сонин mn
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан намынхныг хорь шахам жил удирдсан Нэнси Пелоси албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ.
Өдгөө 82 настай Н.Пелоси Конгресс дахь Ардчилсан намын хамгийн нөлөө бүхий гишүүн бөгөөд Төлөөлөгчдийн танхимын даргаар сонгогдсон анхны эмэгтэй юм.
 
 
 
Тэрбээр Конгрессын доод танхимд Калифорни муж улсын тойргоо үргэлжлүүлэн төлөөлнө. 
 
 
 
Түүний албан тушаалаа орхиж буйн шалтгаан нь завсрын сонгуулийн дүнгээр бүгд найрамдахчууд Төлөөлөгчдийн танхимд хяналтаа эргүүлэн авч байгаатай холбоотой юм. "Би гэрийн эзэгтэйгээс Төлөөлөгчдийн танхимын дарга хүртэл явна гэж хэзээ ч бодож байгаагүй" гэж Н.Пелоси мэдэгдэлдээ дурджээ.
“Би дараагийн Конгресст Ардчилсан намын удирдагчийн хувиар дахин нэр дэвшихгүй. Шинэ үе Ардчилсан намын фракцийг удирдах цаг нь ирсэн" гэж тэрбээр хэлсэн байна.Н.Пелоси нэгдүгээр сар хүртэл буюу засгийн эрхэнд шинэ Конгресс гарах хүртэл спикерээр ажиллана. Нью-Йорк муж улсаас Конгресст сонгогдсон Хаким Жеффрис Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын дээд удирдлагын албан тушаалыг авах төлөвтэй байгаа бөгөөд тэрбээр АНУ-ын түүхэнд цөөнхийн бүлгийн анхны өнгөт арьст дарга болно.
 
 
 
Төлөөлөгчдийн танхимын дарга нь АНУ-ын улс төрийн шатлан захирах тогтолцооны гурав дахь хүн юм. 
 
 
 
Төлөөлөгчдийн танхимын дарга, түүний орлогч нар болон байнгын хороодын дарга нар ямар хуулийн төслийг хэлэлцэж, санал хураахыг тодорхойлдог. Мөн хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож, хэлэлцүүлгийг зохицуулах журмыг гаргадаг.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг