сонин mn
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын 21 дэх удаагийн уулзалт Нью-Йорк хотноо энэ 9 дүгээр сарын 22-нд болов.
 
Уулзалтад ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нар, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы дарга Ч.Көрөси, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч А.Мохаммед, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Р.Фатима нар болон транзит орнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
 
“КОВИД-19 цар тахлын дараа Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хуралд бэлтгэх нь” сэдвийн дор болсон энэхүү уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож үг хэлэв.
 
Сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ КОВИД-19 цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, сүүлийн үед тулгамдаж буй хүнс, эрчим хүч, санхүүгийн хямрал нь ДГХБО-ын эдийн засгийн эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж, Венийн үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг удаашруулах төлөвтэй байгааг дурдлаа. Цар тахлын хор уршгийг даван туулах, хөгжлийн үйл явцыг гольдролд нь оруулахын тулд зөв бодлого хэрэгжүүлж, хүчээ нэгтгэн, харилцан туршлага солилцон, хөгжлийн түншүүд, транзит улсууд, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны орнууд, хувийн хэвшил, сангуудтай хамтран ажиллахын чухлыг онцлон тэмдэглэлээ.
 
Мөн тэрээр Монгол Улсын эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн төлөв байдал, бэрхшээл, сургамж, Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулан, Улаанбаатарт төвтэй ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, бэхжүүлэхийн төлөө урьдын адил идэвхтэй хамтран ажиллахыг гишүүн улсууд, хөгжлийн  түншүүд, оролцогч бусад талд уриалав. ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаас КОВИД-19 цар тахлын хохирол, гамшгаас ДГХБО-ын эдийн засгийг сэргээх, Венийн үйл ажиллагааны хөтөлбөр, Замын зураглалыг эрчимтэй хэрэгжүүлж дуусгах, ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэлийг хангахад чиглэсэн зөвлөмж, арга хэмжээнүүдийг тусгасан тунхаглалыг батлав.