сонин mn
Сэтгүүлч О.Дарамбазар Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын нэрт Хятад судлаач М.Чимэдцэеэтэй уулзаж, Хятадын уламжлалт соёл болон түүний орчуулга, эрдэм шинжилгээний ажлыг нь сонирхож түүнтэй уулзаж ярилцсаныг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Та хэзээнээс Хятад соёлын талаарх орчуулга, судалгааны ажлаа эхлүүлсэн бол? Ингэж хийх болсон, тэр тусмаа уг ажлыг өөрийн чухал нэгэн ажил төрлөө болгон сонгож авсны шалтгаан нь юу вэ?
 
Би МУИС-ийг Хятад хэлний орчуулагч, Хятад судлаач мэргэжлээр төгссөн. Тийм болохоор миний хувь заяа, ажил амьдрал, бүх туулж өнгөрүүлж байгаа зам маань өнгөрсөн 40-ээд жилийн хугацаанд Хятад улс, хятад хэл, хятад соёлтой салшгүй хэлхээ холбоотой явж ирсэн, би ийм хувь тавилантай хүн. 
 
1970-аад онд их сургууль төгссөнийхөө дараа би МУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагад нэлээд олон жил ажилласан, тухайлбал МОНҮРТ, МОНЦАМЭ Агентлаг зэрэг байгууллагад ажиллаж байгаад, 1991 оноос Монгол улсын Энх Тайван, Найрамдлын Байгууллага, Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгт шилжиж ажилласан юм. Тэр үеэс надад Хятад улстай илүү ойр дотно холбогдох, Хятад улсыг илүү сайн таньж мэдэх дардан зам нээгдсэн гэж хэлж болно.
 
Яагаад гэвэл тэр үед: Нэгдүгээрт, МУ 90-ээд оноос хойш дэлхий ертөнцөд нээлттэй болж, улс орнуудтай өргөн харилцах боломж нээгдсэн. Хоёрдугаарт, МУ болон БНХАУ хоорондын харилцаа хэвийн болж, МУ-ын Хятад судлаачид, Хятад судлал сонирхогчдод Хятад улстай улам ойр дотно харилцах, Хятад улсын ном бичигтэй улам сайн танилцах боломж бүрдсэн юм. Энэ нь мөн ч надад тохиосон сайхан боломж байлаа. Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгт ажиллах болсноор ажлын онцлогтой холбоотойгоор Хятад улс руу олон дахин явах, Хятадын олон давхаргын хүмүүстэй уулзаж ярилцах, Хятадын олон муж хотоор аялах их сайхан боломжууд надад нээгдсэн. Тухайн үед миний ажлын нэгэн чухал зүйл нь Хятадын ном бичиг, ялангуяа Хятадын эртний гүн ухааны ном бичиг, тэдгээрийн дотор Күнзийн сэтгэлгээ соёлтой танилцах, энэ сэдвийн хүрээнд хятад хүмүүстэй өргөн дэлгэр яриа өрнүүлэх боломжтой болж, энэ үндсэн дээрээ би Хятад соёлын ном бичгийн орчуулга, судалгааны ажил руу шилжиж орсон түүхтэй юм. Үүнд хоёр чухал хүчин зүйл нөлөөлсөн гэж болно: Нэгдүгээрт, ер нь 90-ээд оноос өмнө, МУ-д Күнзийн сэтгэлгээ соёлын талаарх мэдээлэл, мэдлэг маш хомс байсан төдийгүй, цаашлаад буруу ташаа ойлголт ч их байсан. Өөрөөр хэлбэл тухайн үед МУ-д Күнзийн сургаал, Күнзийн соёл гэдэг нь харгис, муу юм гэсэн үзэл бодол ноёрхож, зөвхөн цөөн хэдхэн бичиг номын хүн мэдэхээс бус, Күнзийн сэтгэлгээ соёл, Күнзийн сургаалын мөн чанарыг нь мэддэг хүн маш цөөн байсан юм. Олон хүн Күнзийн нэрийг мэддэг боловч түүний сургаал нь чухал ямар учиртай зүйл болохыг, юу номлосон вэ, ямар хэрэгтэй юм вэ гэсэн мэдлэг тун бага байсан юм. Тийм ч учраас үүнийг нийтэд зөв таниулж ойлгуулах гэсэн санаанаас би энэ ажлыг эхлүүлсэн юм.
 
Хоёрдугаарт, дэлхий ертөнцөд ялангуяа өрнө дахины улс гүрнүүдийн эрдэмтэн судлаачид Күнзийн сэтгэлгээ соёлыг маш өргөн дэлгэр, эрчтэй, гүнзгий судалж байгаа нь надад анзаарагдсан. Ийм хоёр хүчин зүйлийн нөлөөгөөр би өөрийн эрхгүй Күнзийн сэтгэлгээ соёлын ном бичгийг монгол хэлээр орчуулж Монголын уншигчид, сонирхогчдод танилцуулах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж, аймшиггүй их зориг гарган, энэхүү орчуулга, судалгааны ажилд гар бие оролцож эхэлсэн юм. Тэгээд ч дэлхий ертөнц яагаад Күнзийн сэтгэлгээ соёлыг хүчтэй судлах болов гэдэг асуулт миний сонирхлыг маш их татаж байсан. 
 
1988 онд Францын Парис хотноо болсон Нобелийн шагналтнуудын нэгэн хуралдаанаас дэлхий ертөнцөд хандан ийм нэгэн уриалга гаргажээ. Тэр уриалгад “Хүн төрөлхтөн 21 дүгээр зуунд оршин тогтнож амьдрахыг хүсэж байгаа бол 2500 жилийн тэртээ аж төрж байсан Хятадын эртний их сэтгэгч Күнзийн сургаалыг эргэн үзэж, судлан суралцваас зохиолтой” гэж дурдсан байдаг. Энэ нь Күнзийн сэтгэлгээ соёл, сургаалыг сайтар ойлгож бодит амьдрал дээр хэрэгжүүлэх нь ямар их чухал ач холбогдолтой гэдгийг бүрэн илтгэж байдаг.
 
Ингээд би 1990 оны сүүлчээс Күнзтэй холбоотой ном бичиг эрэн цуглуулах, уншин судлах, олон хүнтэй уулзан ярилцах, мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ энэ ажлынхаа анхны гараа болгон “Шүүмжлэл өгүүлэл/论语/” номыг орчуулж эхэлсэн юм. Энэхүү нүсэр бэрх мөртлөө нэр хүндтэй ажлыг хийхэд магадгүй намайг ямар нэгэн далдын хүчин зүйл, зөн совин хөтөлж оруулсан байх. Яагаад гэхлээр энэ ажлыг чи хий гэдэг бошиг зарлиг мэт зүйл намайг байнга “шаналгаж” байсан учраас би Күнзийн тухай олон ном эрж хайж цуглуулж, олон удаа шантарч хойш тавьж, “Чи энэ ажлыг хийж чадах хүн нь мөн үү?” гэсэн асуултыг өөртөө ахин дахин тавьж, маш олон удаа шантарч, орчуулах ажлаа олон удаа зогсоож, эргээд буцааж барьж авсан гэхчлэн олон адармаатай асуудал, замналын дунд “шаналж” байсан хэдий ч, хэдэн хоногийн дараа ямар нэгэн зөн совин, ямар нэгэн далдын хүч намайг өөрийн эрхгүй уг ажлыг дахин барьж авахад хүргэдэг байлаа. Ингээд би 2000 оноос орчуулж эхлээд 2004 онд “Шүүмжлэл өгүүлэл” номыг орчуулж хэвлүүлж нийтийн хүртээл болгосон юм. Энэ номыг орчуулж хэвлүүлсний дараа ч
 
“Уншигчид юу гэх бол? Мэддэг хүмүүс нь юу гэх бол? Хүлээж авах бол уу үгүй бол уу?” гэж их эмээж айж, сэтгэл зовж түгшүүртэй байсан боловч, уншигчид болон судлаачид маш их сонирхож талархалтайгаар хүлээн авч, 2005, 2006 онд 2 жил дараалан Монгол улсын борлуулалт ихтэй шилдэг 10 номын нэгээр шалгарч, 5, 6 удаа хэвлэгдсэн байдаг. Эдгээр нь надад маш их урам өгч, зоригжуулж, би энэ ажилд улам сэтгэл шуударч орсон юм. Түүнээс хойш ажилдаа урамшиж, дараагийн ном болох “Сүнзийн дайдах ухаан" /孙子兵法/” номыг 2005 онд орчуулж хэвлүүлсэн юм. Энэ номыг яагаад орчуулах болов гэхлээр тэр нь бас учиртай. Энэ номыг үүнээс өмнө Монголд бараг мэддэггүй байсан гэж хэлж болно. Энэ ном монголоор хэвлэгдэж байгаагүй, тэр ч байтугай орос хэлээр ч гараагүй, Монголд уг номын нэрийг зөвхөн ганц хоёр хүн л дуулсан төдий байв. Харин өрнө дахинд уг ном маш их алдартай, англи хэлээр наад зах нь 7, 8 хувилбар орчуулга гарсан байдаг. Миний орчуулсан “Сүнзийн дайдах ухаан” номыг уншигчид маш сайхан хүлээн авч, 2006 онд Монголын “Алтан өд” хэмээх утга зохиолын оны шилдэг бүтээлийн шагнал хүртсэн юм. Тэр цаг үеэс 2019 он хүртэлх 19 жилийн хугацаанд Хятадын эртний гүн ухааны ном бичгүүдийг ар араас нь орчуулж, Хятадын алдарт “Шүүмжлэл өгүүлэл”, “Хэв дундын ёсон”, “Их суртахуй”, “Мэнз” зэрэг “Дөрвөн бичиг”-ийг орчуулан хэвлүүлсэн юм. 
 
М.Чимэдцэеэ-гийн орчуулгын бүтээл: “Хэв дундын ёсон”, “Их суртахуй”, “Мэнз бичиг”, “Шүүмжлэл өгүүлэл”
 
Та Хятадын эртний сонгодог зохиол болох “Дөрвөн бичиг” номыг монгол хэлээр орчуулж цуврал ном болгон хэвлүүлсэн. Эртний хятад хэлнээс орчуулга хийнэ гэдэг тийм ч амар ажил биш гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр та юун учраас ийм сонголт хийсэн бол? Орчуулгын явцад ямар нэгэн хүндрэлтэй асуудлууд тохиож байсан уу? Хэрэв тийм байсан бол тэдгээрийг хэрхэн зохицуулж шийдсэн бол?
 
Миний хувьд мэдлэг чадвар тийм өндөр биш, хятад хэлийг ч төгс төгөлдөр суралцсан хүн биш учраас мэдээж Хятадын эртний ном бичгүүдийг орчуулах явцад надад маш их бэрхшээл саад тохиолдож байсан. Тэдгээр бэрхшээлүүдийг хэрхэн туулсан гэхлээр би сая бас ярьж өнгөрсөн. Би олон удаа шантарч ухарч няцаж, бас олон удаа сэргээж барьж авч хийсэн нь үнэн.
 
Энэ явцад над тус болсон олон зүйл бий: Нэгдүгээрт, энэ ажлыг хийхийн тулд маш их ном зохиол уншиж судалсан. Ганцхан жишээ хэлэхэд “Шүүмжлэл өгүүлэл” номыг орчуулахын тулд Хятадын орчуулагчид, эрдэмтэн судлаачдын уг номын талаар хийсэн янз бүрийн орчуулга, эрдэм шинжилгээний янз бүрийн тайлбар хавсаргасан 20 гаруй бүтээлийг нягтлан уншиж тунгаан боловсруулсны үндсэн дээр анхны орчуулгын ажлаа амжилттай дуусгасан юм.
 
Хоёрдугаарт, миний таньдаг мэддэг хятад орчуулагчид, эрдэмтэд болон Өвөр Монголын багш нар, найз нөхдүүдтэйгээ байнга харилцан өргөн дэлгэр харилцаа тогтоож, мэдэхгүй, чадахгүй зүйлээ тэднээс асууж лавлаж байсан нь ажилд маань маш их тус дэм болж байсан юм.
 
Гуравдугаарт, надад өөрийн хүсэл зориг байсан учраас хятад номын орчуулгын ажил руу эргэлт буцалтгүй орж хийсэн гэлтэй. Нэг ном орчуулж хэвлүүлсний дараа, кирилл бичгээр сайн уншдаг Хятад найз нөхдүүд, Өвөр Монголын найз нөхдүүд бас мөн Монголын уншигчид, эрдэмтэн судлаачид их урам зориг өгч байсан нь надад маш их сэтгэлийн дэм, ажлын эрч болсон билээ. Үүний дүнд л би энэ их ажлын ард гарсан юм. Энэ “Дөрвөн бичиг”-ийг монголоор орчуулж хэвлүүлсэн нь миний хувьд маш их нэр төрийн хэрэг гэж би ойлгодог. Яагаад гэвэл эдүгээг хүртэл “Дөрвөн бичиг”-ийг хэсэг бусгаар хятад хэлнээс юм уу, манж хэлнээс, орос, англи хэлнээс дам түүвэрлэн орчуулсан зүйл Монголд байдаг хэдий ч, түүний бүрэн орчуулга хийгдээгүй байсан. Одоогоор уг номуудын монгол хэлний бүрэн бүтэн орчуулсан 3-хан орчуулга гарсан. Тухайлбал Түмэдийн Галсан гүүш 21 жилийн цаг хугацаа зарж орчуулжээ. Түүний Дараа 1993-1994 оны үеэр Өмөр Монголын нэрт эрдэмтэн Содбилэг багш орчуулж хэвлүүлсэн байна. Тэдгээр орчуулгууд Өвөр Монголд хуучин монгол бичгээр хэвлэгдэж өргөнөөр тархсан боловч, МУ-д төдий л тархаагүй эдүгээ хүрсэн юм. Гуравдахь нь МУ-д 2000-аад оны эхээр миний орчуулж хэвлүүлсэн "Дөрвөн бичиг" байна. Кирилл үсгээр гарсны хувьд гэвэл миний орчуулга нь анхны ном болж байна.
 
М.Чимэдцэеэ-гийн орчуулсан эрдэм шинжилгээний бүтээл: “Күнзийг зургаар өгүүлэхүй”, “Күнз хийгээд түүний шавь нар”
 
“Дөрвөн бичиг”-ийг орчуулах явцад танд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн зүйлүүд нь юу байв? Хятадын уламжлалт сэтгэхүй, гүн ухаан, үзэл ойлголт, гоо зүй зэрэг талаар танд ямар нэгэн онцлог содон зүйлүүд ажиглагдав? 
 
Ер нь Күнзийн сэтгэлгээ сургаал бол хүний өдөр тутмын амьдрал ахуйн гүн ухааны ном сургаалууд юм. Түүнд голдуу хүний эрхэм сайхан ёс суртахуун, сайн сайхан, шударга үнэн, өршөөл энэрэл, сайн засаглал, сайн түшмэл, сайн хүн байх зэрэг тухайд гүнзгий нарийн номлосон сургаалууд байдаг тул, Күнзийн сургаалыг өнөөдөр хүмүүс хүн болохын эрхэм сургаал гэж нэрлэж, хүн болохын тулд түүний сургаалыг шүтэн дээдлэх ёстой гэж үздэг байна. Энэ нь надад маш их гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн зүйл гэж болно. Тийм учраас дэлхий ертөнц, дэлхийн өнцөг булан бүхэнд Күнзийн сэтгэлгээ сургаалыг маш ихээр судалж суралцаж дэлгэрүүлж байгаагийн уг учир нь Күнзийн сургаал нь хүн төрөлхтний оршин амьдрах, дэлхий нийтийн хөгжил дэвшихийн хоёр их зарчмыг номлосонд байна гэж би ойлгодог.
 
Энэ нь юу вэ гэвэл: Нэгдүгээрт, “Шүүмжлэл өгүүлэл” номд “Та өөрийн үл хүсэх зүйлийг өрөөл бусдад бүү тулгагтун!” гэсэн сургаал байдаг. Энэ нь хэдийгээр нийгмийн амьдрал орчинд байнга тохиолдог энгийн түгээмэл зүйл мэт боловч маш чухал зарчим юм. Энэ “Алтан дүрэм”-ийг Күнзийн сургаалтнууд шударга, өршөөлийн ёсон гэж нэрлэсэн байдаг бөгөөд дэлхий дахины эрдэмтэн судлаачид үүнийг хүн төрөлхтний ёс суртахууны “Алтан дүрэм” хэмээн үздэг. Бидний мэдэж байгаагаар ийм сургаалыг бурхан багш Шагжамуни, мөн түүнээс хойно “Ариун библи” сударт ч номлосон гэхчлэн хүн төрөлхтний түүхэн адил бус цаг үеийн агуу сэтгэгчид иймэрхүү адил төсөөтэй сургаалуудыг айлдсан байдаг. Дээр дурдсан “Алтан дүрэм”-тэй холбоотойгоор “Зохирол /和谐 буюу 和为贵/” гэдэг зүйлийг ярих хэрэгтэй болно. Хүн төрөлхтөн тэрсэлж амьдрах бус, харин харилцан зохирч амьдрах ёстой гэсэн сургаалыг Күнз номлосон байдаг. Энэхүү сургаал нь хүн төрөлхтөнд ялангуяа өнөөгийн эрин цаг үед нэн илүү үнэ цэнэтэй сургаал болж байна. “和为贵” гэдэг хятад үгийг бид “Зохирол бүхнээс эрхэм” гэж оноон орчуулж байна. “和而不同”гэдэг хятад үгийг бид “Санаа зохирох боловч, сохроор эс дагалдах” гэж оноон орчуулж байгаа, өөрөөр хэлбэл хүмүүс санаа зохирч амьдрах ёстой, харин сохроор бусдыг дагалдах ёсгүй гэсэн санаа гэж ойлгож байна. Энэ нь өнөөдрийн дэлхий ертөнцөд тэр тусмаа улс орнуудын харилцаа хүмүүс хоорондын харилцааны хөгжил дэвшилд хамгийн үнэ цэнэтэй үзэл ойлголт болж байна.
 
Хоёрдугаарт, “Шүүмжлэл өгүүлэл” номд бас “Өөрийн биеийг тэтгэн босгосугай хэмээвээс, өрөөл бусдыг тэтгэгтүн! Өөрөө аливаа зүйлд нэвтэрхий болсугай хэмээвээс өрөөл бусдыг нэвтэрхий болгогтун /己欲立而立人,己欲达而达人/” гэсэн сургаал бий. Үүнийг энгийн үгээр тайлбарлаж хэлбэл, өөрөө сайн сайхан зүйлд хүръе гэж хүсэж байгаа бол өрөөл бусад хүмүүсийг тэр сайн сайханд хүргэгтүн. Өөрөө аливаа бүхэнд нэвтэрхий сайн болъё гэвэл өрөөл бусад хүмүүсийг бас нэвтэрхий сайн болгогтун гэсэн санаа болно. Тэгэхээр энэ хоёр уламжлал зарчмыг шударга, өршөөлийн ёсон гэж нэрлэдэг. Эдгээр нь Күнзийн номуудыг орчуулах явцад надад хамгийн гүн гүнзгий хадагдан үлдсэн сургаалууд юм.
 
М.Чимэдцэеэ-гийн туурвисан бүтээл “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад орон: сэтгэлгээ соёл”
 
Өнөөдөр бидний дээдэлж ярьдаг, баримталдаг “Зохиролт дэлхий ертөнц /和谐世界/”, “Зохиролт нийгэм /和谐社会/”, “Зохиролт гэр бүл /和谐家庭/” гэдэг үзэл ойлголт бол Күнзийн сургаалд ямар нэгэн хэмжээнд суурилсан, түүнээс үүдэлтэй шинэ үзэл баримтлал юм. Өнөөдөр та бидний сайн мэддэг “Нэг бүс нэг зам”-ын стратегийн чухал санаачилга, том үзэл баримтлал бол Күнзийн энэ сургаалтай ямар нэгэн хэмжээгээр уялдаа холбоотой. Хятад улс Күнзийн энэхүү сургаалд суурилж, “Нэг бүс нэг зам”-ын үзэл баримтлалыг дэвшүүлсэн гэж эрдэмтэн судлаачид үздэг. Өөрөөр хэлбэл энэ нь зөвхөн Хятад улс ганцаараа хөгжин мандах бус, харин дэлхий улс орнууд хамтдаа хэлэлцэж, хамтдаа хүртэж, хамтдаа зөвшилцөж, хамтдаа бүтээн байгуулж, хамтдаа хөгжин дэвших /共建、工商、共享/ гэсэн ийм зорилт санааг илэрхийлж байдаг. Тийм ч учраас Хятад улсын дарга Ши Жиньпиний хэлсэнчлэн “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт бол харилцан нээлттэй, уужуу багтаамжтай үзэл баримтлал бөгөөд харин дан ганц Хятад улсын “Гоцлол” бус, зам дагуух улс орнуудын “Их найрал” юм. Күнзийн сургаалаас суралцахын жинхэнэ учир утга үүнд байна гэж би ойлгодог. Түүнээс гадна, Күнзийн олон гайхамшигтай сургаалууд бий. Тухалбал түүний нэг сургаал нь агуулга, хэлбэрийн чухал сэдвийг дурдсан байдаг. “Эгэл жирийн болон эрхэм тансаг” хоёрын холбоо хамаарлын тухай Күнзийн “Шүүмжлэл өгүүлэл” номд соён заажээ. Түүнд “Эгэл жирийнх нь эрхэм тансагаас давбаас болхи толхи болно. Эрхэм тансаг нь эгэл жирийнхээс давбаас хөнгөн хуудам болно. Эгэл жирийн болон эрхэм тансаг хоёр эн тэгширвээс эрдэмт сайд больюу" гэж дурдсан байдаг. Бид үүнийг агуулга хэлбэрийн уялдаа холбооны тухай сургаал гэж үздэг, аливаа зүйлийн агуулга хэлбэр хоёр нь зохирч тэгширч байх учиртай. Агуулга нь хэтрээд хэлбэр нь дутаад байх юм бол болхи толхи болж эхэлдэг, эсрэгээрээ хэлбэр нь ихдээд агуулга нь багадаад байх юм бол хөнгөн хуудам, алдаа доголдол ихтэй болно. Агуулга хэлбэр хоёр эн тэгшрэх аваас, сая жинхэнэ төгс төгөлдөр болно гэсэн аугаа сургаал гэж ойлгодог. Ийм ач тустай сургаалуудыг би хүмүүст аль болохоор хэлж уламжлах дуртай, бас эрдэм шинжилгээний хурал цуглаан дээр иймэрхүү сэдвээр олон удаа эрдэм шинжилгээний илтгэл хийж өгүүлэл хэвлүүлж, Монголын болон Хятадын эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудын эрдэм шинжилгээний тусгай сэтгүүлүүдэд цөөн бус өгүүлэл нийтлүүлсэн билээ. 
 
М.Чимэдцэеэ-гийн орчуулсан “Хятад улс-Шинэ их аян-Түүхт зам дагуулах Хятад улсын аугаа их өөрчлөлтийг гэрчлэн харуулсан гэрэл зургийн аялал”
 
Хятад, Монгол хоёр орон бол бүр дорнын соёлт улс гүрэн, тэгэхээр “Дөрвөн бичиг” тэргүүтэй Хятадын эртний уламжлалт соёлын сонгодог бүтээлүүд нь эрин үеийн хүн төрөлхтөнд тэр тусмаа хөрш зэргэлдээ дорнын соёлт орнууд хороодын харилцан ойлголцол, соёлын харилцаа, хамтын ажиллагаа, хамтын хөгжил дэвшилд ямар үр нөлөө үзүүлнэ гэж та үзэж байгаа вэ?
 
Танай дурдсан энэ маш чухал сэдэв хэмээн би ойлгож байна. Монгол, Хятад хоёр улс бол өнө эртнээс хаяа залган оршиж ирсэн, түүхэн уламжлалт харилцаатай төдийгүй, бас өнө эртний соёл иргэншлийн өв уламжлалтай орнууд. Тэгэхлээр энэ цаг үед олон соёл иргэншлүүд харилцан зохирч, харилцан зэрэгцэн оршиж, хамтдаа хөгжин дэвших зайлшгүй шаардлагад тулгарч байна. “Өнчин ганц цэцэг дэлгэрснээр хавар болдоггүй, өнгө өнгийн цэцгүүд алаглаж байж хаврын үзэмж бүрддэг” гэсэн Хятадын нэг алдартай зүйр цэцэн үг байдаг. Энэ нь дэлхийн улс орнуудын олон соёл иргэншил бүгдээр зэрэг хөгжин мандаж байж, сая дэлхий ертөнц сайн сайхан болно гэсэн санаа юм. Ганцхан соёл иргэншил дангаараа хөгжөөд байх боломжгүй, Соёл иргэншлүүд харилцан холбоотой байж, олон өнгө төрхтэй болдог, соёл иргэншлүүд харилцан хүртээлтэй байж, элбэг баян болдог. Өөрөөр хэлбэл соёл иргэншил хэдий чинээн бие биендээ нэвчиж уусаж, бие биенээсээ охь дээжээс суралцаж байж, хэдий чинээн хүртээмжтэй байвал төдий чинээн баян болно. Энэ утгаараа бид Хятадын энэ уламжлалт соёл, эртний гүн ухаан, сэтгэлгээнээс маш их зүйлийг мэдэж таньж ухаарч болно. Үүний дагуу бидний монгол соёл цэцэглэж баяжиж шинэ өнгө төрхтэй болдог гэж үзэж байна. Улс үндэстнүүдийн соёл иргэншил хэдий чинээн харилцан хүртээлтэй байх юм бол хүн төрөлхтөн төдий чинээн баян болно. Иймээс хөрш орны хувьд Хятад, Оросын соёл тэрчлэн дэлхий ертөнцийн дэвшилт соёлоос аль болох суралцаж хүртэх ёстой. Энэ үйл хэрэгт бидний орчуулагчид, судлаачид өөр өөрийнхөө хувь нэмрийг оруулж байх ёстой, ингэх юм бол хоёр улсын харилцан ойлголцол идэвхжиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам эе найртай сайхан болж улам их үр дүнтэй цэцэглэн хөгжинө гэж би боддог юм. Миний хийж буй орчуулгын энэ ажлын зорилго бол Хятадын баялаг уламжлалт шилдэг соёлыг Монголынхоо уншигчид, судлаачдад хүргэж таниулж ойлгуулъя гэсэн зорилготой. 
 
М.Чимэдцэеэ-гийн Хятад улсад нийтлүүлсэн өгүүллээс
 
Өөрийнхөө одоогийн хийж байгаа орчуулга, судалгааны ажил болон цаашид хийх ажлын төлөвлөгөөнийхөө талаар танилцуулна уу?
 
Орчуулагч, судлаач хүний хувьд би энэ чиглэлээр ажиллаж байгаа, одоо тэтгэвэртээ гарсан тул өөр ажил төрөлд татагдахгүйгээр ажиллах улам өргөн боломжтой болж байна. Өнгөрсөн жилүүдэд би хятад хэлнээс Хятадын эртний соёл иргэншлийн чиглэлээр нэлээд хэдэн ном орчуулсан. Ер нь Хятадын эртний гүн ухаан нь Күнзийн болон Лаозын гэсэн хоёр том урсгал чиглэлээр хөгжиж ирсэн уламжлалтай, тийм ч учраас миний орчуулга, судалгааны ажил ч мөн дээрх хоёр чиглэлээр явж ирлээ. 
 
 
Одоо би Лаозын тухай номуудыг сонирхон уншиж судалж байгаа. Лаозын сэтгэлгээ соёлын тухай номын хувьд Монголд цөөн хэд гарсан, гэхдээ хятад хэлнээс шууд орчуулсан нь тун цөөн бөгөөд зонхилох нь орос, англи зэрэг харь хэлнээс дам орчуулсан байдаг тул тэдгээрт буруу зөрүү орчуулсан, алдаж оносон зүйл их байдаг. Энэ чиглэлээр би өнгөрсөн жилүүдэд ганц нэг ном орчуулж хэвлүүллээ. Одоо миний хийж байгаа хамгийн том ажил бол Хятадын соёлын иж бүрэн толь болох “Хятадын соёлын мэдлэгийн толь/中国文化知识辞典/” гэх 1800 шахам талтай том ном байгаа. Энэ номыг Хятадын Жянсу мужийн Фэнхуан боловсролын хэвлэлийн газар болон Бээжингийн Хэлний Их Сургуулийн эрдэмтэд 3 жил гаран хугацаанд хамтран бичиж найруулсан, үүнийг бид жил гаран хугацаанд орчуулж бүрэн дуусгаад байна.
 
 
Эдүгээг хүртэл Хятадын соёлыг бүх талаар системтэй танилцуулсан ийм толь буюу бүтээл МУ-д ер нь гарч байгаагүй. Ийм болохоор Хятадын соёлын тухай анхны энэхүү тайлбар том толийг орчуулан хэвлүүлж буй нь Хятадын соёлыг Монголын уншигчиддаа бүх талаар танилцуулах, олны хүртээл болгоход чухал ач холбогдолтой юм. Үүнээс гадна, миний ерөнхий редактор хийдэг нэгэн чухал ажил байгаа. Бид "ШИ ЖИНЬПИН ТӨР УЛСЫГ ЗАСАХ ТУХАЙ” бүтээлийн монгол орчуулгыг хариуцан гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар уг бүтээлийн монгол орчуулгын нэгдүгээр ботийг хэвлүүлээд байгаа бөгөөд хоёрдугаар ботийн монгол орчуулгын хэвлэлийн эхийг нь бүрэн бэлтгээд хэвлэхэд бэлэн болсон. Гуравдугаар ботийн монгол орчуулгын хувьд бид саяхан орчуулгын болон хянан тохиолдуулах ажлыг бүрэн дуусгаад байна. Ши Жиньпин даргын алдартай энэ бүтээлүүдийг орчуулж, кирилл бичгээр хэвлүүлж, Монголын уншигчид, сонирхогчид, улс төрчид, хятад судлаачдад толилуулах энэхүү нэр төртэй ажлыг хийж гүйцэтгэх боломж тохиосон явдалд Монголын жирийн нэгэн орчуулагчийн хувьд би баясаж, бахархаж явдаг. Дөрөвдүгээр боть нь саяхан Бээжинд хятад, англи хоёр хэлээр хэвлэгдсэн байна. Тэгэхээр бид цаашид монгол орчуулгыг үргэлжлүүлэх байх. Энэ нь орчуулагч хүний хувьд ховорхон тохиолдох, маш их хариуцлагатай, маш өндөр шаардлага бүхий няхуур нямбай ажил юм. Ши Жиньпин дарга бол маш гүн гүнзгий эрдэм номтой хүн, түүний ном бүтээлд эртний ном бичгээс эш татсан зүйл маш их байдаг. Хятадын эртний ном бичгийн үг хэллэгийг маш их хэрэглэдэг. Тэр бүгдийг оноож орчуулахад асар их хүч хөдөлмөр, мэдлэг чадвар, олон ном үзэх шаардлагатай болдог. Бас эрдэмтэн мэргэдээс асууж сурах зүйл их олон гардаг. Бидний орчуулсан “ШИ ЖИНЬПИН ТӨР УЛСЫГ ЗАСАХ ТУХАЙ” бүтээлийн нэгдүгээр боть, хоёрдугаар ботийн орчуулгын чанарыг Хятадын эрдэмтэн мэргэд болон хэвлэлийн газрын зүгээс өндрөөр үнэлж байгаа, үүнд бид их урамшиж, зоригжиж байдаг. "ШИ ЖИНЬПИН ТӨР УЛСЫГ ЗАСАХ ТУХАЙ” бүтээл бол Хятад улсыг таньж мэдэх цонх, Хятад улсын одоогийн баримталж буй бодлого болон ирээдүйн алс хэтийн бодлого, чиглэл хөгжлийн чиг хандлагыг ойлгох түлхүүр юм. Монголын уншигчид, судлаачид, улс төрчид, сонирхогчид энэ бүхнийг таньж мэдэхэд нь тус болох зорилгоор, энэ чухал ажилд гар бие оролцож хүч сэтгэлээ дайчлан хичээн ажиллаж байна. 
 
М.Чимэдцэеэ-гийн орчуулсан эрдэм шинжилгээний бүтээл: “Лаоз хийгээд даогийн сургаалтан”
 
2021 онд би China book press хэвлэлийн газартай хамтран “Лаоз хийгээд Даогийн сургаалтан” хэмээх нэгэн судалгааны номыг монголоор орчуулж хэвлүүлсэн юм. Энэ номыг орчуулах явцад Лаозын тухай судалгаа шинжилгээний ном бичиг болон “Даодөжин" /道德经/ номыг уншиж судлах шаардлага гарсан юм. Энэ үндсэн дээр, "Лаоз Даодөжин” номыг монгол хэлээр орчуулан 2023 -2024 онд хэвлүүлэх бодолтой байна.