sonin.mn
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Батлан хамгаалах салбарт хийгдэж буй ажлын талаар яамны СБТГ-ын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Д.Батбаатартай ярилцлаа.
 
Юуны өмнө Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж эхлээд байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар мэдээлэл өгнө үү. Нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг юу гэж томьёолсон бэ?
 
-Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, бэхжүүлэх, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг санаачилж, УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлуулсан байдаг. 
Энэ нь дээрх бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.
 
Энэ хүрээнд төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт болон төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн үндсэн зургаан багц асуудлыг шийдвэрлэх юм. 
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд урт хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьд хадгалагдах, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэх, ажиллах хүчний оролцооны түвшнийг 65 хувьд хүргэх, боомтын хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийг 2 дахин өсгөх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтийг хязгаарлах гэсэн зорилтууд хэрэгжих бөгөөд "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны зорилго, зорилт хангагдах суурь нөхцөл бүрдэнэ гэж томьёолсон байдаг.
 
Тэгвэл “Шинэ сэргэлтийн бодлого”-той батлан хамгаалах салбарын бодлого, зорилт хэрхэн уялдаж, энэ хүрээнд аль багцад нь хамаарч, ямар ажил арга хэмжээ хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа вэ?
 
-Батлан хамгаалах салбарын хувьд "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан боомтын сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн 4 багц асуудлын 6 зорилт, үйл ажиллагааны хүрээнд 9 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байна. 
 
Тэгэхээр дээрх багц асуудлын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар дэлгэрүүлж яриагаа үргэлжлүүлэх үү?
 
-За тэгье. Шинэ сэргэлтийн бодлогын боомтын сэргэлтэд туссан хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, ложистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн зорилтын хүрээнд Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг "Зүүнбаян-Ханги" чиглэлийн төмөр замын ажилд оролцуулах тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын тушаалын дагуу тус төмөр замын суурь бүтэц барих ажилд оролцуулах бэлтгэл ажлыг хангаж, ЗХЖШ-ын даргын тушаалаар энэ оны 2 дугаар сараас оролцуулж эхэлсэн. 
 
Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 58,9 км төмөр замын далан бүхий 4,5 сая м.куб газар шорооны ажил, 70 цэгт ус зайлуулах хиймэл байгууламж, 1-2 цэгт төмөр бетон гүүр барих, 100 км төмөр замын сараалж угсрах, балласт дэвсэх, 3 цэгт бутлуурын үйлдвэр, 2 цэгт бетон зуурмагийн үйлдвэр байгуулахаар Зэвсэгт хүчний дөрвөн ангийг төслийн трассын дагуу шилжүүлэн байрлуулах тээвэрлэлтийг зохион байгуулсан. Одоо эдгээр ангиуд технологи шаардахгүй ухмал ухах, трасс сэргээх ажлуудыг гүйцэтгэж байгаа. 
 
Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгөхөд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор дээрх чиглэлийн 204,1 км авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай зам болгож өргөтгөн шинэчлэхээр болсон. Энэхүү ажлын хүрээнд Зэвсэгт хүчнийг уг авто замын бүтээн байгуулалтын ажилд оролцуулж, томилогдсон бүрэлдэхүүн одоогийн байдлаар 7 гүүр, хоолойн ажлыг гүйцэтгээд байна. 
 
Аж үйлдвэржилтийн сэргэлтийн чиглэлээр ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
 
-Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд хотын нутаг дэвсгэрт баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны 2 дугаар шатны 95, 40 болон 32 айлын орон сууцны барилгын ажлыг Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн 339 дүгээр ангиар хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, тус онд гурван талт гэрээг байгуулсан. 
Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны 2 дугаар шатны барилгын ажлыг гэрээ байгуулсан туслан гүйцэтгэгч компаниар гүйцэтгүүлж байна. Одоогоор барилгын ажлын явц 42 хувийн гүйцэтгэлтэй байгаа.
 
 
Түүнчлэн Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид Сумны үйлдвэрийг барих ажлын хүрээнд тус үйлдвэрийн зураг төсвийг боловсруулж Барилга, хот байгуулалтын яамны Барилга хөгжлийн төвийн експертизээр батлуулаад байна. Тоног төхөөрөмжийг суурилуулах зардлыг Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн. 
 
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь “Шинэ сэргэлтийн бодлого”, ногоон хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болно гэж харж байна. Манай салбарын хувьд 22 сая мод тарина гэдгээ илэрхийлээд байгаа шүү дээ …
 
-Тийм, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд батлан хамгаалах салбар цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ойжуулах чиглэлээр дараах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас байгуулах агро-ойжуулалт, 9 байршилд мод үржүүлгийн газар байгуулах, Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын байрлалыг ногоон хотхон болгох, агропарк байгуулах төсөл, хот хоорондын авто замуудын дагуу орон нутгийн байгууллагуудтай хамтран ногоон зурвас байгуулах, салбарын алба хаагчдын өөрийн эзэмшлийн газартаа мод тарих, ногоон байгууламж байгуулахад дэмжлэг үзүүлэх, бие бүрэлдэхүүнд агро-экологийн мэдлэг олгох, сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулах зэрэг төслийг 2022-2030 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Уг төслүүдийг хэрэгжүүлэхээр Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро-экологийн сургууль, Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбоо, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран ажиллаж байна. 
 
Батлан хамгаалах салбар энэхүү төслүүдийн хүрээнд нийт 22 сая ширхэг мод, бут, сөөгийг мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмж, аргачлалын дагуу тарьж, арчилгаа, тордлогоог хийхээр төлөвлөсөн. 
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас байгуулах агро-ойжуулалтын төслийн хүрээнд тус төмөр замын трассын дагуу хоёр талаар нь таван эгнээ бүхий говийн нөхцөлд ургах боломжтой 11 төрлийн мод, бутыг тарьж ургуулахаар төлөвлөж, техник эдийн засгийн үндэслэл нь боловсруулагдсан. Түүнчлэн төмөр замын дагуу байрлах зургаан өртөө, зөрлөгт хүлэмжийн аж ахуй бүхий агропаркыг байгуулж, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарихаар төлөвлөн ажиллаж байна. 
Мод үржүүлгийн газар байгуулах төслийн хувьд есөн байршилд мод үржүүлгийн газруудыг байгуулан, түүнд ургуулж бойжуулсан тарьц, суулгацаар бусад төслүүдийг хангаж, дэмжлэг үзүүлэхээр тооцсон. 2022 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд Зэвсэгт хүчний 310 дугаар анги, Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн харьяа газруудад тус тус мод үржүүлгийн газар, байгуулахаар ажлаа эхлүүлээд байна. Бусад мод үржүүлгийн газруудыг үе шаттайгаар төлөвлөгөөний дагуу байгуулна. 
 
 
Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын байрлалыг ногоон хотхон болгох төсөл нь жилд 3-4 анги, салбарын байрлалд эко-ногоон хотхон байгуулах зорилготой. Өнгөрсөн жил Зэвсэгт хүчний нэг ангийг жишиг болгон тохижуулсан. Энэ онд Зэвсэгт хүчний 4 ангийг жишиг ногоон хотхон болгохоор зорьж байна.
 
 
 
Ерөнхийдөө Зэвсэгт хүчний анги, салбаруудад агро-парк байгуулснаар хүнсний ногооны тодорхой хэсгийг хангах, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байгааг хэлэх нь зөв байх.
Хот хоорондын авто замуудын дагуу орон нутгийн байгууллагуудтай хамтран ногоон зурвас байгуулах төслөөр 2022 онд Эмээлт-Хүй долоон худаг-Аргалант  сум чиглэлийн авто зам дагуу мод тарина. Бэлтгэл ажлыг нь хангаж байна. Батлан хамгаалах салбарын алба хаагчид өөрийн эзэмшлийн газартаа, амьдарч буй орчиндоо мод тарих, ногоон байгууламж байгуулахад нь тарьц суулгац өгөхөөс гадна уриалах, сэдэлжүүлэх зэрэг бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэн ажиллана.  
Агро экологийн мэдлэг олгох, сургагч багш бэлтгэх сургалтыг Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро-экологийн сургуультай хамтран гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Анхан шатны сургалт өнгөрсөн оны 12, харин ахисан шатных энэ оны 1 дүгээр сард тус тус цахимаар явагдлаа. Сургагч багш бэлтгэх сургалтыг 4 дүгээр сард практик дадлага хэлбэрээр буюу энэ цаг үед зохион байгуулж,  100 алба хаагч, зарим хугацаат цэргийн алба хаагчийн хамтаар хамрагдаж байна.  
 
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулахаар тусгасан байна. Цахим үйлчилгээ манай салбарт хэрхэн нэвтэрсэн бэ? 
 
-Манай салбарт төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр нэлээд ажил хийгдэж байгаа. Иргэд төрийн үйлчилгээг цахим буюу хялбараар ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүйгээр авдаг байх нь хамгийн чухал. 2022 онд “Цэргийн бүртгэл”-ийг www.e-mongolia.mn веб портал болон “Е-Mongolia” гар утасны аппликейшныг ашиглаж явуулсан. Энэ үйлчилгээг улс орон даяар анх удаа иргэдэд цахимаар хүргэж, тодорхой амжилтад хүрээд байгаа. Тус бүртгэлд хамрагдагсдын 20 орчим хувь нь цахимаар бүртгүүлж, цаг хугацааг хэмнэсэн байна. “Цэргийн бүртгэл”-ийг цахимаар явуулснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэх боломжийг бүрдүүлсэн явдал юм.
Түүнчлэн Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран “Оюутан-цэрэг” сургалтын бүртгэлийг төрийн нэгдсэн цахим үйлчилгээний цонх “Е-Мongolia”-аар 2022 оны 3 дугаар сарын 1-10-ны өдөр амжилттай явуулж, Боловсролын мэдээлэл, технологийн төвөөр баталгаажсан оюутан, суралцагчийн мэдээллийг авч сонгон шалгаруулалтыг хийлээ. Энэ үйл ажиллагаа цаашид үргэлжлэх болно.
 
Батлан хамгаалахын Төв архиваас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг онцлох уу?
 
-Иргэд, албан байгууллагад лавлагаа, мэдээллээр үйлчлэх нь Батлан хамгаалахын Төв архивын үндсэн үйл ажиллагааны нэг юм. Тус архив иргэд, албан байгууллагын эрэлт хүсэлтийг биечлэн болон өргөдлөөр гэсэн хоёр хэлбэрээр хүлээн авч, үйлчилгээ үзүүлдэг байсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж иргэдийг биечлэн хүлээн авах үйл ажиллагаа хязгаарлагдсантай холбоотойгоор 2020 оны 2 дугаар сараас эхлэн иргэд, албан байгууллагад мэдээлэл өгдөг “Батлан хамгаалахын Төв архив” фейсбүүк хуудсанд автомат хариулагч Чатбот үйлчилгээг нэвтрүүлж лавлагаа, үйлчилгээ, төлбөр хураамж, хаяг байршил мөн санал гомдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүссэн үедээ авах нөхцөлийг бий болгосон.
 
Мөн цахимаар захиалга өгөх нэмэлт системийг байгууллагын веб хуудсанд байршуулснаар лавлагааны захиалгын таван загвараар иргэдийн эрэлт, хүсэлтийг хүлээн авч, тус хаягт иргэн, албан байгууллагаас ямар ч үед хандаж хүсэлтээ илгээх боломж бүрдсэн. Хүсэлт, захиалга нь тухайн чиглэлийн лавлагаа хариуцсан ажилтны албаны и-мэйл хаягт шууд очих системийг бүрдүүлснээр цаг хэмнэх давуу талыг бий болгож, иргэн, албан байгууллага өөрөө хүсэлт гаргавал хариу лавлагааны эх хувийг шуудангаар мөн цахим хаягт нь хуулбарлан илгээж байна.
Түүнчлэн “Батлан хамгаалах-Иргэний хяналт 1800-1144” тусгай дугаар ажиллаж эхэлснээр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбартай холбоотой аливаа мэдээллийг нээлттэй, 24 цагийн турш хүлээн авдаг болсон. Ингэснээр батлан хамгаалах, Зэвсэгт хүчинтэй холбоотой иргэдийн санал, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх боломж бүрдсэн байгаа юм.
 
 
Ярилцсанд баярлалаа.
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин