ажиллаж байна. Хоёр талын холбогдох албаныхан Монгол Улсын эрдэс баялагын бүтээгдэхүүний, тэр дундаа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтын нэвтрэлт болон хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдааны эргэлтийг тогтворжуулах зэрэг асуудалд өндөр ач холбогдол өгч, идэвхтэй ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлсээр ирлээ.
 
 
 
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөн хүрээнд бэхжиж, хоёр тал "Элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй" үзэл баримтлалаа тууштай баримталж, хоёр улсын эдийн засгийн хөгжлийг цаашид улам урагшлуулах ирээдүйтэй юм.
 
2010 оноос Монгол Улс уул уурхайн салбараа хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зэрэг шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засаг нь сэргэж, “Бүс ба Зам”, “Хөгжлийн зам”-ыг талууд идэвхийлэн дэвшүүлж уялдуулснаар Монгол, Хятадын худалдааны хэмжээ шинэ түвшинд хүрсэн юм.
 
Монгол Улс өнгөрсөн онд 159 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 16.1 тэрбум ам.долларт, үүнээс экспорт 9.2 тэрбум ам.долларт, импорт 6.8 тэрбум ам.долларт тус тус хүрчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 3.2 (25 %) тэрбум ам.доллар, экспорт 1.7(22.1 %) тэрбум ам доллар, импорт 1.5 (29.2 %) тэрбум ам.доллароор нэмэгдсэн бол, БНХАУ-тай өнгөрсөн онд 10.1 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь түүхэн өндөр үзүүлэлт байсны дотор экспорт 7.6 тэрбум ам.доллар, импорт 2.4 тэрбум ам.доллар байв. Тэгвэл 2022 оны 8 дугаар сарын байдлаар, хоёр орны худалдааны нийт хэмжээ 8.5 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс экспорт 6.59 тэрбум ам.доллар, импорт 1.91 тэрбум ам.долларт тус тус хүрчээ.
 
Монгол Улсаас БНХАУ-д экспортлож буй гол нэрийн бүтээгдэхүүн болох эрдэс баялгийн түүхий эд, тэр дундаа коксжих нүүрсний экспорт 2022 оны 6-р сараас эхлэн нэмэгдэж 11-р сарын 1-ны байдлаар 23.5 сая тон-д хүрч, экспортын биет хэмжээ нь өмнөх оны мөн үеэс 71 хувиар өсжээ. Эрдэс баялгийн салбараас олсон 8,5 тэрбум ам.долларын 5.1 тэрбум ам.долларын экспортыг нүүрс эзэлсэн байна.  
Монгол Улсын Засгийн газрын өнгөрөгч оны 12 дугаар сарын сүүлчээр танилцуулж, 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр УИХ-аас Шинэ сэргэлтийн бодлогыг батлах тухай тогтоолыг баталсан юм. Шинэ сэргэлтийн бодлого нь 6 бүлэг, 29 зорилготой. Эдгээрээс нэн түрүүнд бичигдсэн Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн нэн чухал хэсэг нь Монгол-Хятадын хилийн боомтын харилцаа юм.
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр” (Монгол Улсын ГХЯ 2020.9.15-ны өдрийн А/20-1008, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ мөн өдрийн 218/2020 тоот ноот бичиг солилцож, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулсан)-ийн дагуу Монгол, Хятадын хилд авто замын 13, төмөр замын 4, нийт 17 боомт ажиллахаас 13 боомт ажиллаж, 4 боомт шинээр нээхээр тусгасан.
 
11-р сарын 25-нд Ханги-Мандалын чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулснаар хоёр талын эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, Монгол Улсын эрдэс баялагийн түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх шинэ гарцтай болж байна.
 
Цар тахлын хүндрэлтэй үед хоёр талын эдийн засгийн харилцааг сааруулж буй хилийн боомтын бүс дэх короновирусийн эсрэг хяналт шалгалтыг эрчимүүлж, цаашид уг өвчиний дэгдэлт саарч экспорт импортын ачаа нэвтрэлт хэвийн болоход уламжлалт задгай тээвэр эхлэх нь нэн чухал шийдэл юм.  
 
Цах тахлын дараах эдийн засгийн өсөлтийг авчрах энэ удаагийн айлчлалаар хоёр талын харилцааг өргөжүүлэх, идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны шинэ төслүүдийг эхлүүлэх гэх мэт олон асуудалд шийдэл авчрах нь дамжиггүй юм.
 
2 сарын өмнө Узбекстаны Самарканд хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан хоёр удирдагч маш богинохон хугацаанд дахин уулзаж байгаа нь тун сайн хэрэг. Энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно. Мөн “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж.
 
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхана.
Мөнхийн хөрш манай хоёр улсын сайн сайхан ирээдүй тийш, хамтын хөгжлийн зүг тэмүүлсэн түүхийн нэгэн хуудсыг эргүүлсэн энэ айлчлал амжилттай үргэлжилж байна.  
 
                                 Хятад судлаач Х.Баатархүү