сонин mn
“Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буланг эхлүүлж, цуврал нийтлэлээ хүргэсээр байгаа билээ. Эрүүл мэндийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, аюулт өвчнөөс хүмүүсийг аврахын тулд үүрэгт ажлаа гүйцэтгэж яваа цагаан халаадтай баатруудын нэг нь сувилагч юм.
 
Энэ удаагийн буландаа 10 мянгад нэг тохиох ховор мэргэжлийн эзэн эрэгтэй сувилагчдын төлөөлөл Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэх хагалгааны тасгийн сувилагч П.Бямбацэрэнг онцолж байна. П.Бямбацэрэн амьдралын замналаа сувилагч хэмээх мэргэжилтэй холбож өдгөө 11 жилийг үджээ.
 
Тэрбээр “Говь-Алтай аймгийн Анагаах ухааны коллежид 2007 орж бага эмч, сувилагчаар гурван жил сурч төгссөн байна. Энэ тухайгаа “Хүн хүний амьдралын түүх янз бүр байдаг. Миний хувьд ч ялгаагүй. Намайг аав ээж минь сувилагч болохыг зөвлөсөн. 
 
Эцэг эх хүүхдийнхээ амьдралын замыг харсан байдаг гэж боддог. Би тухайн үед биеийн тамирын хичээлдээ дуртай байсан  болохоор бөхийн сургуульд орох сонирхолтой байлаа. Эхэндээ сувилагч бол гэхэд  дүргүйцэж, байсан ч аав ээжийнхээ үгнээс гарахгүй шүү дээ” хэмээн  сувилагч  мэргэжилтэй холбогдсон дурсамжаа хуваалцсан юм.
 
“МЭРГЭЖЛИЙНХЭЭ САЙХНЫГ МЭДРЭЭД АЖИЛДАА ИЛҮҮ ДУРТАЙ БОЛСОН”
 
Говь-Алтай аймгийн анагаахын коллежид баруун таван аймаг төдийгүй Улаанбаатар, Эрдэнэтээс суралцахаар хүүхдүүд зорьж очдог. Тэрбээр 2010 онд  сургуулиа төгсөж, амьдралын замд хөл тавьжээ. Ажлын анхны гараагаа Улаанбаатарт “Далд увидас” уламжлалт дотрын эмнэлгээс эхэлж, дотрын тасагт долоон жил ажиллажээ. Түүнийг сургуулиа төгсөөд анх ажлын байранд гарахад эхний жил  хүмүүс “Эрэгтэй хүүхэд байж яагаад сувилагчийн мэргэжил сонгосон юм бэ” гэж асуудаг  байсан гэнэ. Хүмүүсийн ингэж хэлэхэд нь заримдаа ичдэг байснаа нуугаагүй юм. Гэвч мэргэжлийнхээ сайхныг мэдрэх бүртээ ажилдаа илүү дуртай болж эхэлжээ.
 
Б.Бямбацэрэн “Хүйс нь өөр болохоос ялгаа байхгүй л хүн шүү дээ. Тиймээс эрэгтэй эмэгтэй гэж хязгаар тавих шаардлагагүй. Хүн өөрөө хийж чадна гэсэн зорилго, хичээл зүтгэл байвал  мэргэжилдээ илүү дурлаж,  татагддаг” гэлээ. П.Бямбацэрэн “Далд увидас” эмнэлгээс мэргэжлийнхээ суурийг тавьж, 2017 оноос ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт ажиллажээ.
 
Тэрбээр “Сувилахуйн тусламж үйлчилгээ нь  эм тариа хийхээс гадна хүнийг асарч сувилдаг буянтай ажил. XX зуун гарснаас хойш сувилахуй шинжлэх ухаан болон бие даасан том салбар болж хөгжсөн. Ямар нэгэн байдлаар хүний биеийн байдал эргэшгүй өөрчлөлтөд орж, ухаангүй болоход эрчимтэйгээр эмчилгээ тусламж үзүүлээд амийг нь  аврахыг хэлнэ. Эрчимт эмчилгээ өвчтөнөө 24 цагийн турш өдөр шөнөгүй, цаг минут тутамд хянадаг. Энэ газраас олон зүйл сурсан” гэсэн юм.
 
Мөн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэлийн сувилагчаар  2021 оноос ажиллаж эхэлжээ. Тус эмнэлэгт эрэгтэй 3-4 сувилагч  ажилладаг байна. Түүний үүрэг бол хагалгаанд орох хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх аж. Цөсний хүүдийн чулууг дурангаар авах,  хэвлийн хагалгаа,  шулуун гэдэс, гэмтлийн гэх мэтээр өдөрт дунджаар 5-6 хагалгаанд орно. Эрчимт эмчилгээ болон  мэдээгүйжүүлэлтийн тасгийн сувилагч мэргэжилдээ илүү дуртай гэдгээ П.Бямбацэрэн хэлсэн юм. 
 
“...Хүнийг өвтгөхгүйгээр хагалгаа хийж, унтаж байхад нь эмгэг зовиурыг арилгадаг буянтай ажил. Бид хүний амь настай холбоотой ажилладаг. Тиймээс үргэлж хянамгай байхыг хичээдэг. Манай сувилагчид хүний эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, хамгийн ойр ажилладаг. Хэрэв сувилагч мэргэжил байгаагүй бол хүмүүс тэр хүнд өвдөлт, зовуурийг давж гарахад хэцүү байх байсан болов уу” хэмээн тэр ярилаа. 
 
Өвчтэй хүмүүс  орж ирээд  эдгэрээд “баярлалаа” гээд гарахад хамгийн сайхан байдаг аж. Гэмтлийн эрчимт эмчилгээний тасагт ажиллаж байхдаа хүнд өвчтэй хүн орж ирээд энгийн тасаг руу шилжих үед сувилагч мэргэжил эзэмшсэнээрээ бахархаж, тариа хийхдээ хүртэл хүнийг аварч, тус болж байна гэж боддог аж. Тус эмнэлэгт цөсний хагалгаанд орж, эмчлүүлсэн Б.Ганчимэгээс сэтгэгдлийг нь сонсоход “Би тус эмнэлэгт цөсний хүүдийн чулууг дурангаар авах хагалгаанд орсон. Эмч нарын хувьд хагалгаанд орохын өмнө ба дараа нь зөвлөгөөг сайн өгдөг. Тус эмнэлэгт эрэгтэй сувилагч хэд хэд харагдсан. Сувилагч мэргэжлийг ихэвчлэн эмэгтэйчүүд л сонгодог учир эхлээд эрэгтэй хүн хараад гайхах сэтгэл төрсөн. Гэхдээ хагалгаанд орохоор мэдээгүйжүүлэлт хийлгэхэд тус тасгийн эрэгтэй сувилагч эмэгтэй хүнээс илүү зөөлөн гартай, эвлэгхэн байгаа нь сайхан санагдсан шүү. Мөн тариа хийхийнхээ өмнө хагалгааны тухай тайлбарлаж, сэтгэл санааг дэмжиж байлаа. Үүнээс гадна ялангуяа мэдээгүйжүүлэлт, сэхээний тасагт эрэгтэй сувилагч байх нь зөв юм байна гэсэн бодол төрсөн. Учир нь хагалгаанд орсон хүн ямар ч хөдөлгөөн хийж болохгүй. Тиймээс эмэгтэй сувилагчаас илүү эрэгтэй хүн л өргөж, зөөвөрлөхөд хэрэгтэй юм болов уу” гэсэн юм.  
 
“ЭРЭГТЭЙ СУВИЛАГЧ СЭТГЭЛИЙН ХӨДЛӨЛ, САНДРАЛАА ДАРАХ ЧАДВАР ИЛҮҮ”
 
Тус эмнэлгийн мэдээгүйжүүлэх хагалгааны тасгийн их эмч О.Энхмандахаас эрэгтэй хүн сувилагчаар ажиллахын онцлогийг асуухад “Мэдээж эмэгтэй сайн сувилагчид бий. Гэхдээ хүйсээс шалтгаалж аливаад хандах хандлага нь харилцан адилгүй. Эрэгтэй сувилагчийн хувьд хурдан шуурхай. Аливааг ойлгох, дадлага болгох чадвар  илүү. Хагалгааны үед гэнэтийн тохиолдол гарлаа гэхэд сэтгэлийн хөдлөл, сандралаа дарах чадвар нь илүү байдаг. Миний хувьд залуу эмч учраас  хагалгааны явцад янз бүрийн гэнэтийн зүйл гарахад сандрах тохиолдол байна. Энэ үед  зааж, зөвлөж дэм болдог. П.Бямбацэрэн хувьд олон жил ажилласан учраас  их туршлагатай, ажлаа түүртэлгүй хийдэг. Мэдээж дотрын энгийн тасгийн сувилагч мэдээгүйжүүлэх сувилагчийн ажлын онцлог ялгаатай. Ялангуяа мэдээгүйжүүлэх тасаг 3-5 минутад мэдээгүйжүүлэлт хийж, хагалгаа хийх боломжтой болдог. Мөн тухайн өвчтөнд хагалгаа хийсний дараа “сэрээрэй, нүдээ нээгээрэй” гээд команд өгдөг. Тэр үед эрэгтэй хүний дуу хоолойны өнгө  чанга байдаг учраас команд сонсож сэрэх нь хурдан. Эмэгтэй сувилагч сэрээрэй гэж дуудахад арай сул байдаг  тал ажиглагддаг. Мөн сүүлийн үед жингийн илүүдлээс үүдэж доод тал нь 80, 90 болон хамгийн дээд тал нь  120 кг жинтэй хүмүүс ирж байна. Тархи толгойны гэмтэлтэй, дандаа амьсгалын аппаратны дэмжлэгтэй байдаг хүмүүсийг  өдөрт 3-4 удаа орон дээр  хэвтүүлж шинжилгээнд  авч явдаг. Мөн хагалгаа дуусаад сэрээх өрөө рүү шилжүүлэх,  хагалгааны дараа  эмчилгээнд авч явах,  орон руу зөөхөд эрэгтэй сувилагч давуу талтай” гэсэн юм.
 
МАНАЙ УЛСАД 13.473 СУВИЛАГЧ АЖИЛЛАЖ БУЙГААС 3.5 ХУВЬ НЬ ЭРЭГТЭЙ 
 
Эрүүл мэндийн салбарт сувилагч хамгийн үнэ цэнтэй, эрэлттэй мэргэжил билээ. Ерөнхий эмч зөвхөн үзлэг хийж, онош тогтоож, эмчилгээ бичиж өгдөг бол сувилагч өвчтөнүүдтэй хамгийн ойроос харилцаж, эмчийн бичсэн эмчилгээг гардан хийдэг. Тиймээс ямар ч эмнэлгийг сувилагчгүйгээр төсөөлөхийн аргагүй.  Манай улсад өнөөдрийн байдлаар 13.473 сувилагч ажиллаж байна. Үүний 13.009 нь буюу 96.5 хувь нь эмэгтэй. Үлдсэн 464 буюу 3.5 хувь нь эрэгтэй сувилагч байгааг Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн хэллээ. Мөн 2020 онд Засгийн газрын тогтоолоор сувилагчийн сургуульд суралцах оюутнуудын  сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэхээр болсон.
 
Тодруулбал, төрийн өмчийн дээд боловсролын сургалтын  байгууллагад сувилагч мэргэжлээр элсэгч ЭЕШ-ын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн эхний жил сургалтын төлбөрийг 100 хувь  төрөөс хариуцна. Харин оюутан 2.5-3.0 хүртэлх голч оноотой тохиолдолд сургалтын төлбөрийн 70 хувийг, 3.0 болон түүнээс дээш голчтой бол 100 хувь хөнгөлөх шийдвэр гарсан. Энэ нь зөвхөн АШУИС-ийн оюутнуудад хамаарах юм. 
 
Манай улсад сувилагч бэлтгэдэг 12 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр сургуульд тодорхой хэмжээний эрэгтэй хүүхэд элсэж суралцдаг ч ихэнх нь мэргэжил дээшлүүлэх хүсэлтэйгээр элсдэг тухай АШУҮС-ийн багш нар онцолж байсан юм. Мөн Анагаахын сургуульд зөвхөн охид элсдэг гэсэн ойлголт жил өнгөрөх тусам өөрчлөгдөж, сүүлийн жилүүдэд эрэгтэй хүүхэд элсэж суралцах нь харьцангуй нэмэгдсэн. Тиймээс сувилагч мэргэжил зөвхөн охидын сонголт биш юм. 
 
 
 
П.Амгаланбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин