sonin.mn
Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталсны  30 жил энэ өдрүүдэд тохиож байна. Бид энэ удаагийн “Амьдралын тойрог” буланд АИХ-ын депутат,  АИХ-ын   орлогч даргаар ажиллаж байсан Доржийн Моондойг урьсан юм. Монголчууд түүнийг  техник технологи, компьютерийн салбарт насаараа ажилласан  МОНЭЛ-ийн Моондой, Төрийн хэлний бодлогын зөвлөлд цахим хэл шинжлэлийн асуудлыг хариуцдаг, хүний яриаг текст болгож хөрвүүлдэг программыг бий болгосон инженер, АИХ-ын депутат байсан гэдгээр сайн таних ч тэр болгон ярилцлага, нэвтрүүлэгт ороод байдаггүй. Тийм зав  бас хомс байдаг бололтой, ихэвчлэн бүтээлд цагаа зориулж, сүүлийн үед Үндсэн хуулийн асуудлаар таван боть ном бичиж байгаа аж.
 
Тэрбээр дөнгөж 34-хөн насандаа Сүхбаатар аймгийн Наран сумаас АИХ-д сонгогдож, ингэхдээ 10 жилийн сургуульд өөрт нь  математикийн хичээл зааж, тоо л бодохгүй бол амьдрахгүй юм шиг болтол энэ хичээлд дурлуулсан Ш.Бадам багш болоод Дарьгангын найман жилийн сургуулийнхаа  хичээлийн эрхлэгчийн   хамт депутат болсон ховор түүхийн эзэн. “Хөрөнгөтэй байна, шашны зүтгэлтэн Ёнзон хамбын шавь байсан”  гэх шалтгаанаар хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж, амьдралын төлөө тэмцсэн   хөдөөгийн эгэл малчин удмын  10 хүүхдийн нэг болон мэндэлж, гадаад оронд ном эрдэм сурч, ШУА-ийн эрдэмтэн, докторуудтай мөр зэрэгцэн Физик, электроникийн хүрээлэнд  ажиллаж,  улмаар АИХ-ын депутат болж Монголын оюуны сор болсон хүмүүстэй хамт ажиллаж, нэг үед амьдарч,  шинэ Үндсэн хууль батлахад өөрийн хувь нэмрийг оруулсан  азтай хүний нэг ажээ. Ийнхүү наран ургах зүгийн нутаг, Наран  сумаас  АИХ-ын сонгуульд Монголын Радиогийн бүдүүн дуут хэмээн нэршсэн, яруу найрагч Цэдэндамбаа агсан, аймгийн нэгдсэн  эмнэлгийн ерөнхий эмч  нарын эрхмүүд нэр дэвшиж ихээхэн  өрсөлдөөнтэй  сонгууль болсон гэлцдэг билээ.
 
1990 ОНЫ АНХНЫ АРДЧИЛСАН СОНГУУЛИАР  430 ДЕПУТАТЫГ СОНГОЖ БАЙВ 
 
Сүхбаатар аймгаас сонгогдсон АИХ-ын депутатууд Монгол Улсын 20 жилийн ой. Төрийн ордон. 2012.01.13
 
Манай нийтлэлийн зочин  нэлээд олон жилийг Үндсэн хуулийн тухай ном бичих архивын баримтууд цуглуулахад зориулж ирсэн гэдгийг дээр өгүүлсэн. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960 онд  үндсэндээ гурван Үндсэн хууль баталсан. Дөрөв дэх нь 1992 оны шинэ Үндсэн хууль билээ.  Д.Моондой гуай зөвхөн өөрийн тухай бус Үндсэн хуулийн түүхэн  тойргийг дүгнэж цэгнэх, харьцуулан өгүүлэх баялаг судалгаатай хүн юм. Өмнөх гурван хуулийн тухай тэрбээр өгүүлэхдээ “1924, 1940, 1960 оны  хуулиуд БНМАУ-ын Үндсэн хууль байв. Үндсэн хуультай болох үйл явц эртнээс улбаатай.  1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж, Богд хаант Монгол Улсыг тунхагласны дараа тухайн үеийн нэрт эрдэмтэд, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг зохион байгуулж тэмцэж байсан удирдагч “Монгол Улс Швейцар улс лугаа Үндсэн хуультай болбол зохимжтой байна” гэж бичиж тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэгэхээр 1911 оноос монголчууд Үндсэн хуульт хаант засагтай болохыг мөрөөдөж байжээ. Ингээд 1924 онд  анх Үндсэн хуультай болсон. Энэ хууль ЗХУ-ын 1818 оны Үндсэн хуультай бүлэг, зүйлээрээ бараг таардаг. Мөн тэр үеийн монголчууд  Коминтернийн хатуу хараа хяналтын дор, Коминтернийн төлөөлөгч нар ажиллаж, зөвлөж байсан тул тэдний заавар орсон нь ойлгомжтой. Ийм баримт мэдээ гарсан нь ч цөөнгүй. Ялангуяа  1990 оноос бүх зүйл нээлттэй болсны дараа түүх, архивын баримтууд ил болсон байдаг. 1924 оны Үндсэн хууль нь наймаачид, лам нар  санал өгч болохгүй гэсэн ангич агуулгатай. Жинхэнэ хар хүн,  ардууд санал өгнө  гэх мэт нэг талаар хүний эрхийг хязгаарласан зөрчилтэй заалтууд орсон тул монголчууд хүсч байсан зорилгодоо хараахан хүрч чадаагүй. Үүнээс өмнө Бодоо нарын үед  1922 онд Үндсэн хуулийн төсөл бэлдсэн байдаг. Гэвч тэднийг хэлмэгдүүлж, Үндсэн хуулийг батлуулах ажлыг коммунтерн шуурхайлсан түүхтэй. 1940 оных бол  коммунизм, социализмын материал техникийн баазыг байгуулах зорилт тавьсан Үндсэн хууль байв. Дараа нь 1960 онд  Үндсэн хуулиа шинэчлэн баталж коммунизмыг төгс байгуулж “хүн болгон хэрэгцээний хирээр улсаас хангамж авдаг” болох зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байв. 1924 оны Үндсэн хууль нэгдүгээрт,  хаант засгийг халснаараа, хоёрдугаар эх орноо БНМАУ  гэж нэрлэснээрээ түүхэн ач холбогдолтой. Дараа нь ардын ардчилсан буюу социалист гэсэн орнуудын  бүлэгт орсноор ийм улс орон ямар сүлдтэй байх вэ тэрийг хийж,  нэрийн хувьд БНМАУ гэж нэрлэх болсон. Энэ бол социалист сисмемийн хүнд үе байсныг эдүгээгийн түүхчид судалж, үнэлж цэгнэсэн нь бий. 1989 оны үед ЗХУ-ын удирдагч М.С.Горбачев ил тод байдал, өөрчлөн байгуулалтыг зарлахдаа  өөрийн цэргийг бусад оронд байршуулаагүй улс болно гэж зарласнаар Монголоос цэргээ гаргасан.. Монголд ардчилал гарч ирнээс үүдэж Зөвлөлт цэргээ гаргаж, зээл тусламжаа зогсоож хоёр орны харилцаа муудсан мэт буруу ойлголт нийгэмд одоо ч бий. 1980 оны дундуур Зөвлөлтийн удирдагч Хятад улстай муу байсан харилцаагаа сайжруулах санал тавихад Хятад эхлээд “Монголоос цэргээ гарга” гэсэн шаардлагыг тавьсан учир Оросууд цэргээ гаргасан түүхтэй. Энэ хүрээнд Берлиний хана нурахаас эхлэн олон үйл явдал өрнөсөн. Социалист систем задран унасны дараа монголчууд Үндсэн хуулийнхаа асуудлыг ярьж, бодож эхэлсэн. Энэ үйл явц 1988 оноос эхэлж, төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж байсан түүхтэй. ЗХУ-д  Перестройка эрчимтэй өрнөж, Варшавын  гэрээний  болон  СЕВ /Эдийн засгийн харилцан туслах зөвлөл/-ийн орнууд   задарч, тусламж, зээл авдаг байсан бүх систем байхгүй болсноор Монгол Улс өөрийн хувь заяаг өөрсдөө шийдэх зам дээр гарч ирсэн. ЗХУ задарч 14 улс болж, социалист системийн том задрал тэнд бий болсон. Нөгөө талаас 1986 онд Хятад улс Тянь Миний талбайд  гарсан оюутны хөдөлгөөнийг цэргийн хүчээр дарсан мэдээ  дэлхий нийтийн чихэнд хүрсэн цаг үе байв. Энэ мөчид Монгол Улс өөрөө өөрийгөө авч явах боломж гарч ирсэн. Хамгийн гол нь монголчууд энэ “үүлэн чөлөөний нар” шиг түүхэн боломжийг өөртөө сайнаар ашиглах боломж бүрдэж, 1990  оны долдугаар сарын 29-нд анхны ардчилсан сонгуулийг явуулсан. Энэ нь түүхэнд  анхны чөлөөт ардчилсан сонгууль гэж тэмдэглэгдсэн. АИХ, Улсын Бага хурал, УИХ-д ажиллаж байсан  хүмүүс  ч ингэж нэрлэж, дурсч, ярьж ирсэн. Өмнө нь Намын Төв хорооны Улс төрийн товчооны есөн гишүүний гаргасан шийдвэрийг Сайд нарын зөвлөл буюу засгийн газар нь хэрэгжүүлж  ирсэн байдаг.  Анхны энэ сонгуулиар нам төрийн үйл ажиллагааг салгаж БНМАУ-ын Засгийн газрыг байгуулж, Дашийн Бямбасүрэнг Ерөнхий сайдаар томилж байв. Мөн Улсын Бага хурлыг байгуулж, анх удаа БНМАУ-ын Ерөнхийлөгчөө сонгож, Дээд шүүхийн дарга, Улсын прокурорыг томилж, шүүх засаглалыг анх удаа бие даасан байдлаар байгуулсан нь шинэ алхам байлаа” хэмээн өгүүлж байна. Ингэж ардчилсан сонгууль хийж манай улс ардчиллын замд орсноор дэлхийн банк, олон улсын валютын сан, азийн хөгжлийн сан зэрэг банк санхүүгийн байгууллагын гишүүнээр элсэж, АНУ, Япон улсууд “Монголыг дэмжих” хөрөнгө мөнгө босгох олон улсын уулзалтуудыг зохион байгуулж тэднээс зээл тусламж авч өнөөгийн улс төрийн бие даасан бодлогын эхлэлийг тавьж чадсан билээ.
 
МОНЭЛ-ЭЭС АИХ-ЫН ДЕПУТАТ, ОРЛОГЧ ДАРГА
 
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Шинэ Үндсэн хуулийн эхийг гарын үсэг зурж батламжлах үеэр. Хүндэтгэлийн индэрт АИХ-ын орлогч дарга нар, баруун гар талд Д.Моондой. 1992 он. 
 
 
 
Ийнхүү анхны ардчилсан  сонгуулиар сонгогдсон  430 депутатын нэг нь манай нийтлэлийн баатар Д.Моондой юм. Депутатаар сонгогдсон эрхмүүд тухайн үедээ улс орныхоо хөдөлмөрийн салбарт ажиллаж байсан, мэдлэг чадвар, боловсрол гээд бүх талаар шалгарсан хүмүүс байсан гэдэг.
 
 
 
Тухайн  үед Д.Моондой гуай 34 настай, ШУА-ийн харъяа МОНЭЛ –д  Монгол Улсыг компьютержүүлнэ /электронжуулна/ гэсэн том зорилтын дор  гар сэтгэл нийлсэн багийн хамт компюьтер, өнгөт телевизор, хөргөгч угсрах талаар судалж, эх орондоо хөгжүүлэх, нэвтрүүлэх анхны оролдлогыг хийж байлаа. Тэдгээр залуусыг 1970-аад оны дундуур гадаадад сургахаар томилж явуулахдаа улс орны зүгээс дээрх бодлого, зорилгыг тавьж  байжээ. Д.Моондой гуай малчин айлын 10 хүүхдийн нэг бөгөөд зургаан хүүгийн бага нь, Сүхбаатар аймгийн Наран суманд төрж, өсч, Дарьганга сумын бага сургууль төгсч, улмаар Сүхбаатар аймагийн төвд 10 жилийн сургуулиа төгсч  Болгарын  Софи хотын Техникийн их сургуульд хуваарилагдан электроникийн инженер мэргэжлээр суралцаж  төгсөөд эх орондоо ирж ШУА-ийн харъяанд ажиллах болсон байна. Түүнийг ажиллаж байх үед ШУА-ийг шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн Б.Ширэндэв агсан удирдаж байв. Харин хүрээлэнгийн захирал нь  Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө, сансарт монгол хүн нисэх том үйл хэргийг хэрэгжүүлсэн академич Б.Чадраа агсан ажиллаж байлаа. Тэдний боловсруулсан төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сурч ирсэн залуус удирдлагад нь ажиллаж,  анхны МОНЭЛ телевизорыг угсарч худалдаанд гаргаж, зах зээлийн үед  эхэлж байсан цаг. Энэ тухайгаа тэрбээр “МОНЭЛ-д ажилласан минь намайг  АИХ-ын депутат болтол өргөж дээш гаргасан болов уу. Жирийн нэгэн инженер залууг хэн мэдэх билээ. Харин анхны өнгөт телевизорыг монголчууддаа хүргэсэн  МОНЭЛ-ийг мэдэхгүй хүн байхгүй, бүгд сонирхож байсан тийм цаг үе байлаа” хэмээн дурссан.
 
Түүнийг депутатаар нэр дэвшихээр  шууданд сууж Наран сумандаа очиход Сүхбаатар  аймгаас  нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, Улаанбаатараас Монголын Радиогийн “бүдүүн дуут”, Ургацын далай” нэвтрүүлгийн хэмээн алдаршсан нэрт яруу найрагч Цэдэндамбаа нар оччихсон байлаа. Сумын төвийн цагаан хоолойгоор  Цэдэндамбаа гуайн “Эрээлэн, эрээлэн харагддаг Элгэн цэнхэр нутаг минь” гэсэн үгтэй дуу өдөржин, шөнөжин хангинана. Бас нэг цэргийн дарга нэр дэвшсэн хэмээн “Газ-469” машинаар энд тэндгүй давхина. Сумын төвд машин унаа ховор. Эмнэлгийн машиныг аймгаас ирсэн ерөнхий их эмч,  сумын намын даргын машиныг Цэдэндамбаа гуай унаад явчихсан. Манай нийтлэлийн баатар хөл залгах унаагүй тул сумын төв дээр хэд хоног байв. Ийн байтал сонгуулийн хугацаа бараг дөхөж, нэг удаа  мал эмнэлгийн “Аавын цээж” хэмээн машиныг гуйж  ганц, хоёр бригад ороод сурталчилгааны  хугацаа дуусав. Нэр алдартай, машин унаатай хүмүүстэй явган шахуу уралдсан тэнцвэргүй сонгуулийн дүн гарахад мань хүн  68 хувийн саналаар сонгогдож, Сүхбаатар аймгийн ард иргэдийг АИХ-д төлөөлөх 14 депутатын нэг болсон байлаа.
 
Тэдний үеийнхэн дарга, депутат болно гэдэг  нэр алдартай, хийсэн ажилтай, дээр нь ахмад хүмүүсийн хийх ажил болохоос 30 гарсан залуусын зүглэх ажил биш гэж боддог байсан тул ичдэг, санаанд нь багтдаггүй байсан гэдэг. Гэхдээ  ардчилал, ил тод байдал  хэмээх шинэ цагийн уур амьсгал орсон, хүмүүсийн сэтгэл зүрх ч бас өөрийг хүсэх болсон үе байжаа. Харин  Д.Моондой өөрөө хэлэхдээ “Айл болгон МОНЭЛ-ийн телевизортой болохыг хүсч, залуус компьютер гээчийн барааг ч болтугай харахыг мөрөөддөг байсан  нь нөлөөлсөн ч байж мэднэ” гэсэн билээ. Ийнхүү депутат болоод удаагүй, 1991 оны  арваннэгдүгээр сарын 11-нд   АИХ-ын II чуулган эхэлнэ   гэж байтал түүнийг  9-ний орой дуудаж АИХ-ын орлогч даргаар нэр дэвшүүлэх гэж байгаагаа  журмын нөхөд нь дуулгаж цочоов. Алдарт зохиолч Л.Түдэв гуайгаас өгсүүлээд нэрт эрдэмтэн Ренцингийн Барсболд, ерөнхий сайд Содном, Гунгаадорж тэргүүтэн Монголын сор болсон оюун соёлын нэрт зүтгэлтнүүдийг би даргална гэдэг санаанд багтахгүй байна гэдгээ хэлсэн ч нэмэр болсонгүй. Улс төрийн намууд тохирч, АИХ-ын даргыг МАХН-аас, орлогч нарыг АН, Социал Демократ нам, Үндэсний дэвшлийн намаас нэр дэвшүүлнэ гэсэн байв. Ингээд  түүнийг Социал Демократ намаас нэр дэвшүүлснээр АИХ-ын орлогч даргаар 420 деуптатаас 399 нь түүний төлөө санал өгч, таван хүн татгалзаж, 16 хүн түдгэлзсэн санал хураалтын дүн гарч хамгийн олон хувийн санал авсан үйл явц болсон нь архивт хадгалагдаж үлджээ.
 
1990.1.13-НД МОНГОЛ УЛС ХЭМЭЭХ НЭРЭЭ  ГУРАВ ДАХЬ УДААГАА ӨЛГИЙДӨЖ  АВСАН
 
Шинэ Үндсэн хуулийг хэлэлцэх үйл явц өдгөө түүх болон үлджээ. Хамгийн гол нь монголчууд Үндсэн хуультай болох гэсэн хүсэл мөрөөдөл нь 430 депутатыг зангидаж байсан болов уу. Ингэхдээ бэрхшээлтэй зүйл ч бишгүй тохиосон  байж таарна. Энэ тухай манай нийтлэлийн баатар хэлэхдээ “Нэг асуудлыг л гэхэд бид  3-4 хоног хэлэлцэж байлаа. Улсын нэр гэхэд л БНМАУ, БНМУ, Монгол Улс гэсэн гурван нэр хэлэлцсэн. Нэрээ өөрчлөхөөр НҮБ-д дахиж гишүүнээр элсэх асуудал гарна гэсэн сурталчилгаа маргаан, ийм ойлголт гарч байсан. Хүмүүс үүнээс маш их болгоомжилж байсан. Эцэст нь Монгол Улс гэж нэрлэхээр тогтсон. Зарим депутат болгоомжилсон, яагаад гэвэл нэрийн асуудал тусгаар тогтнолтой холбоотой учраас. АИХ-ын зарим зохиолч депутат улсын нэрийг сольж болохгүй, магадгүй 30 юм уу, 60 жилийн дараа өөрчилж болох юм, тэр үед Монгол Улс гэсэн нэрээ авч болох юм гэсэн санал гаргаж байсан нь чуулганы тэмдэглэлд бий. Гэхдээ депутатуудад нэг бодол байсан нь олдсон нэн тааламжтай боломжийн цагийг ашиглан улсынхаа нэрийг өөрчилж чадахгүйгээр дараачийн үед орхих боломжгүй.  Дараа ямар үе ирэхийг таашгүй гэж үзсэн. Ингээд улсын нэрийг сольж байгаа нь шинээр нэр өгч буй үйл явдал биш, Бүгд Найрамдах, ...Ард гэсэн үгсийг авах хэрэгтэй гэсэн. Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн болон судлаачид ирж саналаа хэлсэн. Бүгд Найрамдах болон Ард гэдэг үг нь чимэг, зүүвэр нэр юм, Монгол гэдгийг тодотгосноос өөр утгагүй. Ард гэдэг үгийг авснаар ард түмэндээ дургүй болж байгаа юм биш гэдгийг Улсын Бага хурлын гишүүн, нэрт эрдэмтэн, зохиолч Д.Маам агсан хэлж байв. Бүгд найрамдах Монгол Ард Улсыг хүлээн зөвшөөрсөн 1945 оны гурван улсын  “Ялтын гэрээ”  нууц байсаар 1990 оноос хойш ил болсон. Түүнийг үзэхэд Бүгд Найрамдах улсыг зөвшөөрлөө” гэсэн үг байгаагүй. Иймд уг баримтыг үндэслэж, хоёрдугаарт НҮБ-д дахин элсэх нөхцөл байдал үүсэх эсэхийг судлахад 1961 онд Монгол Улсыг элсэхэд дипломат ажлаар явж байсан ахмад дипломатч Дашцэрэн АИХ дээр ирж түүхэн процессыг ярьж өгсөн. НҮБ-д элссэний дараа НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт Монголын төлөөлөгчдийг дуудаж нэрийг хэрхэн бичих вэ, түүнийгээ бичиж өг гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, бичиг баримтад яаж нэрлэж, бичихийг лавлаж тодруулжээ. Түүн дээр дипломатч Дашцэрэн латинаар Монгол Улс(Mongolia) гэж бичиж өгсөн байдаг. Ингээд 1961 оноос хойш гарсан НҮБ-ын бүх бичиг баримтыг үз гэсэн. Түүн дээр  БНМАУ гэж бус Монгол Улс(Mongolia)  гэж  байгаа баримт гарч ирсэн. Бид л БНМАУ гэж өөрсдөө нэрлээд байснаас НҮБ-д Монгол Улс гэсэн нэрээрээ бүртгүүлсэн байсан юм билээ. Ингэж  монголчууд Монгол Улс гэдэг нэрээ гурав дахь удаагаа авсан. Анх Эзэн Чингис хаан энэ нэрийг өгсөн, дараа нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнаар Богд хаант  Монгол Улс гэж нэрлэсэн байдаг. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах гэдэг үгээс салж их хааныхаа өгсөн нэрийг тэр хэвээр сэргээж  Монгол Улс гэдэг нэрээ дахин өлгийдөж  авсан. Дараа нь олон асуудлыг шийдсэнээс төрийн сүлд, түүн доторх морийг багагүй маргаж байж хийсвэр сэтгэлгээний дүрслэл бүхий хийморийн морь байхаар шийдэж байлаа. Гэхдээ 1962  оны үед Ойдов хэмээх зураач хийморийн морины дүрсийг “Цог” сэтгүүлд гаргаж байсан юм билээ, тэрийг авсан. Тухайн үед 1960 оны Төрийн сүлдийг зурсан Ардын зураач Цүлтэм гуай АИХ дээр өөрөө ирж  саналаа хэлэхдээ “Энэ сүлд бол миний уран бүтээл гэхээс илүү социализм, коммунизмыг илэрхийлсэн захиалгатай бүтээл, иймд өөрчлөх ёстой” гэсэн. Тэр бол иргэн хүний эх орноо гэсэн том эр зориг байсан. Дараагийн том асуудал нь төрийн тамга байсан.Эзэн Чингис хааны үед төрийн тамга гэж байсан нь Ардын хувьсгалын дараа үеийг хүртэл байсан юм билээ. Хэлмэгдүүлэлтийн үе эхлэхэд шашны холбогдолтой бүх зүйлийг устгахад гээгдсэн. Ингээд монгол төрийн тэргүүний атгах Төрийн тамгаа уламжлалын дагуу  дээрээ арслан барсын дүрстэй байхаар шийдсэн. Мөн монголчуудын үндэсний хэв маяг, ухамсар сэргэснийг тэмлэглэж Төрийн их цагаан сүлдээ сэргээн авсан.
 
 
 
Төрийн далбаагаа алтан соёмботой байхаар шийдэхдээ, 1960-аад оноос оруулсан таван хошууны дүрсийг хассан. Харин Үндсэн хуулиа энэ нэрээр явах уу,  “Их засаг” гэж нэрлэх үү, “Их цааз” гэх үү, “Эх хууль” гэх үү, “Халх журам” гэмээр юм уу  гэж маргаж мэтгэлцсээр ард түмний сэтгэлд хоногшсон, мэддэг томъёоллоор нь Үндсэн хууль гэж  нэрлэсэн" гэв. 
 
 
 
“ҮНДСЭН ХУУЛИЙН ӨЛМИЙ БАТ ОРШИГ “
 
Үндсэн хуулийн эргэн тойронд онцлох зарим үйл явдлын талаар  1992 оны шинэ Үндсэн хуулийг батлалцсан  АИХ-ын 430 депутатын нэг, АИХ-ын орлогч дарга асан Доржийн Моондой гуай ийнхүү яриад түүхт ойн босгон дээр монголчууддаа хандаж  “Монгол Улс Үндсэн хууль батлаад 30 жил болоход олигтой хөгжөөгүй гэж ярих нь байх ч үзэл суртлыг халсан,  эрх чөлөөтэй,  өмчтэй болсон, дэлхийн аль ч улс оронд чөлөөтэй зорчиж, эрдэм мэдлэг сурахад  нээлттэй  болсон гээд шинэ алхмыг хийсэн. Энэ боломжуудаа зөв ашиглах юм бол сурч боловсрхох, сайхан амьдрах үүд хаалга иргэн болгонд нээгдсэн. Өнөөдөр залуучууд маань Монголд цалин бага байна гээд Англи, Америк, Японд очиж өндөр цалинтай ажил хийхээр явж байна. Ийм боломжийг Монгол Улсын Үндсэн хууль ард иргэддээ олгосон. Социалзмын үед гадаад паспортыг хүссэн хүн болгонд биш, зөвхөн Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний шийдвэрээр олгодог журамтай байж билээ. Одоо бүх хүн  гадаад паспорт эзэмших эрхтэй. Түүнчлэн Үндсэн хуульд алдаа, дутагдал байгааг шүүмжлэх эрх ард түмэнд нээлттэй. Сайжруулах эрх нь мөн ирээдүй хойч үеийнхэнд бий. Гагцхүү монгол орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг батлан хамаалж, улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөх ёстой шүү. Бид өнөөдөр хотын гудамжинд машин багтахгүй түгжрээд байна гэх юм. Гэтэл 1990 онд Улаанбаатарт хувийн машинтай Польш Намжил мэтийн 2-3-хүн л байсан. Хөдөөгийн малчид 50-аас дээш толгой малтай байх эрхгүй байсан. Эмч, багш нар мал, хөрөнгөтэй байхыг зөвшөөрдөггүй хориотой байсан. Өнөөдөр таван хошуу мал нь улсынхаа нутаг дэвсгэрт багтахгүй бэлчээрийн асуудал ярьж байна. Энэ зовлон мэт боловч хөрөнгө гэдэг талаас бүх хүн хөрөнгөтэй болжээ. Энэ бол Үндсэн хуулиар ард иргэдэд олгосонадил эрх,  том боломж юм. Төрт ёсоо хүндэтгэж, хууль, шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх зарчимдаа бид үнэнч байх хэрэгтэй. Тэгж байж улс орон хөгждөг. Би Монгол Улсаа хөгжинө гэдэгт огт эргэлздэггүй. Яагаад гэвэл дэлхийн бар гэж нэрлэгддэг улсууд биднийг тойроод байж байна. Тэд Хятадын том зах зээлд борлуулалт хийдэг. Бидэнд ийм адил боломж бий. Зарим улс Хятадын зах зээлд гарахыг мөрөөддөг, хил нь ойр болоосой гэдэг.  Гэтэл бидэнд тэр бүх боломж нь бий. Харин түүнийг төр нь хэрэгжүүлдэг, иргэд нь хөдөлмөрдөг байхад түүнд хүрэх ойрхон юм. Та бүхэнд Үндсэн хуулийн баярын мэнд хүргэе. Хууль батлахад оролцсон АИХ-ын депутатууд, Улсын Бага хурлын гишүүд, хуулийн төсөл боловсруулах ажлын зохион байгуулах анхны Ерөнхийлөгч  П.Очирбат гуайгаар ахлуулсан комисс, түүний дор ажилласан 90 гаруй эрдэмтэн мэргэд, судлаачдад баярын мэнд хүргэе. Мөн Сүхбаатар аймгийн нутгийнхандаа, Наран сумынхандаа шинэ он, үндсэн хуулийн 30 жилийн ойн баярын мэнд хүргэе. Үндсэн хуулийн өлмий бат оршиг" гэсэн ерөөл, захиас дамжууллаа.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин